Онцгой байдлын офицер эхнэрээ хэрцгийгээр бүрэлгэжээ

Онцгой байдлын офицер эхнэрээ хэрцгийгээр бүрэлгэжээ

Онцгой байдлын албаныхан байсхийгээд л хэрэг зөрчилд холбогдож, албаныхаа нэр хүндийг унагах болов. Гэхдээ жирийн алба хаагчид нь бус, удирдах дээд албан тушаалтай офицерууд ийм явдалд орооцолдож буй нь харамсалтай. Өнгөрсөн оны наймдугаар сараас ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Санхүү хангалт, үйлчилгээний газрын дарга, хурандаа Р.Дадам тэргүүтэй албан тушаалтнуудыг тендерийн хөрөнгө завшиж, өндөр үнээр бараа материал, автомашин авч алба хаагчдадаа өгсөн зэрэг хэд хэдэн үйлдэлд холбогдуулан шалгаж эхэлсэн билээ.

Гэвч энэ хэргийг НПГ, АТГ-ынхан “Маш нууц” гэсэн тамга дараад цааш хийж, өдгөө хэрхэж буй нь тодорхойгүй болгоод байгаа. Дээрх дуулиан олны анхаарлаас холдоогүй байхад ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр гэр бүлийнхээ хамтаар Ээж хад руу зугаалж яваад тус газрын ажлын хэрэгцээнд унадаг “Ланд круйзер-77” маркийн 06-56 УНЯ дугаартай жийпийг Төв аймгийн урд зам дээр онхолдуулсан. Цагдаад бүртгүүлэлгүй нууцаар Хангалт, үйлчилгээний ангидаа аваачин зассан тухай бид олон нийтэд хүргэж байсан билээ. Ажлын машиныг хувийн хэрэгцээндээ хөлөглөж яваад онхолдуулсан даргад ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй өдий хүрэв.

Тэгвэл саяхан Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараагийн онцгой байдлын албаны офицер У эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт холбогджээ. Зүүнхараагийн иргэдийн ярьж буйгаар “Ханбаатарын гэх дуулиант хэргээс ч аймшигтайгаар эхнэрээ хөнөөсөн байсан. Эмч нар гэрт нь ороод талийгаачийн цогцсыг харж ч чадахгүй байсан гэнэ лээ” гэв.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрынхнаас авсан мэдээллээр энэ ноцтой хэрэг гуравдугаар сарын 18-нд буюу Монгол цэргийн өдөр гарчээ. Зүүнхараад үйл ажиллагаа явуулдаг цэрэгжсэн байгууллагуудын дунд марш тактикийн тэмцээн болж, онцгой байдлын офицер шүүгчээр нь ажилласан гэнэ. Тэмцээний дараа архи ууцгааж, шөнө нь гэртээ очоод эхнэрээ хөнөөжээ.

Онцгой байдлын офицер У сархад багагүй хүртчихдэг, уухаараа гэр бүлийнхэндээ агсам тавьдаг байсан тухай орон нутгийн иргэд ярьж байна. Түүний ах нь Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын албанд ажиллаж байсан нэгэн, садан төрлийнх нь хүн цагдаад нь ажилладаг гэдгийг ч нутгийн иргэд ярив.

Талийгаач эхнэр нь Зүүнхараагийн Хэрх багийн сургуулийн нийгмийн ажилтан байсан гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (30)

Илгээх

Энэ тухай