Мэдлэггүйн золиос, цэнгэлийн төлөөс

15 настай сурагчаас ДОХ илэрсэн гэдэг мэдээ Монголын нийгэмд аюулын харанга дэлдэж баймаар юм, уг нь. Элдэв дуулианы хойноос хөөж, хуйлран цэцэрхэх дуртай нийгмийн сүлжээнд ч энэ мэдээлэл тэгтлээ “газар авч” гавьсангүй. Айсуй Цагаан сарын сурагт дарагдаж, тэгсхийгээд мартагдсан. Туйлын харамсалтай. 15 настай тэр сурагчийн цаана дөрвөн хавьтагч байгаагийн хоёр нь ангийнх нь хүүхэд гээд бодохоор амьдралын модноос дөнгөж нахиалаад буй өсвөр үеийнхнийхээ ирээдүйд халаглаад барамгүй.

Монголд өдгөө ХДХВ/ДОХ-ын 229 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд тэдний дунд 15-19 насны 12 хүүхэд бий. Өнгөрсөн онд манай улсад бүртгэгдсэн бэлгийн замын нийт халдварт өвчинд өртөгсдийн 43.4 хувийг 15-24 насныхан эзэлж байна. Жилд дунджаар 4500 хүн зөвхөн тэмбүүгийн халдвар авдаг гээд багцаалахад ямархуу дүр зураг гарах нь тодорхой.

Нэг хүний цаана 3-5 хавьтагч байх магадлалтай гэдэг. Эдгээр тоо баримтыг харахаар өөрийн эрхгүй утсаа шүүрээд, өсвөр насны дүү нар руугаа залгаж, хаана, юу хийж явааг нь асууж шалгаамаар санагдана. Нээрээ тэд минь яаж “манаргаж” яваа бол...

Даанч бид өсвөр насны хүүхдүүдтэйгээ, дүү нартайгаа нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын талаар, бэлгийн замын халдварт өвчний хор уршгийн тухай тэр бүр нээлттэй ярилцаж чаддаггүй. Нуулгүй хэлэхэд, өөрсдөө ч энэ талын ойлголт мэдлэгээр маруухан эцэг, эхчүүд бишгүй.

Ямар сайндаа л төрөлхийн тэмбүүгийн тохиолдол Монголд байнга өсөн нэмэгдэж буй гол шалтгаан нь жирэмсэн эмэгтэйчүүд эмчийн хяналтад эрт ордоггүй явдал гэнэ.

2016 оны байдлаар манай улсад төрөлхийн тэмбүүтэй 52 хүүхэд төрсний 30 нь эндсэн гэсэн харамсалтай баримт байна. Монголчууд антибиотикийг замбараагүй хэрэглэдгээс болоод тэмбүүгийн шинж тэмдэг илрэхгүй, далд хэлбэрт байдаг болжээ. Тэмбүүгийн халдвар нь оношлогдохгүй явсаар байвал эхээс урагт дамжин, алаг үрийг нь үхэл рүү зуурдаар түлхдэгийг ээжүүд сайн мэддэггүй гэхээр манайхны нөхөн үржихүйн боловсрол ямархуу байгаа нь харагдана.

Өөрсдөө иймэрхүү ойлголттой байж үр хүүхдэдээ юугаа ч заах юм билээ. Гэтэл өсвөр үеийнхний хамгийн их мэдэхийг хүсдэг зүйл нь бэлгийн замын халдварт өвчний талаарх мэдээлэл болон хүсээгүй жирэмслэлтээс хэрхэн хамгаалах тухай байдгийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 108 дугаарын утсанд ирдэг дуудлагаас харж болно.

Манай улсад бэлгийн замын халдварт өвчин гаарч, тэр дундаа өсвөр үеийнхний дундах өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж буйг эмч, мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа. “Улаан тарианы үе” рүүгээ буцаад очих хэмжээнд хүрснийг ч “Өнөөдөр” сонин хоёр жилийн өмнө хөндөн бичиж байв. Тэр үед бас ч гэж “Нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр” (2012-2016) хэрэгжиж байсан юм.

Харин одоо бидэнд үүн шиг бодлогын томоохон баримт бичиг алга. Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт “Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн боловсролд анхаарна” гэсэн бүдэг бадаг тойм зураг байгааг эс тооцвол шүү дээ. Харин нэг авууштай зүйл нь сургуулийн эмч нарын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлахаар ЭМЯ, БСШУСЯ хамтран ажиллаж байгаа гэнэ.

Монголд охидын эмч бэлтгэх тогтолцоо алдагдаад буй ийм эгзэгтэй үед ядаж сургуулийн эмч нараар хийх ёстой ажлыг нь хийлгэж байж сурагчид эрүүл мэндийн наад захын боловсролтой болох учиртай. Сургуулиар дамжуулан хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох нь манайд шигшигдэж үлдээд байгаа ганц арга зам гэж болно.

Эрүүл мэндийн хичээлийг бие даасан хөтөлбөрөөр дахиад оруулдаг болох сураг ч байсан. Ямартай ч энэ хоёр яамны хамтын ажиллагаанаас их зүйл шалтгаална гэдгийг бүү умартаасай.

Өсвөр үе, залуучуудад үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний заавар, журмыг шинэчлэн боловсруулах, энэ чиглэлээр хүний нөөцөө бэлтгэх, давтан сургах зайлшгүй шаардлагатай байгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилтан С.Гэрэлмаа хэлсэн. “НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр 21 аймаг, есөн дүүрэгт байгуулсан Өсвөр үе, залууст ээлтэй клиникийг цаашид аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын бүтцэд оруулан, тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал.

Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн эмч нарыг нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр сургалтад хамруулж, мэдээлэл сургалт, сурталчилгааны материал, нэн шаардлагатай эм, хэрэгслээр хангахад анхаармаар байна. Мөн Насан туршийн боловсролын төвийн сургалтын хөтөлбөрт нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг тусгаж, багш нарыг нь энэ чиглэээр сургалтад хамруулах замаар сургууль завсардсан хүүхэд, ажилгүй залуучуудад бэлгийн боловсрол олгох боломжтой” хэмээн тэрбээр ярилаа.

Энэ бүхний цаана явж явж хамгийн гол нь залуу гэр бүлүүдийн үнэнч, тогтвортой байдал маш чухал гэдгийг тэрбээр мөн онцолсон. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчих, бие биедээ үнэнч байх тухай ярихын оронд бэлгэвч байнга сурталчилдаг нь өсвөр үеийнхэнд харин ч бүр бэлгийн харилцаанд эрт орох сэдэл төрүүлдэг байх магадлалтай гэдгийг нээрээ л бодмоор.

Нөхөн үржихүйн боловсрол, мэдлэг тааруугийн улмаас цэнгэлийн мананд төөрөөд тэмтчин буй өсвөр үеийнхнээ буруу тийш замчлан хөтөлбөл жинхэнэ хорлол тэр болох бус уу.

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

-Өсвөр насныхны дунд бэлгийн замын халдварт өвчин ихсэж буй шалтгааныг та юу гэж бодож байна вэ?

Б.Батсайхан (ЭХЭМҮТ-ийн Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн их эмч)

-Манай улсад бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр бүх насны хүн өвддөг. Статистикаас харахад өсвөр насныхан илүү их байна. Одоогоор манай эмнэлэгт есөн хүн эмчилгээ хийлгэж буй. Тэдний нэг нь 70 гаруй настай хүн байхад бусад нь 15-25 насныхан.

Гурав нь хагалгаанд орсон боловч эмчлэгдэх боломжгүй болчихсон байх жишээтэй. Зургаа нь эмийн эмчилгээ хийлгэж байна. Бэлгийн замын халдварт өвчний үүсгэгч маш олон янз. Тэдгээрийг улсын эмнэлгүүд болон хувийн томоохон лабораторид нарийвчлан шинжилж байж л тогтоодог.

Толгой дараалан тохиолддог төрөл нь шээс, бэлгийн замын микоплазм, уреаплазмын халдвар болон тэмбүү. Дээрх өвчинд өсвөр насныхан өртөж буй нь тэдний бэлгийн боловсролоос маш их хамааралтай. Тэд өөрийгөө халдвараас яаж хамгаалахаа мэддэггүй.

Түүнчлэн тухайн хүний онцлог гэж бий. Тухайлбал, бэлгийн олон хавьтагчтай, тохиолдлын бэлгийн харилцаанд хамгаалалтгүй ордог хүмүүс вирусийн дайралтад амархан өртөх эрсдэлтэй.

Ц.Нарангэрэл (24 дүгээр сургуулийн биологийн багш)

-Тавдугаар ангийн сурагчдад нөхөн үржихүйн эрхтэний талаар, зургадугаар ангид нь сарын тэмдгийн мөчлөгөө хэрхэн тодорхойлох, хувийн ариун цэврээ яаж сахих, найм, есдүгээр ангид хүсээгүй жирэмсэлтээс хэрхэн хамгаалах, ахлах ангид орохоор жирэмснээс хамгаалах аргын талаар эрүүл мэндийн хичээлээр заадаг байлаа.

Харин одоо эрүүл мэндийн хичээлийн цаг гэж байхгүй. Биологийн хичээлийн агуулга дотор л нөхөн үржихүйн талаар цухас оруулсан. Эрүүл мэндийн хичээл гэж тусдаа цагтай байхад сайн заадаг байсан. Өсвөр насныхны дунд нөхөн үржихүйн боловсрол хангалтгүй байгаа нь үүнтэй холбоотой.

Тиймээс нөхөн үржихүйн бие даасан хичээлтэй болох хэрэгтэй байна. Гэхдээ ганц сургалтаар биш, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ энэ талаар ярилцдаг байх нь чухал. Хотын төв болон захын сургуульд сурч байгаагаас шалтгаалан хүүхдүүдийн нөхөн үржихүйн мэдлэг, боловсрол ялгаатай байдаг. Амьдралын түвшин, эцэг, эхийн боловсрол, гэр бүлийн хүмүүжил, хараа хяналт муу байх нь өсвөр насныхан алдахад нөлөөлдөг.

Х.Оюунбилэг (Чингэлтэй дүүргийн XII хорооны иргэн)

-Бэлгийн боловсролын талаар хүүхдэд сургуулийн эмч, багш, эцэг, эх гээд бүгд тал талаас нь хэлж байж зөв мэдлэгтэй болно гэж боддог. Миний охин есөн настай. Эмэгтэй хүнд сарын тэмдэг гэж ирдэг, тэр үед нь ариун цэврийн хэрэглэлийг хэрхэн хэрэглэх талаар охиндоо хэлж өгсөн.

Эмэгтэй хүүхдийг элдэв чихэр, жимсээр хуураад хүчирхийлэх тохиолдол бишгүй гарч байна. Тиймээс танихгүй эрэгтэй хүнтэй хамаагүй ярихгүй байхыг сануулдаг. Би охиноо хийсвэр хагалгаагаар төрүүлсэн болохоор тэр өөрийгөө хүйсний нүхнээс гарсан гэж ойлгодог байлаа. Энэ талаар зөв тайлбарлаж, ойлгуулж өгсөн.

Ер нь бэлгийн боловсролын талаар хүүхдийнхээ насанд тохирсон мэдээлэл өгөх нь чухал юм билээ. Бид яг л үе тэнгийн найз шиг байдаг.

ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА

Э.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Бэлгийн харилцаанд орох дундаж нас буурсан нь эрсдэл дагуулж байна

ХӨСҮТ-ийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдварт өвчний тархвар судлаач Э.Эрдэнэтунгалагаас дараах зүйлийг тодрууллаа.

-Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсдийн 40 гаруй хувь нь залуус байна гэсэн тоо гарсан. Энэ нь хэр бодитой вэ ?

-20-25 насныхан дунд бэлгийн замын халдварт өвчин зонхилон бүртгэгдэж байна. Мөн 15-19, 25-29 насныхан дунд ч энэ өвчлөл өндөр. Бэлгийн амьдралд оролцож байгаа хүн бүр энэ өвчний халдвар авах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, 15-49 насны бүх хүн өвчилж болно.

-Манай улсад бэлгийн замын халдварт өвчтэй хэчнээн хүн байдаг вэ. Ямар өвчин зонхилон тохиолдож байна?

-Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаанаас харахад тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, ХДХВ-ийн халдварт өвчин зонхилон тохиолдож байна.

Эдгээр нь манай улсад бүртгэгдэж буй нийт халдварт өвчний 30 орчим хувийг эзэлдэг. Өнгөрсөн онд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 21 мянган тохиолдол бүртгэгдсэн.

-Тэмбүү өвчин хүн амын дунд их тархаж буй гэх юм. Ялангуяа, өвчлөл өндөртэй Дорнод аймагт ямар арга хэмжээ авч байна вэ?

-Зүүн аймгийнхан дунд бэлгийн замаар дамжих халдварт өвчин өндөр. Дорнод аймаг хүн амаа тэмбүүгээс сэргийлэх үзлэгт тогтмол хамруулснаар энэ өвчний тархалт буурч байгаа.

Ер нь бол 2015 онтой харьцуулахад бэлгийн замын халдварт өвчин улсын хэмжээнд буурсан.

-Бэлгийн замын халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

-Насанд хүрээгүй хүн бэлгийн харилцаанд орохоос татгалзах, хүсээгүй бол “үгүй” гэж хэлдэг байх. Бэлгэвч хэрэглэх, үнэнч нэг хавьтагчтай байх хэрэгтэй. Хосууд нэгэндээ үнэнч байвал эрсдлээс өөрийгөө хамгаалж чадна.

-Саяхан 15 настай, сурагч ХДХВ-ийн халдвар авсан. Энэ нь хүүхдүүдэд бэлгийн боловсролын талаар зөв мэдлэг олгодоггүйтэй холбоотой болов уу?

-Бэлгийн замын халдварт өвчин гэлгүй аливаад зөв мэдлэгтэй байвал зөв шийдвэр гаргаж чадна. Гэхдээ зөв мэдлэгтэй байлаа ч түүнийгээ зан үйл болгож чадаагүй байж болно.

Тэгэхээр бие хүн болж төлөвшихөд хүүхдүүдэд насанд нь тохирсон зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Бэлгийн замаар дамжих халдвар гэж юу болох, хэрхэн дамждаг, яаж сэргийлэх талаар зөв мэдээлэлтэй бол өөрийгөө хамгаалж чадна.

Гэтэл сургуульд эрүүл мэндийн хичээл орж байгаа бил үү. Эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ энэ тухай ний нуугүй ярьж чаддаггүй зэргээс тэд үе тэнгийнхнээсээ буруу мэдээлэл авч байна.

-Сайн дураараа шинжилгээ өгөх хүний тоо нэмэгдэж байна уу?

-Улсын эмнэлгүүдэд Сайн дурын зөвлөгөө, шинжилгээний төв бий. Тэнд ХДХВ/ДОХ-ын шинжилгээ болон эмчилгээг үнэ төлбөргүй хийдэг. Мөн Бэлгийн замаар дамжих халдварын кабинетаар үйлчлүүлэгсдийн тоо 2015 оноос өссөн хэрнээ шинжилгээ багассан.

Шинжилгээний тоо багассанаас өвчлөл буурсан мэт харагдаж болох юм. Тиймээс 21 аймаг, найман дүүргийн кабинетад шинжилгээ өгч болно. Найз нөхдөөсөө сонсоод эмийн сангаас дур мэдэн эм аваад уучихдаг.

Шинжилгээ өгч, тохирсон эм уугаагүйгээс өвчнөө архагшуулж, хүндрүүлж байна. Тиймээс ямар нэгэн шинж тэмдэг, зовиур илэрвэл мэргэжлийн эмчид хандаж эмчлүүлэх хэрэгтэй.

Тэмбүүгийн өвчлөл хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байгаа. Бэлгийн харилцаанд орох дундаж нас багассан нь эрсдэл дагуулж байна. 2017 оны байдлаар ХДХВ/ДОХ-ын 229 тохиолдол бүртгэгдсэн. Тэдний цаана 530 орчим хүн ийм халдвартай байж болзошгүй гэсэн судалгаа гарсан.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Нөхөн үржихүйн боловсрол өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг

Дэлхийд өдөрт нэг сая орчим хүн бэлгийн замын өвчний халдвар авдаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Энэ нь хүний эрүүл мэндэд асар их хохирол учруулж болзошгүй, хамгийн өргөн тархсан өвчлөлд тооцогддог. Халдвар авсан хүний 60 орчим хувийг 25, 30 хувийг 20 хүртэл насныхан эзэлдэг гэнэ. Бэлгийн замын халдварт өвчин тусаж буй давтамж дэлхийн аль хэсэгт байгаагаас хамаарч, харилцан адилгүй.

Үүнд улс төрийн тогтолцоо, нийгмийн хүчин зүйл, хувийн амьдралын хэв маяг, мөн эмнэлгийн хүртээмж, чанар, эм, эмнэлгийн багаж хэрэгсэлтэй, эсэх нь нөлөөлж байна. Өсвөр насны хөнгөмсөг зан байдал эрсдэлийн гол хүчин зүйл болдог. Тиймээс бэлгийн боловсрол олгох асуудлыг хөнддөг.

Хөгжингүй орон болох Их Британи, АНУ-д үүнийг харин ч буруу хүмүүжил, сэдэл өгнө хэмээдэг нь нийгэмд сөргөөр нөлөөлж, эдгээр улсад өсвөр насныхан бэлгийн замаар халдварладаг өвчин туссан, жирэмсэн болсон үзүүлэлт их өндөр байдаг аж. Гэтэл АНУ-ын Сексийн мэдээлэл, боловсролын зөвлөлөөс явуулсан судалгаанд оролцсон өсвөр насныхны 92 хувь нь бэлгийн боловсролын талаар эцэг, эхтэйгээ ч, сургууль дээрээ ч ярилцахыг хүсдэгээ илэрхийлсэн байна.

ДОХ-ын халдвар хурдацтай нэмэгдсэнтэй холбоотойгоор Африкийн орнууд ДЭМБ болон олон улсын Засгийн газрын бус байгууллагуудтай хамтран 12 наснаас бэлгийн боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч, мэдээлэл хүн амд хүртээмжтэй болж, халдвар авсан хүний тоо буурчээ.

Азийн орнуудад ВВС болон Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбоотой хамтран радио нэвтрүүлэг бэлтгэн явуулсан нь дэлхий даяар тархсан байна. Индонез, Монгол, Өмнөд Солонгосын дунд сургуульд бэлгийн боловсрол олгох системтэй бодлого хэрэгжүүлж байгаа бол тус тивийн бусад улс өсвөр насныханд зориулсан мэдээлэл, материал түгээх, 10-11 наснаас нь биологийн сэдвээр дамжуулан тэдэнд нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөвлөгөө өгч буй аж.

Европын туршлагаас авч үзвэл, Германд хуулийн дагуу бэлгийн боловсролын хичээлийг дунд сургуулийн хөтөлбөрт оруулжээ. Дийлэнх сургууль бэлгэвчийг зөв хэрэглэх сургалт явуулдаг болсноор 15-19 насныхан бэлгийн замын халдварт өвчин туссан, бие давхар болсон тоо цөөрсөн байна.

Нидерландад бага ангиас ийм боловсрол олгодог, өсвөр насныхны жирэмслэх нь хамгийн цөөн (15- 19 насны 1000 охины 8.4 хувь нь бие давхар болдог) гэсэн үзүүлэлтээр дэлхийн бусад улсад үлгэр жишээ болдог аж.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

С.ГЭРЭЛМАА: Ирэх хичээлийн жилээс эрүүл мэндийн хичээлийг оруулахаар зөвшилцөлд хүрсэн

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны ажилтан С.Гэрэлмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Бэлгийн замын халдварт өвчин манайд газар авч, тэр дундаа өсвөр насныхан олноор өвчлөхөд хүргэсэн гол шалтгаан нөхцөл нь юу юм бол.

Үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Бэлгийн замаар дамжих халдварт өвчин зөвхөн Монголд ч гэлтгүй, дэлхий дахинд сүүлийн жилүүдэд нэлээд өсөн нэмэгдэж байгаа. Тухайлбал, өнгөрсөн жил манай улсад бүртгэгдсэн бэлгийн замын халдварт өвчний нийт тохиолдлыг насны бүлгээр авч үзвэл 43.4 хувийг 15-24 насныхан эзэлж байна. Тэр тусмаа тэмбүү (51.8 хувь), заг хүйтэн (34 хувь), трихомониаз (33.4 хувь) дийлэнх хувийг эзэлдэг.

Гэтэл өсвөр үеийнхэн болон залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн тухай ойлголт, мэдлэг маш тааруу байдаг. Тиймээс нийгэмд тулгамдаад буй энэ асуудалд салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулж, бүх нийтээрээ анхаарал хандуулах нь маш чухал. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн ч сүүлийн хоёр жил өсвөр насныхны эрүүл мэнд, сарын тэмдгийн үеийн охидын эрүүл ахуй, хэдэн насандаа жирэмснээс хамгаалах ямар арга, хэрэгсэл хэрэглэвэл тохиромжтой вэ, аюулгүй бэлгийн харилцаа гэж юуг хэлэх вэ зэрэг сэдвээр сургалт, сурталчилгааны ажил их хийж байна.

Өчигдөр л гэхэд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийнхөнтэй хамтран, “Өсвөр үеийн эмч нар” буюу үе тэнгийн сургагч багш нарыг чадавхжуулах сургалт хийлээ. Сурагчид үе тэнгийнхнийхээ дуу хоолойг илүүтэй сонсдог. Чингэлтэй дүүрэгт 42 сургагч багш бий.

НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан Өсвөр үед ээлтэй клиникүүдийн сургагч багш нараар дамжуулан хүүхдүүдэд нөхөн үржихүйн боловсрол олговол илүү үр дүнтэй гэсэн үүднээс энэ сургалтыг хийдэг юм.

-Эрүүл мэндийн хичээлийг нэг хэсэг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрөөс хасаж, биеийн тамир, биологийн хичээлтэй хамтатгасан байсан шүү дээ.

Энэ нь хэвээрээ юү, эсвэл өөрчлөгдсөн үү?

-Хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсролыг олгох хоёр арга зам байдаг нь сургууль, гэр бүлийн орчин. Монголчууд хүүхдүүддээ бэлгийн замын халдварт өвчний тухай ярих нь бүү хэл, нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгохдоо ч тааруу шүү дээ. Тиймээс сургуулиар дамжуулан эрүүл мэндийн боловсрол олгох ганц арга зам үлдэж байна.

Гэтэл цөм хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн хичээлийг биологи, биеийн тамиртай хамтатган зааж байгаа нь оновчтой шийдэл биш байсан. Тиймээс бид БСШУСЯ-нд энэ тухай олон удаа санал хүсэлтээ хэлж, Ажлын хэсгийнхэн удаа дараа уулзаж зөвлөлдсөний эцэст ирэх хичээлийн жилээс эрүүл мэндийн хичээлийг оруулахаар зөвшилцөлд хүрээд байгаа.

Энэ хүрээнд сурах бичгүүдийг ч шинэчлэх шаардлагатай болсон. Одоо ЭМЯ-ныхан БСШУСЯ-тай маш нягт хамтран ажиллаж, аман тохиролцоог ажил хэрэг болгох нь чухал байна. Зөвхөн ерөнхий боловсролын сургууль гэлтгүй, их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн хөтөлбөрт нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох асуудлыг цаашид тусгах учиртай.

-Сургуулийн эмч нар ажлаа зохих ёсоор нь хийж чадаж байгаа болов уу. Ер нь хүүхдүүдэд нөхөн үржихүйн боловсрол олгоход тулгамдаж буй гол асуудал юу вэ?

-Үнэнийг хэлэхэд одоогийн сургуулийн эмч нар зохих ажлын байран дээрээ ажиллахгүй, захирал, нийгмийн ажилтны туслах маягтай байгаа. Тиймээс ЭМЯ, БСШУСЯ-ны хамтарсан ажлын хэсэг сургуулийн багш нарын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, батлуулахаар хэлэлцэж байна.

Сургуулийн эмч нарын ажлын байрны тодорхойлолтыг шинэчилснээр мэргэжил, арга зүйгээр хангагдсан хүмүүс хичээл заах учраас хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсролыг илүү сайн олгоно.

Өсвөр үеийнхэнд нөхөн үржихүйн боловсрол олгоход тулгамдаж буй нэг гол асуудал нь зорилтот бүлэгтээ хэрхэн зөв мэдээлэл хүргэх вэ гэдэг дээр мэргэжил арга зүйгээр дутмаг байна. Асуудал ямар түвшинд байгааг бид тогтоочихлоо. Одоо талууд хамтраад гарах гарц, шийдлийг эрэлхийлж, тодорхой ажил хийх нь чухал.

Өнгөрсөн сард бид өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг бодлого, шийдвэр гаргагчдын түвшинд хэлэлцүүлсэн. Дараа нь “Найрамдал” зусланд хүүхдүүдэд хоёр өдрийн сургалт хийгээд, тэдэнд тулгамддаг асуудлуудыг өөрсдөөр нь тодорхойлуулж авсан.

Ингээд саяхан өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн аппликейшн хийлээ. IT-гийн инженерүүдийн дунд цахим хуудас хөгжүүлэх уралдаан зарлаж, манай эмч мэргэжилтнүүд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлсэн юм. Одоо үүнийгээ сургууль, сурагчдад түгээхэд салбарын яамны дэмжлэг хэрэгтэй байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Тохиолдлын бэлгийн харилцаанаас зайлсхий

Ц.Ариунтунгалаг (Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч)

Бэлгийн замаар дамжих халдварт өвчин нь вирус, бактер, нөхцөлт эмгэг төрөгчийн идэвхжил зэрэг вирусээр үүсдэг. Гэвч зарим тохиолдолд заавал бэлгийн замаар халдвар авдаггүй. Үүний нэг жишээ бол ДОХ юм. Энэ өвчин бэлгийн замаар дамжих хэдий ч гэмтсэн арьс салст, цусаар халдварладаг. Харин нэгэнт ДОХ-ын халдвар авсан бол нөгөө хүндээ бэлгийн замаар зөөвөрлөгддөг.

Манай улсад бэлгийн замаар дамжих халдварт өвчин эрчимтэй нэмэгдэж байна. Ялангуяа, ийм өвчтэй өсвөр насны охид, хөвгүүд олширсон. Тэр дундаа тэмбүү, заг хүйтэн газар авлаа. Тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсон үед хэн ч өвдөж болно. Хэрэв бэлгэвч хэрэглээгүй, тохиолдлын бэлгийн харилцаанд орсон, халдварт өвчнөөр өвдсөн бол бэлэг эрхтэн орчимд улайн, үнэртэй болон үнэргүй шар, ногоон өнгөтэй ялгадас гардаг.

Зарим тохиолдолд хэвлийгээр өвдөхөөс гадна яр, үү, цэврүү туурна. Бэлгийн замаар дамжих ямар халдвар авснаас шалтгаалж шинж тэмдэг нь өөр байдаг. Долоо хоногийн дараа шинж тэмдэг мэдэгддэг өвчин байхад гурван сар хүртэлх хугацаанд ямар ч зовиур илрэхгүй байх нь ч бий. Ялангуяа вирусийн гаралтай халдварын үед шинж тэмдэг удаан илэрнэ.

Түүнчлэн шинж тэмдэг бүдэг илэрдэг халдвар ч байдаг. Тиймээс тохиолдлын бэлгийн харилцаанд орсны дараа юм уу, эсвэл жилд 1-2 удаа эмчийн үзлэгт заавал хамрагдах шаардлагатай. Мөн мазок, PCR- (полимеразын гинжин урвал)-ын шинжилгээ өгөх хэрэгтэй. Сүүлийн үед PCR-ын шинжилгээ бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлэх найдвартай арга болоод буй. Шинжилгээ өгөөд, ямар нэгэн халдвартай гэж үзвэл тохирсон эмчилгээ хийнэ.

Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэхийн тулд бэлгийн харилцаанд орж буй хосууд заавал бэлгэвч хэрэглэх хэрэгтэй. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, тохиолдлын бэлгийн хавьтлаас зайлсхий. Дахин сануулахад хэрэв тохиолдлын бэлгийн харилцаанд орохоор болбол заавал бэлгэвч хэрэглээрэй.

Гэхдээ сайн чанарын, найдвартайг нь сонгох чухал. Учир нь бэлгэвчийг гаднаас нь харахад сав, боодол хэвийн, хугацаа нь дуусаагүй байдаг ч ТҮЦ-т зардаг нь наранд удаан байснаас чанаргүй болох тохиолдол бий. Тиймээс хаанаас бэлгэвч авах вэ гэдгээ ч анхаарах шаардлагатай.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (18)

Илгээх

Энэ тухай