Л.Хүрэлбаатар: Монголчууд оюуны бүтээлээ экспортолдог ард түмэн гэдгийг нотолно

Монголд хамгийн олон буюу 54 патент эзэмшдэг эрдэмтэн, “Монос” группийг үүсгэн байгуулсан бизнесмэн, эрдэм шинжилгээний болон утга зохиолын хэд хэдэн ном туурвисан уран бүтээлч эрхэм хүнтэй уулзав. Тэр бол Төрийн соёрхолт, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич Лувсангийн Хүрэлбаатар юм. Түүнийг “Өнөөдөр”-ийн зочноор урилаа.

 -“Сахилга баттай бай. Оройтсон гэж бодолгүй яг одоо эхэл” гэж та нэгэн ярилцлагадаа хэлсэн байсан. Та яг одоо юу эхлээд байна вэ?

-Хүн бүр адилхан оюуны чадамжтай, ижил нийгэмд өсөн бойжиж байгаа хэрнээ яагаад зарим нь амжилтад хүрч, бусад нь бүтэлгүйтдэг вэ гэдэг нь сахилга баттай холбоотой гэж боддог. Бид өөрийгөө жолоодож чадвал юуг ч бүтээх боломжтой. Өөрөөр хэлбэл, хүсэл мөрөөдөлдөө хүрэх гүүр нь сахилга бат юм.

Тухайлбал, хүн өдөрт 10 гадаад үг цээжилбэл жилд 3650 үг сурах боломжтой. Хоёр жилийн өмнө дэлхийн хамгийн залуу тэрбумтан Марк Цукерберг долоо хоног бүр нэг ном уншихыг дэлхий даяар уриалж, өөрөө хэрэгжүүлж байна. Дунджаар 200-300 хуудастай номыг өдөрт цаг хэртэй уншина гэж тооцоход долоо хоногт нэг ном дуусгаж байгаа юм. Ингээд бодохоор жилд 52 ном уншина гэсэн үг. Эдгээрээс мэргэжлийн 10 ном уншлаа гэхэд түүн шиг мундаг хүн байхгүй болох нь. Үүнийг хэн ч чадна.

Гэвч өдөрт өөртөө зориулаад ганц цаг гаргаж чадахгүй байгаад учир байна. Судалгаанаас харахад хүн өдөрт 4-5 цаг зурагт үздэг. Үүнээс нэг цагийг нь л сугалаад авчихад болж байгаа юм. “Би явж, Бээжин сууж байна” гэсэн үг бий. Бээжин эндээс 2500 орчим км. Хүн өдөрт 50 км алхах боломжтой. Тэгвэл 50 хоногийн дараа Бээжинд хүрэх нь байна.

Тодорхой зорилго тавиад түүндээ хүрэхийн тулд тасралтгүй явах хэрэгтэй. Гэтэл нэг хэсэг нь тэвчээр алдаж, сахилга бат дутаад дундаас нь орхичихоод байгаа юм. Нөгөө хэсэгт нь зориг дутаад байна. Аливаа зүйлийг эхлэхэд хэцүү. Би өглөө болгон таван км гүйдэг. Ингэж сурсан мөртлөө эхний нэг км гүйхэд амьсгаадаад л, хөл, гар чилж, яваандаа гайгүй болдог.

Ээж минь надад залхуу болжморын тухай үлгэр ярьж өгдөг байлаа. Шөнө болохоор хүйтэнд бээрээд “Маргааш өглөө нар гарахаар дулаан үүр барина” гэж бодоод нар гарахаар л мартаад, шөнө нь даарахаараа өглөө болоосой гээд л. Тиймээс юмыг хойш нь тавилгүй хийж бай гэж залуустаа захидаг.

Өнөөдөр бол таны хамгийн агуу өдөр. Харин миний хувьд өнөөдрийн байдлаар бөөрний эмийн судалгаа, шинжилгээн дээрээ ажиллаж байна. Үдээс өмнө (Дөрөвдүгээр сарын 7-нд) энэ эмийг бүтээхээр ажиллаж байгаа бүх эрдэмтнээ цуглуулан дөрвөн цаг гаруй хуралдлаа. Хархан дээр бөөрний эмгэг загвар үүсгээд түүнийгээ эмчилсэн. Арав гаруй хувилбартай жороор эм хийж, аль нь ямар үр дүн өгөв гэдгийг туршиж судалж байгаа юм.

Чадвал ажлынхаа 50-иас илүү хувийг нь Эм судлалын хүрээлэндээ өнгөрөөхийг зорьдог ч 30-40 хувийг нь л эрдэм шинжилгээний ажилдаа зориулж байна. Яагаад гэхээр олон сая ам.долларын зээлтэй, томоохон бүтээн байгуулалт хийсэн компанид эдийн засгийн хямрал илүү нөлөөлж байна шүү дээ.

“Энхийн шүүдэр” гээд дуслын шингэний үйлдвэрээ Монголын таван компанитай нийлж байгуулсан. Сард 100 сая төгрөг төлж байна. Тиймээс сүүлийн үед бизнестээ ихэнх цагаа зарцуулж байна даа. Эдийн засгийн хямралыг яаж эрсдэл багатай давах вэ, яавал 1500 ажилтнаа ажлаас нь чөлөөлчихгүйхэн шиг байх вэ гэдэгт анхаарч байна шүү дээ.

-Эм ашигтай бизнес гэж олон хүн хардаг шүү дээ. Монголын нөхцөлд эмийн бизнес эрхлэхэд ямар бэрхшээл гардаг вэ?

-Хамгийн гол асуудал нь хүмүүсийн сэтгэхүй. Дэлхийд жилд нэг хүн дунджаар 140-150 ам.долларыг эмэнд зарцуулж байна. Харин монголчууд жилд 30 ам.долларын эм хэрэглэдэг. Дэлхийн дунджаас 4-5 дахин бага гэсэн үг. Монголын эдийн засаг, хүн амын орлого бага нь үүнд нөлөөлдөг ч хэрэглэж буй эмийн тоо ширхгээрээ дэлхийн дунджаас илүү байгаа юм.

Гэсэн хэдий ч хамгийн хямд үнэтэй, орчин үеийн биш, үйлдвэрлээд олон жил болсон, өвчний шалтгааныг биш, шинж тэмдгийг нь эмчилдэг эм хэрэглэж байна. Орчин үеийн шинэ эм хэрэглэх гэхээр үнэтэй гээд авдаггүй. Тэгсэн хэрнээ үнэтэй машин, гар утас, хувцас авахдаа гар татдаггүй.

Эрүүл мэндээ хямдаар үнэлдэг нь сэтгэхүйтэй холбоотой. Хүнд өвчин тусахаараа байгаа бүхнээ зарцуулдаг. Урьдчилан сэргийлэхдээ тааруу. Гэхдээ сүүлийн үед залуус Богд уул руу хэдэн зуугаараа алхаж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гүйж, фитнессээр хичээллэж байгааг хараад баярладаг юм.

-Манайд борлуулж буй эмийн 60 орчим хувь нь үйлчилгээ муутай гэж ДЭМБ-ын тайланд дурдсан байна. Манай улс эмийнхээ хэдэн хувийг дотооддоо үйлдвэрлэж байна вэ?

-Би эм зүйн байгууллагуудын “Эм” холбооны ерөнхийлөгчөөр 19 жил, одоо хүндэт ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Хуурамч эм хулгайгаар оруулж, орон нутаг, зах дээр зарах нь бий. Гэхдээ энэ нь эмийн борлуулалтын 5-10 хувиас хэтэрдэггүй. Гол нь хугацаа дууссан, үйлдвэрлээд олон жил болсон хямд эм манай зах зээлд их байна.

Гэхдээ дэлхийн эмийн шилдэг 20 компанийн 12-ынх нь эмийг Монголд худалдаж байгаа. Гэвч маш цөөн тоогоор зарагддаг. Хямд эм эрэлттэй учраас эмийн сангууд үнэ багатайг нь оруулж ирээд байна. Тиймээс үйлчилгээ муутай гэсэн дүгнэлтэд хүргэсэн байх.

Манай улс хэрэглэж буй эмийнхээ 24 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Цөөн хүн амд зориулж эм үйлдвэрлэхээр ашиг гардаггүй. Сонгодог үйлдвэрийн зах зээлийн жишигт аливаа үйлдвэрлэлийн хамгийн бага зах зээл 10 саяас доошгүй байх ёстой гэж үздэг. Гэтэл бид гурван сая хүнд зориулж эм үйлдвэрлэж байгаа шүү дээ. Нэг төрлийн эмийг маш цөөхнөөр үйлдвэрлэхээр өртөг өндөр учраас эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүн үнэтэй байдаг юм.

Эм өдөр тутмын хэрэглээ биш учраас эмийн үйлдвэр чанараа сайжруулж, өндөр ашигтай ажиллая гэвэл олон улсын зах зээлд гарах ёстой. Тиймээс “Монос” үйлдвэр 10 орчим сая ам.доллар зарцуулж, олон улсын GMP стандарт хангасан үйлдвэр байгууллаа.

Эндээс гарч буй бүтээгдэхүүн дотоодын бусад үйлдвэрийнхээс хоёр дахин үнэтэй. Яагаад гэхээр орчин үеийн тоног төхөөрөмж, лаборатори ашигласан, хяналтын олон дамжлагатай. Тиймээс “Монос”-оос гарч буй бүтээгдэхүүнүүд дэлхийн томоохон үйлдвэрийн эмийн чанар, үнэтэй ойролцоо болж байгаа юм.

Монголчууд олон улсын стандартад нийцсэн, чанартай эм хэрэглэх боломж эхнээсээ бүрдэж байна. Бид бөөрний үрэвслийн эсрэг “Нефромон” эмээ хоёр жилийн өмнөөс Санкт-Петербургийн “Фармамед” компанитай хамтран ОХУ-д үйлдвэрлэж эхэлсэн. Энэ жилээс их хэмжээгээр үйлдвэрлэж байгаа.

-Өөр ямар эм, бэлдмэл олон улсад гаргаж байгаа бол?

-Бусад нь их хэмжээгээр биш, туршилтын журмаар л гарч байна. Эм, бэлдмэл гаргахдаа тухайн улсад нь заавал бүртгүүлдэг. Хүн, амьтан дээр хийсэн болон чанар, стандартын туршилт гээд бүх материалиа үзүүлнэ. “Нефромон” эмийг ОХУ-д гаргах гэтэл амьтан дээрх туршилтаа хаана хийсэн, амьтан дээр болон хүнд туршсан лаборатори, эмнэлэг олон улсад магадлан итгэмжлэгдсэн үү гэсэн олон шалгуур давах болсон.

Тэгээд тэдгээр байгууллага нь олон улсад магадлан итгэмжлэгдээгүй болохоор хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Тийнхүү амьтан дээр хийсэн миний туршилтыг ОХУ-д таван жил дахин хийж байгаа юм. Үр хөврөлд нь яаж нөлөөлж байна, хоруу чанар, эмчилгээний үр дүн, эсийн түвшинд ямар байгааг давтан судалсан гэсэн үг.

Үүний дараа хүн дээр хийсэн туршилтыг нь судална. Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт туршилт хийсэн гэхээр “Танай тэр эмнэлэг клиник туршилт хийх олон улсын магадлан итгэмжлэлтэй юү” гэнэ. Тэр үед Монголд олон улсын магадлан итгэмжлэлтэй нэг ч эмнэлэг байгаагүй.

Тэгээд л ОХУ-д дахин туршлаа. Ингэж хэдэн жил алдсаны эцэст хүлээн зөвшөөрч байгаа юм. Одоо Япон руу биологийн идэвхт бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна.

-Та Монголд хамгийн олон буюу 54 патент эзэмшдэг юм билээ. Шинэ эм, бэлдмэл бүтээх санаагаа хэрхэн олдог юм бэ?

-“Биомон”, “Биоген”, “Марал” гээд гоо сайхан, “Цэнэг”, “Энхжин” цай гээд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, “Читамон”, “Эрвалкор”, “Тонзилмон” зэрэг шинэ эмийн, зарим эмийн ургамал тарималжуулах аргачлал зэрэг 54 патент эзэмшиж байна. Мөн эмийн ургамал тарималжуулах станцдаа 100 гаруй ургамал нутагшуулсан, өөрөөр хэлбэл эмийн ургамлын амьд цуглуулга, ховор ургамлын генофондыг хамгаалж байна гэсэн үг юм даа.

Эм судлалын хүрээлэнгийн дэргэдэх эмийн ургамал тарималжуулах станцад 17 жил зүтгэсний эцэст манай оронд ховорт тооцогддог, гадаад, дотоодод их хэрэгцээтэй хунчир, алтан гагнуурыг тарималжуулчихлаа. Зэрлэг ургамлыг тарималжуулахад ийм их хөдөлмөр ордог юм байна. Мэдсэн бол эхлэх байсан уу, үгүй юү гэдэг сонин.

Уламжлалт анагаах ухаан гэж мэдлэгийн их суурь байна. Хүмүүс ардын эмнэлэгтэй андуурдаг. Монголын уламжлалт анагаах ухаан Төвдөөс уламжлалтай, маш гүн гүнзгий онолтой шинжлэх ухаан. Олон мянган жорын нэг хэсгийг нь судалж байна.

Саяхан Японд явж байхад банаба гэдэг ургамал болон газрын лийрийг нийлүүлэн чихрийн шижингийн зовиурыг бууруулдаг эм бүтээсэн байна лээ. Би газрын лийрийг гадаадаас авчирч тарималжуулсан. Харин Малайзад банаба их ургадаг юм байна. Тэндээс түүхий эдээ авчихаж болох юм.

Ингээд монголчуудын түгээмэл хэрэглэдэг цусан дахь сахар, холестрол багасгах ургамлыг нэмчихвэл япончуудаас илүү эм бүтээж болох юм байна гэж бодсон. Энэ мэтээр бусдаас санаа авна, ном, интернэттэй их нөхөрлөнө. Хөдөө явахдаа эртний ургамал, ногоо сонирхдог хүмүүстэй уулзаж, олон улсын эрдэм шинжилгээний хуралд жилдээ хэд хэдэн удаа сууж байна. Тэр бүхнээс шинэ эм бүтээх санаа төрдөг юм.

-Манай улсад эмийн ургамлын нөөц хэр хангалттай вэ. Шинэ эм бүтээх гэхээр түүхий эд олдохгүй тохиолдол гарах уу?

-Гарна аа. Жишээлбэл, нарийн навчит цахилдаг гээд “Нефромон” эмийн найрлагад багтсан, Монголын говьд ургадаг нөөц маш багатай ургамал байна. Оросууд “Нефромон”-ыг 300 мянга биш, гурван сая хэрэгтэй гээд байгаа. Гэвч надад байгаа түүхий эд нь жилд 300 мянгаас илүү үйлдвэрлэх боломжгүй. 2005 оноос хойш энэ ургамлыг тарималжуулах гээд ноцолдож байна. 2-3 жил нөөцийг нь судалж, экспедиц гаргасан.

Нутгийн хүн нь “Энэ жил гантай болохоор гараагүй, уг нь энэ хавьд багагүй байдаг” гэхээр нь дараа жилийг хүлээж байгаа юм. Говийн ургамлын нөөцийг 2-3 жил явж байж тогтоодог юм билээ. Дараа нь уг ургамлыг эсийн өсгөврийн аргаар тарималжуулахаар эрдэмтэдтэй хамтран ажиллалаа. Бас сайн үр дүн гараагүй л байна.

Надад нэгэн настай хүн “Мөхөж байгаа ургамлаар битгий оролдоорой. Говийн зарим ургамал дэлхийн хамгийн өндөр настай ургамлын тоонд ордог юм. Амьдралын мөчлөгөөр мөхөж, сөнөж байгаа ургамлыг тарималжуулахад хэцүү” гэхэд “Би заавал ургуулна, болохгүй бол мутацид оруулаад, лазерын туяагаар шарж, генийн санг нь өөрчлөөд гаргаж авна” гэж байсан. Заримдаа тэр хүний үгийг сонсохгүй яав даа гэж боддог юм. Энэ ургамлыг тарималжуулахын тулд би амьдралынхаа 12 жилийг зориуллаа шүү дээ. Тэгээд ч үр дүн нь тодорхойгүй байна.

-Ярилцлагын эхэнд дурдсан сахилга бат таныг “Монос” группийг өдий зэрэгт хүргэхэд нөлөөлсөн үү. Энэ урт, бартаатай замыг туулахад цөхөрсөн үе бий юү?

-Залуудаа цөхөрч, эхэлсэн зүйлээ орхисон үе бий. Ялангуяа “Монос”-ыг байгуулсан эхний хэдэн жил шантарч байлаа. Ажиллах хүн олдохгүй, тэтгэвэрт гарсан нэг эмэгтэй, дээд сургуульд орж чадаагүй охин хоёр л анхны минь ажилтан болж байлаа шүү дээ.

Хүмүүс хувийн үйлдвэр гэхээр ойлгодоггүй. Хувийн ч бай, улсынх ч бай хүнд хэрэгтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх нь чухал. Дэлхийн шилдэг сургууль, эмнэлэг бүгд хувийнх шүү дээ. Хувийн сургууль гэснээс өнгөрсөн амралтын өдөр Харвардын их сургуулийн Анагаахын сургуулийнх нь захиралтай уулзаж, сургалтын аргыг нь Монголд нэвтрүүлэх, багш нараа чадавхжуулах гэрээнд гарын үсэг зурлаа.

Өөрөөр хэлбэл, 250 мянган ам.долларын өртөгтэй сургалтын хөтөлбөрийг Эм зүйн шинжлэх ухааны их сургуульдаа нэвтрүүлэх гэж байна.

-Та өөрийгөө амжилтад хүрсэн хүн гэж боддог уу?

-Зарим талаараа хүрсэн гэж бодож байна. Миний зорилго бол “Монос” юм. “Монос” гэдэг Монгол оюун санаа гэсэн үг. Монголчуудын оюун ухаан цаглашгүй. 27 жилийн өмнө монгол оюун санаа, монгол оюуны сор, монгол оюун сэтгэлгээ гэж бодож компаниа нэрлэсэн.

Бид “Монгол оюун сэтгэхүйг дэлхийд таниулна” гэсэн уриатай. Тэгэхээр дэлхийд таниулж чадаагүй л явна. Гэхдээ анхны бүтээгдэхүүн маань гадаадын зах зээлд гарч, бас нэлээд хэдийг гаргахаар ажиллаж байна. Монголчууд зэс, нүүрс гээд түүхий эд төдийгүй оюуны бүтээлээ экспортолдог ард түмэн шүү гэдгийг нотлох гэж оролдож сууна. Тиймээс өөрийгөө зорьсондоо хүрсэн гэж бодохгүй байна.

-Амрах цаг минь болжээ гэж бодож байв уу?

-Би зүгээр сууж чаддаггүй болохоор амралт гэдгийг зарим талаараа ойлгодоггүй юм. Амралт гэдэг ажлаа өөрчлөхийн нэр л гэж боддог.

Зүгээр суугаа хүн л их ядардаг юм гэсэн шүү. Тэгэхээр бизнес, эрдэм шинжилгээ, тэгээд уран бүтээлээ ээлжлэн хийх л миний амралт юм даа.

-Та Монголын анагаах ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулж яваа хүн. Таны зорилгыг үргэлжлүүлэх шавь хэр олон бэ?

-Цагаан сарын өмнө Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол тэмдгээр шагнууллаа. Гадаадад явж байхдаа энэ тухай сонссон доо. “Монос”-ын хамт олны Монголын эрүүл мэндийн салбарт хийсэн ажлыг үнэлж өглөө гэж бодсон.

Нээрэн л манай хамт олон Монголд орчин үеийн эмийн үйлдвэр, Эм судлалын хүрээлэн, Эмзүйн шинжлэх ухааны их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны академи байгуулчихсан, бүтээгдэхүүнээ гадаадад гаргаад эхэлчихсэн шүү дээ.

Олон улсын хуралд оролцож байтал нэг орос “Монголчууд эм хийж чаддаг юм уу, судалгаа шинжилгээ хийдэг үү” гэхээр нь миний шар хөдлөөд хариу болгож, орос хэлээр судалгааны хоёр ном бичсэн нь ОХУ-д их сайн борлогдсон. Хоёр ч удаа хэвлэгдсэн. Одоо эмзүйч 1000 гаруй шавьтай болжээ, би. Монголд ажиллаж буй хоёр эмзүйч болгоны нэг нь миний шавь. Гурван хүн миний удирдлагад докторын зэрэг хамгаалсан.

Магистрын ажил удирдаж хамгаалсан нь хорь гаруй. Дараагийн үеэ бэлтгэж байна гэж боддог. Бизнесийн хувьд миний хүү ажлыг минь авсан. Монголын шилдэг 30 залуугийн тавд багтсаныг хараад эцэг хүний хувьд баярлаж л явна. Охин минь гоо сайхны үйлдвэрээ хариуцаж байгаа. Гоо сайхны 2-3 бүтээгдэхүүн экспортлохоор бэлтгэж байна.

-Амьдралын утга учир таныхаар юу вэ. Энэ хорвоод хийж бүтээснээ үр хүүхдэдээ өвлүүлж үлдээх юм болов уу?

-Хүний хийх ёстой хамгийн дээд буян ном бичих, мод тарих гэдэг. Мэргэжлийн болон залуучуудад зориулсан нэлээд олон ном бичлээ. Тавин мянга гаруй мод тарьжээ. Ихэнх нь чацарганых. Цаашид жил бүр олон мянган мод тарина гэж боддог.

Ер нь амьдралын утга учир нэг талаасаа хийж бүтээх. “Монос” гэдэг өнөр өтгөн ам бүлтэй болсон гэхээр сэтгэл сайхан байдаг юм. Мөн эм, бэлдмэлийн 50 гаруй бүтээлээ боддог. Эрдэмтдийн нэг цагаахан атаархал байдаг юм. Насаараа судалгаа шинжилгээ хийгээд нэг ч эм гаргаагүй эрдэмтэн бий. Гэтэл миний санасан сэтгэсэн бүхэн үйлдвэрлэлд нэвтэрсэн.

Зохион бүтээсэн эмийг минь уугаад эдгэрч буй хүнийг харах л хамгийн их аз жаргал. Манай Эм хангамжийн үйлдвэрийн ууган дарга “Миний хүү эмзүйч болсныхоо хэргийг гаргаж дээ, ах нь наад эмийн чинь ачаар олон жил амьд явж байна шүү” гэсэн нь одоо ч санаанаас гардаггүй юм.

Хүн жаргах гэж л төрсөн. Гэхдээ жаргалаа юу гэж ойлгохоос их юм шалтгаалах байх.

-Та сэтгүүлч болох гэж нэлээд зүтгэсэн юм билээ. Хэрэв сэтгүүлчээр ажилласан бол өдийд ямар амжилтад хүрсэн байх бол гэж төсөөлж байсан уу?

-Нэгэнт сэтгүүлч болоогүй учраас хэлэхэд хэцүү юм. Сэтгүүлч болох багын мөрөөдөл минь байж л байдаг. Эсээ, өгүүллэг, тууж бичиж байна. Удахгүй олны хүртээл болохоор хүмүүс дүгнэх байлгүй дээ.

-Ингэхэд та аль нутгийнх юм бэ?

-Ээж минь намайг оюутан байхдаа хотод төрүүлсэн юм. Харин аав минь Хөвсгөлийнх, ээж Ховдынх. Найзууд маань намайг Улаанбаатарынх гэдэг. Аав минь зургаан хүүхдээ дагуулаад эх орны хэрэгцээт газарт ажиллана гээд Ховд, Дундговь, Сэлэнгэ зэрэг томилсон газар руу нь явдаг байлаа.

Дундговьд би наймдугаар ангиа төгссөн болохоор зарим нөхөд минь Дундговийнх гэдэг юм. Би олон нутагтай, олон сайхан нөхөртэй, сайн хамт олонтой, сайхан хань, аав ээжтэй их азтай хүн шүү дээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай