Э.Хулан: Багадаа шатарчин биш, бөх болно гэж боддог байлаа

Э.Хулан: Багадаа шатарчин биш, бөх болно гэж боддог байлаа

Саяхан болсон шатар сонирхогчдын ДАШТ-ээс спортын мастер Энхсайханы Хулан мөнгөн медаль хүртсэн билээ. Өнгөрсөн жил тус тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөлд түрүүлж, Монголын шатрын спортын түүхэнд шинэ хуудас нээсэн тэрбээр ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртсэн нь энэ. Шатрын спортоор 11 дэх жилдээ хичээллэж буй түүнийг “Шинэ танил” онцоллоо.

-Энэ жил ДАШТ-д аварга цолоо хамгаалах зорилготой оролцсон нь мэдээж. Түрүүлэх боломж байсан уу?

-Байлгүй яах вэ. Энэ тэмцээнд тамирчид чансааны гурван ангилал (1700, 2000, 2300)-д оюунаа сорьдог. Би өнгөрсөн жил 2000 хүртэлх чансаатай тамирчдын ангилалд түрүүлсэн. Харин энэ жил 2300-гийнхад нь урилгаар өрсөлдлөө. Би одоогоор чансааны 2052 оноотой. Дэлхийн аварга болсон тамирчид чансааны оноо нь хүрэхгүй байсан ч энэ ангилалд өрсөлдөх болзол хангадаг учиртай.

Энэ хэрээр өрсөлдөөн ихтэй. Өмнөх жилийн амжилтаа батлах зорилготой оролцсон ч чадсангүй. Би МУБИС-ийн шатрын “Багш” клубт дасгалжуулагчаар ажилладаг. Ажлынхаа хажуугаар бэлтгэлээ хангалттай базааж амжаагүй нь амжилтад нөлөөлсөн байх. Гурван удаа хожин, дөрөв тэнцэж, хоёр хожигдон мөнгөн медаль хүртлээ.

Хэдийгээр түрүүлж чадаагүй ч Монголын тамирчин, тэр тусмаа багаасаа хамт бэлтгэл хийн, нөхөрлөсөн найз минь алтан медаль хүртсэнд сэтгэл өег байна. Б.Баярмаатайгаа хамт шагналын тавцанд зогсон, төрийн дууллаа эгшиглүүлж байхад сэтгэл их хөдөлсөн шүү.

-Та өнгөрсөн жил эрэгтэй, эмэгтэй ангилалд түрүүлж, түүхэн амжилтын эзэн болсон. Тухайн үед өөртөө хэр их итгэлтэй байсан бэ?

-Үнэнийг хэлэхэд хоёуланд нь түрүүлнэ гэж ер төсөөлөөгүй ээ. 2015 онд анх удаа оролцохдоо IV байрт шалгарсан болохоор өмнөхөөсөө хавьгүй туршлагатай байсан.

Зургаан удаа хожиж, гурав тэнцэн, ганц ч хожигдолгүйгээр эрэгтэй, эмэгтэй ангилалд алтан медаль хүртэж, хоёуланд нь түрүүлсэн Монголын анхны шатарчин болсон. Тэгэхдээ эмэгтэй бус, эрэгтэйчүүдийн ангилалд спортын мастер цолны болзол хангасандаа ихэд бэлгэшээсэн шүү.

-Сонирхогчдын гэдэг утгаараа тамирчдад ямар шалгуур тавьдаг бол?

-Чансааны оноо нь 2300-гаас бага, спортын мастераас доош цолтой шатарчид өрсөлдөх боломжтой.

-Шатрын спортоор хэдэн жил хичээллэж байна вэ. Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох, Ардын багш Ч.Дамдиншарав нарын хамаатан гэсэн. Тэдний нөлөө байв уу?

-Би багадаа шатарчин бус, бөх болох юм сан гэж боддог байлаа. Үүнийгээ Ч.Дамдиншарав ахад хэлэхэд “Тамирчин хүн сэтгэн бодох чадвар, гүйлгээ ухаан сайтай байх хэрэгтэй. Тиймээс бөхийн спортоор хичээллэхээсээ өмнө шатар тоглон оюунаа сайн хөгжүүл” гэж зөвлөсөн юм. Аав минь спортын дэд мастер цолтой, “Уран хожил” клубт дасгалжуулагч. 12 настайдаа ааваараа шатар заалгаж байлаа.

Дараа жил нь Т.Сүхбаатар, Эрдэнбат нарын удирдлага дор жүдо, чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Хоёр жил гаруйн хугацаанд их спорттой нөхөрлөсөн ч хүндэтгэх шалтгааны улмаас орхихоос өөр аргагүй болсон юм. Энэ хугацаанд чөлөөт бөхийн өсвөр үеийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээс өөр гавьтай амжилт гаргаж чадаагүй ээ.

Улмаар 15 настайдаа шатрын спортоор дахин хичээллэж, өдий хүртэл амьдралаа холбож явна. Одоогоор УАШТ-ээс өсвөр үеийн стандарт тоглолтод хүрэл, насанд хүрэгчдийн түргэн тоглолтод мөнгөн медаль хүртээд байна.

-МУБИС-ийн “Багш” клубт дасгалжуулагчаар ажилладаг гэлээ. Хэзээнээс багшлах болов ?

-Манай клуб өнгөрсөн жил байгуулагдсан. 2016 онд дэлхийн аварга болсны дараа манай сургуулийн удирдлагууд “Сургуулиасаа төрсөн анхны дэлхийн аваргаар клубээ дасгалжуулъя” гээд надад тавьсан юм.

Би ч дуртайяа зөвшөөрсөн. 20-30 оюутан тогтмол бэлтгэл хийдэг. Би МУБИС-ийг биеийн тамир, эрүүл мэндийн багш мэргэжлээр төгссөн. Одоо дасгалжуулагч мэргэжлээр магистрт сурч байна.

-Ойрын хугацаанд оролцохоор төлөвлөсөн тэмцээн бий юү?

-Одоохондоо алга. Ер нь энэ онд нэлээд олон тэмцээнд оюунаа сорихоор төлөвлөсөн. Хамгийн том нь УАШТ, ДАШТ, Монголын оюутны универсиад байлаа. Энэ жил УАШТ-ий шигшээд өрсөлдөж, ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртсэн ч универсиадад оролцож чадсангүй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай