Гурван сарын дотор 75 хүн хар тамхины хэрэгт холбогджээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газар өнгөрсөн сард баталсан. Эл хөтөлбөр хэрэгжсэнээр мансууруулах бодисын хэрэглээг хянах, таслан зогсоох, тэмцэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, донтсон хүнийг сайн дурын болон албадан эмчлэх ажил үр дүнтэй болно гэж мэргэжилтнүүд үзэж байв.

Харин уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал. Энэ үүднээс ЦЕГ “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажилд төрийн бус байгууллагын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр зохион байгууллаа. 2014 онд 155 хүн хар тамхины хэрэгт холбогдсон бол он гарснаас хойш гуравхан сарын дотор ийм 75 хэрэг бүртгэгджээ.

Үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг ч бусдын нөлөөнд автах, эцэг эхийн хараа хяналтгүй байдал ихээхэн нэрмээс болдог гэж ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын хэлтсийн дарга, хошууч Л.Төгс-Ухаан хэлэв.

Хэлэлцүүлэгт Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг, “Хар тамхитай тэмцэх мэдлэг”, “Хорт зуршлаас сэргийлэх нийгэмлэг” ТББ-ын төлөөлөл оролцож, мансууруулах бодисын хор хөнөөл, эрүүл мэндэд учруулах уршгийн талаар илтгэл тавилаа. Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хамгийн үр дүнтэй арга нь уг тахлын талаарх мэдлэг, мэдээллийг иргэдэд нэгдсэн зохион байгуулалт, эмх цэгцтэй олгох гэж оролцогчид санал нэгдэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай