Эрсдэл дагуулсан ногоон уулзвар

Эрсдэл дагуулсан ногоон уулзвар

Нэг зуун жилийн өмнөөс бусад улсад хэрэгжүүлж эхэлсэн байнгын ногоон гэрлэн дохионы журмыг манайх хуулбарлаж, хөрсөндөө буулгаад яг зургаан сар болж байна. Тэртээ 1900 онд хүн амынхаа өсөлт, ирээдүйд бий болох төвлөрөл, ачааллыг тооцож авто замын сүлжээ, хөдөлгөөний зохицуулалтаа төлөвлөж байсан нь гайхалтай. Тиймдээ ч өнөөдөр тэд биднээс хол “тасарчихсан” яваа биз. Нийслэл хот 500 мянга орчим иргэнтэй байх үед гаргасан сүлжээ, барьсан авто зам өдгөө там болжээ. Уулзваруудын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, өргөтгөж буй ч бид зам дээрээ түгжирсэн хэвээр. Гадаад оронд очоод ирсэн нэгнээсээ сонсож, чихээ баясгадаг байсан авто замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврээс өөр машин зорчуулахгүй, бусдынхаа хөдөлгөөнд саад учруулсан жолоочийн тээв- рийн хэрэгслийг ачих, улсын дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцуулах зэрэг арга хэмжээ аваад ч нэмэр алга. 

Хүмүүс өдөрт ба­ гадаа нэг цагийг автобус, машинд гиюүрч өнгөрөөсөөр. Эгнээг нь өргөсгөх газаргүй учир дав­ хар зам, гүүр барих л бидэнд үлдсэн сонголт гэдгийг учир мэ­дэх хүмүүс хэлдэг. Тэр болтол га­даад улсаас туршлага судалж, хэт ачааллыг бууруулахаас өөр чадах зүйл ч алга. Өнгөрсөн оны аравд­ угаар сард хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад автомашиныг гэрэл дохио харгалзахгүй, баруун гар тийш эргүүлж болох, эсэхийг туршиж байв. Туршилтын явцад жолооч нарын хүсэн хүлээж байсан “Хө­дөлгөөний ачааллыг 20 орчим хувиар бууруулж байна” гэх таатай дүн гарсан юм. Ингээд тухайн сарын 10-нд дөрөв, арванхоёрдугаар сарын 20-нд 11 уулзварын нэмэлт гэрлийг байнгын ногоон болгосон. Өдгөө 15 уулзвар ийм зохицуулалттай байгаа. Тэдгээрийн ачаалал 13 хувиар буурчээ. Тиймээс цаашид бусад уулзварыг ийм зохицуулалттай болгоно гэдгийг албаныхан хэлэв.

Тэд Улаанбаатар хотын 142 уулзварын 48-аар баруун гар тийш чөлөөтэй эргэдэг болгох боломжтой хэмээн үзэж буй юм билээ. Харамсалтай нь, уг зохицуулалтыг санаачлагчид сөрөг үр дагаврыг нарийн тооцоогүй бололтой. Журамд гэрлэн дохио харгалзахгүй баруун гар тийш эргэхийг зөвшөөрсөн уулзвараар зорчихдоо өөр урсгалаас ирж буй ма­шин, явган зорчигчид зам тавьж өгөх ёстой гэж тодорхой заа­сан. Гэтэл журмаа мөрдөж буй жолооч тун цөөн. Өнөөх л соёл­гүй зангаараа дайраад орчихно. Арай ухамсартай нэг нь бусдадаа зам тавьж өгөхөд арынх нь жолооч дуут дохиогоо хангинуулж, сандаргана. Ингээд л шүргэлцэж, мөргөлдөөд зохиомол түгжрэл үүсгэж байгааг өнөөх 15 уулзвараас харж болно.

Автомашины дуу чимээ, агаарын бохирдол, хөдөлгөөний ачааллыг бууруулна гэсэн албаныхны зорилт салхинд хийсэх нь тэр. Үүгээр ч зогсохгүй эмх замбараагүй байдал үүсгэхэд хүргэлээ. “Улаанбаатар такси” ком­панийн жолооч У.Батболд өөрт тулгардаг бэрхшээлийн талаар “Уг нь зөв санаачилга. Гэвч жолооч нар ухамсаргүй байна. Нэгнийгээ яаруулж, дуут дохиогоо хангинуулахаас эхлээд бухимдмаар зүйл олон. Зарим жолооч давуу эрхтэй зорчигчид зам тавьж өгөх хоо­ронд шүргэх нь холгүй чихэж, зэрэгцээд зогсчихно шүү дээ. Ийм зохицуулалттай уулзварт камер байршуулдаг ч юм уу, ямар нэг аргаар хянах шаардлагатай” гэж ярив. Уг зохицуулалтын сөрөг дүнд хамгийн их хохирч буй нь яв­ган зорчигч. Тодруулж хэлбэл, жолооч нар явган зорчигчид зам тавьж өгөхгүй, дайрчих шахам байгаа юм. XIII хорооллын уулзвар зэрэг үзэгдэх орчим хязгаарлагдмал хэсэгт явган зорчигч, тээврийн хэрэгсэл хоёр ослын цэгт уулзах эрсдэлтэй байна. Нэг нэгнээ харах боломжгүй орчинд хурдаа тохируулах нь жолоочийн үүрэг. Гэвч зарим жолооч явган хүн явж байгааг харсан атлаа дохио өгч яаруулаад, мөргөх шахам зөрж байгаад бухимдах хүн олон.

Баянзүрх дүүргийн иргэн Ч.Уртнасан “Гарцаар гарч буй хүнийг мөргөдөг жолооч улам олширлоо. Хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлж буй нь сайн ч явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаагүй. Хэдэн жилийн өмнө үүнтэй төстэй дүрэмтэй байсан. Тухайн үед авто осол, замын хөдөлгөөний нөхцөл ямар байсныг замын цагдаа нар мэддэг баймаар. Эхлээд явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах учиртай. Гэтэл тэгсэнгүй. Хүмүүс зам хөндлөн гарахдаа түгшдэг болов. Явган зорчигч ногоон гэрлээр гарах гэхээр тал бүрээс машин бүччихдэг болчихсон шүү дээ. Машин явж дуусахыг хүлээхээр гэрэл унтарчихна” гэв. Баруун гар тийш эргэхдээ зөрчил гаргасан жолоочийн та­лаарх дуудлага Замын цагдаагийн албанд цөөнгүй ирдгийг тус албаны эх сурвалж хэлсэн. Тэрбээр “Уулзваруудад тогтмол асах ногоон гэрэл жолоочид давуу эрх олгоогүй. Зарим жолооч өөрий­гөө давуу эрхтэй мэт дүрэм зөрчих тохиолдол бий. Ялангуяа хө­дөлгөөний ачаалал нэмэгддэг өглөө, оройн цагаар ийм явдал их гарч байна. Хэрэв бусдад хохирол учруулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Цаашид сайжруулах арга хэмжээ авна” гэж ярьсан юм. Харин Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн “Бид ийм зохицуулалт хийсэн олон улсын туршлагыг судалсан. Жолооч нар дүрмээ мөрдвөл ямар нэг зөр­чил гарахгүй. Үүнд замын цагдаа нар хяналт тавих ёстой” гэсэн юм.

Хэдийгээр жолооч нарын ухамсар, соёлтой холбоотой ч нөгөө талдаа албаныхны, тэр дундаа Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхний хийх ажил дутмаг байгаа юм. Гадаадын улсууд уг зохицуулалтыг хийхдээ баруун гар тийш эргэж буй жолооч заавал түр зогсолт хийхийг шаарддаг аж. Зарим нь хурд сааруулагч байрлуулдаг аж. Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах хамгийн түгээмэл зохицуулалт нь ойлгомж­той тэмдэг, тэмдэглэгээ тавих. Тухайлбал, Герман, Швед зэрэг улс гэрлэн дохио харгалзахгүй эргэх уулзвартаа нэмэлт дохио ажиллуулдаг гэнэ. Түүнийг харсан жолооч эргэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжтой аж. Гэтэл манайд тийм биш. Жо­лооч явган зор­чигчийн гарцан дээр зогсож, хаа­наас машин ирж буйг хараад л бол­дог. Урд нь хүн бай­гаа, эсэхийг харах ч сөхөөгүй байдаг гэж хэлэхэд болно. Уулз­вараар эргэхэд туулах замыг 10-20 метр гэж тооцвол жолооч өөрийн явж буй чиглэлийн гэрэл, эргэж болох тэмдэглэгээ, нө­гөө урсгалын машин, явган зорчигчийг энэ зайг туулахдаа харах боломжгүй гэдгийг Чин­гэлтэй дүүргийн Замын цагдаа­гийн хэлтсийн хөдөлгөөн зохицуу­лагч, ахлагч Г.Баатарсүх хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, гэрлэн дохио харгалзахгүй баруун гар тийш эргэ­хийг зөвшөөрөхдөө замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад л анхаарсан гэсэн үг. Явган зорчигч, жолоочийн аюулгүй байдлыг орхисон хэрэг. Уг зохицуулалт хэ­ рэгжээд хагас жил болж байхад уулзварын дэргэд “Зам тавьж өгөөд баруун эргэж болно” гэсэн бичигтэй самбараас өөр тэмдэглэгээ байрлуулаагүй гэхэд болно. Заримыг нь жолооч нараас нууж буй мэт байрлуулсан нь ч бий.

Дутуу судалгаа хийснийг илэрхийлэх өөр нэг зүйл нь машины хийц. Манай улсын тээврийн хэ­рэгслийн дийлэнх нь буруу талдаа жолооны хүрдтэй. Ийм машины гэрлийн тусгал, эргэлтийн зай нь манай улсын авто замын стандартад тохирдоггүй аж. Буруу талдаа жолооны хүрдтэй машины жолооч баруун гар тийш эргэхэд нэлээд бэрхшээл туулдаг аж. Олон улсын туршлагыг судалж, ачааллыг сааруулж буй ч нөгөө талдаа эрсдэлтэй орчин бий болгосныг энүүхнээс харж болохоор. Энэ оны эхний гурван сард зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд 95 хүн амиа ал­даж, 262 хүн гэмтсэн. Хариуцлагагүй жолооч, явган зорчиг­чийн алдаан дээр нийслэлийн удирдлагуудын яаруу шийдвэр нэмэгдэх вий.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай