С.Лхамжав: Даралтны аппарат, нэг чагнуур, 200 төгрөгийн эмтэй л эмчээр очиж байв

Говь-Алтай аймгийн Халиун сумын эмнэлэгт насаараа ажилласан Сурахбаярын Лхамжав гуай тахиа жилийн босгон дээр Монгол Улсын хүний гавьяат эмч хэмээх эрхэм алдрыг хүртсэн юм. Түүнтэй хамт 30 орчим жил ажилласан сувилагч С.Наранцэцэгтэй нь холбогдоход “Манай эмч их зарчимч, шударга хүн.

Хамт олныг удирдан зохион байгуулаад, ямар ч хүнд бэрх ажлын ард гардаг хүн дээ” хэмээн тодорхойлсон. Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд 35 жил зүтгээд, гавьяаныхаа амралтад гарсан С.Лхамжав гуай өдгөө нэгэн хувийн цэцэрлэгт эмчээр ажиллаж буй.

-Та багийн бага эмчээс ажлын гараагаа эхэлсэн гэл үү. Социализмын үед хаана, ямар мэргэжилтэн дутагдалтай байна, залуусаа тэнд шууд хуваарилдаг байсан гэдэг. Тэр жишгээр Халиунд очсон уу?

-Тэр үед улс бодлогоор бэлтгэсэн боловсон хүчнээ аль хэрэгцээтэй газруудад хуваарилаад, дипломыг нь аймагт аваад үлддэг байв. Тэр дагуу би 1977 онд Говь-Алтай аймгийн Анагаахын дунд сургуулийг төгсөөд, Халиун сумын “Гүү бариач” бригадын бага эмчээр хуваарилагдсан юм.

Ганц ч хүн таньж мэдэхгүй сум руу аймгийн төвөөс шуудангийн “ГАЗ 53” машинд дайгдан анх очиж байлаа. Тэгээд Халиун сумын эмнэлэгт хоёр хоноод, цаашаа “Гүү бариач” бригад руу эмчилгээ, тэжээлийн машинаар хүргүүлж очсон.

-Унаа олдохгүй эмнэлэгт хоёр хоносон юм уу?

-Шуудангийн машин намайг сумын зочид буудлын гадна буулгаад явчихаж байгаа юм. Гэтэл буудлынхан бүгд хадланд явчихсан байсан тул гадаа нь чемодан, модон хайрцаг хоёроо тавьчихаад, яах учраа олохгүй сууж байтал муу ус асгах гэж гарч ирсэн эмнэлгийн асрагч таарч, намайг дотогш оруулж билээ.

Тэгсэн салбарын эрхлэгч их эмч маань бас Цогт сум руу явчихаад, эзгүй байж таарсан. Өвгөний Батбилэг хэмээх их эмчийг ирэхээр заавар зөвлөгөө авч, ажлаа хүлээлцээд явсан даа.

-Тэр үед таны цүнхэнд эм, эмнэлгийн ямар хэрэгсэл байв?

-Батбилэг эмч надад даралтны нэг аппарат өгсөн юм. Мөн эмийн сангийн эрхлэгчид бичиг хийж өгөөд, 200 төгрөгний эм аваад яваарай гэсэн. Надад өөрт нэг чагнуур байв. Өнөөдүүлийгээ богц шиг брезетэн даалинд хийгээд бригадын төв орж байв. Тэгж л анх эмч болж байлаа.

Бригадын даргынхаа хадам ээжийнд амьдарч, ажлын гараагаа эхэлсэн. “Гүү бариач” бригадын дарга нь нэгдлийн адуучин Аварзад гэдэг хүнд бичиг хийж өгөөд, надад уналгын морь гаргуулж билээ.

Бригадын зарлага, сонин түгээгч Мухар гэдэг хүнтэй хоёул морьтой бүх айлаар орж, хэдэн ам бүлтэй, хаагуур өвөлжиж, зусдаг гэх мэтээр өрхийн судалгааг эхний ээлжинд гаргаж авч байв.

-Эмээ минь Төв аймгийн Өнжүүл сумын эмийн сангийн эрхлэгчээр хуваарилагдаж очихдоо дээшээ хараад хэвтэхээр толгой дээр нь, доошоо харахаар хөл дээр нь цас ордог сарампай байранд амьдарч байснаа ярьдаг.

Хадам ээжийнд нь хэр удаан амьдарсан бэ. Огт таньж мэдэхгүй айлд байх амаргүй байсан уу?

-Отгон гуайнд би хоёр сар гаруй амьдарсан. Сайхан буурай надад харин ч олон зүйл хэлж, сургадаг, их дэмтэй байсан. Хөгшин хүн, хүүхэд хоёрын арга эвийг олохдоо би сайн л даа.

Би айлын отгон хүүхэд. Аав, ээж хоёр маань өндөр настай хүмүүс байсан тул Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Бямбаа гуай намайг Баян-Өлгийгөөс гэрийнхнээ нүүлгэж авчрахыг зөвлөсөн. Тэр үед аавын минь бие чилээрхүү байсан юм. Тэгээд аравдугаар сарын сүүлчээр аав, ээж бригадын төвд нүүж ирсэн.

-Таныг маш олон хүүхдийн хүйн ээж гэдэг юм билээ. Хөдөө тэр олон жил ажилласан хүн хачин сонин зүйтэй бишгүй учирсан байлгүй. Санаанаас гардаггүй зарим тохиолдлоосоо хуваалцана уу?

-1979 оны есдүгээр сард сумын эмнэлэгт эх баригч бага эмч хэрэгтэй гээд намайг татсан юм. Тэр үед төрөлт маш их байсан. Манай суманд гэхэд л жил тутам 120-140 эх төрдөг байв. Өнгөрсөн хугацаанд 1880 орчим хүүхэд эх барьж авчээ.

Анх эмчээр очоод удаагүй байхдаа эм авах гээд сумын төв ортол их эмч “Чацран бригадаас төрөх эхийн дуудлага ирсэн. Манай эх баригч энд хүн төрүүлээд завгүй тул чи яваадах” гэдэг юм байна. Морио эмийн сангийн гадаа шонд уяж орхичихоод, яваад очтол анхны төрөгч, тэр дундаа ургийн байрлал буруу буюу өгзөг түрүүлсэн тохиолдол байсан.

Энэ бол эх, ургийн амь насанд халгаатай хүндрэл үүсгэдэг байрлалтай төрөлтөд ордог. Баатарнямын Ирийнаа гэдэг эмэгтэйн хүүг хөдөө отрын гэрт тэгж эсэн мэнд эх барьж авахад сайн багш нарын минь заасан онол, мэдлэг их тус болсон.

Мөн 1978 оны хоёрдугаар сард Ханхрын аманд өвөлжиж байсан Отгон гэдэг эмэгтэйг гэрт нь төрүүлж, анх удаа хоёр ихэр хүүхэд эх барьж авсан удаатай. Сумын эмч ирэхээс өмнө төрөх нь тодорхой болсон тул цоохор хоёр урт авдрыг нь зэрэгцүүлж тавиад, ихрүүдийг эх барьж авсан.

Бидний үед эхчүүдийн хярзанг хамгаалж төрүүлж чадаагүй эх баригчийг ур чадвар муутайд тооцдог байлаа. Одоо бол амарчлаад хайчлахыг урьтал болгодог болжээ.

-Халиун сум, тэр дундаа “Гүү бариач” баг уул, хад асга, бартаа ихтэй нутаг учраас та нарыг ихэвчлэн морь, тэмээгээр дуудлаганд явдаг байсан гэж дуулсан. Өвлийн тэсгим хүйтэн, зуны аагим халуунд тэгж явах хэцүү биз?

-Тэгэлгүй яах вэ. Халиун сум гэхэд л хоёр талдаа өндөр уулсаар хашигдсан, Шаргын хоолой дагуу сунаж тогтсон газар. Зарим айл нь сумын төвөөсөө 70-80 км алс байх жишээтэй. Тэр их асга хадаар машинтай явах аргагүй. Тэнд эмчээр ажиллаж байхад 14 хоног тутам айл өрхүүдээ эргэхдээ морь, тэмээгээр явдаг. Малчид дуудлага өгөхдөө ихэвчлэн өөрсдөө эмээлтэй морио хөтлөөд ирнэ.

Эсгий гутал, үстэй дээлээ өмсөөд л явна шүү дээ. Тэр үед өвөл их хүйтэрдэг байлаа. 1993 оны өвөл дуудлагаар явж байгаад Олонбулагийн хоолойд машин эвдэрч, жолоочтойгоо хоёулаа шөнөжин гал түлж, цас хайлаад хээр хонож байв. Эсгий гутал, үстэй дээлтэй хэрнээ сүүлдээ хөл мэдээ алддаг юм билээ.

1990-ээд онд хаа сайгүй амьдрал хэцүү, төсөв санхүү ч хомс байсан учраас ус, масло нь холилдоод хөлдчихдөг эвдэрхий “УАЗ 469”-өө аргалж унах гэж үйлээ үздэг байв. Сумын хүн хараас сэлбэг хэрэгсэл гуйна. 1997 онд л нэг юм шинэ машинтай болсон.

Ер нь бид яасан хүнд хэцүү нөхцөлд, ямар их ачаалалтай ажилладаг байсан юм бэ гэж одоо боддог юм. Шөнө нь 2-3 хүн төрүүлчихээд, өглөө нь алсын дуудлаганд явна. Социализмын үед тэр их ажлын хажуугаар бас өглөө эрт нийтийн сонин уншлагад очно, коммунист субботник хийнэ, хавар, намарт малчдын хашаа хороог барьж, засна, хөрзөнг нь гаргалцахаас эхлээд, айлуудаар орж эрүүл ахуй, соёлжилтыг нь шалгахад хүртэл дайчлагдана.

Тэр байтугай, кино үзлэгийн цагийг хүртэл бүртгэнэ. Бидэн шиг хүмүүс хүнээ төрүүлээд, эсвэл дуудлаганд яваад тэр бүр киног нь үзэж чадахгүй тул кино механикчийн бүртгэл дээр баахан хар цэгээр тэмдэглүүлнэ (инээв).\

-Хот орон газар руу шилжиж ажиллах юм сан гэх бодол танд төрж байв уу ?

-Ийш тийшээ явж ажиллах юм сан гэж ер нь бодоогүй дээ. Харин эх баригч эмчээр сумандаа ганцаараа олон жил ажиллахдаа сүүлдээ цус нөжнөөс халшраад, хүүхдийн эмч болохыг хүсдэг байв. 1985 онд нөхөр маань хот руу Намын дээд сургуульд суралцахаар явж, дараа жил нь би Анагаахын дээдийн хүүхдийн эмчилгээний факультетэд элссэн. 1992 онд их эмч болох мөрөөдлөө биелүүлж билээ.

Сургуулиа төгсөөд, Цээл суманд хуваарилагдсан. Учир нь манай гэр бүлийн хүн тэнд гурван хүүхэдтэйгээ хамт байлаа. Гэтэл Халиун сумын ард иргэд “Лхамжав эмчийг манай суманд ажиллуулж өгөөч” гэсэн хүсэлтээ аймгийн Засаг даргад удаа дараа тавьсны эцэст 1992 оны арваннэгдүгээр сард манайхан гэр бүлээрээ нүүж очиж билээ.

Нөхөр маань Халиун сумын Засаг даргаар, би эмнэлгийн эрхлэгчээр томилогдож очсон.

-Тэр үед хөдөөгийн эмнэлгүүдийн нөхцөл байдал маш хүнд байсныг зах зухаас нь гадарлана. Та ажлаа юунаас эхэлж байв?

-1992 онд намайг очиход нэгдэл байтугай эмнэлэг тарчихсан байсан үе. Эмнэлгийн ихэнх эд хогшлыг тарааж хуваагаад авчихсан, галлагаа байхгүй, төсөв санхүүгийн байдал маш хүнд, цалингаа л дөнгөн данган тавьж байлаа. 1996 он хүртэл эмнэлгийнхээ таван өрөөг л галлан, үйл ажиллагаа явуулдаг байсан гээд бод доо.

Өмч хувьчлалаар эмнэлэгт 34 хонь өгснийг нь малчин авч маллуулаад, овоо хөөрхөн өсгөсөн. Туслах аж ахуйгаа сайн хөгжүүлж, үр шимээр нь машиндаа шинэ дугуй авахаас эхлээд эмнэлэгт нэн шаардлагатай зүйлд зарцуулдаг байв.

Аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний инженер Самдан гэдэг хүнд 1996 онд 87 хонь өгч байж нам даралтын зуух тавиулж, эмнэлгийнхээ гурван корпусыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж билээ.

-Давхар аж ахуйн ажилд ханцуй шамлан оржээ дээ?

-Тийм ээ. Тухайн үед олон байгууллага малтай байсан ч эмнэлгийнх шиг тэгж өсөж, үрждэг нь ховор. 2001, 2009 оны зуднаар манай малын нэлээд нь үхэж, үрэгдсэн ч дахиад өссөн. Сүүлд 2014 онд намайг ажлаа хүлээлгэж өгөхөд 160-аад хонь үлдсэн байсан.

Сургууль, цэцэрлэг, захиргааны дарга удирдлагууд шиг малаа хариулуулах танил тал, хамаатан садан надад Халиунд байхгүй тул хар элгийн хүн авч цалинжуулсан нь зөв байсан. Эмнэлгийн жолооч нарынхаа бензин, шатахууныг хүртэл сайтар тооцдог, байгууллагынхаа санхүүгийн тооцоог яс хөтөлдөг байсныг минь сумынхан андахгүй дээ (инээв).

Ацын нурамтын өвөлжөө ортол талдаа 28 км, ирэх, очихын 56 км-т 15 литр бензин хангалттай гээд цохоод өгнө.

1980 онд ашиглалтад орсон эмнэлгийн модон барилгадаа их засвар хийх гэж их зүтгэсээн. 2008 онд Японы “Өвсний үндэс” хөтөлбөрийнхөнд төсөл бичээд, 93 мянган ам.доллараар эмнэлгийн барилгаа иж бүрэн засварт оруулж билээ. Бүх цонхоо ваакум болгосон нь өнөөг хүртэл салхи огт сийгэхгүй байна гэсэн. Халиунд өвөл их цасаар шуурдаг, зарим үед эмнэлгийн барилгатай чацуу хунгар бий болчихоод, бид цас ухдаг байв.

-Эмч мэргэжлийг эзэмших болсон шалтгаан тань юу байв ?

-1973 онд би Баян-Өлгий аймгийн II дунд сургуулийн наймдугаар ангийг төгсөхдөө эхний байрт жагссан юм. Нэг өдөр гадаа мод услаад зогсож байтал захирал дуудаж байна гэхээр нь очтол “Говь-Алтай аймгийн Анагаахын дундын эх баригч бага эмчийн анги, Улаанбаатар хотын Анагаахын дундын эрүүл ахуйн анги гэсэн хоёр хуваарь байна. Алийг нь сонгох вэ” гэсэн.

Тэгэхээр нь манай нутагт хүмүүс тарьдаг нэг эмч байдаг, түүн шиг хүн болох юм байна гээд Говь-Алтайн Анагаахын дундыг сонгосон.

-Аав, ээжээсээ асууж зөвлөлгүй, өөрөө бие даан том шийдвэр гаргажээ. Хожим аав, ээж нь охиныхоо мэргэжлээр их бахархсан болов уу?

-Аав, ээж тэр үед хөдөө ажил ихтэй учраас биднийг аймгийн төвд сургуульд авчраад орхичихно. Аав минь малын эмч мэргэжилтэй, өөрөө бас эм тан барьдаг хүн байсан. Улаан хоолойны хорт хавдраар нас барсан л даа. Миний аав хавдрын эмнэлгээр огт яваагүй.

Намайг “Чи надад тарилганы пенциллин л уулгаад бай” гэнэ. Тэр эмчилгээгээрээ хоёр жил амьдарсан. 1978 оны дөрөвдүгээр сард аав минь өөд болж, “Гүү бариач” бригадын Дөрвөлжин гэдэг газарт хөдөөлүүлсэн. 1987 онд ээжийгээ өөд болоход мөн л би толгойг нь түшсэн дээ. Олон түмэндээ ач тустай байж, аав, ээжийнхээ ачийг бага боловч хариулах сан гэж хичээж ирсний үр дүнд миний амьдрал түвшин сайхан байна гэж боддог.

Насны залууд эрүүл мэндээ золиослон зүтгэсний уршгаар хоёр нүд, хоёр хөлдөө том хагалгаа хийлгээд, одоо бие гайгүй л байна. Гурван хүүхэд маань ч хар багаасаа биеэ дааж, хүмүүжил сайтай өссөнийх өөрсдийн амьдралаа сайхан авч явж байгаа. Намайг эх баригч бага эмчээр маш их ачаалалтай ажилласан тэр арваад жилд миний муу ээж гурван хүүхдийг минь өсгөж өндийлгөсөн дөө.

Дуудлагаар яваад ирэхээр хөвөнтэй дээлэндээ данхтай цай, хоолоо хуччихсан, гал түлээд хүлээж байдаг сан.

-1990-ээд оны хямралын үед хүүхдүүдээ эрдэм боловсролтой болгох гэж олон аав, ээж байдаг чадлаараа зүтгэсэн. Та хоёрын хувьд яаж байв?

-Ялгаагүй ээ. 1996 онд нөхөр маань Засаг даргын ажлаа өгөөд, амьдралын эрхээр ганзагын наймаанд явсан. Тэр үед гурван хүүхэд зэрэг оюутан болсон байв. Зөвхөн нэг хүүхдийн сургалтын төлбөр л гэхэд 240 мянган төгрөг. Цалин 30 мянган төгрөг байлаа. Ямар сайндаа би нэг зун амралтаа аваад, Эрээн рүү наймаанд явж үзлээ.

Нэг “гахайгаа” ардаа үүрээд, хоёрыг нь гартаа барьчихаад галт тэрэг рүү зүтгэж байтал хойшоо дийлдээд яг савж унахын даваан дээр араас эрэгтэй хүн тэр чигт нь хамж түлхээд баллах дөхсөн. Нүднээс гал бутраад, хоёр гар хугарчих шиг санагдаж билээ. Тэгээд дахиж наймаанд яваагүй.

“Халиун сум бол миний аавын ясаа тавьсан өлгий, гурван хүүхдийн минь төрсөн тоонот, бидний ажил, амьдралын гараа эхэлж, өдий зэрэгт хүргэсэн газар. Тиймээс төрсөн нутаг Баян-Өлгийгөөс минь илүүтэй Халиун сум, тэндхийн ард түмэн миний сэтгэлд их ойр байдаг” хэмээсэн тэрбээр Халиун сумынхантайгаа байнга холбоотой байдаг аж.

С.Лхамжав гуайг Гавьяат эмч болгох гэж тус сумынхан хэдэн жил хөөцөлдсөн бөгөөд сая Цагаан сараар үйл хэрэг нь бүтсэнд хамгийн их баяртай байгаа гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай