Монгол улс 2019 онд "Боинг 737 Макс 8" загварын шинэ агаарын хөлөгтэй болно

Монгол улс 2019 онд "Боинг 737 Макс 8" загварын шинэ агаарын хөлөгтэй болно

Далайд гарцгүй Монгол орны хувьд агаарын тээврийн салбарыг онцгой ач холбогдолтойд тооцдог. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас туршлага болон үйл ажиллагааны цар хүрээгээрээ Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК тэргүүн эгнээнд манлайлдаг гэж хэлж болно. Монгол улсын нэрийн хуудас болж яваа тус компани дэлхийн бусад агаарын тээвэрлэгчдийн адилаар Боинг хөлгөөр зорчигчидоо аялуулдаг.  Энэ ч утгаараа агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд АНУ-ын Боинг компаниас гурван ширхэг Боинг агаарын хөлөг худалдан авах гэрээг анх 2011 онд байгуулж байсан түүхтэй. Энэ дагуу 2013 оны 5 сард МУ түүхэндээ анх удаа будаг нь ханхалсан “Боинг 767-300ER” агаарын хөлгийг эх орондоо хүлээн авсан билээ. Үлдсэн хоёр агаарын хөлгийг 2019 онд авна. Ингэхдээ Боинг компанитай өмнө нь байгуулсан  худалдан авалтын гэрээнд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал  эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед агаарын хөлөг худалдан авах нь компанийн санхүүд нэмэлт ачаалал үүсгэх эрсдэлтэй байгаа тул Боинг компанитай  өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уйгагүй хэлэлцээр хийсний дүнд “Боинг 737 Макс 8” загварын хоёр ширхэг агаарын хөлгийг шууд худалдан авах бус, агаарын хөлгийн түрээсийн олон улсын “Avolon Aerospace Leasing Limited (Avolon)” компанид худалдан авах эрхээ шилжүүлэн тухайн түрээсийн компаниар дамжуулан дээрх хоёр агаарын хөлгийг МИАТ компани урт хугацаанд түрээсээр ашиглахаар тохиролцож талууд гурвалсан гэрээ үзэглэлээ. 

Ингэснээр өмнө нь Боинг компанитай байгуулсан хоёр агаарын хөлөг худалдан авах тухай гэрээ цуцлагдаж ,  МИАТ компаниас Боинг  компанид төлсөн барьцаа болон урьдчилгаа төлбөр болох 1.9 сая ам.долларыг агаарын хөлгийн  түрээсийн компани болох  “Avolon Aerospace Leasing Limited” компанид түрээсийн барьцаа болгон шилжүүлсэн байна. 
Сүүлийн үеийн дэвшилтэт шинэ технологийн “Боинг 737 Макс 8” загварын агаарын  хөлгүүд үйлдвэрээс гарсан даруйдаа буюу 2019 оны I, II дугаар улиралд Монголд орж ирэх юм. МИАТ компани тус хоёр агаарын хөлгийг 12 жилийн хугацаанд түрээсээр ашиглана.  
Монгол улсын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ Компани 2000-2014 онд үйлдвэрлэгдсэн таван Боинг хөлгөөр нислэг үйлдэж байна. Дээрх таван  агаарын хөлгийн дөрөв нь түрээсийнх бөгөөд  гурвынх нь түрээсийн гэрээ  2019 он болон 2020 онд дуусна. Насжилт өндөртэй тэдгээр агаарын хөлгүүдийн түрээсийн хугацаа дуусахаар үе шаттайгаар шинэ хөлгүүдээр парк шинэчлэл хийгдэх юм. 
Өнөөдрийн байдлаар МИАТ компани дэлхийн 6 улс руу шууд нислэг хийж байна. Зургадугаар сараас Франкфуртын чиглэлийн нислэг эхлэхээс гадна БНСУ-ын хоёр дахь том хот Пусан руу шинээр нислэг үйлдэх юм байна. Тус компани сүүлийн хоёр жилд  эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай ажиллаж,  компаний орлого өссөн байна. 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай