Анхаарлаа “асаая”

Зам, тээврийн осолд өртөж гэмтэх хүмүүсийн тоо аль улиралд нэмэгд­дэг гэж та боддог вэ. “Халтиргаа гулгаа ихэсдэг болохоор өвөл” гэж хариу­лах хүн цөөнгүй байх. Гэтэл бодит байдалд тийм биш гэнэ. Харин ч эсрэгээрээ зун илүү их байдгийг Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн эмч нар хэлэв.

Зам, тээв­рийн ослоос болж гэмтээд тус төвийг зори­хоос өөр аргагүй болсон хүний тоо сүүлийн хоёр сард өссөн байна. Өнгөрсөн нэгдүгээр сард ийм шалтгаанаар тус төвд 583 хүн ирсэн бол хоёрдугаар сард 677 болж нэмэгджээ.

Энэ сарын эхний хагасын байдлаар энэ тоо 415-д хүрчихээд буй гэнэ. Үүний дотор осол гарга­сан тээврийн хэрэгслээр зорчиж явсан гэмгүй хүн хамгийн олон байна. Төмөр хүлгийнхээ хүчийг “шалгахаар” тэнхээ мэдэн хурдлаад гэмтэж, тус төвд ирэхээс өөр аргагүй болсон жолооч нар араас нь “жагсав”.

“Амралт, зугаалга гээд хөдөөг зорих иргэдийн тоо зун ихэсдэг шүү дээ. Үүнтэй холбоотойгоор зам, тээврийн осолд өртөж эмнэлгийн тусламж авах хүмүүс олширдог байж болох юм. Энэ үедээ орон нутгийн замд хурд хэтрүүлэн давхих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол га­зар авдаг бололтой” гэж эмч нар хэллээ.

Дараагийн байранд намар, түүний дараа нь хавар бичигдэж, өвөл сүүл мушгисан нь өн­гөрсөн оны судалгаагаар тодорхой болсон аж. Гэхдээ гол асуудал улиралдаа биш, амиа хайрладаггүй, анхаарал болгоомжгүй иргэдэд л байдаг нь ойлгомжтой.

Доголсон, тэргэнцэр дээр суу­сан, суга таягтай хүмүүс, ээж аавдаа тэврүүлсэн хүүхдүүд ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасагт пиг дүү­рэн харагдана. Тус төвийнхөн осол гэмтэлд өртсөн хүмүүсийг 24 ца­гаар хүлээн авч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Нэн яа­ралтай тусламж шаардсан хүмүүсийг шинжилгээнд хамруулаад, тэр дор нь мэс засал хийх, хугарсан мөчийг гипсдэх гээд эмч, сувилагч нар чөлөө завгүй гүйнэ. Хажуугаар нь гэмтсэн хүмүүс, тэдний ар гэрийнхэн зогсоо зайгүй холхино. Өвчиндөө шаналж уурлаж уцаарлах, эсвэл эмч хай­сан хүмүүстэй хааяагүй тааралдах нь таагүй.

Бэртэж гэмтсэн нийт хү­мүүсийн 72 хувь нь энд ирдэг гэхээр хэр том “айл” болох нь харагдана. Эндхийн үйлчлүүлэгсдийн 10 гаруй хувь нь (өнгөрсөн сарын үзүүлэлтээр) авто ослын хохирогч гэнэ.

Хотын хаа нэгтээ хоёр машин мөргөлдөж, эсвэл машинаар явган зорчигч дайрсан талаарх мэдээллийг улаанбаатарчууд байнга сонсдог. Тэнд хүний амь үрэгджээ гэвэл ха­рамсан шогширдог. Олон хүн үрэг­дээгүй л бол аливаа ослыг энгийн үзэгдэл юм шиг ойлгодог болсон нь нууц биш. Хэчнээн хүн, хэрхэн гэм­тэж бэртэж байгааг төдийлөн ой­шоодоггүй, амьд гарсан бол зол гэж боддог.

Өөрөөр хэлбэл, нэг удаагийн болгоомжгүй үйлдэл, яаруу, түрэм­гий, хүлээцгүй зангаас болж гэмтэж, насан туршдаа тахир дутуу болж, хөдөлмөрийн чадвараа алдсан хүн энэ бүхний цаана цөөнгүй байгааг анхааралгүй орхидог. Тэр байтугай амь үрэгдсэн байсан ч нэг өдөр шуу­гиад, маргаашнаас нь бүх хүн мартдаг нь өнөөгийн бодит байдал.

Тухайн хүн хэр их гэмтсэнээс хамаараад хэд хоногоор эсвэл хэ­дэн жилээр эмчилгээ хийлгэж, на­саараа бусдын асаргаанд байх, эсэх нь шийдэгдэнэ. Учир нь зам, тээв­рийн осолд өртсөн хүний нэг эрх­тэн нь гэмтэх биш, нэлээд хэд нь хавсран доголдох магадлал өндөр гэнэ. Хугарсан хөл, гарыг гипсдээд өнгөрөх төдий хэрэг бол бараг л “азтай” тохиолдол. Мөчөө тайруу­лахгүй өнгөрч байвал их юм бололтой.

Тус төвийн Хүлээн авах яарал­тай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсайхан “Хотжилтын нөлөөгөөр үйлдвэрлэл, зам, тээврийн осол га­рах тохиолдол олширч байна. Осолд өртсөн хүмүүсийн олонх нь тархи толгойгоо гэмтээчихдэг. Цаашлаад зөвхөн тархи биш, хажуугаар нь цээж хэвлий, мөч нь гэмтэх тохиолдол түгээмэл. Тухайн тээврийн хэрэг­сэл хэр хурдан явж байсан гэдгээс хамаараад гэмтлийн түвшин өөр өөр. Амийг нь аврахын тулд хөл, гарыг нь тайрах энүүхэнд” гэлээ.

Авто осолд өртөөд эмнэлгийн тусламж авахаар ирсэн хүмүүсийн дотор хүүхэд олон уу, эсвэл насанд хүрэгчид үү гэдгийг тодруулахад их эмч Б.Буян-Арвижих “Насны бүлгээр нь ангилахад тийм ч их зөрүү, ялгаа ха­рагддаггүй. Бүхий л насны хүн осолд өр­төж байна” гэж тайлбарлав.

Үнэхээр л “ма­шины” золиос болсон хүүхдийн тоо насанд хүрэгчдээс төдийлөн их биш аж. Энэ сарын 1-нээс 15 хүртэлх хугацаанд л гэхэд 112 хүүхэд ийм шалтгааны улмаас тус төвд ирж тусламж, үйлчилгээ авчээ. Цэцэрлэгийн, эсвэл сургуулийн нэг анги 25 хүүхэдтэй гээд бодож үзвэл бүхэл бүтэн дөрвөн ангийнхан ямар нэгэн хэмжээгээр гэмтсэн, зарим нь бүр тахир дутуу болчихсон гэсэн үг. Бага тоо биш.

Энэ нь хэн нэгний буруу биш, хүүхдээ хараа хяналтгүй орхидог, өөрсдөө ч анхааралгүй явдаг монгол­чуудын хэнэггүй зангийн тод жишээ гэмээр. Жолоогоо бат атган, өөрийнхөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хохироохгүйн төлөө автомашинаа биш, анхаарлаа түрүүлж “асаах” шаардлагатайг эмч нар захилаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай