Мөнгөний цаана нуугдах мөнгөн усны аюул хэвээр байна

Мөнгөний цаана нуугдах мөнгөн усны аюул хэвээр байна

Гэртээ байсан цайны халуун савтай мөнгөн уснаас ууж хордсон хэрэг одоогоос хоёр жилийн өмнө гарч байв. Баянхонгор, Архангай аймгийн хүнсний захынхнаас мөнгөн усны хордлого илэрч байлаа. 2015 онд Баян-Өлгий аймгийн хоёр иргэн малын мах өвчиж байгаад ясны идээт үрэвсэл болж, түүнийгээ мөнгөн усны уураар утуулснаас хурц хордлогод орсон. Тэд онгоцоор яаралтай хүргүүлж, Хордлогын үндэсний төвд эмчлүүлсэн юм.

Сэлэнгийн Түнхэл, Баруунхараа, Зүүнхараа, Төв аймгийн Жаргалант, Борнуур, Баянхонгорын Баян-Овоо суманд гар аргаар алт олборлогчид олон. Тэд нууцаар мөнгөн ус хэрэглэсээр байна. 2010 онд нинжа нарыг албан ёсоор зохион байгуулалтад оруулж, бичил уурхай эрхлэгч гэж нэрлэх болсон. Ингэснээр тэднийг хууль бусаар мөнгөн ус ашиглахыг хориглосон юм.

Гэвч 2014 онд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн бичил уурхай, нөхөрлөлийн 140 гишүүний дунд судалгаа явуулахад 20 гаруй хувь нь мөнгөн ус хэрэглэж байжээ.

Тэр ч бүү хэл сүүлийн үед мөнгөн усыг их хэмжээгээр хил давуулан оруулж ирэх явдал цөөнгүй гарах болов. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 22-нд Баянгол дүүргийн нутагт 64.5 кг мөнгөн усыг “Рэнж ровер” маркийн машинаар Э гэх хүн тээвэрлэж явсныг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч нар илрүүлсэн. Мөн энэ оны хоёрдугаар сарын 16-нд улаан мөнгөн ус борлуулахаар машиндаа авч явсан 15 хүнийг баривчилж, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж буй юм.

Өнгөрсөн онд гэхэд НОБГ-т мөнгөн устай холбоотой зургаан дуудлага иржээ. Энэ оны нэгдүгээр сарын 19-нд “Сүхбаатар дүүргийн XVI хороонд байрны гадаа бортогтой мөнгөн ус байна” гэсэн дуудлагаар очиход нэг кг орчим мөнгөн ус зарж байжээ. Үүнээс хоёр хоногийн дараа Баянгол дүүргийн II хороонд “Тоёота Аллион” маркийн машинтай хүмүүс 900 гр мөнгөн ус зарж байсан нь илрэв. Энэ мэтээр мөнгөн ус зарж борлуулах, хэрэглэх явдал ил цагаандаа гарчээ.

Эрүүгийн хуулиар химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, ашиглах болон бусдад дамжуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, мөн Химийн хорт болон аюултай бодисыг зориулалт бусаар ашигласан, бусдын эрүүл мэнд, байгаль орчинд хүнд хор уршиг, их хэмжээний хохирол учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Гэвч ийм хэрэг үйлдсэн этгээдийг шүүж, ял оноосон нь ховор.

Сүүлд гарсан нэг жишээ хэлье. Өнгөрсөн оны тавдугаар сард Б гэх залуу Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуунсухайт дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 30 кг мөнгөн усыг нүүрс тээвэрлэдэг “Норд Бенз” маркийн машинд нууж, хилээр нэвтрүүлжээ. Тэрбээр уг мөнгөн усыг бусдад худалдах гэж байгаад баригдсан юм. Энэ тухайгаа “Би фэйсбүүкээс “Гийр авна” гэсэн зар уншаад яагаад ийм үнэтэй авч буйг тодруулахад “Дотроос нь мөнгөн ус гардаг” гэж хэлсэн. Хятадад байхдаа өвөрмонгол залуугаас мөнгөн ус худалдаж авсан. Монголдоо ирээд зарах гэтэл худалдаж авах хүн олдоогүй” гэж мэдүүлжээ. Түүнд шүүхээс нэг жил тэнсэн харгалзах ял оноосон байдаг.

Сэлэнгэ аймгийн Бороо голын ёроолын хөрсөнд алтны үйлдвэрээс асгарсан 2-3 тонн мөнгөн ус бий. Энэ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 5-20 дахин өндөр үзүүлэлт гэсэн судалгаа байдаг. Одоогоор бохирдсон хөрсийг цэвэрлэж, мөнгөн усыг ялган авч буй аж. Гэхдээ уг голын уснаас уухгүй, загасыг нь идэхгүй, гар аргаар алт олборлохгүй байхад мөнгөн усны аюулаас өөрийгөө хамгаалах боломжтойг судлаачид хэлэв.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэнд, хор судлалын лабораторийн эрхлэгч Д.Баатарцолоос мөнгөн усны тархалт, хор хөнөөлийн талаар тодруулахад, “Мөнгөн усны хордлогод орсон тохиолдол цөөнгүй гарч байна. Өнгөрсөн онд дэлхийн долоон орны жирэмсэн эмэгтэйчүүдийг мөнгөн усны хордлогод өртсөн, эсэхийг судалсан. Түүний нэгд нь манай улс багтсан юм.

ДЭМБ-тай хамтарсан судалгааны тайлан гаргасан ч одоогоор мэдээлэл өгөхгүй байхыг зөвлөсөн. Манай улс мөнгөн ус агуулсан зай, залгуур, унтраалга, гэрлийн шил, гоо сайхан, эм, эмнэлгийн хэрэгслийн импортыг бууруулах үүрэгтэй ажиллаж байгаа. Хамгийн аюултай, хортой бодисын эхний 10-т мөнгөн ус багтдаг. Монголчууд органик мөнгөн усны хордлогод өртөхгүй байгаа ч алт олборлогч, тэдний гэр бүлийнхэн металл мөнгөн усанд хордож байна.

Металл мөнгөн усны 80 хувь нь уушги руу ордог. Гаднаас оруулж ирж буй хүнс, ялангуяа төрөл бүрийн загас, загасан бүтээгдэхүүнээр дамжин органик мөнгөн ус тархаж болзошгүй. Үүнийг судлах хэрэгтэй. Япон улс аль загасанд мөнгөн ус ямар хэмжээтэй байгааг судалж, зөвлөмж гаргасан” гэж ярив.

Харин тус төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, дэд профессор С.Өнөрсайхан “Зөвхөн мөнгөн ус л алтыг хүдрээс нь 100 хувь ялган барьж чадна гэж алт олборлогчид итгэдэг. Өөр шинэ технологийг төдийлөн ашиглахгүй байгаа. Тиймээс мөнгөн усны архаг хордлогод өртөх нь цөөнгүй. Улсын эмийн нөөцөд заавал өнчин эм (Ховор тохиолддог өвчнийг эмчлэх зориулалттай улсын хэмжээнд харьцангуй бага хэмжээгээр хэрэглэдэг)-ийг байлгах шаардлагатай.

Мөн Улаанчулуутын хогийн цэг дээр хэмжилт хийж үзэхэд мөнгөн усны агууламж өндөр гарсан. Тэнд халууны болон чийдэнгийн хагарсан шил зэрэг аюултай хог хаягдал их. Иймээс аюултай хог хаягдлыг аюулгүй устгахад анхаарах цаг болжээ. Мөнгөн усны уур урагт нөлөөлөхгүй, хавдар үүсгэхгүй гэж байгаа ч органик хэлбэрт орж, ямар нөлөө үзүүлэхийг хэлж мэдэхгүй. Манай лаборатори металл мөнгөн усыг л тодорхойлохоос органик мөнгөн усыг шинжилдэггүй” гэлээ.

Амьсгалын замаар болон арьсаар нэвчин төв мэдрэл, бөөр, нүд, арьс салстыг гэмтээн, удаан хугацаагаар хордуулдаг энэ аюулт бодисын хэрэглээг илүү чанга хянаж, хил гаалиар нэвтрүүлэхгүй, онцгой анхаарахгүй бол агаар, хөрсний бохирдол шиг газар авахыг үгүйсгэхгүй нь. Алтны ард нуугдсан аюул одоо ч хэвээр байна. Ашиг харж ард иргэдээ өвчлүүлсэн Японы эмгэнэлт түүх минаматаг бүү давтаасай.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай