Сураг алдарсан зам

Улаанбаатарын орчимд хүний амь нас, эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулдаг аймшгийн гэмээр авто зам цөөнгүй бий. Үүний нэгд Налайх, Улаанбаатар чиглэлийн авто зам багтдаг. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хүн амтай зэрэгцээд иргэдийнх нь тоо өсөж буй дүүрэг бол Налайх. Тэндээс ажил, сургуульдаа ирэхээр хотын төв рүү зүглэх хүн олон.

Тийшээ ажилдаа явах хүн ч бишгүй. Нийтийн тээвэрт нь зорчигч пиг чихээд, таски, хөлсний машинууд нь хүнээр дүүрээд л хоёр тийш давхилддаг. Ингэж яваад осол гаргах нь хэвийн үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй. Хүн амын өсөлт, тус замаар зорчих зүүн болон өмнөд чиглэлийн тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор Налайх, Улаанбаатар чиглэлийн зам ачааллаа дийлэхгүйд хүрч байгаа гээд хэлчихэд нэг их ташаарсан болохгүй биз.

НАРИЙХАН ЗАМД ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛЭХДЭЭ УРСГАЛ СӨРЖ ОСОЛ ГАРГАЖ БАЙНА

1960-аад оны үед хятад ажилчид тавьсан, шинэхэн жолооч нар “дугуй хагарчихаж” гэж эндүүрэм дуутай энэ замыг зайлшгүй өргөтгөн шинэчлэх шаардлагатай болсон. Зундаа Горхи-Тэрэлжийн бүс рүү амарч зугаалагчид, зүүн аймгуудаас нийслэлийг зорьсон иргэд, Замын-Үүдээс ачаа зөөсөн тээвэрчид гээд уг замаар зогсоо зайгүй тээврийн хэрэгсэл цувдаг. Үүнээс гадна Багануураас нүүрс тээвэрлэн Улаанбаатарыг зорьсон хүнд даацын машинууд ачааллыг эрс нэмдэг.

Гэтэл Налайх, Улаанбаатар чиглэлийн зам 1960-аад оны л янзаараа нарийхан. Хүнд даацын хоёр машин арай ядан зөрөх энэ замд өдөр бүр л осол гардаг. Гарч буй ослын шалтгаан нь ихэвчлэн гүйцэж түрүүлэхээс болдог бол, саад тойрох гээд эсрэг урсгалаас ирж буй машинтай мөргөлдөн, шүргэлцэх нь ч олон. Зөвхөн 2016 онд Налайх чиглэлийн замд ослын улмаас долоон хүний амь хохирчээ.

Тэдний нэг нь хүүхэд. Согтуудаа машин барьж, урсгал сөрөн давхиж яваад дөрвийн дөрвөн хүн амиа алдсан байх юм. Энэ оны эхний гурван сарын байдлаар дээрх чиглэлийн замд ослын 12 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд үүний улмаас хоёр хүн хүнд гэмтсэн байна. Хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад осол 20-30 хувиар буурсан үзүүлэлттэй ч тайвшрах тоо биш. Учир нь амралт зугаалгын улирал эхлэх, баяр наадам болохтой зэрэгцээд энэ замд гарах осол, хэргийн тоо нэмэгддэг гэсэн статистик бий.

Өдгөө Налайх, Улаанбаатар чиглэлийн энэ замаар ОХУ, Монгол, БНХАУ-ын хооронд транзит ачаа тээвэрлэсэн хүнд даацын машинууд нааш цааш явах нь ихэссэн. Үүнээс өөр босоо тэнхлэгийн зам байхгүй учраас зайлшгүй Налайхаар дайрч, Улаанбаатараар дамжин Алтанбулаг хүрч буй билээ. Тиймээс А зэрэглэлтэй энэ замыг өргөтгөх, сайжруулах гарцаагүй шаардлага манайд тулгарч байгаа.

ӨРГӨТГӨЛИЙГ САНХҮҮЖҮҮЛЖ ГҮЙЦЭТГЭХ ХЯТАДУУД СУРАГГҮЙ БОЛОВ

ДЭМБ-ын замын хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөлийн тухай илтгэлд дурдсанаар осол хэргийг бууруулж, хүний амь нас, эрүүл мэндэд учрах хохирлыг багасгаж чадсан орнууд хуулиа сайжруулж, хэрэгжилтэд хяналт тавин, зам, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг дээшлүүлсэн гэж дурдсан байна. Манайд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шинэ хууль хэрэгжиж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нөхдийн тоо үүнийг дагаад буурсан сайн үзүүлэлт өнгөрсөн 1-2 жилийн хугацаанд гарсан.

Гэвч Зам, тээврийн яам, зам барих захиалга өгч буй байгууллагууд ажлаа энэ хуульд заасны дагуу хийдэггүйгээс “өргөнөөс нь монгол дарга, зузаанаас нь хятад дарга иднэ” гэгчийн үлгэрээр чанаргүй зам тавьж, тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийнх нь мөнгийг завшчихдаг тал бий. Манай өдөр тутмын цахим хуудсуудад шинэ зам тавихаар гэрээ үзэглэсэн, замын арчилгаа, аюулгүй байдлыг хариуцсан байгууллагууд ажлаа сайн хийж буй гэсэн мэдээлэл дүүрэн.

Ачир дээрээ хийсэн ажил нь үр дүнгүй. Үүний нэг жишээ бол Налайх, Улаанбаатарын чиглэлийн зам. Засгийн газрын 2010 оны долдугаар сарын 21-ний тогтоолоор Концессын зүйлийн жагсаалт баталж, түүний хавсралтын 51 дүгээрт “Баянзүрхийн товчоо, Налайх, Чойр чиглэлийн авто замын уулзвар хүртэлх 17.5 км хурдны авто зам барих төслийг барих, шилжүүлэх нөхцөлтэйгөөр шууд гэрээ байгуулахаар тогтсон юм. Үүний дагуу уг замыг шинэчлэхээр ЗТЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийн газарт 2014 онд судалгаа хийж эхэлсэн бөгөөд тухайн жилд концессын гэрээний дагуу гүйцэтгэгчийг шалгаруулж, гэрээ байгуулах, 2015 оноос барилгын ажил хийхээр төлөвлөсөн байв.

Ингэхдээ нэг чиглэлдээ хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй зам тавих байсан юм. 2014 оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын CRCC гэх барилгын компанийн эрх бүхий албан тушаалтнууд манайд ирж, Баянзүрхийн товчооноос Налайх дүүргийн чиглэлд 17.5 км авто замын ажил болон Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо чиглэлийн 3.4 км авто зам, тус чиглэл дэх 288 метр гүүрийн ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэхээр болж, санамж бичигт гарын үсэг зурснаас хойш гурван жил болох гэж байна.

Тухайн үед Нийслэлийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Баттулга “Та бүхнийг хүрэлцэн ирж, нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг болж байгаад талархаж байна. Бидний хамтран хэрэгжүүлэх гэж байгаа ажлууд нийслэлийн бүтээн байгуулалтын ажлын эхлэл бөгөөд цаашид олон төсөл дээр харилцан ашигтай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээж байсан нь хэвлэлийн хуудсанд хадгалагдан үлджээ.

Гэтэл дээрх чиглэлийн зам өргөссөнгүй. Харин ч замыг шинэчлэх сургаар төрөөс ахиухан мөнгө авчих гэсэн шуналтнууд зам барих газар руу шахаж, хашаа байшин бариад суурьшиж байна. Нийслэлийн ИТХ-ын даргатай гэрээ байгуулж, 2015 оноос ажлаа эхлүүлчих байсан хятадууд юуны учир сураггүй болсон нь тодорхойгүй.

2016 оны зургадугаар сар дундаа орж байхад тухайн үед Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан М.Зоригт “Хятадын хөрөнгө оруулалтаар хийх уг замын санхүүжилтийн гэрээг долдугаар сард хийхээр болсон” гэж мэдээлэл өгч байсан ч өнгөрсөн жил ямар ч ажил хийгээгүй.

Энэ онд Налайх, Улаанбаатар чиглэлийн замыг шинэчлэх, эсэх талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхнаас тодруулахад “Өнгөрсөн дөрвөн жилд энэ замыг өргөтгөх талаар олон удаа ярьсан ч хийгээгүй

Зурав нь үнэн. Энэ жил замын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Хөрөнгө оруулагчтай гэрээ хийх зэрэг ажил бий” гэсэн юм. Өмнөх жилүүдэд ч албаны хүмүүс ингэж ярьсаар бүтэн 3-4 жилийг ардаа орхисон билээ.

ЗАМ ӨРГӨН БОЛГОЧИХВОЛ УТААГ САЛХИНЫ ДООР ГАРГАХ БОЛОМЖТОЙ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олон төвт хот болгохоор зорьж буйгаа нийслэлийн Засаг дарга С.Батболд өнгөрсөн хоёрдугаар сард болсон “Улаанбаатар-хөрөнгө оруулалт-2017” уулзалтын үеэр дуулгасан. Хүн амын 50 орчим хувь нь амьдарч буй их хотын дэд бүтцийг сайжруулж, иргэндээ ээлтэй орчин бүрдүүлэх, түгжрэлийг бууруулж, утааг багасгахад дээрх зорилт үр дүнгээ өгөх нь дамжиггүй.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд утааны асуудлаар зөвлөмж гаргаж, маргааш нь Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй эл асуудлаар уулзсан билээ. Энэ үеэр тэрбээр “Аюултай орчноос аюулгүй орчин руу нүүх боломж бололцоогоор хангана. Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгаараа баялаг, үүнийгээ ашигла.

Нийт аймаг, сум нүүлгэн шилжүүлэлтийн асуудалд анхаарч “манай нутагт ирээд эмнэлэг, барилга байгууламжаа бариарай” гэж уриалах хэрэгтэй. Баянхошуу, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийг эко бүс болгох. Тэнд суларч байгаа газруудыг ногоон бүс болгож ажиллах тал дээр байгаль орчны чиглэлээр ажилладаг бүх байгууллага манлайлал гаргаж ажиллаж чадна” хэмээн ярьж байсан билээ.

Ерөнхийлөгчийн санаачилга, хотын даргын зорилтыг ажил хэрэг болгоход Налайх, Улаанбаатар чиглэлийн замын өргөтгөл шинэчлэл ихэд тус дэм болно доо. Түгжрэлийг сааруулахад замын үйлчилгээ, автобусны буудлууд маш сайн, олон байх хэрэгтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Эхлээд шинэ замаа тавих шаардлагатай. Ингэхдээ алс ирээдүйгээ бодож хоёр урсгалтай, нэг талдаа 2-3 эгнээтэй, бетон хучилттай зам тавих нь чухал.

Дараа нь Налайхын шинэ суурьшлын бүс рүү Баянхошуу, Зүүнсалаа, Зурагт, Дарь-Эх зэрэг утаа их гаргадаг гэр хорооллын айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, татвар, хөнгөлөлт урамшууллаар дэмжээд өгвөл салхины дээд талд байгаа утаа гаргагчид багасаад л явчихна. Налайхад дэд бүтэц нь ч бий. Төмөр замыг нь түшиглээд рэйлбус хэмээх үнэтэй авсан унаагаа явуулчих боломжтой.

Тиймээс замаа өргөтгөн шинэчлэхийн зэрэгцээ ирээдүйгээ харж, утааг бууруулах бодлого зорилтоо ч хамтатгах нь чухал байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

Илгээх

Энэ тухай