Монголбанкнаас арилжааны банкуудад ипотекийн зээлийн талаар албан тоот илгээв

Монголбанкнаас арилжааны банкуудад ипотекийн зээлийн талаар албан тоот илгээв

Монголбанк ипотекийн санхүүжилтийн шинэчилсэн журмын дагуу сар бүр санхүүжилтээ олгож байна. Гэтэл зарим банк “Монголбанкнаас санхүүжилт олгохгүй байгаа. 8 хувийн зээл зогссон” гэх зэргээр харилцагчиддаа мэдээлэл өгч байгаа талаар иргэд удаа дараа гомдол мэдүүлж, Монголбанкинд хандаж байна. Иймд Монголбанкны зүгээс нийт банкуудад хандан ипотекийн зээлийн санхүүжилтийн талаар  үнэн бодит мэдээлэл өгч байхыг хүсч, албан тоот илгээлээ. 

Уг албан тоотод “Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөл байдалд Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийг аль болох тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор өөрийн эзэмшиж буй ИЗББ-ын эргэн төлөлтийн хэмжээгээр буюу 25-35 тэрбум төгрөгийн санхүүжилтийг сар бүр банкуудад олгож байгаа билээ. Тиймээс танай банк Төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн хамтран ажиллахаар Ерөнхий гэрээнд нэгдэн орсон банкны хувьд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохистой түвшинд хангах, Засгийн газар, Монголбанкны бодлогод олон нийтийн итгэх итгэлийг сулруулахгүй байх, мэдээллийг харилцагчдад үнэн зөв хүргэх тал дээр цаашид анхааран ажиллахыг хүсье” гэв.

Дашрамд дурдахад, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10-р сарын 25-ны өдрийн А295 тоот тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан. Энэ дагуу Монголбанк ипотекийн зээлийг сар бүрийн үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжүүлж буй. Монголбанк ипотекийн зээлийн шинэчилсэн журмын хүрээнд 2016 оны 10-р сараас 2017 оны 3-р сар хүртэлх хугацаанд  169.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, 2476 иргэний ипотекийн 5 болон 8 хувийн зээлийг шийдвэрлэснээс  хөдөө орон нутагт 4.02 тэрбум төгрөг олгогдсон байна. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

Илгээх

Энэ тухай