“Монголсат-1” хямд үнэ санал болгов

Эх орныхоо өнцөг булан бүрт тархан суурьшсан манай малчид телевизийн өргөн нэвтрүүлгийн суваг үзээд ес дэх жилтэйгээ золгож байна. 2008 онд “DDISH” компанийнхан хиймэл дагуулын зурвас түрээслэх болсноор ийм боломж нээгдсэн юм. Тэгвэл ирэх долдугаар сараас хөдөө, орон нутгийнхан телевизийн 100 суваг хүлээн авч үзэх боломжтой боллоо.

“Монголсат нэтворкс” ХХК сансрын холбоо, хиймэл дагуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “АВS” компанитай хамтран ажиллах болсноор уг боломж нээгдэж буй. Хамтын ажиллагааны хүрээнд “АВS” компани өнгөрсөн нэгдүгээр сард хөөргөсөн “АВS-2А” хэмээх долоо дахь хиймэл дагуулынхаа нэг зурвасыг манайд хямд үүнээр түрээслэх болжээ. Тус зурвас 12х27 мегагерцийн багтаамжтай аж. Тухайн зурвасыг “Монголсат-1” хэмээн нэрлэснээ өчигдөр албан ёсоор зарлав.

“АВS” компанийн захирал Том Чойгийн хэлснээр “Монголсат-1”-ийн тусламжтай Монгол Улсын хаана ч телевизийн 100 сувгийг үнэ төлбөргүй үзэх боломжтой гэнэ. Хүмүүс дурын антен худалдан авч, байрлуулахад л болно. Малчид уулан дээр гарч, эсвэл унинаасаа зүүгдэж гар утсаар ярьдаг бэрхшээл ард хоцрох юм байна. Түүнчлэн байгууллагуудад 100 мегабайтын өргөн зурвас бүхий үйлчилгээ нэвтрүүлэх бололцоо бий болох ажээ.

Ингэснээр мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудын дунд илүү чанартай үйлчилгээг хямд үнээр хүргэх өрсөлдөөн бий болно. Энэ талаар Том Чой “Монголын хязгаар нутагт байгаа хэн ч 300 ам.доллар төлөөд уг үйлчилгээг авч болно. Нэг минутын хэрэглээний тариф нь Монголын үүрэн телефоны операторуудынхаас хямд байна гэдэгт итгэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, “Монголсат-1” зурвас ашиглалтад орсноор харилцаа, холбооны салбарт хямд үнэтэй үйлчилгээ үзүүлэх боломж гарч байна гэсэн үг” гэв. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат “Манай улсын сансрын холбооны салбарт хүчтэй өрсөлдөгч орж ирлээ. Үүний үр шимийг орон нутгийн иргэд хүртэнэ” гэсэн юм.

Ирэх зургадугаар сарын сүүлч гэхэд газрын төхөөрөмжүүдээ суурилуулж дуусна гэдгийг “Монголсат нэтворкс” компанийн гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнэ хэлэв. Харин долдугаар сард үйлчилгээгээ эхлүүлэх гэнэ. Гурван сарын дараа орон нутгийн иргэд BBC, CNN, NHK зэрэг сувгийг үзэж, дэлхий дахинд болж буй үйл явдлын мэдээллийг тухай бүрт нь авч, гар утсаараа интернэтэд холбогдоно. Дашрамд, “Монголсат-1” нь манай улсын түрээсэлж буй хиймэл дагуулын тав дахь зурвас юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай