"Ганц"-ын гацаа

Ширүүхэн борооноор тараа таниулдаг тааруухан зам нийслэлд цөөнгүй. Үүний нэг нь Дарь-Эхийн зам. Өн­гөрсөн жилийн борооноор Дарь-Эхийн сайжруулсан цардмал зам цөмөрч, хаалт боржур нь нурж унасан. 2011 онд Санс­рын ШТС-аас Дамбадаржаа хүртэлх 6.7 км авто замыг шинэчилсэн ч эхний өдрөөсөө л замын боржин чулуун хаш­лага нь унаж эхэлснийг тэндхийн оршин суугчид ярьж байсан билээ. Зам, тээврийн ослоор нэг жилд 300-400 хүн хорвоог орхидог. Өдөрт нэг хүн ослын улмаас амьсгал хурааж байна гэсэн үг. Үүнд нөлөөлж буй шалтгааны нэг нь эвдэрсэн зам.

Энэ оны эхний гур­ван сарын байдлаар Баянзүрх дүүрэгт 396 осол бүртгэгдсэний 10 нь Дарь-Эхийн замд гарчээ. Энэ нь нэг байршилд гарсан ослын тоо гэхэд багад тооцогдохгүй юм. Гэтэл Дарь-Эхийн замд Сансрын ШТС-ын уулзварт л ганцхан хяналтын цэг байдаг. Энэ замд хяналт сул байдгийг Замын цагдаагийн албаныхан хэлж буй. Зөвхөн энэ уулзвар орчимд гэ­хэд өнгөрсөн онд 518 осол гарсан нь дүүргийн хэмжээнд бүртгэгдсэн ослын 5.6 хувийг эзэлж байна. Бид 10.00 цагийн үед Баян­зүрх дүүргийн XXI хорооны нутаг дахь Дарь-Эхийн шинэ буудлаас Ганцхудаг хүрэх зам ямархуу байгааг сур­валжилсан юм. Учир нь энэ замд өнгөрсөн онд зам, тээврийн осол 103 удаа гарчээ. Энд тэндгүй байх нүх, овоол­сон шороон дээгүүр эвээ олж явах гэж жолооч нар могой мэт сүлжилдэж, ингэж явахдаа осол гаргаж буйгаа ам уралдан ярив.

Дарь-Эхийн шинэ буудлаас Жамс­ран уулын өвөр хүртэл 500 төгрөгөөр халтуур хийдэг Ч.Төмөрмуна “Энэ за­мыг анхнаасаа л чанар муутай тавьсан. Одоо цөмөрснийг нь засаж янзалсан юм алга. Ус зайлуулах суваг байхгүй учраас бороо орж, үер буухаар зам тэр чигтээ усанд автдаг. Замын урд талын айлууд ч үүнд өртдөг. Нүх тойрох гэж яваад маши­нууд хоорондоо мөргөлдөж, шүргэлцэх нь их. Халтуур хийж олсон мөнгөнийхөө ихэнхийг машиныхаа хагарсан дугуйг нөхөхөд л зарцуулж байна” гэж ярив. Харин “Тэнүүн-Огоо” компанийн жо­лооч Ц.Амартөгөлдөр “Замын эвдрэлийг тойрч гарах гэж яваад осол гаргах нь цөөнгүй. Миний мэдэхийн энэ хавийн зам эвдрээд хоёр жил болж байна. За­мын нөхцөл муугаас болж автобусныхаа урд талын нумыг хоёр удаа хугалсан. Бааздаа очиж нумаа солиулж, цалин дээрээсээ 100 мянган төгрөг суутгуул­сан” гэв. Тэрбээр “120 мянгат-Дарь-Эх” чиглэлд үйлчилгээнд явдаг бөгөөд зуны улиралд шороо тоос бужигнаад цонхоо онгойлгоход хэцүү байдаг гэлээ. “Өглөө арчиж цэвэрлэсэн автобус хоёр эргэл­тээр яваад л ийм болж байна шүү дээ” гээд шороо тоосонд дарагдсан жолооны хүрдээ заав. Тэрбээр замын нүхийг хэзээ нөхөхийг хорооноос нь ч болтугай асууя гэж бодож буйгаа учирлав.

Ашиглалтад ороод удаагүй байгаа 127 дугаар сургуу­лиас хүүхдээ авах гэж яваа тус хорооны иргэн Д.Гантулга “Би энэ Жамсран уу­лын өвөрт 10 гаруй жил амьдарч байна. Уулын жалганаас ус урсаж ирээд зам эвдээд байгаа учраас үерийн далан, шуудуу хэрэгтэй. Энэ замаар автобус унаа явдаг болоод их сайхан байгаа ч машины дугуйнд их халгаатай. Би за­мын эвдрэлээс түвэгшээгээд машинаа хашаандаа тавьсан” гэлээ. Энэ хавийн оршин суугчид, ялангуяа жолооч нар “Бо­роо орохоор л хэцүү дээ” гэж халаглах юм. Нэгэнт ус зайлуулах хоолой хийлгүй зам тавьсан учраас үерийн ус энэ замаар гол мэт урсахаас өөр яах билээ. Хэрэв ус зайлуулах хоолой барина гээд зам хаавал хаагуур, яаж явах билээ гэцгээж байв. “Ганцын буудал” орчимд амьдар­даг иргэд хагарсан замаа засуулах гэ­хээр хэнд хандах, зам хаахаар аль замаар зорчих, эсвэл энэ чигээрээ нүх сүлжин, осол гаргаад явах уу гэсэн хэцүү бай­далд оржээ. “Ганц”-ын энэ гацааг хэрхэн тайлах талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Засвар, ашиглалтын хяналтын хэлтсийн мэргэжилтнээс тод­руулахад “Газар гэсэж байгаа энэ үед зам эвдрэх нь их. Тиймээс хүнд даацын автомашин явахыг хориглоод байгаа. Дарь-Эхийн “Ганцын буудал” орчимд тавьсан замыг гүйцэтгэсэн компанийн баталгаат хугацаа дууссан. Нийслэлээс урсгал засвар хийнэ. Гэхдээ одоогоор ажил эхлэх болоогүй” гэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай