С.Бямбацогт: Хандлагаа өөрчилж, арга барилаа сайжруулж байж бодит үр дүнд хүрнэ

С.Бямбацогт: Хандлагаа өөрчилж, арга барилаа сайжруулж байж бодит үр дүнд хүрнэ

Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн энэ сарын 04-07-ны өдрүүдэд болж байна. Энэхүү сургалтын зөвлөгөөний хаалтын үйл ажиллагаанд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт оролцож, үг хэллээ.  

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ “Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө “Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчлэн, цагдаагийн байгууллагын түргэн шуурхай, иргэдэд чирэгдэлгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн зорилтыг дэвшүүлсэн.  Хууль ч шуурхай батлагдлаа. Нийгмийн сэтгэл зүйн байдлаас дүгнэхэд Цагдаагийн албаны хууль алба хаагчдын нийгмийн асуудал болон эрх зүйн байдал, Цагдаагийн байгууллагын тогтолцоо, түүний үйл ажиллагаанд олон нийтийн оролцоо, иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх тал дээр маш сайн хууль болсон гэсэн дүгнэлттэй байгаа юм байна.

Бид ийм хуулийг тун бага хугацаанд асар их зөв зохион байгуулалтын дор батлуулж чадсандаа баяртай байгаа юм.  Хууль батлагдана гэдэг нэг хэрэг. Түүнийг хэрэгжүүлж, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшил дадал болгож мөрдөж ажиллана гэдэг түүнээс ч чухал. Хуучин арга барилаар, хуучин сэтгэлгээгээр шинэ хуулийг хэрэгжүүлэхгүй. Цагдаагийн байгууллага, алба хаагчид өдөр тутам, цаг наргүй хатуу бүхэнтэй нүүр тулж, хүнд хүчир нөхцөлд ажилладагыг би мэднэ. Тиймээс бүх талаар Та бүхнийгээ дэмжиж ажиллах болно. Үүгээр бүх асуудал бас дуусчихгүй. Би ч сэтгэл ханаад зогсчихгүй. Хамтдаа асуудлаа ярьж, хамтдаа шийдэцгээнэ.  

Гэмт хэргийн гаралт 2012-оос 2015 онд 24,8 хувийн өсөлттэй байжээ. Тэгвэл гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 2.1 хувь, нийслэлийн хэмжээнд 11.3 хувиар буурсан байна. Энэ бол таатай хэдий ч тайвшрах үзүүлэлт биш ээ. Бидний хувьд энэ үзүүлэлтийг улам бүр батжуулах, дээшлүүлэх томоохон зорилго хүлээгдэж байна. Цагдаагийн албаны үндсэн чиг үүргээ гүйцэтгэхийн хажуугаар иргэний журамт үүргээ гүйцэтгэж, эр зориг, авхаалж самбаа, хүн чанараа харуулж, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан бахархам үйлс бүтээсэн манай алба хаагчдын тухай сайн мэдээг сүүлийн үед би олонтаа сонсож, тэднээрээ бахархаж байлаа.

Тухайлбал Галын аюулаас дөрвөн хүний эрдэнэт амийг аварсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбаяр, галын аюулаас нэг гэр бүлийн гурван хүний амь насыг авран хамгаалсан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, цагдаагийн ахлах дэслэгч Х.Ариунбат, нярай хүүхдийн амь насыг хохирч болзошгүй бодитой аюулаас аварсан Дундговь аймгийн цагдаагийн дэслэгч Б.Даваадорж нарын нэрийг энэ танхимд бахархалтайгаар дурдаж байна. Ийм хүмүүсээ алдаршуулан сайшааж, шагнаж урамшуулах нь бидний үүрэг. Олон нийт ч цагдаадаа илүү итгэж, ойртон хүрээлж байгаа нь сайн хэрэг.

Гэхдээ “Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидог” гэдэг. Сайн мэдээ, сайхан үйлсийн хажуугаар цагдаагийн өндөр нэр хүндтэй албаны нэрийг сэвтээсэн, хууль, ёс зүй зөрчсөн, албаны нэр сүрийг гул барьж жирийн иргэдийнхээ халдашгүй байдалд халдсан байж боломгүй муу хэрэг ч гарлаа. Саяхан хэсэг ажилтан бүлэглэн иргэдийн эрх чөлөөнд халдаж, зодож танхайрсан балмад үйлдэл гаргажээ. Ийм хүмүүс хуулийн хамгийн хатуу хариуцлага хүлээх ёстой. Энэ бол нийт цагдаагийн бие бүрэлдэхүүнд хамаатай. Өчүүхэн төдий ч ёс бус үйлдэл гаргасан хүнд манай цагдаагийн албанд байх орон зай байхгүй гэдгийг хатуу сануулъя. “Миний цагдаа намайг хамгаална” гэж олон түмэн чинь огтхон ч эргэлзэхгүй байвал та бүхэн ажил үүргээ сайн гүйцэтгэж байна гэсэн үг. Монгол цагдаа монголчуудынхаа амар амгалан амьдралын манаач, өндөр их өмөг түшиг нь байх учиртай” гэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай