Эгнэгт дурсагдах агуу РИНЧЕН

Эгнэгт дурсагдах агуу РИНЧЕН

С.БАТЧУЛУУН


(Судлаач)

1948 онд Завханы дунд сургуулийн (тухайн үед долоон жил байсан) утга зохиолын хичээлийн шалгалтын үндсэн асуултдаа хариулаад дуусахад минь комиссын нэг багш “Цогт тайж” кино хэний зохиол билээ” гэв. Би “Ринчен гуайнх” гэхэд багш “Арай биш байна” гэлээ. Би бодоод бодоод өөр нэр олсонгүй. Гэтэл тэр багш:

-Манай сургуулийн захирал хэн билээ?

-Рэнцэн.

-Тэгвэл хүргэн нь хэн билээ гэж асуулаа.

Захирлын охин Сангийн яамны сайдтай суугаад Улаанбаатар хот явсан гэдгийг сайн мэдэж байсан ч нэрийг нь мэддэггүй ээ. Тэгтэл багш “Бямбаа шүү дээ! Яагаав Ринчен Бямбаев” гэснээс хойш энэ нэр миний санаанд мөнх үлдсэн ч Бямба гэдэг нь нас элсэн эцэг нь, түүний хүү нь Ринчен гэдгийг хожим мэдсэн юм.

Тэр цагаас хойш цөөн хэдэн жил бага сургуульд багшлаад 1953 онд эр цэргийн албыг Улаанбаатар хотод хаахаар ирэхдээ нөгөө Ринчен гуайг нэг олоод харчих юм сан гэсэн бодолдоо хөтлөгдөж, бас 1951 онд гарсан “Үүрийн туяа” романы сүүлчийн хэсгийг олж унших гэсэн өөдрөг сэтгэлтэй явлаа.

Гэтэл 1953 оны “Үнэн” сонины 300 дугаарт Д.Сэнгээ гэдэг хүний “Далан настад даруулга хэрэгтэй” гэсэн шүлэглэсэн доромжлол гарсан нь миний хүслэн болсон Ринчен гуайн тухай байв. Цэргийн алба нарийн дэг журамтай болохоор дуртай цагтаа очоод Ринчен гуайг харах боломжгүй явтал Б.Ринчен Мажар улсад дэд эрдэмтний зэргийг алгасан шууд Хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалж, Монгол Улсын анхны доктор болсон тухай сайхан мэдээг 1956 онд цэргээс халагдахын өмнө уншсан билээ.

Тэр жилээ би ЗХУ-д киноны дээд сургуульд суралцахаар яваад бас л Б.Ринчен гуайг харж чадаагүй юм. Москвад сурч байхдаа түүний бичсэн “Өмнө этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” зэрэг номыг нь сонирхон уншиж явахад доктор Ринчений сүүлийн үеийн зохиолууд дахь харш үзэл санааны тухай Намын Төв Хорооны Улс төрийн товчооны тогтоол “Намын амьдрал” сэтгүүлийн 1959 оны №7-д гарч, бас “Үнэн” сонины №289-д “Бидний эгнээнд хөрөнгөтний үзэлтэнд байр байхгүй” гэсэн өгүүллийг зориуд бэлтгэн түүнийг буруутгасан нь илт байлаа. Бас “Үнэн” сонинд “Цагаантны оргодол” хэмээн нэрлэсэн байв.

Б.Ринчен гуайн зохиол, бүтээлийг олж унших гэж мэрийж, бас барааг нь харах юмсан хэмээн боддог байснаас биш, суудал зэрэгцэн суугаад ярилцахын чинээ бодсонгүй явжээ. Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг шиг Х.Баянмөнх, Ж.Мөнхбат хоёрыг Улсын баяр наадмаар удаан барилдаж наадамчдыг чилээв хэмээн шууд хасаж, аваргуудад өвдөг шороодсон хоёр бөхийг барилдуулж үзүүр, түрүү болгосон 1969 оны намар Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцонд Б.Ринчен гуайтай чөлөөт бөхийн дасгалжуулагч С.Магсар, Москва хотод сурдаг нэг оюутан (Моломжамц даргын хүү гэсэн санагдана), бид хэд суудал зэрэгцэн таарсан байв.

Бид баахан жийрхээд амар мэндээ эрэх төдий байтал Ринчен гуай “За, залуучууд хаа хүрээд явж байна. Ямар ажил эрхэлдэг, алдар хэн билээ” гэж их энгийн найрсаг ярьдаг байгаа. Бид ч дор бүрнээ хариу хэлж, бас ч нүүр хагарах аятай боллоо. Онгоцны үйлчлэгч залуухан орос хүүхнийг харсан оюутан залуу “Энэ хүүхний хамрыг (орос хүний хамраас ер бишийн их өндөр, хянган байсан С.Б) яана аа, яасан муухай өндөр юм бэ” гэхэд Ринчен гуай “За, чи ийм л хамартайг нь дагуулаад ирэв” гэж тоглоом хийж бид инээлдэн ёстой л халуун яриа дэлгэж билээ.

Ингээд “Энэ жилийн наадмаар хоёр Мөнхийг удаан барилдлаа гээд хасчихлаа. Тийм ёс журам байсан юм болов уу” гэж Магсар дасгалжуулагч асуухад “Уг нь хуучны үлгэр домогт хонон, өнжин барилдсан тухай гардаг даа. Тэхээр одоогийн чөлөөт, сонгомол бөх шиг тав, арван минут барилддаггүй байж. Үүнийг л дуурайх гээд байна” гэж Ринчен гуай бидэнд олон сайхан зүйлийн учир шалтгааныг тайлж ярьснаас ганцханыг нь сонирхуулъя.

Тэрбээр “Дээр үед монгол цэргүүд үхрийн давсганд нунтаг борц хийгээд мөнгөн халбагатай авч явдаг байж. Мөнгө анагаах увидастайг аль эрт манайхан мэддэг, дотогш, гадагш юу ч нэвтрүүлдэггүй хамгийн сайн тусгаарлагч бол давсаг гэдгийг ч нээсэн хэрэг. Тэгэхээр бөхчүүд шим сайтай хоол идвэл бяртай л байна. Сарлагийн үнээ дэлэн жижиг, сүү багатай ч тослог, өтгөн сүүтэй байдаг.

Дээр үед сарлагийн үнээ Европын үнээ шиг дэлэн том, сүү ихтэй байгаа биз. Тэгээд хол газар нүүдэллэхэд том дэлэнтэй мал тохиромжгүй байснаас олон зууны туршид дэлэн багатай, сүү сайтай бидний мэдэх одоогийн сарлагийг гаргаж авснаас гарцаагүй. Сарлагтай газрын зарим дарга нар сүү багатай гээд сарлагаа ад үздэг бололтой.

Европын сүү ихтэй, дэлэнгээ дааж ядсан үнээнээс их л сайндаа гурван хувийн тослогтой сүү саана. Харин сарлагийн үнээ түүнээс 2-3 дахин их тослогтой сүүтэй. Иймээс сарлагаа гоочилдог дарга нар саасан сүүгээ гурван хувийн тослогтой болтол шингэрүүлэхэд л “баатар” болно” гээд инээсэн сэн.

Энэ учралаас нэг жилийн дараа Б.Ринчен гуайтай тааралдахад тухайн үед танилцсан хүмүүсийнхээ нэр болон ярилцсан бүхнээ тод санаж байсан. Хурц соргог ухаан, ой санамжийг нь тэгэхэд би биширч билээ. Түүнээс хойш их хүнтэй олон удаа уулзаж, сургамжтай яриаг нь сонсдог болов. Тэрбээр тааралдах болгондоо “За, хүү минь юу амжуулж явна” гэж асууна.

1972 оны хоёрдугаар сард болсон Монголын орчин үеийн тайз, дэлгэцийн бүтээлийн хувцас, чимэглэлийн талаар эрдэм шинжилгээний бага хурал болоход мөн л Б.Ринчен докторын хажууд сууж, хэлсэн үгийг нь шимтэн сонссон. Тэгэхэд мөн л “Хүү минь, юу амжуулж явна” гэлээ.

Кино гэрэл зураг, дуу авианы архивын барилга бариулахаар хөөцөлдөж буйгаа хэлэхэд “Тун хэрэгтэй зүйл. Манайхан шиг хуучин юмаа хадгалж, хойч үедээ үзүүлж, судлуулахын оронд хоцрогдсон гээд шатааж, устгахыг боддог хүмүүст чухал хэрэгтэй” гэж билээ. 1.847.390 төгрөг зарцуулан барьсан, 5319 шоо метр багтаамжтай, 914 ам метр ашигтай талбай бүхий зориулалтын тэрхүү барилгыг 1972 оны аравдугаар сарын 1-нд эхлүүлж, 1975 оны тавдугаар сарын 3-нд Улсын комисст хүлээлгэн өгч билээ.

Тэрбээр нөгөөх хуралд үг хэлж “Соёлын яам музейг маань авсан учраас эртний хувцас хэрэгслүүд дарагдахад хүрлээ. Иймээс нэг танхимд нь хувцас хунараа тавьж үзүүлмээр байна. Үлгэрийн зохиолын зураг чимэглэл, хувцсанд олны дуртай өнгөний утга учрыг сайн бодох хэрэгтэй. Грек, Ромын эртний юмыг европынхон дамжуулан хэрэглээд байгаа юм. Гэтэл манайхан соёлын их өргөн хүрээтэй, бас Энэтхэгийн соёлын хүрээнд багтах учраас ихийг мэдэж, сурч болно.

Үүний тулд хэлний сайн мэдлэгтэй болох хэрэгтэй. Эртнийхээ юмыг уншиж мэддэг болмоор байна. Европт байдаг бүх юм манайд бий. Илүү ч юм байгаа. Европт цөөн хэдэн хээ угалз байдаг бол манайханд маш олон бий. Малгайн хээг гуталд хийдэггүй ёстой. Гэтэл манай зураачдын энэ талаарх мэдлэг дутаад байх юм.

Зарим нөхөр хээг шашны юм гэдэг. Хээ угалз шашнаас өмнө байсан зүйл! Дэлхийд манай Дорно дахинаас авсан, сурсан юм маш их. Үүнийг мэдэхийн тулд өөрсдөө мэдлэгтэй байх хэрэгтэй. Манай нэг дуурьт орос шиг мөргүүлж, ёсолж байсан. Соёлтой улсын угсаа байна. Түүнийгээ судалж мэдэх сэн. Сайн судлах сан. Бид нүүдлийн соёлтой өвөрмөц улс. Түүнийг үгүйсгэдэг европчууд ч байдаг. Суурин улс л соёлтой гэдэг. Энэ бол адилхан хүнийг цагаан арьстан нь илүү гэснээс ялгаагүй тэнэг хэрэг.

Их юм хиймээр байна. Музейн үзмэрийг дэлгэж, ийнхүү хуралдаж байгаа нь цагаа олсон ажил болжээ. Үүнийг байнга хийж байгууштай. Аль эрт цагт одоогийн энэ биеийн гоо сайхныг үзүүлэх гэдэг хандлага монголчуудын ордны театрт байсан баримт бий. Гадаадынхан манай үндэсний онцлогийг олж хараад магтаж бахархах тийм тайз, хувцас, чимэглэл хийхийн төлөө яс махнаасаа мэрийх хэрэгтэй” гэсэн юм. Энэ бага хурлыг Соёлын яамны нэгдүгээр орлогч сайд, урлаг судлалын ухааны эрдэмтэн С.Лувсанвандан удирдан хийлгэсэн билээ.

1976 оны “Намын амьдрал” сэтгүүлийн № 3, “Новости Монголии” сонины гуравдугаар сарын 26-ны дугаарт орос хэлээр “Эрдэмтэн хүний өндөр үүрэг” гэсэн өгүүлэл бичигчийн нэргүй гарсан нь олон уншигчийн дургүйг хүргэсэн. Түүнд удам угсааг нь дайрч гүтгэсэн учир Ринчен гуай эсэргүүцэн Ю.Цэдэнбал, Л.И.Брежнев нарт захидал бичиж “Нэрээ нуусан тэр этгээд 73-ны жил орохын босгон дээр хөндөлссөн сүүлчийн этгээд болох болтугай” гэсэн нь үнэхээр түүний бүтээл туурвилын замд учирсан эцсийн саад байжээ.

1977 оны модон могой жилийн гуравдугаар сарын 4-нд Б.Ринчен доктор таалал төгсөхөд зөвхөн “Хөдөлмөр” сонинд л товчхон мэдээ нийтлэгдсэн юм.

Эгнэгт дурсууштай Б.Ринчен гуай Хувьсгалын эсэргүү, хөрөнгөтний үзэлтэн, үндэсний үзэлтэн, цагаантны оргодол биш, харин Монголын бахархал, уулзаж учирсан болгондоо нэгийг ухааруулсан, ёстой л юм үзэж, нүд тайлсан соён гэгээрүүлэгч, олны дунд амьд домог болсон эх оронч, энэрэнгүй үзэлтэн байсныг үеийн үед санах учиртай.

Ардчиллын буянаар 1990 онд Засгийн газраас их эрдэмтэн зохиолч Б.Ринчений гавьяат үйлсийг өндрөөр үнэлж гадаад, дотоодын эрдэмтэнд олгох академич Б.Ринчений нэрэмжит шагнал бий болгосон. 1999 онд “Зууны мэдээ“ сонины газраас явуулсан санал асуулгаар эрдэмтэн зохиолч Б.Ринчен “ХХ зууны Монголын шилдэг эрдэмтэн”-ээр шалгарсан бол түүний бичсэн “Цогт тайж” кино “ХХ зууны шилдэг кино” гэсэн хүндэт өргөмжлөл хүртсэн билээ.

Энэ киноны ерөнхий найруулагч М.Лувсанжамц 1970 онд “Цогт тайж” киног хийхэд бид чамгүй ядарсан. Тэжээлийн хомсдолд ч орж байлаа. Тиймээс Ю.В.Тарич гуайг гэрийн үйлчлэгчтэй болгож, Цэргийн улс төрийн газраас надад олгож байсан хангамжийг хэвээр үлдээсэн.

Б.Ринчен гуай зохиолыг нь бичих гэж цаг наргүй сууснаас гадна киноны зөвлөхөөр ажилласан. Түүнээс өөр ийм их ажлыг хийх чадалтай хүн ч байхгүй, бүгдийг нь эсэргүү, феодал гээд цааш нь харуулчихсан үе байв. Тэр хүн ч тэжээлийн хомсдолд орж сандаргасан” гэж ярьсан. Үүнд би төдийлөн үнэмшээгүй юм. Харин архивын баримттай танилцаж байхад М.Лувсанжамцын ярьсан зүйл үнэн болох нь батлагдсан тул уншигч түмэнд сонин болов уу хэмээн шигтгээ болгон дэлгэж байна. (НТА. Хөмрөг 4 данс 11 х.н 239 28-р тал)

                                                                               ШИГТГЭЭ
Намын Төв Хорооны Суртлын хэргийг эрхлэх нарийн бичгийн дарга нөхөр Ширэндэв танаа! “Үнэн” сонины ажилтан Ринченгээс.
Ойрноос би ажилдаа их ядардаг болов. Эмч нар дор үзүүлбээс идшийн калорийн чанарыг биеийн хүчин зарцуулсныг нөхөж чадахуйц болго хэмээмой. Гэтэл миний ордог дөрөвдүгээр дэлгүүр дор тос, гурил мэт зарим зүйлийг картон дээрээн буй боловч талбин олгох нь төдий л үзэгдэхгүй. Миний гэрийн дотор хүүхэд шуухад олон. Уг нормын талоны хэмжээ нь хүрэлцэхгүй, гачигдал буй тул энэ тухай гачигдлаан чухас гаргаж тэнхрүүлэн туслахыг аймшиггүй гуйв.
                  “Үнэн” сонины утга зохиолын нарийн бичгийн дарга хэмээгдэж буй Ринчен.
                                                                                                                          1944 он 11 дэх сарын 10.

1944 он 11 дэх сарын 10.

Дашрамд, энэ эрхэм хүний амьдарч байсан сууц (хуучнаар: Багш нарын 28 айлын сууц)-ыг гэр музей болгон түүний бүтээл туурвил зэргийг дэлгэн хойч үеийнхэнд дуурайл болговол зохилтой. Энэ бол ганц минийх бус, олон түмнийх гэдгийг тунгаан үзэж урам хайрлахыг БСШУСЯ, Улаанбаатар хотын Захирагчаас эрхэмлэн хүснэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай