Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд оюутан, залуучуудын саналыг авч байна

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд оюутан, залуучуудын саналыг авч байна

Манай Улсын нийт хүн амын 35.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Өөрөөр хэлбэл, гурван хүн тутмын нэг нь залуучууд.  Гэтэл хүн амын хамгийн том бүлэг болох залуучуудын  хөгжлийг дэмжих талаар төрийн нэгдсэн бодлого хангалтгүй байсаар ирсэн. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар залуучуудын хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас байгуулагдсан ажлын хэсэг зарим их дээд сургуулиудад ажиллаж дээрх хуулийн төсөлтэй холбоотой хэлэлцүүлэг өрнүүлж, оюутнуудаас санал авч байна.

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг ”Их Засаг” олон улсын их сургуулийн оюутнуудын дунд өрнөсөн бол өчигдөр МУБИС-д үргэлжиллээ. Энэ үеэр ажлын хэсгийн гишүүд хуулийн төслийн талаар танилцуулж тэдний саналыг амаар болон бичгээр авсан юм.  Тус сургуулийн оюутнууд  цагийн ажил хийх боломжийг хэрхэн бүрдүүлэх талаар илүүтэй асууж байсан бөгөөд хуульд тусгасан залуучуудын хөгжлийн асуудал хэзээ хөрсөн дээр бууж үр дүнгээ өгөх талаар ч тодруулж байлаа.

Хэлэлцүүлэг өнөөдөр ШУТИС-д үргэлжилнэ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай