Б.Бээжин: Шүүхийн ажилтнууд гамшгийн үед арга хэмжээ авахад бэлэн болсон

Б.Бээжин: Шүүхийн ажилтнууд гамшгийн үед арга хэмжээ авахад бэлэн болсон

Шүүхийн тамгын газрын дарга нарт зориулсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт энэ сарын 16, 17-ны өдөр Дорноговь аймаг дахь шүүхэд болсон билээ. Шүүхийн ерөнхий зөвлөл болон албаны бусад байгууллагатай хамтран уг сургалтыг зохион байгуулсан Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Б.Бээжинтэй ярилцлаа.

-Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газар цагдаа, онцгой, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхантай хамтран "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт зохион байгууллаа. Цаасан дээр бичсэн дүрэм, журмыг амьдралд хэрэгжүүлэхэд ямар байна вэ?

-"Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын дагуу аймгийн Цагдаагийн газар, аймгийн Онцгой байдлын газартай хамтарсан төлөвлөгөөг баталсан. Тэр төлөвлөгөөг үндэслэн сургалт хийхдээ цаасан дээр бичигдсэн дүрэм, журмын дагуу үзүүлэх сургалт хийхийг зорилоо. Цаасан дээр бичсэн дүрэм, журам болон бодит байдал дээр буюу галын аюултай нөхцөл үүссэн тохиолдолд гал унтраах, галын аюулд нэрвэгдэгсдийг аврах зэрэг үйл явц нь нэгэн зэрэг асар хурдан хугацаанд явагдах ёстой. Гэвч үзүүлэх сургалтын хүрээнд цогцоор нь нэг дор хийх боломжгүй. Учир нь үзүүлэх сургалт гэдэг утгаараа нэг бүрчлэн нарийвчлан үзүүлэхийн тулд бид үйлдэл болгоноо тус тусад нь гаргаж харуулахыг хичээсэн. Бид үзүүлэх сургалтынхаа бэлтгэл ажлын үед нэг удаагийн бэлтгэлээр нэг кейсийг 4-5 удаагийн давтамжтайгаар бэлдэж байсан.

-Үзүүлэх сургалтын бэлтгэл хэр удаан үргэлжилсэн бэ. Тоглолтын төлөвлөгөө өөрчлөгдөх, бэлтгэлийн явцад анхаарах асуудал олон гарсан байх?

-Бид анх шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах үзүүлэх сургалтыг манай шүүхийн шүүх хуралдааны танхимд хийхээр төлөвлөж байсан юм. Тэр цагаас бэлтгэл ажлыг хангаж далдлага сургуулилтаа хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс бид ямар ямар жишээ авч үзүүлэх тоглолтоо явуулах вэ гэдгээс эхлээд бэлтгэл ажлуудыг хангаж эхэлсэн. Тоглолтын төлөвлөгөөг цаасан дээр гаргачихаад сургуулилт хийх явцад өөрчлөгдөх засах зүйлүүд нилээд гарсан л даа. Тухайн үед ярилцаад тохиромжтой байдлаар өөрчлөөд явж байсан.

-Тухайлбал, ямар өөрчлөлт гарсан бэ?

-Бид хэргийн хохирогч шүүх хуралдааны явцад шүүгдэгч болон шүүх бүрэлдэхүүн рүү халдах кейсийг өөрийн байрны шүүхийн шүүх хуралдааны танхимд хийхээр бэлдэж байсан. Гэвч уг үзүүлэх сургалтыг үзэх хүмүүсийг тооцоолон аймгийн "Соёмбо” цогцолборын хүндэтгэлийн өргөөнд шүүх хуралдааны танхимыг засаж хийсэн.

-Үзүүлэх сургалтад шүүхийн захиргааны ажилтнууд дүрд хувирч, тоглолт хийсэн. Хуульч хүмүүс дүрдээ орох, жүжиглэхэд хүндрэл байв уу. Шүүгч рүү халдсан хохирогчийн дүрд хувирсан хүн маш сайн жүжиглэсэн гэдэг үнэлгээг тамгын газрын дарга нараас авч байна лээ?

-Бэлтгэлийн явцад анхаарах асуудлууд гарч байлаа. Энэ бүх үзүүлэх сургалтын жүжигчилсэн тоглолтыг бүтээхэд манай шүүхийн захиргааны ажилчид дүрд тоглож оролцсон. Бид мэргэжлийн жүжигчид биш учраас дүр сонгох дүрдээ орох тал дээр маш их судалгаа гарган нилээдгүй ажилласаны үр дүнд "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын хүрээнд хийсэн үзүүлэх сургуулилт маань амжилттай болсон гэж үзэж байна. Хохирогч шүүх бүрэлдэхүүн рүү халдах кейс дээр анх хохирогч маань эмэгтэй байсан. Гэвч хүний эрх, олон улсын гэрээ, аймгийн цагдаагийн газар эмэгтэй дэг сахиулагч байхгүй зэрэг олон хүчин зүйлийг бодолцож хохирогчийн дүрд эрэгтэй хүн тоглох нь зүйтэй гэж үзэн сольсон.

-Гал түймэр, гамшиг ослын үед шүүхийн аюулгүй бүсийг хэрхэн тогтоосон талаар тамгын газрын дарга нар сонирхож байсан. Энэ талаар тодруулаач?

- Шүүхийн тамгын газар аймгийн Онцгой байдлын газар болон аймгийн Цагдаагийн газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэгтэй хамтран ажиллах төлөвлөгөөг баталсаны дагуу аюулгүйн бүсээ урьдчилан тогтоосон. Ер нь бол тухайн обьектод тааруулж аюулгүйн бүсээ тогтоодог. Манай шүүх рүү орох хоёр гарцыг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийнхан авто замыг хааж орох гарах гарцыг хамгаалалтанд авсан.

-Гамшгийн үед шүүхийн холбоо зарлан мэдээллийн ажилтан, бүртгэл мэдээллийн ажилтан чухал үүрэгтэй нь сургалтын үед харагдсан. Бас хүн бүр хэрэг болон эд мөрийн баримт, серверээ гаргах зэрэг үүрэг хүлээнэ гэдгийг ажилтнууд биечлэн үзүүлсэн нь чухал байлаа. Үүнд ажилтнууд алдаа гаргах, мартах тохиолдол их байсан уу?

-Шүүхийн тамгын газраас аймгийн Онцгой байдлын газартай хамтран гамшгаас хамгаалах төлөвлөгөөг батлан гаргасан. Төлөвлөгөөнд тамгын газрын даргын тушаалаар батлагдсан гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, аврах бүлгийн томилгоот бүрэлдэхүүнүүдийг томилон өгсөн. Холбоо, зарлан мэдээллийн ажилтны хувьд шүүхийн байранд галын аюултай нөхцөл байдал үүсэх үед шүүхийн байран дахь ослын дохиог ажиллуулж, онцгой байдлын газарт галын дуудлага өгөх үүрэг хүлээсэн. Харин бүртгэл мэдээллийн ажилтан бол шүүхийн байрнаас гарч ирсэн албан хаагчид болон бусад хүмүүсийг бүртгэж тухайн өдрийн ажилчдын ирцтэй уялдуулан онцгой байдлын газрын албан хаагчдад хэдэн хүн байх ёстойгоос хэдэн хүн дутуу галын аюулд байгаа талаар мэдээлэл өгөх үүрэгтэй. Мөн шүүхийн байрны ослын гарц хаана байрладаг, усны хоолой хаанаа байрладаг зэргийг зааж өгөх зэрэг үүргийг хүлээнэ. Бусад ажилчдын хувьд тушаалаар хуваарилсан эд зүйл болох хэрэг, эд мөрийн баримт, ажлын компьютер, сервер зэрэг чухал шаардлагатай зүйлсийг галын аюулын үед авч гарахыг хичээх ёстой. Гэхдээ бодит амьдрал дээр бол улаан гал дүрэлзэж байхад би тэрийг авах ёстой гээд дайраад байна гэсэн үг биш л дээ. Тодорхой хэмжээнд галын аюулын түвшин хүндрээгүй үед хэн нь юуг авч гарах вэ гэдгийг хуваарилж өгсөнөөрөө давхардсан, эмх замбараагүй нөхцөл байдал үүсэхгүй юм. Гал гарсан шүүхийн байрнаас гараад тогтоосон аюулгүйн талбайд цугларч гаргаж авсан зүйлийг цагдаагийн албан хаагч хамгаалалтанд авч аймгийн Цагдаагийн газар болон Онцгой байдлын газарт тусгай өрөөнд хадгалуулж байгаа. Манай томилгоот бүрэлдэхүүний хувьд Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Даваадоржийн удирдлаганд дадлага сургалтыг тогтмол хийсний үр дүнд өөр өөрийн үүргийг ойлгосон байсан нь үзүүлэх сургалтын явцад ямар нэгэн алдаа, мартах тохиолдол гараагүй. Цаашид галын болон газар хөдлөх зэрэг болзошгүй гамшгийн үед бэлэн болсон гэж ойлгож байгаа.

-Олон нийтийг хамарсан үймээн самууны үед шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд ямар үүрэг гүйцэтгэхийг цагдаагийн алба хаагчид зөвлөдөг вэ?

-Цагдаагийн байгууллагатайгаа хамтран шүүх хуралдааны явцад шүүгч, нарийн бичгийн дарга гээд оролцогчид тус бүрдээ биеэ хэрхэн хамгаалах талаар зааварчилгаа авч дадлага сургуулилт хийсэн. Олон нийтийг хамарсан үймээн самууны үед шүүхийн захиргааны ажилтнууд маань хэрэг, эд мөрийн баримт зэрэг чухал баримт бичгүүдийг нуун далдалж болзошгүй аюулаас сэргийлэх арга хэмжээг авч шүүхийн байран дотроо бэлэн байдалд байсан. Цагдаагийн нэмэлт хамгаалалт ирэх хүртэлх хугацаанд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн жижүүр цагдаа, шүүх хуралдааны журам сахиулагч цагдаа нар хамгаалалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа шүү дээ. Хэрэв шүүхийн байр руу нэвтэрсэн тохиолдолд шүүхийн эрэгтэй ажилчид хамгаалалтад оролцож нэмэлт хүч иртэл саатуулах арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөгдсөн.

-Шүүх хуралдааны явцад хохирогч шүүгдэгч, шүүгч рүү халдахыг завдсан талаар үзүүлэх сургалт үргэлжилсэн. Энэ кейсээр шүүх танхимд 4-5 офицер, цагдаа ажиллах шаардлагатайг харуулсан. Гэтэл бодит байдал дээр зарим шүүх хуралдаан цагдаагүй болдог?

- Одоогийн нөхцөлд шүүх хуралдаанд цагдаагийн нэг албан хаагч орж байгаа. Ер нь амьдрал дээр хохирогч гомдол санал ихтэй байдаг. Бид хохирогчид төдийлөн ач холбогдол өгч нарийн шалгадаггүй. Үүнийг харуулахын тулд хохирогчийг шүүгдэгч, шүүх бүрэлдэхүүн рүү халдах кейсийг сонгосон юм. Шүүхийн тамгын газраас онц хүнд болон хүнд хэргүүдийн хохирогч, шүүгдэгчийн байдал дээр илүү анхаарч урьдчилан цагдаагийн газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран сэтгэл зүйн байдлын талаар судалгааг авдаг. Үүнтэй холбоотой бид зарим нэг шүүх хуралдаанд цагдаагийн албан хаагчдыг нэмж оруулдаг.

-Шүүх хуралдааны явцад шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гээд оролцогчид тус бүрдээ биеэ хэрхэн хамгаалах, ямар арга хэмжээ авахыг сургалтын бэлтгэлийн үед цагдаа нар зөвлөсөн байх?

-Миний хувьд Багахангай, Налайх дүүргийн шүүх, Сүхбаатар дүүргийн шүүхүүдэд ажиллаж байсан туршлагатай. Уг туршлага дээрээ үндэслэн цагдаагийн байгууллагатайгаа хамтран шүүх хуралдааны явцад шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга болон оролцогчид тус бүрдээ биеэ хэрхэн хамгаалах талаар төлөвлөгөө гарган дадлага сургуулилтыг хийсэн.

-Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, туслах комиссар П.Энхтогтохын ярьснаар шүүхүүдэд аюулгүй байдлыг шалгах төхөөрөмж байдаггүй гэсэн. Мөн ослын дуудлага өгөх хонх байрлуулах шаардлага байгааг онцолсон. Эдгээрийг хангах боломж бий юу?

- Манай шүүхийн хувьд уг үзүүлэх сургуулилтыг зохион байгуулахтай холбогдуулан дуут дохиог өөрийн шүүхдээ байрлуулсан. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс металл хайгч багаж хэрэгслийг бүх шүүхүүдэд хангаж өгсөн гэж бодож байна. Зарим нэг хэрэгслүүд шүүхүүдэд байхгүй байхыг үгүйсгэхгүй.

-Шүүхийн тамгын газрын дарга нар энэ удаагийн сургалтын ач холбогдлыг өндөр үнэлж, шүүх бүрт хийх шаардлага байгааг онцолсон. Зохион байгуулагчийн хувьд та энэ удаагийн сургалтыг дүгнээч?

-Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гамшиг ослын үед авран хамгаалах үзүүлэх сургалт нь урьд өмнө нь зохиогдож байгаагүй ба анхны тохиолдол нь тэр тусмаа хөдөө орон нутагт буюу манай аймгийн шүүх дээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Хэдийгээр байгууллагууд гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байдаг ч амьдрал дээр хэрэглэж үзсэн нь ховор байдаг. Бидний энэ үзүүлэх сургалт нь шүүн таслах ажиллагаа явагдаж байхад үзүүлсэн нь маш үр дүнтэй ач холбогдолтой болсон гэж үзэж байгаа. Энэхүү сургалтыг зохион байгуулсанаараа манай шүүхийн хувьд асар их туршлага хуримтлуулсан, мөн болзошгүй аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар бид өндөр мэдлэг олж авсан гээд олон олон эерэг үр дүнг үзүүлсэн ажил боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс уг үзүүлэх сургалтыг зохион байгуулах санаачлагыг гарган хэрэгжүүлсэн нь шүүхийн шинэтгэлийн эрэн үед цаг үеэ олсон, асар их үр дүнтэй ажил боллоо гэж харж байгаа. Эцэст нь хэлэхэд манай шүүхийн сүүлийн 2 жилийн хугацаанд шүүн таслах ажил, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг үнэлж хамт олонд маань итгэл хүлээлгэж энэхүү ажлыг зохион байгуулах боломжийг олгосон Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан, Б.Сарантуяа, гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан болон ажлын албаны хамт олонд өөрийн зүгээс болон Дорноговь аймгийн шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилчдынхаа өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж нийт шүүхийн тамгын газрын дарга нар, шүүхийн захиргааны ажилтнууд та бүхэндээ хүний эрх, эрх чөлөө шудрага ёсны төлөөх их үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай