Багануурын боулингчид “Холбооны цом-2017”-д түрүүллээ

Боулинг сонирхогчдын хамгийн том тэмцээн болох “Холбооны цом”-ын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч бямба гаригт “Big Bowling” төвд боллоо. Тус тэмцээнд Г.Төмөрбаатар ахлагчтай “Багануур” ХХК-ийн багийнхан анх удаа түрүүлэв.

Урьдчилсан тоглолтонд 16 багаас 1-ээр шалгарч, халз тоглолтонд ганц ч хожигдолгүй явсаар түрүүлсэн “Багануур” ХХК-ийн багийн амжилт нь Багануур хотод Усан спорт сургалтын төв, Боулингийн төв шинээр байгуулагдсантай салшгүй холбоотой юм.
“Монголын боулинг сонирхогчдын холбоо”, “Big Bowling” клубтэй хамтран 2010 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй тус тэмцээнд “City Cup-2016” тэмцээний шилдэг 8 баг, “Coca Cola Zero-2016” тэмцээний шилдэг 8 баг буюу нийт шилдэгийн шилдэг 16 баг оролцсон билээ.


Мөнгөн медалийн эзнээр Г.Магсаржалам ахлагчтай “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн баг, хүрэл медалийн эзнээр Д.Амьбөх ахлагчтай өнгөрсөн жилийн аварга СЭЗИС-ийн баг тодорсон. Тэмцээний шилдэг тамирчнаар “V darts” боулинг клубын тамирчин П.Одхүү 245 оноогоор шалгарлаа. Энэ удаагийн тэмцээнд шинэ залуу баг тамирчид хүчтэй өрсөлдсөнөөрөө онцлог.
Алтан цомын эзэн “Багануур” ХХК-ийн багтай халз тоглолтонд хамгийн ойрхон очсон буюу ердөө 20-хон онооны зөрүүтэй хожигдсон баг бол Монголын спортын сэтгүүлчдийн холбооны баг байсныг дурдах нь зүйтэй.


Мөн тус тэмцээнд тасралтгүй оролцсоор ирсэн Их Британийн улсын ЭСЯ-ны баг тамирчдад тэмцээний үеэр Монголын боулинг сонирхогчдын холбооноос Талархлын өргөмжлөл, дурсгалын зүйлс гардуулсан. Үе үеийн Элчин сайд нар нь өөрсдөө багаа тэргүүлэн “Холбооны цом”-д оролцсоор ирсэн юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай