Сингапур улсын эрүүл мэндийн салбарын сайн туршлагаас суралцаж байна

Сингапур улсын эрүүл мэндийн салбарын сайн туршлагаас суралцаж байна

Эрүүл мэндийн яам, Сингапурын Темасекийн сан, Наняны политехникийн сургууль хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх” төслийнд хүрээнд зохион байгуулагдаж байгаа менежерийн түвшиний эхний ээлжийн сургалт 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхэллээ. Сургалт 14 хоног үргэлжлэх бөгөөд энэ удаагийн сургалтад Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүдээс гадна яамны харьяа зарим төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн удирдах ажилтан, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, мэргэжилтэн, Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга нарын төлөөлөл болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож байна.

Сургалтын хугацаанд оролцогчид Сингапур улсын эрүүл мэндийн тогтолцоо, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар баримталж буй бодлого, стратеги, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, хоол тэжээлийн хөтөлбөр, хөдөлмөрийн эрүүл мэнд, орчны эрүүл мэнд,хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон халдварт бус өвчин болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, тандалтын тогтолцооны талаар Сингапур улсын туршлагыг судлаж байна. Ялангуяа Сингапур улс нь газар нутгийн хэмжээ бага хэдий ч 5.6 сая хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах хот төлөвлөлтийг зөв зохион байгуулж чадсан дэлхийн шилдэг туршлагатай орон бөгөөд нийгмийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэлээ болгож, үүнд засгийн газраас эхлээд төрийн бүх байгууллага, олон нийтийн байгууллага, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг ханган ажиллаж хүн амын эрүүл мэндээ сайжруулж байна. Түүнчлэн сургалтад оролцогчид Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлын талаар туршлагаа хуваалцлаа.

Дашрамд дурьдахад Эрүүл мэндийн яам, Сингапурын Темасекийн сан, Наняны политехникийн сургууль хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх” төслийнд хүрээнд 2017-2018 онд нийт 140 нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг богино хугацааны сургалтад хамруулах бөгөөд эрүүл мэндийн удирдах ажилтнуудад зориулсан манлайллын түвшиний сургалт өнгөрсөн 3 дугаар сард амжилттай зохион байгуулагдсан байна. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай