Онцгой Байдлын Ерөнхий Газраас ой, хээрийн түймрээс сэргийлэхийг анхааруулж байна

Онцгой Байдлын Ерөнхий Газраас ой, хээрийн түймрээс сэргийлэхийг анхааруулж байна

Хаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Он гарсаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 10 удаагийн ой, хээрийн түймэр гарсан.

Ялангуяа иргэд хашааны өнжмөл өвсөө шатаах, цогтой үнс нурмаа ил задгай асгах, ой, хээрт гал түлж бүрэн унтраахгүй орхих зэрэг нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байна.

Тухайлбал, Төв аймгийн Баянцогт суманд /2017.03.31/ ой, хээрийн түймэр гарч аймгийн Онцгой байдлын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж түймрийг   2017.04.01-ний өдөр  бүрэн унтраасан.

Булган аймгийн Сэлэнгэ суманд хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.03.31/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран нийт 52 хүн ажиллаж  2017.04.01-ний өдөр бүрэн унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Кувейтын аманд хээрийн түймэр гарсан тухай мэдээллээр /2017.04.01/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 албан хаагч, Богд уулын дархан цаазат газрын 7 ажилтан, нийт 33 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллан бүрэн унтрааж, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын албаны  байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт нийт 60 орчим га талбай өртсөн.

Сүхбаатар аймгийн  Сүхбаатар суманд хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.04.01/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд, “Цайрт минерал” ХХК-ийн ажилтнууд нийт 30 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг цагт бүрэн унтраасан.

Мөн өнөөдөр буюу 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Сүмбэр суманд айлын өвөлжөө шатсанаас, айлын гадаа ил задгай асгасан цогтой үнс нурамнаас үүдэн хоёр ч удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Төв аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран шуурхай  ажиллаж, түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Иймд, хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай