Амьд "компьютер"

Амьд "компьютер"

Аавынхаа нэрлэсэн улсын далбааг огт тээнэгэлзэж, түгдрэлгүй заан, амандаа шулганах эгдүүтэй, бяцхан охины бичлэг цахим ертөнцөд олны хайрыг татаад буй.

Гойд оюун ухаан, чадвараараа олны гайхашрлыг төрүүлээд буй хоёр ой гаруйтай Х.Ивээл 90 гаруй улсын далбааг цээжлэн, спорт өрөлтөөр эгдүүтэй гэгч нь тоглож суржээ. Тэрбээр Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатарын бага охин нь. Х.Ивээлийн авьяас, чадвар, бага насны хүүхдийн оюун ухааныг хэрхэн хөгжүүлбэл зохилтой талаар Х.Хатанбаатартай цөөн хором ярилцлаа.

-Та охиндоо улс орнуудын далбаа, спорт өрөлтийг хэзээнээс зааж эхэлсэн бэ?

-Би хоёр охинтой. Томыг нь Мишээл, багыг нь Ивээл гэдэг. Үнэнийг хэлэхэд ажил, тэмцээн гээд охиддоо гаргах зав хомс байдгийг нуугаад яах вэ. Өдөрт сайндаа л 10 минут зарцуулж амждаг. Ивээл хэлд хараахан ороогүй ээ. Хэдхэн үг л хэлж чаддаг. Хоёр ой хүрээгүй байхад нь улс орнуудын далбааг цээжлүүлж эхэлсэн.

Эхэндээ 2-3 далбаа л цээжлүүлдэг байлаа. Маргааш нь өнөөхөө давтчихаад, дахиад 2-3-ыг заана. Бага насны хүүхэд 40 гаруйг цээжилснийхээ дараа залхах, уйдах эрсдэлтэй. Тиймээс 50-иадыг өөрийн болгосных нь дараа түр завсарласан юм. Одоогоор 90 гаруй улсын далбааг мэддэг болоод байна.

-Ивээлд өөр авьяас бий юү?

-Байлгүй яах вэ. Дуу дуулах, бүжиглэх дуртай. Өнөөдөр зурагтаар үзсэн бүжгийг маргааш нь аль хэдийнэ сурчихсан, эвлэгхэн хөдөлдөг шүү. Улсын далбаа цээжлэх, спорт өрөлтөөс гадна оюун ухаан хөгжүүлэх таван төрлийн спортоор тоглож байна. Энэ төрлөөр огт хичээллэж эхлээгүй байхдаа цэцэрлэгийнхээ ой тогтоолтын тэмцээнд оролцсон.

Аливаа зүйлийг бусад хүүхдээс хурдан ойлгож, сэтгэж байгаа нь анзаарагдаж л байна. Ер нь бүх зүйлийг нэг дор заах зохимжгүй. Оюун ухааныг нь хөгжүүлэх дасгалыг бага багаар ахиулж, зөв системээр хөгжүүлэх нь илүү үр дүнтэй.

-Оюун ухааны гоц авьяас удамших боломжтой юу. Эсвэл уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болох уу?

-Мэдээж удамших боломжтой байх. Би энэ талаар хатуу байр суурь баримталдаггүй. Удамшлаас илүүтэй уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл хүний оюуныг хөгжүүлдэг гэдэгт итгэдэг.

-Эцэг, эх бүхэн үр хүүхдээ гоц оюун ухаантай, аливаа зүйлийг хурдан цээжилдэг, мартдаггүй болгохыг хүсэж явдаг нь мэдээж. Тэдэнд хандаж зөвлөгөө өгнө үү?

-Хүүхдийн оюун ухааныг хоёр настайгаас нь эхэлж хөгжүүлбэл илүү үр дүнтэйг эрдэмтэд нотолсон. Бүх зүйлийг сургууль, цэцэрлэгт даатгах нь учир дутагдалтай. Хүүхдийг хөгжүүлэхэд эхийн хэвлийд байхаас л анхаарах нь чухал. Хийсвэрээр заасан зүйлийг хүн хурдан мартдаг. Тиймээс тухайн улсын нэрийг дуудлага төстэй үгээр хослуулж заах нь үр дүнтэй.

Жишээлбэл, Чехийг чих, Ямайкийг ямаа зэргээр төстэй үгээр орлуулж заах нь бага насны хүүхдийн сонирхлыг ихэд татдаг. Ер нь хүүхдийг олон төрлийн тоглоомоор тоглуулах нь уйдамтгай болгодог гэмтэй. Тиймээс оюуныг нь хөгжүүлэх хэдхэн тоглоомтой уйдтал нь “нөхөрлүүлэх” хэрэгтэй. Хүүхэд хөгжүүлэх талаар ном уншиж, судлах бусдаас зөвлөгөө авах хэрэгтэй. Ихэнх эцэг, эх хүүхдийнхээ оюун ухааныг хөгжүүлэхийн тулд буддаг ном ашигладаг.

Гэтэл өнөөх номыг эхнээс нь дуустал будлаа гээд хүүхдийн тархи цогцоороо хөгжихгүй. Харин энэ дасгалыг хийснийх нь дараа үүнийг гээд системтэй хөгжүүлэх нь зөв. Оюуны спорт хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, анхаарлаа төвлөрүүлэх чадварыг сайжруулдаг ач тустай.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай