Бичил биетний үржүүлгийн “газар”

Бичил биетний үржүүлгийн “газар”

Сүүн шүд нь дөнгөж цухуйв уу, үгүй юү цоорсоор, ёзоор нь харлан үлдсэн хоёр гуравхан настай “эмээ, өвөө” нарыг хараад халаглах, харамсах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм. “Сүүн шүд нь унахаар сайхан шүдтэй болно доо” гэж эцэг, эхчүүдийн олонх найддаг ч харамсалтай нь тийм биш. Сүүн шүд цоорч, хорхойтсон бол байнгын шүд ч өвчлөх шалтгаан болдог аж.

Үүнээс болж байнгын шүд нь бүрэн гүйцэд ургаж амжаагүй байхдаа цоорсноос авахуулж буйг нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийнхөн ярив. АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийн М.Хосбаяр тэргүүтэй багш нар 2016 онд шүдний өвчлөлийн талаар судалгаа хийсэн байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн олонхынх нь 15 шүд өвчилсөн байжээ.

Ялангуяа 3-5 настай 100 хүүхдийн 87-96-гийнх нь шүд цоорсон байх юм. Мөн ДЭМБ, нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран хийсэн судалгаагаар хүүхдийн 20 шүдний 5-7 нь цоорсон гэсэн аюултай тоо гарчээ. Нас ахих тусам шүдний цоорхойн тархалт багасан, 17-гоос дээш насны 100 хүн тутмын 78-нд тохиолддог байна.

Гэхдээ энэ ч гэсэн өндөр үзүүлэлт юм. Манай улс 2006 онд Амны хөндийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр шүдний өвчлөл 10 хувиар буурчээ. Гэвч Улаанбаатар хотод эрүүл шүдтэй хүн ганц ч байхгүй гэхэд хилсдэхгүй болсон өнөө цагт авч хэрэгжүүлж буй ажил гэхэд үнэхээр хангалтгүй.

Эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг, шүдний төрөлжсөн ганц эмнэлэг нь нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв. Тус төвд эмч, сувилагч нийлсэн 50 гаруй хүн 50-60 төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Гэвч үйлчлүүлэгчдээ дийлэхээ больж, 2-3 долоо хоногийн дараалал үүсгэжээ. Эрүү, нүүрний гажиг засах мэс засалд орох гэсэн хүмүүс цаг авснаас хойш 6-8 сарын дараа л эмчийн бараа харахаар байгаа юм билээ.

Зарим нь цаг авах гэж эмнэлгийн гадаа хонон өнжиж буй учраас энэ сарын 17-ноос үзлэгийн дугаарыг 16.00 цагаас эхний 60 хүнд олгохоор болсон байна. Шүдний өвчлөл газар авч, өвчтөнөө хүчрэхгүй байхад хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлдэг нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв түрээсийн байр “царайчилж” өдий хүрсэн байх юм.

Улаанбаатарт шүдний 260 хувийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж буй ч энэ өвчний хор хөнөөлийн талаар мэдлэггүй иргэд өндөр өртөг төлж, тэдгээрт үйлчлүүлдэггүй гэнэ. Гэтэл хөгжилтэй орны иргэд зургаан сард нэг удаа шүдний эмчийн үзлэгт орж, хяналтад байдаг. Төр засгаас нь ч хүн амынхаа эрүүл мэндэд гойд анхаарч, бодлогоор дэмждэг.

Шүдний цоорол нь сүүлийн үед халдварт өвчний ангилалд ордог болжээ. Учир нь шүдний цоорол нь нян буюу бичил биет, вирус, шимэгчээс үүсгэгдэн эрүүл шүдэнд халдварладаг аж. Ялангуяа шөнийн цагт шүлс бага ялгарах үеэр бичил биетнүүдийн “ажил” эрчимждэг аж.

Ингэж үржиж өссөн бичил биетнүүд эрүүл шүднүүдийг “эзэлсээр” эцэст нь улаан хоолой, толгой, хүзүү болон уушгины хорт хавдар үүсгэх аюултайг Японы эрдэмтэд хэдийнэ тогтоосон. Харин бид идсэн хоолныхоо үлдэгдлийг гүйцэд угаалгүй, цоорч хорхойтсон ч тоохгүй явсаар байвал шүд бичил биетний үржүүлгийн “газар” болж, сүүлдээ аминд аюул учруулах нь.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Шүдний өвчин хүндрэхээс өмнө эмнэлэгт хандах нь чухал

Шүд эрүүл байх гол үндэс нь хүүхэд байхаасаа зөв арчлах юм. Гэтэл сүүлийн жилүүдэд хүн амын дунд өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа нь улсын эмнэлгүүдийн ачааллыг ихэсгэж буй. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд өчигдөр очлоо. Тус эмнэлгийн Шүд, эрүү нүүрний кабинет хоёр эмчтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өдөрт хамгийн багадаа 60 хүнд үйлчилдэг аж.

“Өдөрт нэг эмч 22 хүн хүлээн авах нормтой байдаг ч үндсэн, нэмэлт, давтан, яаралтай гээд 30 гаруй хүнд үзлэг хийж байна. Нэг хүнд дунджаар 20 минут зарцуулна гэж үзлэгийн цагийг тооцоолдог” хэмээн эмч нар нь хэлсэн юм.

Өвчин нь хүндэрсэн үедээ эмчид ханддаг нь манайхны гэм биш зан. Шүд нь дөнгөж өвдөөд, ломбо хийлгэх хүн өдрийн од шиг ховор. Хавдсан, буглаж, идээлсэн, зүслэг хийх шаардлагатай, сувгийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй хүмүүс үйлчлүүлэгчдийн 80 хувийг эзэлдэг байна. Тэдгээрээс зайлшгүй хагалгаанд орох, хэвтэх ёстой хүмүүсийг гуравдугаар шатлалын эмнэлэг рүү явуулдаг.

Харин бусад тохиолдолд эмнэлэгтээ, орчин үеийн тоног төхөөрөмж, найдвартай эм, тариа ашиглан эмчилдэг гэсэн. Шүд, эрүү нүүрний кабинетын эмч Б.Сугарсүрэн “Манай эмнэлгийн Хүүхдийн амбулатори Хайлаастын эцэст нээгдсэн. Тэнд Чингэлтэй дүүргийн 14, 15, 16 дугаар хорооны хүүхдүүдийг хүлээн авч буй учраас энд ихэвчлэн насанд хүрэгчид ирдэг. Шүдээ хэрхэн хамгаалах, цоорох эмгэг гэж юу болох талаар хүмүүсийн мэдлэг дутмаг, хэнэггүй байдлаасаа болж хүндэрсэн үедээ эмнэлэгт хандах нь олон.

Уг нь эмч нар баг болж хуваагдан, сардаа нэг удаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад энэ талын мэдлэг, мэдээлэл өгдөг. Харин эцэг, эхчүүдийн амны хөндийн мэдлэг их муу. Түүнчлэн шүд нь өвдөхөөр өвчин намдаах эм уух, зуух маягаар шинж тэмдгийг нь дарчихаад өвдөхөө болилоо гээд эмнэлэгт ханддаггүй хайнга хүмүүс ч бий. Зарим нь эмчилгээний ломбо тавиулсан хэрнээ давтан үзлэгтээ ирдэггүй. Энэ бүхэн эргээд хавдах, идээлэх маягаар илэрч, хүндэрдэг.

Цаашлаад амь насанд аюул учруулах хэмжээнд ч хүрч болзошгүй. Улаанбаатар хотын иргэдийн хувьд эмнэлэгтээ ойр учир ийм тохиолдол бага. Харин хөдөө орон нутагт амиа алдах нь их. Хүмүүст зөвлөхөд шүдний өвчний талаарх мэдлэгээ сайжруулж, эрт үед нь эмчлүүлээрэй. Цаг алдаж эмнэлэгт хандах нь эмчилгээг удаашруулах, эмч нарын ачааллыг нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай” гэв.

Шүд, эрүү нүүрний кабинетын үүдэнд цайны цагийн дараа 5-6 хүн ирчихсэн, хуваарьт цагаа хүлээж байв. Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Бат “Эхнэр минь энэ дүүргийн иргэн. Харин би орон нутгийн хаягтай. Шүдээ эмчлүүлэх гэсэн боловч хаягаа шилжүүлээгүй гээд болохгүй байна. Хувийн эмнэлгийн төлбөр өндөр болохоор хэцүү юм. Эхнэрийнхээ нэрээр цаг авсан боловч миний шүдийг эмчлэхгүй гэсэн. Тиймээс эхнэр шүдээ авахуулах гээд хүлээж байна” гэв.

“Шүдний өвчлөл нэмэгдэж, улсын эмнэлгүүд байнга ачаалалтай байдаг. Манай эмнэлгийн хувьд шүдний үзлэгийн цагийг долоо хоногоор өгдөг байсан. Гэтэл зайлшгүй эмчилгээ шаардлагатай хүнд цаг олдохгүй байсан учраас 2-3 хоног болгож наашлуулсан.

Хувийн эмнэлгүүд өндөр өртгөөр шүд эмчилдэг. Харин улсынх шүд авсан ч, ломбо тавьсан ч төлбөргүй учир хандах хүн тэр чинээгээр олон. Үүнийг зарим хүн ойлгохгүй бухимдаж, гомдол гаргадаг. Эмч нар чадахаараа л ажилладаг. Ер нь шүд өвддөггүй монгол хүн байдаг юм уу. Бид эмнэлэгт ажилладаг хэрнээ шүдээ үзүүлж, амждаггүй” хэмээн тус эмнэлгийн эрхлэгч учирласан.

Улсын бүх эмнэлэгт шүдний эмчид үзүүлэх цаг авна гэдэг хүнд ажил гэдгийг хүн бүр хэлдэг. Тус эмнэлэгт байх хэсэг хугацаанд хоёр ч хүн шүдээ авахуулах гэж ирсэн юм. Сонгинохайрхан дүүргийн иргэн н.Наранцэцэг хэвлэлийнхэнтэй таарсандаа олзуурхаж, “Манай дүүрэгт шүдний эмчид цаг авна гэдэг тэнгэрийн умдаг атгахтай адил болоод байна. Ажилтай бидэнд тэр бүр зав олддоггүй. Гэтэл арайхийн зав гаргаж, ажлаасаа чөлөө аваад эмнэлэгт цаг авах гээд дугаарлахаар яг өмнө минь ирээд цаг дуусчих жишээтэй” гэв.

Ийнхүү улсын эмнэлгүүд шүдний өвчтэй хүмүүсээ эмчилж “гүйцэхгүй” байгаа үед АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургууль, Шүд, эрүү нүүрний эмнэлэг өчигдөр нээлтээ хийсэн нь маш таатай мэдээ байв. Нээлтэд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид оролцсон юм.

Шүд эрүү нүүрний багийн цогц эмчилгээг Монгол Улсын хэмжээнд хийдэг тус эмнэлэг таван давхар барилгатай төдийгүй өдөрт 70-80 хүнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай аж. Эрүү, нүүрний мэс заслын чиглэлээр зөвлөгөө авахаас гадна шүдний ерөнхий, эрүү нүүрний гажиг заслын эмчилгээ хийлгэх боломжтой гэнэ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хүүхдүүд энэ эмнэлгийг зорьж болно.

Тодруулбал, 60-аас дээш насны эрэгтэй, 55-аас дээш настай эмэгтэйчүүд Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар дөрвөн жилд нэг удаа тус эмнэлгээр хиймэл шүд хийлгэх эрхтэй юм байна. Нүүр, ам судлалын сургуулийн захирал Г.Ариунтуул “Эмнэлзүйн сургалтын орчныг сайжруулах, энэ чиглэлээр чадвартай мэргэжилтэн Монголдоо бэлтгэх нь манай сургуулийн зорилго. Шүдний өвчин нэмэгдэж буй өнөө үед сайн боловсон хүчин, чадвартай багш нар маш чухал. Тиймээс бид олон улсад мэргэжил эзэмшсэн доктор, профессоруудыг ажиллуулж, 700 орчим оюутан сургаж байна. Тэд шүдний техникч, эрүүл ахуйч, шүдний туслах эмч мэргэжлээр суралцдаг” гэв.

Тус эмнэлгийг барихад 1.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Эмнэлгийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах ажлыг АШУҮИС, БСШУСЯ хамтран зохион байгуулах гэнэ. Ямартай ч зөвхөн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэд гэлтгүй шүдний нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах хүсэлтэй хүмүүс хандаж болох юм байна.

ИНФОГРАФИК

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Б.ӨНӨРБИЛЭГ: Нэг нь өвчлөхөд таван шүдний бүтэц, үйл ажиллагаа алдагддаг

Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, клиникийн профессор Б.Өнөрбилэгтэй ярилцлаа.

-Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин нэмэгдэж буйн шалтгаан юу вэ?

-Агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдалтай холбоотой. Агаарын бохирдлоос болж хүүхэд сульдаа өвчтэй болдог. Ийм өвчтэй бол шүд эрүүл байна гэж байхгүй. Орчны нөлөөнөөс шалтгаалж хоолойны ангина ихэссэн. Үүнээс болж хүний дархлаа суларч, шүд өвддөг. Бага насныхны дунд өвчлөл өндөр байгаа нь ундаа, чихэр, шоколад их иддэгтэй холбоотой.

Бид цэцэрлэг, сургуулийнханд сургалт явуулж байхад “Манай хүүхэд ундаанаас өөр зүйл уудаггүй” гэх эцэг, эх цөөнгүй таарсан. Мөн хүүхдэд эрдэс, бодисын солилцоо дутагдсанаас шүлсний шинж чанар өөрчлөгдөж, шүд цоордог. Үүнд эцэг, эхчүүдийн хайнга байдал ч нөлөөнө.

Тухайлбал, 2-3 настай хүүхдээ шүдээ өөрөө угаа гэдэг. Гэтэл Японы эрдэмтдийн судалгаагаар хүүхэд хэзээ алдаагүй, цэвэр бичиж сурна тэр үедээ шүдээ зөв угаах ухамсартай болдог байна. Өөрөөр хэлбэл, 8-10 настай хүүхэд л шүдээ зөв, сайн угааж чадна гэсэн үг.

Түүнээс доош насанд хүүхдүүд үүдэн шүдээ үрж байгаад л оогоо идчихдэг. Тиймээс эцэг, эхчүүд өөрсдөө угааж өгөх хэрэгтэй. Амны хөндийн ариун цэврийг сайн сахиж чадвал шүд цоорох магадлал эрс буурдаг.

-Сүүн шүдний цоорол нь тогтмол шүд ургахад сөргөөр нөлөөлдөг гэл үү?

-Тэгэлгүй яах вэ. Шүдний цоорол халдварт өвчний ангилалд ордог болсон. Өөрөөр хэлбэл, шүдний өвчлөл бичил биет, вирус, шимэгчээр үүсгэгддэг.

Тиймээс сүүн шүд цоорхой бол тогтмол шүд ч мөн адил цоорох магадлалтай. Хүүхдийн шүдний цоорол гүйцэд эмчилгээ авахдаа муу. Нэг шүд авахуулснаар хажуугийн хоёр, дээд арааны гурван шүдний бүтэц, үйл ажиллагаа алдагддаг.

-Шүдээ эмчлүүлэхгүй удаан явбал хорт хавдартай болох аюултай гэсэн байх аа ?

-Тийм ээ. Шүд удаан хугацаанд өвдсөнөөр хамгийн эхэнд гүйлсэн булчирхайн архаг өвчтэй болдог. Шүдний өвчин, хоолойн ангина хоёр нэг нэгэндээ нөлөөлдөг юм. Тодруулбал, шүд өвдсөнөөр ангина үүсдэг бол ангина нь дархлаа сулруулж, яс эрдсийн солилцоонд нөлөөлдөг.

Шүдний архаг өвчлөл, буйлны ховил сүрьеэгийн савханцар үүсгэх нь бий. Үрэвссэн буйл, цоорхой шүдэнд маш их хэмжээний нян агуулагдаж, ходоод руу орж, үрэвсүүлнэ. Ангинатай хавсрахаар бөөрний түүдгэнцрийн өвчин, үе мөчний үрэвсэл үүсгэдэг. ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс заслын тасагт жилд 4-5 хүүхэд цоорхой шүднээсээ болж эрүүгээ тайруулж, авахуулж байна.

Цоорхой шүдээ эмчлүүлэхгүй явснаас болж тэр нь идээлж, буглаад ясыг нь “идчихэж” байгаа юм. Тиймээс амны хөндийн эрүүл мэндэдээ маш сайн анхаарч, цаг тухайд нь тусламж авахгүй бол эрүү, амны гажиг үүсэх аюултай. Бид аль болох шүд авахгүйг хичээдэг ч иргэд оройтсон хойноо эмчид хандаж байна.

-Урьдчилан сэргийлэх арга юу байна вэ?

-Уламжлалт болон уламжлалт бус гээд олон арга бий. Монголчууд эрт үеэс ааруул, ээзгий, бүлх, махыг хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэж ирсэн учраас шүд сайтай гэгддэг байсан. Харин орчин үед уламжлалт хоол, хүнснээсээ татгалзан, хийжүүлсэн ундаа, амттан ихээр хэрэглэдэг болсон нь шүдний өвчлөлд нөлөөлж байна.

Сүү, цагаан идээтэй шүлс урвалд орсноор кальци, фтор шүд рүү нэвчин, бэхжүүлдэг юм. Мөн түргэн хэллэг, зүйр цэцэн үг, дуу, шүлэг, тэсэргээтэй авиануудыг их хэлүүлэх нь хүүхдийг шүдний өвчлөл, элдэв эмгэгээс сэргийлэхэд тусална. Түргэн хэллэг хэлэх тусам шүлс ялгарч, булчин сайн хөгжин, зөв амьсгалдаг болдог.

Шүдээ угаахдаа ооноос илүү сойзоо зөв сонгож, шүдний утас, хэл цэвэрлэгчид анхаарах хэрэгтэй. Шүд завсраараа цоорох нь түгээмэл байна. Ялангуяа унтахаасаа өмнө шүдээ угаахгүй бол бичил биетэн үржиж, цоордог. Ундаа, тараг, алим, чихрийн үнэ бараг л адилхан байгаа. Тиймээс хүүхдэдээ хоол өгөх үү, хор авах уу гэдэгтээ анхаарах хэрэгтэй.

БАЙР СУУРЬ

Бүх өвчний үндэс суурь болдог шүдний өвчин сүүлийн жилүүдэд газар авсан. Ямар шалтгааны улмаас ихсэж байгаа, түүнээс урьдчилан сэргийлэхэд хэрхэн анхаарах талаар эмч, мэргэжилтнүүдийн байр суурийг сонирхлоо.

Буруу хооллолт хамгийн аюултай

Э.СЭЛЭНГЭ (“Оч манал” шүдний эмнэлгийн их эмч):

-Шүдний өвчин ихсэж байгаа нь үнэн. Ялангуяа сүүлийн үед бага насны хүүхдүүд илүү өртдөг боллоо. Өнгөрсөн онд манай эмнэлгийнхэн 600 гаруй хүнд үйлчилсний 80 орчим хувь нь хүүхэд. Насаар нь ангилж үзэхэд 7-11-тэй хүүхдүүд хамгийн олон байгаа нь маш харамсалтай. Ямар учраас ийм байдалд хүрснийг судлахад хамгийн том шалтгаан нь буруу хооллолт байсан.

Эцэг, эхчүүд чихэр, хийжүүлсэн ундаа, хатаасан жимс, чипс зэрэг амны хөндийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг бүтээгдэхүүнийг хүүхдэдээ байнга авч өгч байна. Тэдгээр бүтээгдэхүүн шүдний пааланг ховхлон, тулгуур эдийг гэмтээж, халуун, хүйтэнд хэт мэдрэг болгосноор өвчний үндэс суурь тавигддаг. Хүүхдийн сүүн шүд ойролцоогоор 12 нас хүрэхэд байнгын шүдээр солигддог.

Тэртэй тэргүй унах шүд юм чинь гээд сүүн шүдийг тоолгүй орхилгүй, байнга зөв хооллож, шүдийг нь сайтар угаалгаж, эмчид тогтмол үзүүлж хэвшвэл аливаа өвчинд өртөх магадлал буурна. “Хүүхдийн шүдэн дээр шохой шиг цагаан толбо үүсчихсэн байна, яах вэ” гэж эцэг, эхчүүд их асуудаг болсон. Цагаан цэгүүд үүссэн бол шүд цоорч эхэлж байгаагийн шинж юм.

Эрдэсжилтээ алдахаар ийм толбо үүсдэг учраас түүнийг нөхөх кальци, фосфатын өндөр агууламжтай хоол хүнс, фтортой шүдний оо хэрэглэхийг зөвлөдөг. Аав, ээжүүдийн нийтлэг гаргадаг алдаа бол хүүхдийнх нь шүд хорхойтоод, өвчлөл хүндэрсэн үед л эмчид ханддаг, хүүхдэдээ төдийлөн анхаарал хандуулдаггүй явдал.

Шүдээ хэрхэн угаахаа ч мэдэхгүй хүүхэд олон байна шүү дээ. Тиймээс аливаа өвчнөөс сэргийлэхийн тулд эцэг, эхчүүд юуны өмнө хүүхдэдээ анхаарал, халамж сайн тавьж, хооллолтод нь анхаарч, сард ядаж хоёр удаа шүдний мэргэжлийн эмчид үзүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй.

Хүүхдийн шүдийг хөхүүл үеэс нь хамгаалаарай

П.ДУЛМАА (ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн шүдний их эмч):

-5-6 жилийн өмнө хөдөөний хүүхдүүд харьцангуй эрүүл шүдтэй, хотынхон л шүдний өвчинд өртдөг байсан бол одоо хаана ч ялгаагүй болсон. 1-2 биш, ихэнх шүд нь өвчилж, нэлээд хүндэрсэн хүүхдүүд эмнэлэгт ирж байна. Эцэг, эхчүүд яагаад хүүхдийнхээ амны хөндийг хоногт нэг удаа шалгачихаж чадахгүй байна вэ. “Нэлээд хэдэн шүд нь цоорчээ” гэхээр “Тийм үү” гээд гайхах жишээтэй.

Хүүхдийн шүдийг хөхүүл үеэс нь эхэлж хянаж, хамгаалдаг. Шүд ургаагүй ч амны хөндийг нь цэвэр байлгахын тулд хөвөнд ус шингээж арчиж болно. Ер нь аав, ээжүүд хүүхдийнхээ шүдийг таван нас хүртэл нь угааж өгөх ёстой. Гурван настайгаас сойз бариулж сургана гэдэг зөвлөмж байдаг ч үнэн хэрэгтээ хүүхдүүд сайн угааж чаддаггүй. Ямар оо сонгох биш, зөв угааж буй, эсэх нь чухал.

Хүүхдээ эрхлүүлж, аргадах гэж чихэр, жимс байнга авч өгөх нь маш буруу гэдгийг хүн бүр мэддэг хэрнээ арга хэмжээ авахгүй байна. Огт идүүлэхгүй гэж хориглож болохгүй л дээ. Өдөр бүр биш, долоо хоногт гурван удаа чихэр идүүлж, цаашлаад нэг өдөр болгон цөөрүүлэх хэрэгтэй. Мөн зургаан сар тутам шүдний эмчид үзүүлж, хянуулаарай.

Хорхойтой шүд хүнийг үхэлд хүргэх аюултай

Ж.ДЭЛГЭРЦЭЦЭГ: (АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийн Хүүхдийн нүүр, ам судлал, урьдчилан сэргийлэлтийн тэнхимийн багш, Анагаах ухааны доктор)

-Монголчуудын амьдрах хэв маяг, хоол хүнсний хэрэглээнд нэлээд өөрчлөлт гарснаас хүүхэд, залуучуудын дунд шүд цоорох өвчний тархалт маш өндөр байна. Сүүлийн үеийн судалгааны дүнгээс үзвэл сүүн шүдний цоорол 95-аас дээш хувийг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 100 хүүхэд тутамд ногдох эрүүл шүдтэй хүүхдийн тоо таваас доош бий гэсэн үг.

Өвчилж, цоорсон, ёзоор, уг болж үлдсэн тохиолдолд шүд өөрийн үүргээ гүйцэтгэх чадваргүй болж, хүний биед сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа өсөн торниж буй хүүхдийн бие халдварын эх уурхай болох, хоол тэжээлээ бүрэн зажилж чадахгүйгээс гэдэс, ходоод хямрах, өсөлт удаашрах, эрүү, нүүрний согог үүсэж болзошгүй.

Хорхойтой шүд хүнийг үхэлд хүргэх аюултайг анхааруулмаар байна. Сүүн шүд унадаг учраас эмчлүүлэх шаардлагагүй гэсэн буруу ойлголт монголчуудын дунд байдаг нь шүд цоорох өвчнийг хүндрүүлэх, эрүү, нүүрний орчимд гажиг үүсэх гол шалтгаан болдог. Сүүн шүдний эрүүл, бүтэн байдал нь ясан шүд зөв, тэгш ургах, хүүхэд зөв дүр төрхтэй байх үндэс суурь юм. Тиймээс хүүхдийн анхны цахиур цухуйхаас нь эхлээд шүд цоорох өвчнөөс сэргийлэх арга хэмжээ авч, анхаарах хэрэгтэй.

Шүд цоорч, гэмтэхэд хамгийн их нөлөөлдөг зүйл бол цоологч нян буюу бидний хэлж заншсанаар шүдний хорхой юм. Дөнгөж төрсөн хүүхдийн амны хөндийд шүдний хорхой байдаггүй. Гэтэл эцэг эх, ах, эгч, хүүхэд асрагч нар амандаа зажилж, бүлээн болгосон хоолоо хүүхдэд өгөх, халбага дамжуулан хэрэглэх, уруул дээр нь үнсэх зэргээр уг нянг халдааж байна.

Нэгэнт хүүхдийн аманд орсон хорхой устаж алга болдоггүй. Шүдний завсар, хонхор хэсэгт хуримтлагдан амьдарч, хоолны үлдэгдлээр тэжээгдэн маш хурдан өсөж үрждэг. Иймд хооллосны дараа шүдэнд наалдсан хоолны үлдэгдлээ бүрэн гүйцэд цэвэрлэж хэвших нь чухал. Ингэж чадвал хорхой амьдрах орчингүй болж, өсөж үржихгүй. Цэвэрлэхгүй 40 минут болоход л нэг хорхой хоёр болж хуваагдан, геометр прогрессоор өсдөг.

Хорхойноос ялгардаг шингэн нь хүний биеийн хамгийн хатуу эрхтэн болох шүдний гадуур хучиж байдаг пааланг хайлуулдаг юм. Шүдний паалан хайлж ууссанаар амархан эмтэрч, хагаран, зовиур үүсдэг. Ялангуяа бага насны хүүхдийн сүүн шүдний паалан маш нимгэн байдаг тул насанд хүрэгчидтэй харьцуулахад хурдан цоорч, амархан хүндэрдэг.

Ийм үед эмчилгээ хийлгэхэд багагүй хугацаа, мөнгө зарцуулах тул хүүхдээ дөрвөн сар тутамд шүдний эмчид үзүүлж, шалгуулж заншаарай гэж эцэг, эхчүүдэд зөвлөе.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Хүүхдийн шүд өвдвөл эцэг, эхтэй нь хариуцлага тооцно

Хүүхдийн шүд өвдөх ямар хэцүү, өр өвдөм байдгийг эцэг, эхчүүд мэднэ. Тэгэхээр тэдний шүд хорхойтохоос нь өмнө урьдчилан сэргийлж, хамгаалах ёстойг аав, ээжүүд мэддэг хэрнээ тэр бүр хэрэгжүүлдэггүй нь харамсалтай. Ерөөс хүүхдийн, тэр дундаа бага насныхны эрүүл мэнд эцэг, эх, томчуудаас шууд хамааралтай учраас шүдний өвчнөөр шаналж, нус нулимсандаа хутгалдаж буй багачуудын асран хамгаалагчдад ухамсрын “шанаа” өгөх хэрэгтэй болов уу.

Хүүхдээ өвчинд “барьж” өгсөн аав, ээжүүдийг Швейцарь зэрэг хөгжингүй оронд өрхийн эмч нь “чимхэж”, харин сайныг нь тодорхой хэмжээгээр урамшуулдаг гэсэн.

Эрүүл иргэн гэр бүлд бойжих учиртай. Гэтэл манай цэцэрлэг, дунд сургуулийнхны дунд хийсэн судалгаагаар бараг бүх хүүхдийн шүд цоорхой гэсэн тоогүй дүн гарсан байна лээ. Шүдний өвчин зөвхөн аман доторхоо өвчлүүлдэггүй. Гүйлсэн булчирхай, дотор эрхтэн, үе мөч гээд бүгдийг “алах” гол суурь. Мөн эрүү нүүрний гажиг үүсгэдэг. Чимээгүй тахал хэмээдэг үе мөчний хэрэх өвчний анхдагч нь шүдний өвчин болдгийг эмч нар анхааруулдаг.

Олон оронд хүүхдийг амны хөндийн элдэв өвчнөөс сэргийлэхэд гэр бүлийнхний оролцоог чухалчилж, юуны өмнө тэдний эрүүл мэндийн боловсролд анхаардаг юм байна. Үүний тулд аав, ээжүүд, цэцэрлэгийн багш нарыг тусгай сургалтад хамруулдаг аж.

Хүүхдийн оо, сойз ямар байхаас эхлээд заадаг сургалтаар аав, ээж нар өөрсдөө шүдээ зөв угааж сурдаг гэж Японд байдаг нэг танил маань ярьсан. Дэндүү энгийн мэт ийм зүйлийг томчууд мэддэггүйгээс, мөн өөрсдөө шүдээ буруу угаадгаас болж хүүхдэдээ буруу заадаг гэсэн судалгааг ДЭМБ-ын шинжээчид тайландаа дурджээ.

Хүүхдийн сүүн шүд унадаг жамтай. Тиймээс шинэ шүд ургана гээд аав, ээж нар хүүхдэдээ чихэр, амттаныг хорьдоггүй нь тун буруу гэнэ. Нэгэнт өвчилсөн шүдний цаанаас түрэн ургах шүд эрүүл байх баталгаагүй талаар герман эмч нар анхааруулан, зөвлөдөг юм билээ. Герман бол хүүхдийн шүдний өвчлөлгүй орон гэдгээрээ дэлхийд тэргүүлдэг.

Тус улсын 12 настай иргэдийн 70 хувь нь шүдний ямар нэгэн өвчингүйг ДЭМБ-ын судалгаа баталжээ. Өсвөр үеийхний шүд эрүүл байх нь улсын эдийн засагт том хэмнэлт гэдгийг тус улсын Эрүүл мэндийн сайд нь онцолсон байна. Тэндхийн туршлагаар бол хүүхдийн амны хөндийн ариун цэврийг тодорхойлж, шүдний өвчнийг удамшлынх уу, нянгийн гаралтай юу гэдгийг ч тестээр үзэж, зөвлөгөө өгдөг тусгай эмч байдаг гэсэн. Ингэж байж эрүүл шүдтэй иргэнийг бойжуулдаг байна.

Бидний хувьд хачин санагдаж мэдэх ч, Германд шүдгүй хүнийг хөгжлийн бэрхшээлтэйд тооцдог гэсэн хошин яриа байдаг гэсэн. Германчууд “Bonusheft” гэсэн дэвтэр хөтөлдөг байна. Энэ нь эрүүл мэндийнхээ төлөө үзлэгт хамрагдсан, эсэхээс шалтгаалан урамшуулал авах нэг хөшүүрэг юм.

БНСУ хүүхдийн шүдний өвчлөл багатай орны нэг. Аав, ээж нар хүүхдээ шүдний эмчид тогтмол үзүүлж, хэвшсэн нь ийм үр дүнд хүрсэн гэдэг. Ингэхийн тулд мэдээж, иргэд, эцэг, эхчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ёстой.

Шүдний эмнэлэгт очихоос томчууд ч айдаг. Тэгэхээр хүүхэд шүдний эмчээс үнхэлцгээ хагартал айх нь мэдээж. Шүдний айдас гэсэн сонин нэршил анагаахын шинжлэх ухаанд байдаг гэнэ. Тиймээс шүд, эрүү нүүрний эмнэлгүүд нь багачуудыг айлгахаас сэргийлж, үүднээсээ эхлээд “хөөрхөн” орчин бүрдүүлэн угтдаг аж. Эмчилгээний өрөөнүүд нь кино театрыг санагдуулам, эмч нь чихрийн худалдагч шиг харагддаг гэнэ.

Тэгвэл хойд хөршийн алдартай эмч Вера Константинова “Хүүхдийн шүдийг угаа, угаа, бас дахин угааж цэвэрлэ” гэж зөвлөдөг байна. Сүүн шүднээсээ эрт салсан хүүхэд эрүү, нүүрний ясны хөгжлийн гажигтай болох магадлал маш өндөр гэдгийг тэрбээр сануулжээ.

Хүүхдийн шүдний бүрхүүл буюу паалан 12 хүртэлх насанд гүйцэд бэхжээгүй байдаг учраас амархан хорхойтож, цоордог юм байна. Финланд, Швейцарь, Бельги зэрэг оронд лазерийн оношилгоогоор шүдний далд хэлбэрийн цоорхойг илрүүлдэг болсноор энэ төрлийн өвчнийг эрт эмчилдэг болжээ. Оношилгооны төхөөрөмж нь ч тун авсаархан учраас хүүхдийн сэтгэл зүйд сөрөг нөлөөгүй гэнэ.

Үүнээс гадна хүүхдийн шүдний паалангийн чанар, бат бөх байдал нь ураг байхаас л авсан тэжээл, эм тариатай холбоотой гэдгийг олон улсын эмч, судлаачид онцолжээ. Тиймээс жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд илүү анхаардаг. Өөр нэг чухал зүйл гэвэл, шүд цоордог өвчин халдварладаг учраас гэр бүлийнхний ариун цэврийн хэрэгслүүдийг тусад нь байлгах ёстой гэнэ.

Үүнээс гадна хүүхдийн шүдний сойз ганц байх нь хангалтгүй. Өглөө болон хоол идсэний дараа угаадаг сойз тусдаа байх нь тухайн үеийн амны хөндийн орчноос шалтгаалдаг гэдгийг эмч нар зөвлөдөг.

Данид хүүхдийг зургаан сартайгаас нь шүдний эмчийн хяналтад оруулдаг гэнэ. Сүүн шүд ургах үеэс нь гэсэн үг. Тус улсын иргэд 18 нас хүртлээ шүдний эмчилгээнд үнэ төлбөргүй хамрагддаг хуультай юм байна. Ер нь Барууны ихэнх улсад өрхийн эмч маш чухал үүрэгтэй.

Тэд хүүхдийг шүдний эмнэлэгт очуулахгүйгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг. Хэрэв түүний хамаардаг өрхийн хүүхдүүд шүдний асуудалтай бол хариуцлага тооцдог системтэй. Зөвхөн шүд гэлтгүй тухайн өрхийн эрүүл мэндийн манаач гэсэн үг.

Британид жил бүрийн зургадугаар сард инээмсэглэлийн аян өрнүүлдэг нь шүдний эрүүл мэнддээ анхаарахыг сануулдаг чухал арга хэмжээ. Энэ үеэр сайхан шүдтэй хүүхэд, гэр бүлийг ч шалгаруулан, урамшуулдаг гэсэн.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай