Э.Бат-Үүл, Д.Баттулга нарыг АТГ-т шалгуулахаар өргөдөл өглөө

Э.Бат-Үүл, Д.Баттулга нарыг АТГ-т шалгуулахаар өргөдөл өглөө

Нийслэлийн засаг дарга асан Бат-Үүл, НИТХ-ын дарга асан Баттулга нарыг Авлигатай тэмцэх газраар шалгуулах хүсэлтийг  ТҮЦ эрхлэгчдийн Түмэн холбоо болон “Олон нийт иргэний хяналт” Төрийн бус байгууллагын төлөөлөл Авлигатай тэмцэх газарт өчигдөр хүлээлгэн өглөө. Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нар нь албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгуулах хүсэлтээ гаргасан байна. 2013 оноос эхлэн Улаанбаатар хотын гудамжинд байрлах элдэв төрлийн ТҮЦ-ийг цэгцлэх ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээндээ нэг стандартын ТҮЦ барина гэдэг мэдэгдлийг тухайн үеийн Нийслэлийн удирдлага мэдэгдэж байсан билээ. 
Энэ бүхний дараагаар “КИГ” ХХК нь стандартын ТҮЦ-ийг 10-11 сая төгрөгөөр хийж, худалдаалж эхэлсэн. Уг компани эхний ээлжинд 300 орчим ТҮЦ-ийг үйлдвэрлэн борлуулсан байдаг тухай ТҮЦ эрхлэгчдийн Түмэн холбооныхон мэдэгдэв. 
Иргэдэд 10-11 сая төгрөгөөр худалдсан ТҮЦ-ийг байршуулах газар, ажиллах зөвшөөрлийг нь “КИГ” компани хөөцөлдөж өгдөг байсан. Хэрэв тус компаниас ТҮЦ худалдан авахгүй бол газрын зөвшөөрөл нь олдохгүй. ТҮЦ ажиллуулах нөхцлийг нь бүрдүүлж өгөхгүй байсан тухай өнөөдөр иргэд гомдолдог.Энэ бүх шалтгааны улмаас Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нарыг АТГ-аар шалгуулах нь зүйтэй гэж үзсэн тухайгаа тайлбарлаж байсан юм. 
Өнөөдөр Улаанбаатар хотод 1200 орчим ТҮЦ байдаг. Эдгээрийн 300 нь хувь иргэн болон зарим аж ахуйн нэгжийн бүртгэлтэй. Харин үлдсэн ТҮЦ-ийг зөвхөн “КИГ” ХХК эзэмшиж түрээслэн ажиллаж байгаа. Түрээсийн цаана маш их хэмжээний мөнгө урсаж байна. Үүний цаана хуучин хотын удирдлага болох улс төрчид хамаатай байж болзошгүй гэсэн хардлага байгаагаа  гэдгээ “Олон нийт,иргэний хяналт” ТББ-ын тэргүүн А.Батзориг тайлбарлаж байсан юм. 
Нэг ТҮЦ-ийг сард 1 сая төгрөгөөр түрээслэж байна. Ийм нөхцөлд сардаа л хэдэн зуун сая төгрөг. Жилдээ хэдэн тэрбум төгрөгийг улс төрчдөөс давуу эрх эзэмшдэг компани олдог байж болзошгүй гэж ТҮЦ эрхлэгчдийн “Түмэн” холбооныхон үзэж байгаа гэсэн. ТҮЦ-ний шинэчлэлийн цаана 70 гаруй тэрбум төгрөгийн хэрэг байж болзошгүй гэж хардаж байгаа гэнэ. 
Дээрх бүх шалтгааны улмаас АТГ-т Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга асан Д.Баттулга нарыг шалгуулах хүсэлтэй гэдгээ ТҮЦ эрхлэгчдийн “Түмэн” холбоо, “Олон нийт, иргэний хяналт” ТББ-ынхан мэдэгдлээ. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

Илгээх

Энэ тухай