Н.Батжаргал: Надад 1000 гаруй жижиг хэрэглэл, хуучны эдлэл бий

 Н.Батжаргал: Надад 1000 гаруй жижиг хэрэглэл, хуучны эдлэл бий

Камерийн ард биш, урд ажилладаг байсан бол Н.Батжаргал ах хэдийнэ олны танил болчих байсан биз. Авьяас билэг, сэтгэл зүрхээ кино урлагт зориулж, түүнээсээ урам, эрч хүч авч яваа нэгэн уран бүтээлчийг “Далд хүмүүс” булангаараа ил гаргах гэж байна. Тэрбээр 1988 оноос хойш Монголын 60 гаруй уран сайхны киноны туслах болон ерөнхий зураачаар ажиллажээ.

-Та Дүрслэх урлагийн дунд сургуулийг төгссөн юм билээ. Хэзээнээс дэлгэцийн урлагтай холбогдсон юм бэ?

-Би 1988 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг төгссөн. Ц.Бат-Энх багшийн шавь. Сургуулиа төгсмөгц л Кино үйлдвэрт дагалдан зураачаар ажиллаж эхэлсэн дээ.

Тэр жилээ С.Эрдэнэ гуайн зохиол, Б.Дамчаа агсны найруулсан “Сэрүүн дуганы мөхөл” кинонд О.Нямдаваа зураачийн туслахаар анх ажиллаж байлаа. У.Батбаатар, И.Одончимэг бид гурвын анхны уран бүтээл. Ёстой л будаг нь ханхалсан шинэхэн төгсөгчид байлаа.

-О.Нямдаваа багштайгаа хэчнээн кинонд хамт ажилласан бэ. Багш тань танд юу гэж захидаг байв?

-10 гаруй кинонд хамт ажилласан. Багш маань үг цөөтэй, олон таван юм яриад байдаггүй хүн л дээ. Киноны зураач гэж хэн бэ гэдгийг надад биеэрээ үлгэрлэж, үйлдлээрээ заасан хүн байгаа юм. Бие даалгаж их зүйл хийлгэдэг байлаа. Ямар сайндаа нэг өдөр намайг “Сүмийн эскиз хийгээд ир” гэдэг юм байна.

Хоёр янзын эскиз зураад үзүүллээ. Нэгийг нь заагаад “За, энэ болж байна. Одоо хөдөө яв. Энийгээ бариул” гээд Хэнтий аймаг руу явуулчихсан. Тэр нь “Сэрүүн дуганы мөхөл” кинон дээр гардаг сүм юм шүү дээ. Одоо бодохоор их гайхдаг юм. Яасан ч зоригтой байсан юм бэ дээ.

-Өнөөдрийг хүртэл та хэчнээн кинонд туслах болон ерөнхий зураачаар ажилласан бэ. Жагсаалт гаргаж үзэв үү?

-Ажилласан кино бүрээ бичиж тэмдэглээд л явдаг юм. “Сэрүүн дуганы мөхөл”-өөс хойш 61 кинонд ажиллажээ. Түүний эхний 30-аад кинонд туслах, үлдсэнд нь ерөнхий зураачаар ажилласан байдаг.

-Хамгийн сүүлд ямар уран бүтээлд ажиллав?

-Ж.Сэнгэдоржийн найруулсан “Үүр цайгаасай” киноны зургийг өнгөрсөн сард авч дууслаа. Энэ сарын сүүлчээс үзэгчдэд хүргэх байх.

-Та тайзны уран бүтээлийн зураачаар ажиллаж байсан уу. Зөвхөн кино уран бүтээлд дагнан ажиллав уу?

-Орон зай, арга ажиллагааны хувьд маш өөр л дөө. Надад ДБЭТ-д гурван жил ажиллах боломж олдсон. Ардын зураач Ч.Гунгаасүх гуайн туслах байлаа. Тэгэхэд энэ ялгааг маш их мэдэрсэн. Гэхдээ би театрын хүн огт биш юм билээ.

-1990-ээд оноос Кино үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож, уран бүтээлчдээ тараах үед та ч бас ажилгүй болсон байх. Тэгээд юу хийж эхэлсэн бэ?

-Шууд л талхнаасаа салчихсан. Нэг хэсэг наймаа хийх гэж ч оролдсон. Миний хийх зүйл биш байна лээ. Наймаа хийгээд хүн мөнгөө өсгөдөг байхад минийх багасаад, сүүлдээ шатаад дууссан.

Азаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Биндэр найруулагч “Орчлон” кино компанидаа намайг авсан. 1997 он дуустал тэнд ажилласан.

-Найруулагч бүрт кино хийх болгондоо тоглуулдаг гарын жүжигчин гэж байдаг даа. Үүн шиг зураач нарт ч хамтран ажиллаж дадсан найруулагч бий байх. Та хэнтэй илүү ойлголцдог вэ?

-Ж.Сэнгэдорж, А.Мөнхсүх, О.Бат-Өлзий, Д.Золбаяр зэрэг хамтран ажиллаж дадсан найруулагч бий. Би нэг их сайхан ааштай, эелдэг хүн биш. Уран бүтээлийн явцад санал зөрөлдөх, маргалдах үе гарна.

Тийм болохоор аль болох сайн ойлголцож чадах хүнтэй л ажиллахыг хүсдэг.

-Ямар төрлийн кинонд ажиллах илүү сонирхолтой вэ. Ажиглаад байхад та ихэнхдээ түүхэн кинонд ажилладаг юм шиг.

-Түүхэн киноны гол нуруу, өнгө төрхийг зураач тодорхойлдог. Тийм болохоор их сонирхолтой. Маш их зүйл уншиж, судлах шаардлага гардаг. Эх сурвалжид үндэслэн өөрийн төсөөллөөр баяжуулж болдог нь сайхан.

-Та кинонд ажиллахдаа ихэвчлэн томоохон декрац өөрөө байгуулдаг юм билээ. “Бүү март” кинонд Д.Сүхбаатарын талбай, “Ану хатан”, “Үхэж үл болно, Чингис хаан” кинонд хааны ордонг жинхэнэ мэт хийсэн.

Зураг авах бэлэн объектууд байхад яагаад ингэж өөрийгөө зовоодог юм бэ?

-Киноны чанарыг юун түрүүнд тавих хэрэгтэй л дээ. Тэгээд ч бэлэн объектод зурах авна гээд очиход нэг л дутуу харагдаад байдаг юм. “Бүү март” киноны хэсгийг Сүхбаатарын талбайд авах гэсэн боловч бүтээгүй.

Нэлээд бодож, судалж байгаад Дархан хотын “Залуучууд” театрын өмнөх талбайг Сүхбаатарын талбай болгож хувиргасан. Хөшөөг нь ч яг тэр хэмжээгээр нь бүтээсэн.

Өнгөрсөн зун ӨМӨЗО-ны кинонд уригдаж ажилласан юм. Тэнд нэлээд урт хятад гудамж босгосон.

-Зураач нар кинонд ашиглаж болох жижиг хэрэглэл, эртний эл зүйлс цуглуулдаг болчихдог юм билээ.

Харин Монголын киноны зураач нар дундаас энэ төрлийн хамгийн арвин цуглуулгатай нь таныг гэдэг. Хэзээнээс цуглуулж эхлэв?

-Залуу байхад жижиг хэрэглэлийн үнэ цэнэ, ач холбогдлыг ойшоодоггүй байж. 40 гарч, ажилдаа арай гаршиж байж л үүнийг цуглуулж эхэлсэн. Энд тэндээс хайж, хүнээс гуйж явснаас өөрөө цуглуулья, архивтай болъё л гэж бодсон юм. Бага багаар цуглуулж явсаар овоо л юмтай болчихлоо доо.

Том жижиг нийлсэн 1000 гаруй жижиг хэрэглэл, хуучны эдлэл бий. Би бүр эртний эдлэл гэхээсээ илүү 1960-1990 он хүртэлх хүмүүсийн эдэлж, хэрэглэж байсан зүйлс л дагнан цуглуулдаг. Миний сонирхож цуглуулдаг зүйлс хүн харахад хог гэмээр. Гэхдээ надад бол өөр.

Хааяа нэг агуулахаа цэгцэлж, зай гаргах гээд ухахаар хаях юм олдохгүй, “Энэ ч хэрэгтэй, тэр ч байж байг” гэсээр байгаад юу ч хаялгүй буцаад л гардаг. Дөрвөн айлыг социализмын үеийнх мэт тохижуулчихаар хэмжээний зүйл бий.

-Явсан газар, орсон айл бүрийнхээ тавилга, эд хогшлыг сонжиж хардаг байх даа.

-Тэгдэг муу зантай. Энэ айл тийм авдар, тэр айл ийм тавилгатай юм байна гээд л нүдэлчихнэ. Хуучны эдлэлд нь нүд унана. Би хуучны эдлэл цуглуулдаг, худалддаг хүмүүстэй холбоотой байдаг юм.

Тэд янз бүрийн юм олохоороо хамгийн түрүүнд над дээр л аваад ирдэг.

-Танд байдаггүй ховор эд өөр айлд хэвтэж байвал яах вэ. Гуйгаад авах уу?

-“Энэ чинь хэрэгтэй юү” гээд асуултай нь биш дээ. Би их нэрэлхүү. Тэгж асууж чаддаггүй юм.

-Гэртээ “новш” цуглуулаад байх хэцүү. Та цуглуулгуудаа хаана хадгалдаг юм бэ?

-Тусдаа агуулахад хадгалдаг. Тэндээ юмнууд маань багтахаа больчих гээд л байна.

-Гадаадын кино зураач нар кинонд ашигласан жижиг хэрэглэл, бүтээсэн декрацаараа үзэсгэлэн гаргадаг юм билээ. Танд тийм бодол бий юү?

-Тийм бодол одоохондоо байхгүй ээ. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ. Цуглуулдгаараа цуглуулаад л явж байя.

-Кино бүтээх явцад зураач нарт тулгардаг хамгийн том бэрхшээл юу вэ?

-Санхүүгийн бэрхшээл. Би киноны зохиолыг уншаад барих декрац, хийх ажлаа төлөвлөж, зардлаа тооцон гаргадаг. Тэр хөрөнгийг таналгүйгээр гаргаж өгсөн цагт л би хүссэнээр нь ажиллаж чадна.

Зарим продюсер нэр зүүсэн хүн гаргасан төсвийг, маань хараад ухаан алдчих шахдаг. Түүнээс биш, бага зардлаар их зүйл хийж, бүтээх боломж хомс. Жижиг хэрэглэл, зураг авах декрацыг мөнгөгүйгээр босгоно гэж байхгүй.

Зарим найруулагч “Чи аргалчих л даа” гэдэг юм. Би ямар ид шидтэн, эсвэл бирд юм уу.

-Зарим кинонд төсөв хэмнэх нэрийдлээр зураач ажиллуулдаггүй үе байсан шүү дээ.

-Тийм үе байсан нь үнэн. Аргагүй шүү дээ, киног хэдэн төгрөгөөр бүтээж, эргээд хэр их ашиг олдог билээ. Гэхдээ одоо энэ байдал арай өөр болсон. Зураачийн хөдөлмөрийг үнэлж байна.

Томоохон төслүүдэд зураачийн бүтэн баг авч ажиллуулж байна. “Бүү март”-д би дөрвөн туслахтай, “Ану хатан”-д 20-иод зураач ахалж ажилласан.

-Сүүлийн үеийн кинонд зураг авах өнцөг, үйлдэл нэг бүрчлэн гаргадаг storyboard буюу төлөвлөгөөт зураг гаргахаа больчихсон харагддаг.

Уг нь энэ нь найруулагч, зураглаач, зураачийн ажлыг уялдуулж, бас хөнгөвчилж өгдөг давуу талтай...

-Storyboard гаргах нь киноны гол шугамыг зурж, ханыг эхлээд босгож буй хэрэг л дээ. Дараа дараагийн ажлыг их хөнгөвчилдөг. Бас илүү зардал гаргах эрсдэлгүй. Одоо ч storyboard гаргадаг кино ховор доо.

-Киноны дүрүүдийг тодорхойлохдоо та юуг голчилж анхаардаг вэ. Шинэ хүн бий болгож буй болохоор түвэгтэй байх даа.

-Хамгийн түрүүнд тухайн жүжигчнээ судална. Өмнө нь ямар кинонд, ямар дүрүүдэд тоглосныг нь мэднэ. Тэгээд аль болох өмнөх дүрүүдээс нь өөр байлгахыг хичээнэ.

Дүрийн зан чанарыг хувцас, нүүр хувиргалтаар илэрхийлдэг. Жүжигчнээ янз бүрээр будаж, хувцаслаж үзнэ. Тэгж байж л шийддэг дээ.

-Таны тодорхойлсон дүрийн онцлог, төрх жүжигчинд таалагдахгүй эсэргүүцэх тохиолдол гардаг уу?

-Ахмад уран бүтээлчдээс тийм хандлага мэдэрч байгаагүй. Тэд “Миний бие бол урлагийн өмч. Дураараа өөрчил” л гэдэг. Харин одоогийн залуу жүжигчдээс тийм зүйл мэдэрдэг.

Ингэж, тэгж өөрчилмөөр байна гэхэд өөдөөс ярваганана, хувцас голно, уурлана. Гэхдээ нэгэнт зураачийн гаргасан шийдлийг найруулагч зөвшөөрсөн тохиолдолд жүжигчин мянга эсэргүүцээд нэмэргүй л дээ.

-Сүүлийн үед Монголын кино зураач нар БНХАУ, ӨМӨЗО-д ажиллах нь ихсэж байна. Энэ нь манай зураачид ур чадвараараа хаана ч гологдохгүйг харуулж буй. Манай зураач нар гадаадынхнаас юугаараа давуу талтай вэ?

