Голын мөсөнд цөмрөн, осгосон байдалтай байсан гурван хүүхдийг аварчээ

Голын мөсөнд цөмрөн, осгосон байдалтай байсан гурван хүүхдийг аварчээ

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Цахир сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох нь 2017 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа Цахир сумын Тэрхийн голын мөс цөмөрч бага насны гурван хүүхэд хөлдсөн байдалтай байхад нь амь насыг нь аварлаа. Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтохыг очих үед Тэрхийн голын дунд хэсэгт тогтсон мөсөн дээр гурван хүүхэд хэвтэж байсан байна.

Ус гатлан очиход долоон настай хүү мөсөн дээр хөдөлгөөнгүй, орчноо мэдрэх чадваргүй осголттой зогсож байсан байна. Дөрвөөс таван насны хоёр хүү голын мөсөн дээр ухаангүй, амнаас нь цагаан хөөс гарч, бүх хувцас нь нойтон, хөлдөж, мөсөнд наалдаж осгосон байдалтай хэвтэж байсныг Цахир сумын иргэн Г.Эрдэнэбатын хамт аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.

Дээрх хүүхдүүд өдрийн 12 цагийн үед голоос ус авах гэж очоод голын мөс цөмрөн улмаар усанд 40 орчим метр урсаж голын дунд хэсэгт тогтсон мөсөн дээр тогтоод байхад нь 18 цагийн орчим ийнхүү аварчээ.

Цахир сумын хүн эмнэлгийн эмч, сувилагчид шаардлагатай эрчимт эмчилгээг хийж долоон настай хүү С.Цэрэнрандалд анхны тусламж үзүүлэн таван настай хүү Д.Ганхуяг, дөрвөн настай хүү Т.Өсөхбаяр нар эмнэлэгт хүргэгдсэнээс хойш таван цагийн дараа ухаан оржээ.

Одоогоор дээрх гурван хүүхдийн биеийн байдал сайжирсан ба хүүхдүүдийн эцэг эх, төрөл садан, Цахир сумын иргэд, төр захиргааны байгууллага хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтохыг өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж гурван хүүхдийн алтан амийг аварсан гавьяат үйлсэд талархал илэрхийллээ.

Цагдаагийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн эрдэнэт хүний алтан амийг аварсан Цахир сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн Цахир сумын иргэн Г.Эрдэнэбат нарт аймгийн Онцгой байдлын газрын хамт олноос талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүслээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай