Монголын сагсан бөмбөгчид удирдлагуудаасаа болж эрхээ хасуулах уу

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ноос Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тамир нарт албан бичиг илгээн, дотоодын маргаантай асуудлаа шийдэхгүй бол манай шигшээ багийн олон улсын тэмцээнд оролцох эрхийг хасахаа мэдэгдэж, энэ сарын 4-нөөс өмнө ямар нэгэн албан ёсны хариу ирүүлэхийг шаардсан билээ.

Шуудайнд хийсэн эвэр шиг арсалдаж, мөнхийн дайсан гэгдэж буй дээрх хоёр холбооны эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцлээс болж Монголын шигшээ багийнхан тэмцээнд оролцох эрхээ 5-10 жилээр хасуулж ч магадгүй хүнд байдалд ороод байгаа нь энэ. FIBA хоёр холбооны хариуг үндэслэн, хэрхэхээ энэ сарын 5-ны хурлаараа хэлэлцсэн байх учиртай.

Тамирчдынхаа эрхийг хасуулахын төлөө ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар энэ сарын 4-нд МСБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тамираас тодруулахад “Монголын сагсан бөмбөгийн спортыг олон улсад төлөөлөх, тамирчдаа тэмцээнд оролцуулах эрх бүхий ганцхан байгууллага нь 55 жилийн түүхтэй манай холбоо. Гэтэл Ц.Цэвэрбал тэргүүтэй хүмүүс хууль бус хурал хийн, манайхтай ижил нэртэй холбоо өнгөрсөн жил байгуулсан. Үүнээс гадна С.Эрдэнийн удирддаг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо гэж бас бий. Яг аль нь хууль ёсных гэдгийг батлах давж заалдах шатны шүүхийн хариу энэ сарын 10 хавьцаа гарах учиртай. Гэтэл үүнийг хүлээх цаг бидэнд алга.

МСБХ-ны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал, МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга тэргүүтэй хүмүүс сүүлийн хэдэн жилийн турш FIBA-д албан бичиг илгээн манай холбоог үгүйсгэн, Ц.Цэвэрбалын удирдаж буй МСБХ-г бүртгэж авах хүсэлт гаргасан. Хөшигний ард С.Эрдэнэ бий. Тэр албан тушаал, эрх мэдлээр далайлган бүхнийг өөрийн талд шийдүүлдэг хүн. FIBA үүнээс нь залхаж, учир зүйгээ олоосой гэсэндээ ийм арга хэмжээ авч байгаа болов уу. Бид өнгөрсөн долоо хоногт уулзан, яах, юу хийхээ ярилцахад “С.Тулга “Асуудал ингэж хүндэрнэ гэж төсөөлсөнгүй. Би танаас болон тамирчдаас уучлалт гуйхад бэлэн байна. 

Бид FIBA-д захидал илгээдэг нь үнэн. Саяхан Б.Цэвэрбал багш 2016 онд авсан улсын бүртгэлийн лавлагаатайгаа хамт дахиад илгээсэн” гэсэн.

Монголын сагсан бөмбөгийн холбоог FIВA-д хэний нэр дээр бүртгүүлэх нь чухал биш. Дотооддоо учир зүйгээ олсноо баталгаажуулан, гарын үсгээ зураад, МҮОХ-гоор дамжуулан FIBA руу илгээхэд тамирчдынхаа эрхийг хасуулахгүй байх боломжтой. Д.Загдсүрэн ерөнхийлөгчтэй зөвлөхөд “Боломжийн шийдэл байна. Эвлэрсэн гэдгээ баталсан захидал бичин, гарын үсгээ зурж, тамгаа дарах хэрэгтэй” гэсэн.

Гэтэл Б.Цэвэрбал тэргүүтэй хүмүүс ингэхийг огт хүсэхгүй байна. Бүр шигшээ багийнхны гуйлтыг ч юман чинээ тоосонгүй” гэлээ.

Харин МСБХ-ны ерөнхийлөгч Ц.Цэвэлбал “Аливаа зүйл шударга байх ёстой. Б.Тамирын удирдаж буй холбоо хууль бус. Аль нь хууль ёсных гэдгийг нь батлах давж заалдах шатны шүүх хурал удахгүй хуралдана. Тэр болтол хүлээхээс өөр арга алга. Хоорондоо эвээ олсон мэт худлаа дүр эсгэн, FIBA-д захидал илгээж чадахгүй, би. Хэн нэгнийг нь хууль ёсных гэж баталсны дараа тэгж  болох байлгүй. Монголын шигшээ багийн эрхийг хасах учиртай бол хасаг. Хүртэх ёстойгоо л хүртэж байна, бид” хэмээлээ.

Мөн энэ асуудалд төрийн зүгээс оролцох боломжтой эсэхийг БТСГ-ын Төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяраас тодруулахад “Монголын сагсан бөмбөгийн холбоо төрийн бус байгууллага тул харьяа яам, БТСГ-аас ямар нэгэн шаардлага тавих боломжгүй. Өөрсдөө учраа олтол хүлээхээс өөр арга алга” гэлээ.

Одоогоор FIBA-гаас ямар нэгэн албан ёсны хариу ирээгүй байна. Харин Монголын сагсчид удирдлагаа эсэргүүцэн, ажил хаялт зарлахаа мэдэгдээд буй юм. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай