“Хөдөлгөөнт оффис” иргэдийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэв

Төрийн байгууллагын анхан шатны нэгж болох хорооны ажилтнуудаас иргэд 77 төрлийн үйлчилгээ авдаг гэх. Гэвч “Хорооны Засаг даргаас оршин суугаа хаягийн тодорхойлолтыг л чирэгдэлгүй авдаг. Бусад үйлчилгээ авах боломж хомс” гэж иргэд ярьдаг.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн удирдлагууд иргэддээ төрийн үйлчилгээг чирэгдэлгүй авах боломж бүрдүүлэх зорилгоор өчигдрөөс “Хөдөлгөөнт оффис” -ыг нийслэлд анх удаа ажиллуулж эхлэв. Тодруулбал, тус дүүргийн ЗДТГ, харьяа хэлтэс, албадын дарга нар нь хуваарийн дагуу хороодод ажиллаж, иргэдийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэх юм.

“Хөдөлгөөнт оффис”-ын үйл ажиллагааг эхлүүлсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд газартай холбоотой бэрхшээл олон гардаг аж. Тус хорооны иргэн Б.Эрдэнэбаяр “Дүүргийн удирдлагууд ахмадын болон халамжийн орон сууцанд хамрагдах хүсэлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үнэмлэх олгох, сунгах зэрэг найман төрлийн үйлчилгээг хороонд шилжүүлсэн гэж сонссон. Үнэндээ иргэд хорооноос тусламж авч чаддаггүй.

Манай хороонд тулгамдаж буй асуудал нь газрын маргаан, цахилгааны холболт. Би гурван жил хөөцөлдөж байж цахилгаантай болсон. Хүмүүс дур мэдэн хашаа барьснаас болоод гудамж, зам хаачихдаг. Нэн түрүүнд газрын албаны мэргэжилтнүүд хороодод ажиллаж, үүнийг цэгцлээсэй” гэв.

Тэгвэл тус дүүргийн иргэн Ганаа “Асуудлаа шийдвэрлүүлэхээр очиход хорооны хөдөлмөр, халамжийн мэргэжилтнүүд “Өргөдлөө өгчих, дүүрэг рүү явуулна” гэсэн хариу өгдөг. Харин дүүргийн “Нэг цонх”-ны үйлчилгээний мэргэжилтнүүд өдөрт хэд ирж, буцахыг шаарддаг. Төрийн үйлчилгээ авах гэсэн хүмүүсийг “Дүүрэг рүү очиж, тэр хүнтэй уулз” гэж буцаахаа болих хэрэгтэй” гэж ярилаа.

Тэгвэл “Хөдөлгөөнт оффис” ажиллах үеэр иргэд тулгамдаж буй асуудлаа хороон дээрээ очиж шийдвэрлүүлэх боломж бүрдэх аж. Өргөдөл, гомдлын 60-70 хувийг эзэлдэг газрын маргаан болон дүүргийн хэмжээнд шийдэх боломжтой асуудлыг газар дээр нь шийдвэрлэнэ гэдгийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа онцоллоо.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай