Цахиурын хэмжээг тодорхойлдог боллоо

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийнхан Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн лабораторид MNS ISO 17025:2007 стандарт нэвтрүүлж буйгаа өчигдөр мэдээлэв. Энэ үеэр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөрийн хүрээнд цахиур тодорхойлох багаж хэрэгсэл өгөв.

130 сая төгрөгийн өртөг бүхий уг төхөөрөмжөөр барилга, уул уурхай, замын зэрэг аж ахуйн нэгжийн үйлдвэрийн байранд түгээмэл тархсан хортой эрдэс болох цахиурыг шинжлэх юм байна. Ингэснээр Монголд анх удаа цахиур тодорхойлдог болж буй аж. “Байгалиас үүсэж буй тоос шороонд цахиур ихээр агуулагдаж байдаг бөгөөд хүчил шүлтэд тэсвэртэй учраас уушгийг гэмтээж, уушги тоосжих өвчин, хавдар үүсгэдэг.

Агаарын бохирдол, ажлын байран дахь нарийн ширхэгтэй тоосонд буй цахиур, цусан дахь хар тугалгын хэмжээ, орчны шуугиан, гэрэлтүүлэг, агааржуулалтын үнэлгээг энэ лабораторид шинжлэх юм. Дулааны цахилгаан станц гэхэд ажлын байрны дуу шуугианаа хэмжүүлж, ажилчдынхаа сонсголыг тогтмол шалгуулах хэрэгтэй.

Хөдөлмөрийн хортой, аюултай нөхцөлд ажиллаж байгаа ажилчдад нэмэлт цалин өгсөн болоод аргалчихдаг. Хортой, аюултай нөхцөлийг арилгах нь чухал” гэж АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч Д.Нарансүх ярив.

Түүнчлэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн ЭТИС хөтөлбөрийн захирал Штефан Ханселманн “Үйлдвэр, аж ахуйн нэгжүүд ажлын байрныхаа тоосонд цахиурыг тодорхойлж, бууруулах арга хэмжээ авах ёстой. Монголд ийм лаборатори байгаагүй ба АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн байсныг бид дэмжин, багаж хэрэгсэл өглөө.

Одоогоор уул уурхайн компаниуд ихэвчлэн гадаад тоосны сорьцыг шинжлүүлдэг, мөн зарим аж ахуйн нэгж цахиурыг шинжлүүлэхээр гадаадын улс руу илгээдэг байсан нь больж, төлбөр нь Монгол Улсад үлдэх боломжтой болж байна. Мөн лабораторийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх ажлыг давхар хийж байна. Үүнээс гадна тоосны багц таван стандартыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, АШУҮИС-ийн Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн лабораторитой хамтран батлан гаргуулаад байна” хэмээн өгүүллээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай