Дотоод амар амгалангийн тухай ёгт үлгэр

Дотоод амар амгалангийн тухай ёгт үлгэр

Нэгэн баян эрхэм, сэтгэлийн амар амгаланг харах болгонд мэдрүүлэх тийм уран зурагтай болохыг мөрөөддөг байж гэнэ. Тэгээд тэрээр тийм бүтээл туурвиж чадсан хүнийг нэг сая алтан зоосоор шагнахаар ам гарч гэнэ. Энэ тухай дуулж мэдсэн уран бүтээлчид өнцөг булан бүрээс өөрсдийн бүтээлийг ирүүлснийг баян нөхөр үзэж үзэж хоёр зургийг онцолж гэнэ.

Эхний зургийн өнгө будаг нь солонго адил хослон байх бөгөөд үнэхээр амар жимэр дүр зургийг дүрслэн харуулжээ. Үдийн наран дор цэнгэг нуурын мандал гялтагнан, эрэг дагуу ургах мод бургас туяхан мөчрөөрөө ус руу тэмүүлж, нуурын мандалд хун шувууд хөвж, тэртээх алсад үзэгдэх жижгэвтэр тосгоны наах нь адуун сүрэг бэлчиж байна гэнэ.

Хоёр дахь зураг зохиомжийн хувьд эхнийхээс тэс өөр байлаа. Зураач нь хүрхрэх их далай, сүрлэг өндөр хадан хясаа зэргийг дүрсэлжээ. Хүчит салхи исгэрч, далайн ус хадан хясааны “бүсэлхийг” шүргэх шахам давалгаалж, бараан үүлс дүнсийн харагдаж, хясаан оройд ургах хөгшин мод аянга цахилгаанд жихүүдэс төрүүлэм тахиралдах ажээ. Нэг үгээр хэлбэл энэ зургийг амар тайван гэж хэлэхэд бэрх байлаа.

Гэсэн ч өнөөх баян нөхөр энэ зургийг сонгож гэнэ. Учир нь тэрээр хадан хясааны сүүдэрт, хадны завсраар ургасан бутлаг ургамал дээр нэгэн жижгэвтэр цагаан шувуу үүрээ засч, дотор нь амар гэгч нь сууж байхыг олж харжээ. Бяцхан шувуу ширүүн шуурган дунд өндгөө даран суух нь түүнд жинхэнэ амар амгалан гэж чухам юу болохыг ойлгуулах шиг болж гэнэ.

Эргэн тойронд амар жимэр байхад мэдрэгдэх амар тайван байдал жинхэнэ бус... Харин гадаад ертөнцөд юу ч болж байсан сэтгэлд хадгалагдан үлдэх амар амгалан бол чухамхүү туйлын амар амгалан мөн.

Виолайф.ру сайтаас орчуулсан: Ө. Уянга

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай