“Таван цагариг” эргэж ирлээ

Спорт сонирхогчдын шимтэн унших дуртай “Таван цагариг” сонин маань хэсэг завсарлаад эргэн ирлээ. Сонины маань 22 насны төрсөн өдөр нөгөөдөр тохиож буй. Уламжлал ёсоор ойн баяраа тэмдэглэхээр спортын “гал тогоо”-нд буцалж явсан, “Цагариг”-ийн үе үеийн хууччуул, сэтгүүлч ах, эгч нар маань бие бие рүүгээ утас цохиж буй энэ өдрүүдэд шинэ цэргүүдийн төлөөлөл сониноо дахин гаргах болсон нь яах аргагүй баяртай үйл явдал.

“Таван цагариг”, “Өнөөдөр” сонин хоёр олон жил айл саахалт, ах дүүсийн барилдлагатай явж ирсэн нь “Монгол ньюс” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсан, МҮОХ-ны ерөнхийлөгч агсан Ш.Отгонбилэг нарын санаачилгаар энэ сонин мэндэлсэнтэй холбоотой.

Тэртээх 1995 оны дөрөвдүгээр сарын 22-нд спортын төв хэвлэл “Таван цагариг” сонин олны хүртээл болж, 21 жилийн турш спорт сонирхогчдын оюуны цангааг тайлж, спортын халуун үйл явдал, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж ирсэн билээ. Харин сүүлийн жил гаруйн хугацаанд завсарлаад эргэн сэргэхдээ “Өнөөдөр” сонины хавсралт байдлаар уншигч түмэндээ хүрч байна.

Спорт сонирхогчдын шимтэн унших дуртай нүүр, булангууд, гадаад, дотоодын цаг үеийн мэдээлэл бүхий “Таван цагариг”-ийг та бүхэн долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт унших боломжтой.

Дахин гарч буй сониндоо “Таван цагариг”-ийн хууччуул материал бэлтгэн өгч байгааг та бүхэнд дуулгахад таатай байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай