М.Шарапова: Теннис дахин тоглох мөчийг тэсэн ядан хүлээж байна

М.Шарапова: Теннис дахин тоглох мөчийг тэсэн ядан хүлээж байна

Сэргээшийн асуудалд холбогдож, тоглох эрхээ хасуулсан Оросын теннисчин Мария Шараповагийн “Le Parisien” сонинд өгсөн ярилцлагыг товчлон хүргэе.

-Мария, таныг дөрөвдүгээр сарын сүүлчээр Штутгартад болох тэмцээнд оролцохоор болсон тухай сонслоо...

-Тийм ээ, шууд өндөр түвшинд өрсөлдөх боломжгүй ч теннисний ертөнцөд эргэн ирэх эхний алхмаа хийнэ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бие болон сэтгэл зүйн бэлтгэлжилтээ хэвийн хэмжээнд байлгахыг эрмэлзсээр ирлээ. Ний нуугүй хэлэхэд өмнө нь би хэзээ ч бэлтгэл хийхийн ач холбогдлыг ингэж өндрөөр үнэлж байгаагүй.

-Цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлжээ. Теннисгүйгээр амьдарч чадахгүй юм шиг санагдах үе байсан уу?

-Хүүхэд наснаасаа хичээллэж ирсэн зүйлээ хийхгүйгээр цаашид хэрхэн амьдрах нь заримдаа ойлгомжгүй санагддаг байлаа. Гэхдээ энэ үеийг 2008 онтой харьцуулах ч юм биш. Тэр үед баруун мөрөндөө мэс засал хийлгэсний дараа “Дахиж хэзээ ч теннис тоглохгүй болчих вий дээ” гэж их айж билээ.

-Тоглох эрхээ хасуулчихаад сэтгэл зүйн хувьд хэрхэн хүлээж авав?

-Мэдээж, сэтгэл санаа яаж сайн байх вэ. Эхний 5-6 сар өмгөөлөгчөөсөө салаагүй гэхэд болно. Шийтгэлээ эсэргүүцсэн хэрэг биш, харин хэзээ теннис тоглож болох вэ? гэдгээ тодорхой болгохын тулд шүү дээ. Нэлээд хөөцөлдсөний эцэст өмгөөлөгчөөсөө “Чиний асуудлыг Лозанна дахь спортын арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон. Ингэхийн тулд дор хаяж нэг жил хүлээх хэрэгтэй” гэсэн хариу сонсох хэцүү байлаа.

-Зодог тайлах тухай бодож үзсэн үү?

-Энэ тухай бодохыг ч хүсээгүй. Учир нь теннис тоглохоор эргэн ирнэ гэдгээ би мэдэрч байсан.

-Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр бүгд л таныг хууран мэхлэгч гэлцэх нь хэцүү байсан биз?

-Хар багаасаа л хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд явдаг байсан болохоор янз бүрийн мэдээлэл, гүтгэлэгт бараг л дасал болсон гэх үү дээ. Дуулиан дагуулсан хэвлэлийн мэдээ, бусдын юу ярих нь үнэндээ бодит амьдралаас хол хөндий байдаг. Урьдын туршлагадаа тулгуурлан энэ бүх дайралт, доромжлолыг эр зоригтой, шийдэмгий байж л даван туулсан.

-Зарим өрсөлдөгч нар чинь таны урьдын амжилтуудад итгэхгүй байгаагаа хэлж байсан...

-Энэ бол тэнэг бөгөөд инээдтэй хэрэг. Гэхдээ би яаж ч хичээгээд тэдний бодлыг өөрчилж чадахгүйгээ мэднэ. Хэрэв тэгж бодох нь тэдэнд эрч хүч, урам зориг авчирдаг юм бол ярьцгааж л байг дээ. Дэмий зүйлд цагаа үрэхийг хүсэхгүй байна. Светлана Кузнецова, Рафаэль Надаль, Григор Димитров, Новак Жокович гээд олон теннисчин намайг дэмжиж, хүнд хэцүү үед цуг байхаа илэрхийлж байсныг хэзээ ч мартахгүй.

-Та их олон найзтай юм. Хэдий өрсөлдөгчид ч гэсэн теннисчид хоорондоо найзлах нь байдаг уу?

-Надад хангалттай олон найз бий. Мэдээж найзуудтайгаа л шинэ машин сонирхох, дэлгүүр хэсэх, залуусын тухай ярилцана шүү дээ. Харин теннис тоглох нь миний ажил юм. Мэргэжлийн түвшинд тоглохын тулд ажилдаа хүндэтгэлтэй хандах ёстой.

-Штутгарт, Мадрид, Ромын тэмцээний зохион байгуулагчид таныг урьсан нь гэнэтийн зүйл байв уу, эсвэл...

-Би оролцохгүй байлаа ч эдгээр нь хамгийн шилдэг теннисчид оролцдог, зэрэглэл өндөртэй тэмцээн. Тэд намайг мэддэг, хүндэлдэг учраас л урьсан гэж ойлгож байгаа. Маш их талархаж байна.

-Францын теннисний холбооны ерөнхийлөгч Бернар Гюдичелли “Их дуулга”-ын хоёр түрүүтэй таныг “Ролан Гаррос”-т урихын эсрэг байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?

-Тэр шинэ ажилд томилогдоод удаагүй, мөн түүний үе ирчихээд байгаа гэдгийг ойлгож байна. Би буруу зүйл хийсэн, зохих шийтгэлээ ч амссан. Тэгэхээр Францын нээлттэй тэмцээнд оролцоход юу саад болно гэж.

-Урт хугацааны завсарлагын дараа ямар зорилготой оролцох вэ?

-Хэрвээ чи оролцсон тэмцээн бүртээ тогтмол гурван тойрог ялчихдаг, бэлтгэл сайтай бол түрүүлэхийн төлөө тоглох нь мэдээж. Харин миний хувьд чансааны оноо тэглэгдсэн тул бүхнийг шинээр эхлэхээс өөр аргагүй. Өөрийгөө шинээр сорьж, урьд өмнө тулгарч байгаагүй өрсөлдөгчидтэй тоглохыг, хувцас солих өрөө, хонгил, том тэмцээний кортыг дахин мэдрэхийг тэсэн ядан хүсэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай