Б.Мөнх-эрдэнэ: Баяжуулах технологио сайжруулж, нүүрсний гарцыг нэмэгдүүлсэн

“Energy resources” компанийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн Технологи, хяналтын багийн ахлах инженер Б.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тус компанийнхан “Нарийн нүүрсний хэсгийн өргөтгөл” төсөл хэрэгжүүлснээр өмнө нь хаягдаж байсан баялгийг экспортод гаргах боломж бүрдүүлсэн байна. Өмнөговь аймгийн уугуул тэрбээр дээрх төслийг санаачлан, загвар зургийг нь гаргасан юм билээ.

Ухаахудагийн цахилгаан станцыг өөрсдөө барьсан туршлагатай “Energy resources”-ийнхэн цаашид ч дэвшилт технологи нэвтрүүлэхээр төлөвлөж буй аж.

-Ухаахудагийн баяжуулах үйлдвэрт шинэ төсөл хэрэгжүүлснээр өмнө нь овоолго руу хаягддаг байсан нүүрсийг экспортолдог болсон гэж сонслоо. Энэ талаар тодруулна уу.

-Ухаахудагийн нүүрс баяжуулах үйлдвэрийг Австралийн “Sedgman” компанийн загварын дагуу барьсан. Бид үйлдвэрийн нарийн нүүрсний (-1.2-оос +0.25 мм) хэсэгтээ тоног төхөөрөмж нэмж суурилуулсан юм. Ингэснээр технологийн горим сайжран, баяжуулах явцад нүүрс хаягддаг байсныг болиулж, үйлдвэрийнхээ бүтээмжийг нэмэгдүүлсэн. Нүүрсийг бүхэллэгээс нь хамаарч гурав ангилдаг.

-50-иас +1.2 мм ширхгийн бүхэллэг нүүрсийг том, -1.2-оос +0.25 мм-ийнхийг нарийн, -0.25 мм-ээс доош бол хэт нарийн гэж ангилдаг. Баяжуулж буй нүүрсний 70 орчим хувийг том нүүрс эзэлдэг. Нарийн нүүрсийг шороо шиг ширхэгтэй гэж багцаалж болно. Салхинд хийсчихдэг, тоос шиг нарийн нүүрсийг бид шурган ангилуурын (спиралын) аргаар баяжуулснаар хаягдахаас сэргийлж байгаа юм.

Нарийн нүүрсний хэмжээ нэмэгдэж, хаягдаж байсан тул баяжуулах үйлдвэрийн нэгдүгээр модулиа өргөтгөж, хүчин чадлыг нь 50 хувиар өсгөсөн. Өөрөөр хэлбэл, “Sedg­man” компанийн дизайн дээр шурган ангилуур 12-ыг нэмж суурилуулан, холбогдох тоног төхөөрөмжүүдийг шинээр угсран өргөтгөснөөр нарийн нүүрс хаягдахаа больсон.

Ирэх зургадугаар сараас үйлдвэрийн хоёрдугаар модульд дээрхтэй адил тоног төхөөрөмж нэмж суурилуулах ажил эхлүүлж, оны эцэст багтаан дуусгахаар төлөвлөж байгаа. Дараа жил гуравдугаар модульд нэвтрүүлнэ.

Шурган ангилуур угсарсны дараа

-Австралийн компанийн барьж өгсөн загвар дээр өөрсдөө бие даан тоног төхөөрөмж нэмж суурилуулсан гэхээр багагүй судалгаа хийсэн байх.

-Уурхайн олборлолтоос шалтгаалж нарийн нүүрс баяжуулах хэсгийн ачаалал нэмэгдсэн л дээ. Үүнээс болж тоног төхөөрөмж буруу ажиллаж эхэлсэн. Нүүрс хаягдаж байгааг 2014 онд мэдээд хоёр жил орчим судалгаа хийлээ. Үйлдвэрийн хаана ч хамаагүй тоног төхөөрөмж суурилуулчихаж болохгүй, зай талбай ч хангалттай биш нь мэдээж.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн хурлын үеэр энэ санааг дэвшүүлсэн нь дэмжигдэж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар гуравдугаар сараас нь ажлаа эхлүүлсэн. Загвар зургийн ажил таван сар хүртэл үргэлжилсэн. Тавдугаар сараас нь угсралтын ажлыг эхлүүлж, есдүгээр сарын 1-нд өргөтгөлөө ашиглалтад оруулсан юм.

Түүнээс хойш үйлдвэр зургаан сар хэвийн ажиллаж байгаа. Бага зэрэг хүндрэлтэй зүйлс байсан ч бүх л ажлыг манай засвар, цахилгааны багийнхан бие даан гүйцэтгэсэн. Мөн гагнуурчин, механикийн багийнхан гээд олон хүн оролцсон.

Олонх нь 5-6 жил ажилласан туршлагатай, бүгд ажлаа мэддэг болчихсон. Жишээ нь, би 2010 онд энэ ажилд орж байлаа. Мөн 10-аад инженер, зураг төсөл дээр гурван хүн ажилласан.

-Өргөтгөл хийснээр эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой вэ?

-Жилд багаар бодоход 90.000 тонн коксжих нүүрсийг овоолго руу хаягдахыг нь болиулсан. Тонн нүүрсийг Ганцмодны боомтын одоогийн үнэтэй ойролцоо буюу 100 ам.доллароор тооцож үзэхэд жилд есөн сая “ногоон”-ы бүтээгдэхүүн нэмж экспортлох боломжтой.

Тэгвэл төслийн өөрийн нийт зардал 100.000 орчим ам.доллар болсон. Бид өмнө нь худалдаж аваад нөөцөнд байсан тоноглолуудаа ашигласан юм.

-Ямар шат дамжлагаар нүүрсийг хаягдахаас сэргийлж байгааг энгийнээр тайлбарлаач.

-Уурхайгаас үйлдвэр рүү тээвэрлэж авчирсан нүүрсийг хүлээн авах хэсэгт хоёр юм уу, гурван дамжлагаар оруулж буталдаг. Улмаар шаардлага хангах мм-ийн хэмжээтэй болгодог. -50 мм-ээс доош орчихвол устай хольдог. Үйлдвэрт орж буй нүүрсийг бүхэллэгээс нь хамааран гурван төрлийн аргаар баяжуулдаг.

Бид нарийн нүүрсний хэсэгт өөрчлөлт хийсэн. Энгийнээр хэлбэл, тоосонцор шиг нарийн нүүрсийг устай хольж, тодорхой хэмжээний хатуулаг үүсгэн, шурган ангилуураар баяжуулдаг ба энэ нь хүндийн хүчний эргэлтээр ялгаж, гадуур нь урсаж байгаа бүтээгдэхүүнийг салгаж авдаг. Гарсан бүтээгдэхүүнийг уснаас салгах төхөөрөмжүүд байдаг.

Угаалгын машины сэгсрэгч гэж ойлгож болно. Хоромхон зуур усгүй болгосноор эцсийн бүтээгдэхүүн болж байгаа юм. Өмнө нь их өтгөн байсан учраас нарийн нүүрс ялгарахгүй, шууд хаягдал болчихоод байсан. Өөрөөр хэлбэл, зунгааралдсан “юм” тоноглол руу орохоор нэг нэгнээсээ салахгүй хаягдаж байсан хэрэг.

-Үйлдвэрт өөрчлөлт хийх талаараа Австралийн компанид мэдэгдсэн үү?

-Австраличуудтай хамтран ажиллах гэрээ дууссаны дараа төслөө хэрэгжүүлсэн. Тэднийг явсны дараа гэсэн үг л дээ. Хэрэв мэдсэн бол тэд дургүйцэх байсан болов уу.

Манай компанийнхан хэлэлцээд хийж чадна гэж үзсэн, захирлууд маань ч итгэл хүлээлгэсэн. Тэр итгэл чухал байлаа. Үйлдвэр ийм л байсан юм чинь, энэ хэвээр нь л байлгана гэвэл баялаг хаягдал болно. Алдаагаа олоод, зассан нь хамгийн чухал.

-Бүтээгдэхүүний чанар ямар вэ?

-Шаардлага хангасан коксжих нүүрс үйлдвэрлэж байгаа. Бид байнга буюу хоёр цаг тутам шинжилгээ авч, лабораторидоо шинжлэн, хянадаг.

-Ашиглах усны хэмжээ нэмэгдсэн үү?

-ТЭЗҮ-д тусгасан хэмжээнээс өөрчлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл, нэмэгдээгүй гэсэн үг. Усыг буцаан ашиглах технологитой энэ нь холбоотой. Усгүйжүүлэх төхөөрөмжиндөө оруулан, усыг буцаагаад ялган авч байгаа.

Нүүрснээс салгасан усыг санд хуримтлуулж, үйлдвэртээ дахин ашиглаж байна.

-Үйлдвэр цаашид аюулгүй ажиллах нөхцөл бүрдсэн үү?

-Аюулгүй ажиллах бүх шаардлагыг хангасан. Манай компани аюулгүй ажиллагааг тэргүүн зорилгоо болгодог.

-Нэгэнт барьчихсан үйлдвэрт нэмж тоног төхөөрөмж суурилуулсан тохиолдол бусад оронд хэр олон байдаг бол?

-Манай компанийнхан Австралид “Sedg­man”-ий барьсан хэд хэдэн үйлдвэрт дадлага хийж байсан. Тэнд лав ийм тохиолдол байгаагүй. Яг ингэж өргөтгөсөн жишээ ер нь байхгүй болов уу.

-Ухаахудагийн ордын нарийн нүүрсний хэмжээ цаашид нэмэгдэхээр байгаа юу?

-Одоогийн түвшиндээ хадгалагдах байх. Манай баг шинэ технологи нэвтрүүлэхээр судалж байгаа. Ер нь дэлхийд баяжуулах технологи өөрчлөгдөн, хувьсаж байна.

Зөвхөн одоогийн үйлдвэрээ хараад суухгүйгээр шинэ технологи манайд хэр нийцэх, тэдгээрийг нэвтрүүлэх боломжтой эсэхийг судалж эхэлсэн.

-Хэрэв нүүрс баяжуулах үйлдвэр баривал нарийн нүүрс хаягдаж болзошгүйд анхнаасаа анхаармаар санагдлаа.

-Орд бүрийн нөөц адилгүй. Нарийн нүүрс багатай орд бол манайх шиг шурган ангилуур заавал суурилуулах шаардлагагүй. Бусад уурхайн мэргэжилтэн зөвлөмж өгөөч, хамтран ажиллаач гэж хандвал нээлттэй. Манай баяжуулах үйлдвэр анхных гэдэг утгаараа олон сорилт даван туулж байна л даа.

Монголд нэвтрээгүй технологийг судлаад, нутагшуулах шаардлагатай болдог. Жишээ нь, манай үйлдвэр Австралийн дулаан цаг агаарт ажиллах зориулалттай. Австралид ил задгай буюу хэдэн карказан дээр байж байдаг. Манайд бол үйлдвэр битүү байх ёстой.

Нойтон баяжуулах арга хэрэглэдэг тул өвөл ус болон бүтээгдэхүүнийг хөлдөөхгүй байхад анхаарах шаардлагатай болдог.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

Илгээх

Энэ тухай