-Манайхан ур чадвараараа хаана ч гологдохгүй. Харин ч нэг зэрэг олон ажил амжуулж, хөрвөж чаддаг давуу талтай. Гадаадад кинонд тайз барих, будах, хувцас, жижиг хэрэглэл урлах бүх хүн нь тусдаа.

Гэтэл манайд нэг хүн л эдгээр ажлыг амжуулчихдаг. Үүнийг давуу тал гэхгүй өөр юу гэх вэ. Тийм ч болохоор хятадууд манай зураач нарт хамтарч ажиллах санал тавьдаг.

Ялангуяа түүхэн кино хийхдээ Монгол зураач нартай хамтран ажиллаж байгаа.

-Ажиллах нөхцөл бололцоогоор нь ч маш сайн хангадаг гэж сонссон юм байна. ӨМӨЗО-ы “Торгууд ван” кинонд ажиллахад хэр байв?

-Хамаагүй илүү. Тэндээ бол нэг их өндөр төсөвтэй киноны тоонд орохгүй. Тэгсэн атлаа ажиллах нөхцөлөөр яаж хангасан гэж бодно. Бүх материал, хэрэглэлээ би өөрөө сонгож авсан, яг хүссэнээрээ.

Тэдгээрийгээ эндээс 10 тн-ы ачааны машинд ачаад л очсон доо.

-Та нэг жилд хэдэн кинонд ажиллаж амждаг вэ?

-Ихэнхдээ түүхэн кино байдаг болохоор нэг юм уу хоёр кинонд ажиллаж амждаг. Түүхэн кино бүтээх явц бусдыг бодвол урт, ажиллагаа ихтэй.

-Тэгэхээр жилийн их цөөхөн хоногийг л гэртээ өнгөрүүлдэг байх нь.

-Тийм шүү. Жилийн 365 хоногийн хоёр сар орчимд нь гэртээ байвал их юм. Зарим жилд ганцхан сар л байж таарна. “Улаан эрэг” олон ангит кинонд би ажилласан юм.

Зургийн багийнхантайгаа зургаан сар Төв аймгийн Эрдэнэ суманд амьдарсан. Үргэлжлүүлээд “Долоон бурхан харвадаггүй” киноны зургийг авахаар Сэлэнгэ аймаг руу явж, тэндээ хэдэн сар болсон. Тэр жил лав би гэртээ байгаагүй.

-Киноны хамгийн гол ажлыг нугалдаг хэрнээ зураач нарын нэр дурсагддаггүй. Энэ урлагт хөл тавьсандаа харамссан удаа танд бий юү?

-Үнэндээ зураач нэртэй л болохоос мужаан, барилгачин, шаварчин, будагчин гээд юм юм л хийнэ. Гэтэл хүмүүс мэддэггүй. “Арын фоныг нь л зурдаг уу” гэж асуудаг хүн ч байдаг.

Гэхдээ надад харамссан удаа байхгүй. Би дуртай зүйлээ, сэтгэлээ өгсөн ажлаа хийж яваа.

-Үзэгчдэд шинээр хүргэж буй Монгол кино бүрийг алдалгүй үздэг байх. Тэр бүртээ зураачийн ажлыг нь илүү сонждог болов уу. Сүүлийн үед хийсэн кинонуудаас аль нь танд хамгийн их таалагдсан бэ?

-Би шүүмжлэхээс илүү урамшуулах дуртай. Манай залуу уран бүтээлчид аль болох л чанартай, сайн уран бүтээл хийхийг зорьж байгаа.

-Гарын шавиа бэлтгэж амжив уу?

-Миний туслах байсан Н.Болор-Эрдэнэ, Н.Түмэнхүү зэрэг шижигнэсэн олон залуу одоо бие даагаад ажиллаж байна. Тэдэнд маань маш сайхан ирээдүй бий.

-Мэргэжлийн кино зураачдын холбоо байгуулсан гэсэн. Энэ холбоо хэдэн гишүүнтэй вэ?

-Монголын кино урлагт зураач нарын эзлэх байр суурийг тодорхой болгох, үнэлэмжийг өсгөх, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Одоогоор 40 гаруй зураач энэ холбоонд нэгдсэн. “Movie art” урлангийн залуус бас багтдаг.

-Киноны зураг авах явцад зураачийн эрх зөрчигдвөл энэ холбоо хамгаалах уу?

-Хамгаална. Холбооны гишүүд ч үүргээ биелүүлж, эрхээ хамгаалуулах ёстой.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай