Гадаадын банкнаас салбараа байгуулах хүсэлт тавиагүй гэв

Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Б.Жавхлан нарын гишүүдийн санаачилсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжлээ. Гишүүн Б.Жавхлан төслийн талаар танилцуулахдаа, Монгол Улс шиг харьцангуй жижиг, нээлттэй эдийн засаг бүхий улс орнуудын хувьд дотоодын зах зээлдээ гадаадын банкийг нэвтрүүлэх нь санхүүгийн салбарын интеграцад нэгдэх, банк санхүүгийн салбарын хөгжлийг хурдасгахад онцгой ач холбогдолтой болохыг онцолсон.

Гадаад банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулахтай холбоотой харилцааг Банкны, Хөрөнгө оруулалтын, Компанийн тухай хууль болон Монголбанкны Банкны зөвшөөрлийн, Банкны нэгжийн журмаар зохицуулж буй. Банкны зөвшөөрлийн журамд заасны дагуу дээрх төлөөлөгчийн газрууд нэгээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан бол банкны үйл ажиллагаа эрхлэх хүсэлтээ Монголбанк болон бусад эрх бүхий байгууллагад тавих эрхтэй бөгөөд Банкны нэгжийн журамд зөвхөн гадаадын банкны төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгох, татгалзах, түтгэлзүүлэх, хүчингүй болгох тухай тусгасан.

Эдгээрээс өөрөөр гадаадын банкны талаар нарийвчилсан зохицуулалт Банкны тухай хууль тогтоомжид одоогоор байхгүй юм. Иймд гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөх, ингэхдээ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг гагцхүү хуулийн этгээдэд олгох, гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авахыг зөвшөөрч, бусад үйл ажиллагааг, тэр тусмаа иргэдийн хадгаламж авах зэргийг хориглосон хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зайлшгүй шаардлагатай учир уг төслийг боловсруулжээ.

Гишүүдийн зүгээс хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэхийг тодруулж байлаа. Мөн одоогоор манай улсад хэчнээн банк төлөөлөгчийн газраа нээгээд буй, тэдгээр нь салбараа нээх хүсэлт тавиад байгаа, эсэхийг лавласан. Гишүүн Б.Жавхлангийн хариулснаар гадаадын хөрөнгө оруулалттай банк нэмэгдсэнээр банкны системийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж, улмаар банкны бүтээмж өсөж, зээлийн хүү буурна гэж тооцож буй аж.

Түүнчлэн зээл хуваарилалтын үр ашиг нэмэгдэхээс гадна дотоодын санхүүгийн зах зээлийн хөгжилд түлхэц үзүүлнэ гэж үзэж буй юм байна. Мөн дотоодын зах зээлийн тогтвортой байдал нэмэгдэх эерэг нөлөөтэй гэлээ. Урт хугацаанд дотоод, гадаадын банкуудын эрсдэлийн удирдлагын тогтолцоо нэг түвшинд хүрснээр чанаргүй зээлийн хэмжээ буурч, зээлийн багцын удирдлага сайжрах гэнэ.

Валютын урсгалыг сайжруулах, хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэргээр богино хугацаанд эерэг нөлөө үзүүлж, эдийн засгийн хүндрэлтэй үед хэт өндөр биш дүнтэй багцын дотогшлох урсгал нь дунд хугацаанд эерэг нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагчид үзжээ. Өнөөдөр манай улсад Японы хоёр, Хятадын хоёр, Голландын нэг банкны төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор салбараа байгуулах хүсэлт тавиагүй аж.

Гишүүн Ө.Энхтүвшин: -Хөрөнгө оруулалтын банк байгуулах нь ам.долларын ханшид яаж нөлөөлөх бол. Том төсөл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор барьцаанд нь ашигт малтмалын орд газрын тусгай зөвшөөрлүүдээ тавиад туучих вий гэсэн болгоомжлол байна. “Оюутолгой”-н мөнгийг оруулж ирэхийн тулд гадаадын банк байгуулах хэрэгтэй гэж яриад байх юм. Энэ нь хэр үндэслэлтэй вэ. Гэхдээ банк салбараа нээгээгүй байсан ч төлөөлөгчийн газраараа дамжуулан том зээл өгч болдог юм билээ.

Гишүүн Б.Жавхлан: -Банкуудын хүчин чадал 20 хувийн хязгаарлалттай учраас 100 тэрбум төгрөгөөс дээш давдаггүй. Хүрч чадахгүй байгаа тэр зах руу чиглүүлэх зорилготойгоор хөрөнгө оруулалтын банк байгуулах эрх зүйн орчин бүрдүүлэхийг зорьж байна. Валютын ханшийг тодорхой нэг түвшинд барих нь буруу. Тогтвортой байх нь чухал. Валютын нөөц гадаад урсгалаас шууд хамааралтай.

Тиймээс хөрөнгө оруулалтын банкны системээр дамжин орж ирэх хөрөнгө Төвбанкны нөөцөд эерэг нөлөө үзүүлнэ. Барьцаа хөрөнгө санаа зовних асуудал мөн. Барьцаа хөрөнгөө бариад гадаадад очоод зээл авах уу, эсвэл бидний дотооддоо, хяналтад байлгадаг аж ахуйн нэгжээс хөрөнгө босгох уу гэдэгт л учир нь байгаа юм.

Мега төслүүдийн мөнгийг бид алдсан. 2000 оноос хойш миний тооцоогоор найман тэрбум ам.доллароос давсан урсгал гадуур явсан. Анх гэрээ хийхдээ гаднынхны тавиад байгаа А зэрэглэлтэй банк байгуулахыг зөвшөөрөөд, түүгээрээ мөнгөн урсгалыг нь дамжуулсан бол өнөөдөр ийм байдалтай байх уу гэдгийг бодох ёстой. Банк салбар, нэгж нээнэ гэдэг Төвбанкны удирдлагад орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр төлөөлөгчийн газартай байх, салбар байгуулахын хооронд асар их ялгаатай.

Гишүүн Ж.Ганбаатар: -Арилжааны банкуудын 24 хувийн зээлийг давж гарах компани байхгүй учраас ажлын байраа нэмэгдүүлж, томорч чадахгүй байна. Тиймээс төслийг дэмжинэ. Хөрөнгө оруулалтын банкинд эрсдэлийн сан байх уу.

Б.Жавхлан: -Төвбанкинд нөөц сан гэж бий. Түүнд гагцхүү Төвбанк л зохицуулалт хийх эрхтэй. Банк хоорондын захаар дамжуулж, жижиг зээлдэгч рүү хөрөнгө оруулалт хийх нь зөв зам гэв.

ПРОКУРОРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛОВ

Мөн энэ өдрийн үдээс хойших хуралдаанаар Прокурорын тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжлээ. Хуулийн зарим нэр томьёог оновчтой болгох, УИХ-д өргөн мэдүүлээд буй Эрүүгийн хууль тогтоомжийн төслүүдтэй уялдуулах, үйл ажиллагааны хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, бусад байгууллагатай хамтран ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлэх, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо зэргийг тодорхой зохицуулах зорилгоор Прокурорын тухай хуулийг шинэчлэн боловсруулснаа санаачлагчид нь хэлж буй.

Прокурорын зэрэг, дэвийг албан тушаал, ажилласан жил, ур чадвараас хамаардаг байхаар тусгаад байсан ч улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Сангийн сайдаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан зарим зохицуулалтыг хасаж, өдгөө хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд заасан түвшинд байхаар тусгажээ. Засгийн газраас санаачилсан уг төслийн тухайд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Хууль батлагдсанаар прокурорын байгууллагын орон тоонд томоохон өөрчлөлт орохгүй” гэж байлаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай