Д.Амарбаясгалан: Төрийн албан хаагч хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой

Д.Амарбаясгалан: Төрийн албан хаагч хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Дундговь аймагт ажиллаж байна. 
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Г.Мөнхцэцэг, Ц.Цогзолмаа нараас гадна ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг, ХЗДХ-ын дэд сайд Б.Энхбаяр, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн, БСШУС-ын сайд Ё.Отгонбаяр, УУХҮ-ын дэд сайд Д.Загджав, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн нарын албаны бусад хүмүүс багтсан юм.

Ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүд, салбарын сайдууд эхлээд аймагт байх салбар байгууллагуудынхаа үйл ажиллагаатай танилцаж, үүрэг даалгавар өгсөн бол дараа нь аймгийн “Төв халхын дуулалт театр”-т иргэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгууллаа. 
Уулзалтын эхэнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан намын мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар танилцуулаад өнгөрөгч намрын чуулганаар батлагдсан зарим хуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өгсөн юм. Тухайлбал, Цагдаагийн албаны тухай, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар, Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх, ОУВС-гийн зээл, Япон улсаас нэн хөнгөлттэй авах зээлийн талаар тэрбээр танилцууллаа.

Мөн тэрбээр МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд өнгөрөгч хугацаанд 8000 иргэн элэгний өвчлөлөөсөө салсан талаар дуулгаад МАН мөрийн хөтөлбөртөө 2020 он гэхэд 150 мянган иргэнийг элэгний өвчнөөс салгах зорилт тавин ажиллаж байгааг хэлсэн юм.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд тэрбээр энэ сарын 4-ний өдөр АНУ-ын эрдэмтэн Жефри С Гленнтэй уулзаж, элэгний хүнд хэлбэрийн хорт хавдарыг судалж, илрүүлэн эмчлэх төвийн салбарыг Монгол Улсад нээх талаар ярилцсан билээ. 
Түүнчлэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Засгийн газар эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг үнэ төлбөргүй хийх асуудлыг судалж байгааг дуулгалаа. Тухайлбал, Монгол Улсад хийгдэж байгаа эрхтэн шилжүүлэх хагалгаа 110 сая төгрөгөөс дээш хийгддэг. Тиймээс эрхтэн шилжүүлэн суулгуулахаас өөр аргагүй, хүндэрсэн өвчнүүдийн эмчилгээний төлбөрийг улсын төсөвт суулгаж, шийдвэрлэж байхаар ярьж байгаа ажээ.

Иргэдийн зүгээс өмнөх аймгуудад яригдаж байсан “Ипотекийн зээлийг яагаад зогсоов, тэтгэврийн насыг яагаад нэмэгдүүлэв, цэвэрлэх байгууламж барих ажил юу болов гэх мэт асуултыг асуугаад зогсохгүй боловсрол, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй олон асуултыг асуусан юм. 
Иргэдийн асуултад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Аймаг бүрт ипотекийн зээлийг зогсоолоо гэх асуудал ярьж байна. Ипотекийн зээл зогсоогүй. Эдийн засгийг сэргээхийн тулд барилгын салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд хөнгөлөлттэй зээлийг олгох ёстой.

Тиймээс сард нэг их наяд төгрөгийг төсөвт суулгаж, энэ зээлийг олгох талаар ярилцаж байгаа. Иргэдийн энэ ташаа ойлголт арилжааны банкнуудын өндөр шаардлагатай холбоотой гэж үзэж байна. Тиймээс энэ талаар ярилцана. Харин тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудлыг хүмүүс янз бүрээр ярьж байгаа. Ахмадууд нь ажиллах нас байсаар байтал тэтгэвэрт суулгачих юм гэж шүүмжилж байгаа бол залуучууд нь ахмад настнууд суудлаа тавьж өгдөггүй гээд байдаг. Гэтэл манайхаас бусад оронд тэтгэврийн насыг нэмэгдүүлээд өгөөч ээ гэж гуйдаг шүү. Түүнчлэн төрийн албан хаагчийг хариуцлагыг дээшлүүлж ёсзүйтэй, хариуцлагатай байлгах тухай шинэ хуулийн төсөл боловсруулсан байгаа” хэмээн хэллээ.

Нийгмийн хамгааллын чиглэлээр асуусан иргэдийн асуултад салбарын дэд сайд “Эмийн хөнгөлөлттэй холбоотой асуудлыг ярьж байна. Танай аймгийн хөнгөлөлттэй эмийн төсөв өнөөдрөөс ирж байгаа. Түүнчлэн хөнгөлттэй эмийн төсөв дээр 100 сая төгрөг нэмье. Харин тэтгэвэрийн насыг нэмэгдүүлэх болсонтойгоор холбоотойгоор ирсэн асуултад хариулахад бид тэтгэвэрт гарахын өмнөх угтах бодлогыг судалж байна” гэсэн бол Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн “Танай орон нутагт хугацаа нь хэтэрсэн байрны асуудал их байгаа. Тэднийг яамны зүгээс шийдвэрлэхээ амалж байна” гэлээ.

Орон нутгийн тулгамдсан гол асуудал болох цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлын тухайд салбарын сайд “Цэвэрлэх байгууламжийг Польшийн хөнгөлөлттэй зээлээр шийдэх зургаан аймгийн нэгд Дундговь багтсан байгаа” гэдгийг дуулгасан юм. 
Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай байгаа тоног төхөөрөмж авах, эхоны аппаратыг засахад зориулж 14 сая төгрөгийг шийдвэрлэхээр болсон баяртай мэдээг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай