Б.Даваазул: Зам-тээврийн хэрэгсэл-хүн гэсэн цогц арга хэмжээ авч байж ослоос урьдчилан сэргийлнэ

Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазултай ярилцлаа.

-“Өнөөдөр” сонин “Монголын зам-дайны талбар” хэмээх хэлэлцүүлэг өрнүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энх цагт дайны үеийнхээс олон хүний амь үрэгдэж буй энэ аюулаас гарах гарц юу байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье.

-Дэлхийн улс орнууд хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг тухайн улсад хэд гарч байна, гэмтсэн хүний тоо ямар байна гэдгийг харьцуулж үздэг аргачлалтай болсон байдаг. 100.000 хүн тутамд ногдох нас баралтын тоог харьцуулж, замын хөдөлгөөнийхөө аюулгүй байдлын нөхцөлийг тодорхойлдог.

Сүүлийн нэг, хоёр жил манай улсын замын хөдөлгөөний гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй, үүний улмаас гэмтсэн, нас барсан хүн болон иргэдэд учирсан хохирол ч буурч байгаа. 100.000 хүнд ногдох түвшин 15.9 хувьтай байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүндхэн нөхцөлтэй улс орны тоонд манай улс орж байгаа. Гурван сая гаруй хүнтэй боловч 800.000 гаруй тээврийн хэрэгсэл, 1.5 сая орчим жолоочтой.

Тийм учраас замын хөдөлгөөний аюулгүй байдал зайлшгүй анхаарах асуудал мөн. Бид энэ хэлэлцүүлгийг идэвхтэй дэмжиж, ард иргэдийн санал, санаачилгыг хууль эрх зүйн хүрээнд боловсронгуй болгохыг эрмэлзэж, олон арга хэмжээ авч байна.

Үүнээс гарах гарц, боломж бий. Олон улсын туршлагыг судлахад нэвтрүүлж болох олон арга байгаа юм. Тухайлбал, хамгаалах бүс хэрэглээд хэвшчихвэл нас баралтыг бууруулах боломжтой. Осол гарахаас урьдчилан сэргийлж чадахгүй ч, ослын улмаас амиа алдахаас сэргийлэх боломж бий. Мөн явган зорчигч, жолооч нарын замын хөдөлгөөний соёл бол осол хэрэгт холбогдохгүй байх нэг үндэс.

Иргэдийн ухамсар, замын хөдөлгөөний мэдлэг, түүнийг хэрэгжүүлж буй чадвараас их зүйл шалтгаалж байна. Ослоос урьдчилан сэргийлэхийн тулд зам-тээврийн хэрэгсэл-хүн гэсэн гурван арга хэмжээг цогцоор нь явуулж байж шийдэлд хүрэх ёстой. Зөвхөн нэг рүү нь чиглэсэн арга хэмжээ явуулах нь учир дутагдалтай.

-Жолооч бэлтгэж буй дамжаануудын сургалт чанаргүй, мөнгөтэй нь үнэмлэх худалдан авч байгаа. Сургалтыг хэрхэн сайжруулж, өөрчлөх вэ?

-БСШУЯ-наас жолооч бэлтгэх эрх авсан байгууллагууд дамжаа хичээллүүлдэг. Бэлтгэсэн жолоочоос шалгалт авах, үнэмлэх олгох асуудлыг ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төв (хуучнаар Лицензийн төв) хариуцаж байгаа. Жолооч бэлтгэдэг тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Дамжаа төгссөн хүмүүс замын хөдөлгөөнд аюулгүй оролцож чадах, эсэхдээ өөрөө хүртэл эргэлздэг. Хотын жолоо, дром, дүрэмд бэлтгэсэн болоод шууд замын хөдөлгөөнд оролцож байгаа шүү дээ.

Бусад орны туршлагаас харахад сургалтын олон арга хэлбэр бий. Тухайлбал, хүнийг бие даан сургахад чиглэсэн, хөдөлгөөнд оролцож байхад бие биенээ хүндэтгэх, ухамсар дадал хэвшлийг төлөвшүүлэх сургалтууд байдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэдлэг олгох сургалтыг сургуулийн өмнөх болон ЕБС-ийн үндсэн хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэхээр заасныг ойрын үед зайлшгүй ажил хэрэг болгох шаардлагатай.

ЕБС-ийн сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн сурах бичиг, гарын авлага, сургалтын орчин бэлтгээд байна. Тухайлбал, Орхон, Дорнод аймагт мини дром бэлтгэж багаас нь замын хөдөлгөөнд соёлтой оролцох дадал хэвшүүлж эхэллээ.

-Замын цагдаагийнхан л бүхнийг хийх ёстой мэтээр сэтгэдэг хүмүүс байдаг. Танай алба руу бүхнийг чихээд гавьяаг нь өөрсдөө үүрдэг байгууллага ч бий.

ЗЦА яг ямар асуудлыг нь хариуцах ёстой вэ?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 2015 онд батлагдсан. Энэ хуулиар ЗЦА нь зам, тээврийн ослын хохирлын тоо бүртгэл хөтлөх, зам тээврийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөн зохицуулах, зөрчилд тохирсон шийтгэлд хариуцлага ногдуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бусад актын хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй.

Энэ хуулиар ЗТЯ, орон нутгийн ЗДТГ-ууд, нутгийн өөрөө удирдах байгууллага, ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, төрийн бусад байгууллага юу хийх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нь зөвхөн замын цагдаагийн ажил биш.

Манай албаны хувьд эдгээр байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, замын барилга байгууламжийн чанар, эвдрэл гэмтлийг түргэн шуурхай засах арга хэмжээ авахыг шаардах гэх зэргээр хуулиар хүлээсэн нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах ёстой. Зөвхөн замын цагдаа дангаараа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана гэдэг боломжгүй зүйл.

-Замын байгууламжаас үүдэлтэй осол, хэрэг цөөнгүй ч хариуцлагыг нь жолооч нарт тохоод өнгөрөх нь бий.

Замын байгууламж, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, ослоос урьдчилан сэргийлэх талаар бусад байгууллагад шаардлага тавьдаг биз дээ?

-Зам тээврийн ослын шалтгааныг судлах аргачлал байдаг. Замын нөхцөл, тээврийн хэрэгслээс хамаарсан, эсэх гээд. Манай улсад замын нөхцөлөөс шалтгаалсан осол харьцангуй бага дүнтэй гардаг. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг бусад байгууллага хэрэгжүүлэхдээ хойрго байна. Манай алба хаагчид ч гэсэн осол гарсан бусад шалтгаан нөхцөлийг судлах нь дутмаг байхыг үгүйсгэхгүй.

Энэ зөвхөн замын барилга байгууламжаас гадна худгийн (траншейний) таг, үерийн ус зайлуулах шугам, дээрээс нь байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл, гэрэл дохио, уулзвар, гарцын босоо хэвтээ тэмдэглэгээ буруу байршуулсан зэрэг янз бүрийн байдлаас осол гарч байгаа нь үнэн. Энэ бүгдийг засаж сайжруулах ёстой. Зөвхөн 2016 онд 50 орчим осол замын байгууламжаас болсон гэж акт тогтоосон байдаг. Үүний дагуу мэдэгдэл, шаардлага өгч хийсэн ажлыг тооцож ирсэн.

Монгол Улсын замын нөхцөл, стандарт аюулгүй байдлын түвшинд хүрээгүй. Цаг агаарын эрс тэс уур амьсгал, цас, бороо гэдэг давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж зам дээр байгаа хэвтээ, босоо тэмдэг, тэмдэглэл харагдахгүйгээс болж осол гарч байна. Ялангуяа, орон нутгийн замд энэ нь илүү мэдрэгдэж байгаа.

Тухайлбал, өнгөрсөн онд улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 479 хүн нас барсан. Үүний 73 хувь нь орон нутгийн замд. Орон нутгийн замыг тухайн аймгийн зам засвар арчлалтын компаниуд хариуцаж ажилладаг. Үйл ажиллагаа нь хангалттай биш байдгаас болж хэрэг гарч байгаа гэж үзэж болохоор.

Замын байгууламж, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, зорчигчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр ЗТЯ, БСШУСЯ, бусад салбар байгууллага, орон нутгийн Засаг дарга нь Цагдаагийн газрынхантайгаа хамтраад зорчигчдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг жилийн туршид зохион байгуулахаар шийдвэрлэн ажиллаж байна. ХЗДХЯ-наас 2017 оныг Эрх зүйн туслалцааг иргэдэд ойртуулах жил болгон зарласан.

Мөн ЦЕГ-аас 2017 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах зорилт тавьсан. Энэ ажлын хүрээнд манай алба зорчигчийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ажил хийж байгаа. Тээврийн хэрэгслээр яваа, явган болон дугуйгаар зорчиж буй хүмүүс бүгд зорчигч. Тэд өөрсдийн аюулгүй байдлыг хангуулж, хууль хэрэгжүүлэхийг шахаж шаарддаг байх хэрэгтэй.

-Бусад оронд замын цагдаа нь соён гэгээрүүлэх үүрэг хүлээж, түүндээ зориулсан төсөвтэй байдаг юм билээ. Манайд ийм зардал байна уу?

-Байхгүй. Гэсэн хэдий ч бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төрийн болон ТББ-уудын дэмээр олон ажил хийдэг. Манай албанд Урьдчилан сэргийлэх хэлтэс гэж бий. Тэд судалгаа хийдэг. Үүнийх нь дагуу бид ажлаа чиглүүлдэг. Одоо дулааны улирал эхэллээ. Ингэхээр гудамжаар унадаг дугуй, мопедтой хөдөлгөөнд оролцох хүн олширч, осолд өртөх нь нэмэгддэг.

Урьдчилан сэргийлэх хэлтэс маань нөхцөл байдлаа судлахаас гадна ЗЦА-наас зохион байгуулсан бусад ажил, хууль, дүрмээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, ард иргэдийн дунд тодорхой арга хэмжээ, мэдлэг олгох ажлыг зохион байгуулдаг шүү дээ.

-НҮБ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан тусгай төлөөлөгч манай улсад айлчилж тантай уулзсан. Монголын замын хөдөлгөөний нөхцөл байдлыг хэрхэн үнэлж, дүгнэж байв?

-Ерөнхийлөгчийн урилгаар албан ёсны айлчлал хийсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан тусгай төлөөлөгч Жиан Тодд манай албаны үйл ажиллагаатай танилцлаа. Манай замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх мэдээллийг авч, онцгой анхаарал татсан учраас зорьж ирсэн гэдгээ хэлсэн. ДЭМБ-аас жил бүр гарч байгаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тоо баримт түүнд байнга очдог учир манай нөхцөлийг нэлээд сайн мэдэж байна лээ.

Тэрбээр “Өөрийн гэсэн онцлог нөхцөлтэй, түүнээс шалтгаалсан гэмт хэргийн үзүүлэлт харагдаж байна” гэсэн. Ерөнхийдөө манайхыг хөгжиж буй орнуудын хэмжээнд, жишээлбэл 30 жилийн өмнөх Франц улсын хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөл байдалтай ижил байна гэж дүгнэсэн. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль эрх зүйн орчноо шийдүүлсэн хэрнээ хэрэгжүүлдэггүй нь харагдаж байна гэсэн. Суудлын бүс, хүүхдийн суудал хэрэглэхгүй байна, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явна.

Жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөрөө сайжруулах шаардлагатай, иргэдийн ой тойнд хууль, дүрмээ сайтар суулга гэсэн таван зүйлийг анхаарууллаа. Үүнийг цогцоор нь хэрэгжүүлж чадвал зам тээврийн ослыг бууруулах өндөр магадлалтай орны тоонд орно гэсэн. Дээрээс нь дэлхийн стандарт, бусад конвенцод нэгдэж орох, хууль зөрчигчдөд ногдуулах хариуцлагыг чангатгахыг анхаарч ажиллахыг хүслээ. Дээрээс нь зам орчныг боловсронгуй болгох, гоё сайхан тэмдэг тавихаас илүү жолоочийн ухамсарт нөлөөлөх, хөдөлгөөнд соёлтой оролцдог байх гэсэн чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах шаардлагатайг хэлсэн.

-Манайхан согтуугаар машин барьж болохгүй гэдгийг мэддэг атлаа хэрэгжүүлэхгүй юм. Яаж ухамсарт нь суулгах вэ?

-Согтуугаар машин жолоодож болохгүйг хүн бүр мэдэж байгаа. Хяналт шалгалтыг боломжийнхоо хэмжээнд ч хийж байна. Согтуу машин жолоодож буй хүнд хүлээлгэх хариуцлагыг чангатгах л шаардлагатай. Уг нь дуудлагын жолоочийн үйлчилгээ нэвтэрч, овоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байтал өнөөх дуудлагын жолооч нь өөрөө согтуугаар хүний машин жолоодох, осол хэрэгт холбогдох болсон. Тэгэхээр тэдэнд итгэх иргэдийн итгэл унтарчихаж байгаа юм. Дээрээс нь зогсоол хангалтгүй, хяналтгүй байна. Архи уусан үедээ тээврийн хэрэгслээ аюулгүй газарт орхиод явах боломжгүй байгаа нь үүнд нөлөөлж байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодно гэдэг хутга юм уу, буу барьсан алуурчин явж байна гэсэн үг гэдгийг хэн хүнгүй л мэддэг. Согтуугаар машин жолоодож яваад осол гаргасан бол хүндрүүлж үзэх ёстой. Хууль эрх зүйн талаар манайхан хангалттай сайн сурталчилж байгаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болоод бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд нь хохирол учруулна гэдгийг мэддэг атлаа иргэд өөрөө өөртөө найддаг.

Замын цагдаа нар маань Улаанбаатарт өдөрт дунджаар 35-50 зөрчил илрүүлж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод эрхээ хасуулсан жолоочийн эрхийг сэргээхэд бусад оронд хатуу бодлого баримталдаг. Заавал сургалтад хамруулж, сэтгэлзүйчдээс зөвлөгөө авч сургалтад суулгадаг.

Давтан үйлдсэн бол Японд л гэхэд бүх насаар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасдаг. Зарим оронд эрхээ хасуулсан байх хугацаандаа дахиад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол баривчлахгүй, эрх хассан хугацааг нь сунгадаг зэрэг зохицуулалт бий. Олон орны туршлагаас харахад тухайн хүний эдийн засгаар дамжуулж ухамсарт нь нөлөөлөх замаар шийдсэн байдаг юм билээ.

-Автобусны жолооч нарыг яах вэ. Өчигдөр л гэхэд хоёр автобус мөргөлдсөн осол гарлаа?

-Манай нийтийн тээвэрт стандартын шаардлага 100 хувь хангасан автобус байхгүй. Ялангуяа өвөл нийтийн тээвэртэй холбоотой гомдол манайд олон ирдэг. Бид үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага болон нийслэлийн Тээврийн газарт удаа дараа шаардлага хүргүүлдэг. Жишээлбэл, Энхтайваны гүүрэн дээр хоёр автобус хөлдөөд зогсчихлоо гэж бодъё. Тэр хоёрыг чирч явтал зам түгжирнэ. Дээрээс нь нийтийн тээврийн жолооч нар хөдөлгөөнд түрэмгий оролцдог. Бид илэрсэн зөрчил бүрт арга хэмжээ тооцдог.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хэсэг ажиллаж байна. Энэ хүрээнд 1000 автобус оруулж ирж байгаа. Ингээд жолооч нарыг давтан сургалтад хамруулж байж, шаардлага хангасан жолоочийг хөдөлгөөнд оролцуулах шаардлага бид тавьж байна. Дээрээс нь хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр олон ажил хийж эхэлсэн.

Хамгийн эхэнд замын хэвтээ, босоо тэмдэглэгээг сайжруулж, оновчтой байршуулахад анхаарч ажиллаж байна. Дээрээс нь зогсоолын менежментийг бий болгож, зохион байгуулалтыг сайжруулахаар боллоо. Энэ хүрээнд Бага тойрууд зогсоол байгуулах талаар нийслэлийн Авто замын хөгжлийн болон Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газартай манай алба хамтран төлөвлөгөө гаргаж ажиллаж эхэлсэн. Хоёрдугаарт, манай эцэг, эхчүүд, хүүхдүүд сурагчдын автобусыг хэрэглэж заншаагүй байна.

Жишээ нь “Орчлон” сургууль 1400-гаад хүүхэдтэй. Түүний 300 орчмынх нь гэр ойрхон, эсвэл биеэ даагаад явж байна. Харин 300 орчим нь сургуулийнхаа автобусаар зорчдог. Үлдсэн хүүхдүүдийнх нь ар гэр ямар нэгэн байдлаар өөрсдийнхөө унаагаар, эсвэл хөлсний машинаар хүргэдэг. Оргил ачаалал гэж ярьдаг өглөө ажил цуглах, орой тарах үед дээрх байдал зохиомол түгжрэл бий болгож байна.

Нэг сургуулийн жишээн дээр ярихад л 700 тээврийн хэрэгсэл. Тэгэхээр энэ орж ирж байгаа 1000 автобусны 300-г нь сургуулиудад өгөхөөр төлөвлөсөн. Харин одоо яаж оновчтой явуулах вэ. Хүүхэд өвөл автобусаа хүлээж гадаа зогсоно, хол явж сууна гэвэл эцэг, эхчүүд зөвшөөрөхгүй. Тиймээс гэрт нь ойрхон, зам гаргахгүй байх зэргийг бодолцох хэрэгтэй.

Нөгөө талаас сургуулийн хүүхдүүд хичээлдээ явах, тарах үедээ зам тээврийн осолд өртдөг. Тэгэхээр энэ талаар зөв менежмент хийх нь чухал. Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулахын тулд ЗЦА бусад байгууллагад шаардлагаа тавина, бас хамтарч ажиллана.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай