Б.Мөнхзаяа: Би таван зайд улсынхаа дээд амжилтыг эзэмшдэг

Саяхан болсон Тайванийн марафонд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Баярцогтын Мөнхзаяа түрүүлсэн билээ.

Тэрбээр тус тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны, Ази тивийн хоёр дахь тамирчин болсон юм. Хөнгөн атлетикийн таван зай (3, 5, 10, 21, 42 км)-д улсынхаа рекордыг эзэмшдэг түүнтэй ярилцлаа.

-Тайванийн марафонд танаас өмнө Ази тивээс ганцхан хүн түрүүлж байсан гэхээр чансаа өндөр, өрсөлдөөн ихтэйнх нь илрэл болов уу. Энэ тэмцээнд оролцох болзлыг хэрхэн хангасан бэ?

-Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF)-ны “хүрэл зам”-ын ангилалд багтдаг энэ тэмцээнд 2:40:00 секундээс дотогш гүйдэг тамирчдад оролцох эрх олгодгоороо онцлогтой. Би энэ болзлыг нь хангаж, анх удаа урилгаар хурд сорилоо. Тайванийн марафонд арван мянга гаруй хүн оролцсон. Тэдний 16 нь мэргэжлийн тамирчин байлаа.

Өмнө нь манай улсаас А.Гантулга, Батцэцэг нар өрсөлдөж байсан юм билээ. Энэ тэмцээнийг зохиож эхэлснээс хойших 13 жилийн түүхэнд түрүүлсэн Ази тивийн хоёр дахь тамирчин боллоо, би. Тэмцээнийг зохион байгуулагчид “Азийн тэр тусмаа монгол хүн манлайллаа” гээд их гайхаж, сонирхож байна лээ.

-Ихэвчлэн Кени, Этиопын тамирчид түрүүлдэг юм билээ. Анх удаа оролцсон болохоор түрүүлнэ гэх итгэл байв уу?

-“Өндөр зэрэглэлийн тамирчидтай өрсөлдөнө. Тиймээс би түрүүлж арай чадахгүй байх” гээд өөрийгөө чамлаж, голвол амжилтад хүрч чадахгүй. Улсаа төлөөлж ганцаараа оролцсон болохоор “Монгол хүн ямар их авьяастай, тэсвэр хатуужилтайг харуулна аа” хэмээн өөрийгөө зоригжуулаад л гүйсэн.

Тэмцээний өмнө уралдааны замыг сайтар судалж, төлөвлөгөөгөө боловсруулан, эх орондоо бэлтгэлээ хийж байгаад уралдлаа.

-Аль орны тамирчидтай ширүүн өрсөлдөв?

-Кени, АНУ, Этиопын тамирчид энэ тэнцүү өрсөлдлөө. Гараанаас тэргүүллээ алдалгүй, манлайлж уралдахыг зорьсон. Тэгсэн маань ч үр дүнгээ өглөө. Огцом өгсүүр, уруу ихтэй, бартаатай замтай юм байна. Бэлтгэл сайтай байсан болохоор ядарч, цуцаагүй ээ.

-Өнөөгийн Монголын хөнгөн атлетикийн спортын өнгийг тодорхойлж яваа хуруу дарам тамирчны нэг нь, та. 17 насандаа энэ спорттой амьдралаа холбосон дурсамжаасаа хуваалцана уу?

-Үнэнийг хэлэхэд би багадаа биеийн тамирын хичээлд дургүй, аль болох аргалаад суухгүй байхыг эрмэлздэг байсан. Дорнод аймгийн ерөнхий боловсролын XII дугаар сургуулийн багш Сүхбаатар, Лхамжав нарын удирдлага дор 2010 онд энэ спортоор хичээллэж эхэлсэн.

Хөнгөн атлетиктай амьдралаа холбосноос хойш хэдхэн сарын дараа болсон Дорнод аймгийн АШТ, УАШТ-ий 3, 5 км-ийн зайн төрөлд мөнгөн медаль хүртэж, амжилтын салхиа хагалж байлаа. 2011 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн дасгалжуулагчийн ангид элсэн, хотод ирснээсээ хойш А.Гантулга багшийн удирдлага дор тогтмол бэлтгэл хийж эхэлсэн.

Зарим хүн “Арай оройтчихсон юм биш үү. Эсвэл биед арай амар спортоор хичээллэсэн нь дээр байх” гэж байлаа. Эмэгтэй хүн 42 км-ийн зайд уралдаж байна гэж төсөөлөхөд бэрх байсан юм болов уу. Хол зайнаас нь сүрдсэн гэнэ лээ. Энэ спорт тамирчнаас их тэсвэр тэвчээр шаарддаг нь надад таалагддаг.

-Эмэгтэй хүн 42 км замыг гурван цагийн турш туулж, уралдана гээд төсөөлөхөд ч бэрх байна. Шантрах үе гарч байна уу?

-Анхандаа шантарч, “Больё” гэмээр үе тохиолдож байсныг нуугаад яах вэ. Амжилт гарган, ур чадвар ахихын хэрээр урамшин тэр бүхнээ умартдаг юм билээ. Одоо надад эргэлзэх, буцах эрх байхгүй. Энэ спортод хэзээ ч сэтгэлээ татаж чадахааргүй дурласан.

Бэлтгэл хийх орчин нөхцөл тааруу болохоор хүйтний улиралд хүндрэлтэй байдаг. Гадаадад бэлтгэлээ базаахад хөрөнгө их шаардана. Би өмнөө том зорилго тавьсан. Уйгагүй хөдөлмөрлөж, хоёргүй сэтгэлээр зүтгэж байж л үүндээ хүрнэ.

-Анхандаа ойрын зайд гүйж байгаад 2015 оноос марафоны төрөлд ч бас өрсөлдөж эхэлсэн гэсэн. Гол ялгаа нь юун дээр анзаарагддаг вэ?

-Мэдээж өөр өөр ур чадвар шаардана. Богино зайд огцом хурд, тэсрэлт чухал бол марафонд тэсвэр хатуужил, тактикаа сайтар боловсруулах хэрэгтэй.

-2014-2015 он таны хувьд амжилтын арвин ургац хураасан жил байв. Уралддаг бүх зайдаа Монгол Улсын дээд амжилтыг тогтоосон шүү дээ.

-Тэгсэн. Тэр үеэс миний амжилт эрс ахисан л даа. Би уралддаг бүх зайдаа буюу 3-42 км-т улсынхаа рекордыг эзэмшдэг. 2014 оны гуравдугаар сард ОХУ-д болсон олон улсын тэмцээнд гурав, Инчоны Азийн наадамд 5, 10 км, дараа жил хагас (21 км), бүтэн (42 км) марафонд улсынхаа дээд амжилтыг шинэчлэн, өдгөө эзэмшиж байна.

Намайг үргэлж дэмждэг үндэсний шигшээ баг, ҮБТДС, “Алдар” спорт хорооны хамт олон, гэр бүлийнхэн, дасгалжуулагч А.Гантулга, Б.Төрбат нартаа баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.

-Танаас өмнө эдгээр амжилтыг Л.Отгонбаяр эзэмшиж байсан. Түүгээр их бахархаж, үлгэрлэж явдаг байх.

-Л.Отгонбаяр эгч олимпын наадамд эрх авч оролцсон Монголын анхны эмэгтэй тамирчин. Бидэнд түүнээс сурах, үлгэрлэх юм их бий. Л.Отгонбаяр эгчийг залгамжилж, хамт хичээллэж байгаагаараа бахархдаг. Гавьяат тамирчин Б.Сэр-Од ах, Олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаяр эгч нар шиг мундаг тамирчин болох мөрөөдөлдөө хөтлөгдөн, өндөр амжилт гаргахын төлөө зүтгэж явна.

-УАШТ-д хэчнээн удаа түрүүлээд байгаа билээ?

-Ер нь медалиа нарийн тоолж байгаагүй юм байна. 5, 10 км-ээс гадна кросс гүйлтийн төрлөөр УАШТ-д арав гаруй удаа түрүүлсэн байх. Харин “Улаанбаатар марафон” олон улсын тэмцээнд 2014 онд мөнгөн медаль хүртэн, сүүлийн хоёр жил дараалан аварга боллоо.

-Аль тэмцээнд оролцохдоо хамгийн их баярлаж, догдолж байв?

-2015 оны Азийн АШТ-д 2.45.00 секундын амжилтаар IV байрт шалгарахдаа их баярласан. Медаль авч чадсангүй гэх харуусал минь олимпын эрх авсан баярт мөчөөр хэдхэн минутын дотор солигдсон болохоор тэр. Учир нь барианд орсныхоо дараа олимпын эрхийн болзол хангаснаа мэдсэн юм.

-Энэ жил ДАШТ-ий эрх өвөртөлсөн Осакагийн марафоны талаар сонирхуулна уу?

-IAAF-ийн “мөнгөн зам”-ын ангилалд багтдаг Осакагийн марафонд 2:33:00 секунд гүйсэн амжилтаар XVII байрт шалгарч, ДАШТ-д оролцох эрх хүртсэн. Энэ тэмцээнд 2:45:00 секундээс дотогш амжилт гаргасан тамирчдад ДАШТ-д өрсөлдөх “тийз” олгодог.

Одоогоор манай улсаас Гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Бямбажав, Мөнхбаяр, Хишигсайхан, Цанжидмаа нар ДАШТ-д оролцох эрх өвөртөлсөн. Наймдугаар сард болох тус тэмцээний өмнөх бэлтгэлээ эх орондоо базааж байгаад уралдах төлөвлөгөөтэй байна.

-“Рио-2016” олимпод 72 дугаар байрт шалгарсан. Санасан амжилтаа гаргаж чадсан уу?

-Чадаагүй ээ. Уг нь би эхний 20-д орох зорилготой оролцсон юм. Гэтэл уралдааны эхний 30 км-ийг туулсны дараа гэнэт хэмнэлээ алдаж эхэлсэн. Гүйх тусам улам ядран, цуцсаар байлаа. Үүнд замын ядаргаа чамгүй их нөлөөлсөн байх.

-Саяхан үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан. Бэлтгэл, тэмцээний зардалд тань нэмэр болохоос гадна их урам өгсөн болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Яаж амжилт гаргах вэ гэхээс дутахгүй тэмцээний зардлаа хэрхэн бүрдүүлэх вэ хэмээн санаа зовж явдаг надад их нэмэр болж, нуруунаас том ачаа хөнгөллөө. Үүний сацуу их нэр хүндээс гадна үүрэг хариуцлага надад ногдож байна.

Цаашид улам хичээх урам авлаа. Манай багийн ахлах дасгалжуулагчаар Б.Сэр-Од гавьяатын эхнэр Оюунтуяа, туслах дасгалжуулагчаар Гантулга, Батцэнгэл болон миний нөхөр Б.Доржпалам нарыг томилсон.

-Нөхөр тань таныг дасгалжуулдаг нь өнөөгийн амжилтад “ташуур” өгч байгаа нь лавтай. Хоёулаа тамирчны жаргал, зовлонг сайн мэддэг болохоор бие биедээ их түшиг тулгуур болдог нь мэдээж.

-А.Гантулга багш бэлтгэлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хань минь хариуцан хийлгэж байна. Техникээс гадна сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг. Бид хоёр 2012 онд хэт холын марафон гүйлтийн бэлтгэлийн үеэр анх танилцаж билээ. Марафоны спортын надад өгсөн хамгийн том бэлэг бол хань минь.

Хоёулаа ижил спортоор хичээллэн, хамт бэлтгэл хийдэг болохоор үл ойлголцол ер гардаггүй. Б.Доржпалам хэт холын марафон гүйлтийн 100 км-ын Азийн аварга, ДАШТ-д XVII байрт шалгарсан. Мөн 50, 100 км-ийн зайд Монгол Улсын рекорд эзэмшдэг.

-2013 онд үрийн зулай үнэрлэснээсээ хойш хоёрхон сарын дараа бэлтгэл хийн, тэмцээнд оролцсон гэнэ лээ. Формондоо ороход амаргүй байсан нь дамжиггүй.

-Ээ, дээ хэцүү шүү. Үрээ тээж байхад гэртээ зүгээр сууж чадахгүй, бэлтгэл хиймээр санагдаад л байсан. Тэгээд нөхрийнхөө бэлтгэл дээр очиход бие хөнгөрөөд, сайхан болчихно. Төрснөөсөө хойш хоёр сарын дараа хөнгөн бэлтгэл хийн, аажим аажмаар дасаж байгаад тэмцээнд оролцсон.

Хэдхэн минут гүйн, цөөхөн удаа дасгал хийхэд л хөлс асгараад, бие суларчихна. Ер нь формондоо бүрэн ороход хоёр сар гаруй хугацаа зарцуулсан шүү. Хүү минь өвлийн улиралд гэртээ, зунд Дорнод аймагт өвөө, эмээтэйгээ хамт байдаг юм.

-Хүүгээ өөрсөд шигээ марафонч болгох бодол бий юү?

-Бид хоёр тамирчин учраас миний хүү марафонч болох ёстой гэж тулгахгүй. Ямар мэргэжилтэй болохыг хүсэж буйг нь хүндэтгэнэ.

-Гэр бүлдээ хангалттай цаг гаргаж амждаг уу?

-Бэлтгэл, тэмцээн гээд хангалттай зав ер гаргаж чаддаггүй ээ. Ер нь бэлтгэлээ хийж байтал өдөр өнгөрчихдөг. Хүүгээ өвөө, эмээ дээрээ байх үед нь их санадаг. Утсаар холбогдон дууг нь сонсохоор сэтгэл онгойгоод сайхан болдог юм.

-Монголд зориулалтын бэлтгэлийн ордон байхгүй. Хүйтний улиралд бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ?

-Ихэвчлэн гадаадад бэлтгэл хийдэг. Би Риогийн олимпын дараа Япон улсад гурван сарын хугацаанд бэлтгэлээ базаасан минь үр дүнгээ өглөө. Энэ онд Налайхад тартан зам тавихаар төлөвлөж байгаад нь их олзуурхаж байна.

Хэрэглэл, материалыг нь бэлдчихсэн, урин дулаан болохыг хүлээж байгаа юм билээ.

-Монголын тамирчид олимп, ДАШТ-ээс медаль хүртэх хэмжээнд хэзээ хүрэх бол?

-Өнөөдөр Японы тамирчид Ази тивд ноёрхож байна. Тэр хэрээрээ өрсөлдөөн ихтэй. Б.Сэр-Од гавьяат Япон улсын хамгийн шилдэг гурван тамирчны нэгээр шалгарсан нь бидэнд боломж байгаагийн илрэл.

Бэлтгэлээс гадна дэмжлэг их чухал. Төр засаг, томоохон байгууллагууд дөмөгхөн шиг дэмжвэл бидний амжилт, ур чадвар улам хурдан ахих нь мэдээж.

-Ойрын хугацаанд оролцохоор төлөвлөж буй тэмцээн бий юү?

-Ирэх сарын 9-нд Солонгос улсад болох олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тэмцээн эхлэхээс гурван хоногийн өмнө тус улсын зүг хүлгийн жолоо зална.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай