Засгийн газарт өгсөн сануулга

Ажиллаад есөн сар болж буй Засгийн газрыг бүрэлдэхүүнээр, эсвэл нэр бүхий сайдыг огцруулах тухай яриа Ерөнхийлөгчийн сонгуулийн сонин хачинтай зэрэгцэн идэвхжив. Хавар болж, улс төрийн “синдром” хөдөлж буй үед ийм яриа хөөрөө гарч л байдаг хэмээн үл тоогоод орхиж боломгүй байна.

Есөн сарын хугацаанд өр шир дарах бичиг цаасны голдуу ажил хөөцөлдсөнөө Ерөнхий сайд “субботник” хийсэн хэмээн тодорхойлсон. Үнэндээ нүдэнд үзэгдэж, гарт баригдах тоймтой ажил бага байгааг хаа сайгүй шүүмжилж буй билээ. Эдийн засаг хэцүү байгаа тул энд тэндээс хөрөнгө босгох, зээл тусламж авахад л анхаарлаа голчлон хандуулсан гэхэд болно. Энэ зуурт зарим салбарт цөөнгүй асуудал гарч, тэр нь салбарын сайдыг огцруулах хэмжээнд хүртэл томров.

Хамгийн сүүлд буюу мягмар гаригт Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруул хэмээн шаардлаа.

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн сургалтын чанар муу, үүнийг сайжруулах хүсэлт удаа дараа сайддаа тавьсан ч арга хэмжээ аваагүй хэмээн тэд “гомдсон” аж.

ДОЛОО ХОНОГТ ГУРАВ

Сайд огцруулах тухай тогтоолын төсөл санаачлах эрхгүй хүмүүс мэдэгдэл хийгээд хол явахгүй байж болох. Гэвч үүний өмнө Ерөнхий сайд хоёр ч удаа сануулга авсан юм. Нэг нь нэлээд ноцтой. Учир нь УИХ дахь МАН-ын бүлэг, Засгийн газар хоёрын хооронд ээлжит зөрчил хурцаджээ. ОУВС-тай гэрээ хэлцэл хийж байх үед огт яригдаагүй концессын гэрээний асуудлыг Засгийн газар төсвийн тодотгол хэлэлцэх үед оруулж ирсэн аж.

УИХ дахь бүлгийн гишүүддээ дуулгалгүй оруулж ирсэн нь, түүнд зарим сайдын бизнестэй холбоотой ажил байсан нь “Сайд нар сэм концессын гэрээг хувааж авсан байна” гэсэн хардлага дагуулжээ. Эдгээрийн зарим нь өмнөх Засгийн газрын үед эхэлсэн ажил тул үргэлжлүүлэх гэж оруулж ирснээ Ерөнхий сайд тайлбарласан гэнэ. Зарим сайд өөртэй нь холбоотой асуудал байгааг нуулгүй хэлсэн сурагтай.

Концессын гэрээгээр ажил гүйцэтгэж буй компани дахин жагсаалтад орж ирсэн нь гишүүдийн дургүйцлийг төрүүлсэн аж. Нэг компанид тал засаж, оруулж ирснээ энэ чигт нь зүтгүүлэх юм бол Ерөнхий сайдыг огцруулах асуудал хөндөнө хэмээн Х.Болорчулуун гишүүн мэдэгджээ. Түүнтэй санал нэг цөөнгүй гишүүн бий гэнэ.

Ажлын хэсэг шалгаад “Сайд нар хуйвалдсан” байна гэж тогтоовол Ерөнхий сайд амаргүй байдалд орно. Ямартай ч энэ үйл явдал түүнд том сануулга өгсөн болов уу. 65 гишүүнтэй бүлэгтэйгээ тэрсэлдвэл Ж.Эрдэнэбат сайнаа үзэхгүй нь лав.

Удаах нь сөрөг хүчний зүгээс өгсөн сануулга байлаа. АН-ынхан Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд хариуцлага тооцох тухай шаардлага Ерөнхий сайдад хүргүүлэв. “Тус салбарын үйл ажиллагаа доголдсоноос олон хүн амь үрэгдлээ, гомдол тасрахгүй байна. Мэргэжлийн удирдлага дутагдаж байна. Хүний эрхийн зөрчил, хулгайгаа нуу гэж Б.Бат-Эрдэнийг сайдаар томилоогүй” хэмээн АН-ынхан мэдэгдсэн.

Гэхдээ энэ удаа зөвхөн хариуцлага тооц гэсэн шаардлага тавьснаас биш, огцруулах тухай хөндөөгүй юм байна. Ерөнхий сайд одоогоор хариу өгөөгүй байгаа юм. Ийнхүү долоо хоногт Засгийн газарт хандсан гурван ч шаардлага, сануулгыг энд тэндээс өглөө.

“ЭРХЛЭХ” ЦАГ ҮГҮЙ

Энэ Засгийн газар байгуулагдсаныхаа дараа төсвийн тодотголын төслийг өргөн барьсан. Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд татвар нэмнэ гэсэн гаргалгаа дэвшүүлсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж байсныг уншигчид мартаагүй. Тэр үед сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан, 65 хүнтэй МАН-ын бүлэг анх удаа Засгийн газартайгаа сөргөлдсөн түүхтэй.

Сонгуулийн өмнө тус нам нэг ч татвар нэмэхгүй, шинээр бий болгохгүй хэмээн амласан. Тиймээс тухайн үед татвар нэмэх саналыг бүлэг нь Засгийн газраар татуулж дөнгөсөн юм. Мөн татвар нэмэх саналаас үүдэн Засгийн газрыг огцруулах тухай яриа МАН дотроос гарч байв. Тэр үед уг санаачилгад нэр холбогдсон хүмүүс “Байгуулагдаад 100 ч хоноогүй байхад огцруулах тухай яриа байхгүй” хэмээн тайлбар өгсөн.

Ер нь манай улс төрд “Ядаж 100 хоног ажил хийлгэ, үүнийхээ дараа шүү” гэсэн бичигдээгүй дүрэм үйлчилдэг. Ийнхүү тэр яриа холуур өнгөрсөн. Гэхдээ буруу, зөрүү ярьж, үгэндээ ороогддог Сангийн сайдаасаа салах тухай яриа тус намынхан дунд байсхийгээд босож ирдэг. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд сонгуулийн амлалтаа үл тоон татвар нэмэх саналаа зүтгүүлсэн энэ эрхэм “анхаарлын төв”-д байгаа.

Юутай ч энэ удаа Засгийн газар бүлгийн гишүүддээ мэдэгдэлгүйгээр концессын гэрээний асуудал оруулж ирээд хоёр дахь удаагаа зөрчилдөв. МАН дотор анхнаасаа “сөрөг хүчний” байр суурьтай хэдэн гишүүн байсан. Тэд анхны сануулгыг нь Ж.Эрдэнэбатад өгсөн. Энэ удаа хоёр дахиа санууллаа. МАН-ын зарим гишүүн асуудал босгож ирвэл сөрөг хүчин дэмжих нь мадаггүй.

Есөн сарын турш хугацаа өгсөн, “субботник” л хийсэн. Тэгэхээр аль нэг сайдынх нь асуудлыг тусгайлан тавихгүй юм гэхэд Ерөнхий сайдыг огцруулах тухай яриа хөөрөө албажихгүй гэх газар үгүй. Учир нь одоо “эрхлэх” цаг Засгийн газарт байхгүй. Тиймээс одоо үндсэн ажлаа шуурхайлах хэрэгтэй болжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай