Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Хөвсгөл аймгийн шүүхэд ажиллаж, иргэдтэй уулзав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Хөвсгөл аймгийн шүүхэд ажиллаж, иргэдтэй уулзав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймаг дахь шүүхүүдэд ажиллаж, 2016 оны ажлын тайлангаа танилцууллаа. Шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, шүүгч ажилтнуудын санал сэтгэгдлийг сонссон юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн талаар иргэдтэй уулзалт хийж, орон нутгийн хуульчдад лекц уншиж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч энэхүү өдрийн томилолт шил дарсан үйл явдлуудаар дүүрэн, шахуу хөтөлбөртэйгээр үргэлжлэв. 

130 гаруй мянган хүн амтай тус аймагт шүүхийн үйлчилгээг хүргэж буй Хөвсгөл аймаг дахь дөрвөн шүүх, тамгын газар нийтдээ дөчин тавуулаа. Шийдвэрлэж буй хэрэг маргааны хувьд нэг шүүгчид ноогдох ачааллаараа Хөвсгөлийн 14 шүүгч улсдаа дээгүүрт, Дархан-Уул, Орхон аймгийн шүүхийн дараа эрэмбэлэгддэг.

Хүн ам ихтэй, 23 сум бүхий энэ аймагт эрүүгийн нөхцөл байдлын хувьд хүн амь, өмчлөх эрхийн эсрэг, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг зөрчсөн гэмт хэргүүд голлодог. Шүүхээр шийдэгдсэн эрүүгийн хэрэг өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.

1976 онд баригдсан хоёр давхар байраа арваад жилийн өмнө засч сэлбэн, 30 өрөө бүхий гурван давхар болгож өргөтгөсөн тус шүүх аймгийнхаа прокурорын байгууллагатай нэг дор байрладаг. Прокурор гэсэн томоос том хаягтай байранд үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн зургаан шүүх байдгийн нэг нь тус шүүх. Томилолтын ажлын хэсэг Хөвсгөл аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын өрөөнд шүүхийн байрны асуудалд анхаарал хандуулж, яриа өрнүүлэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хэдхэн хоногийн өмнө томилолтоор ажилласан Хэнтий аймгийн шүүх мөн ийм асуудалтай байгааг дурьдаад "Шүүх юун түрүүнд иргэд, олон нийтэд гаднаасаа зөв харагдах ёстой. Иргэд эхнээсээ шүүх, прокурор нэг байранд байрладаг энэ байдлыг хардаж, эсэргүүцээд Хэнтий аймгийн Ерөнхий шүүгч Б.Дэнсмаад албан бичиг ирүүлснийг тэрбээр бидэнд уламжилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Магадгүй, энэ асуудал прокурорт эмзэг тусч болох ч шүүхийн байгууллага иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хүндэтгэж, хангах, хамгаалах үүднээс удаа дараа сөхөж, дуугарч, сануулж байх нь зүй ёсных. Булган аймгийн прокуророос эхлээд шүүхийн байрыг суллаж, асуудал нааштайгаар шийдэгдэж байгаа нь энд байгаа хүмүүсийн сэтгэл зүтгэлтэй ч холбоотойг анхаарахад илүүдэхгүй” хэмээв.

Дөрвөн шүүх дундаа шүүх хуралдааны хоёр танхимтай. Шүүх хуралдаан зэрэг явуулахад танхимын хүрэлцээ муутайг анхааралдаа зайлшгүй авахаа илэрхийлсэн томилолтын ажлын хэсэг шүүхийн байртай үүднээс нь эхлэн танилцангаа, шүүгчидтэй санал солилцлоо. Профессор Н.Лүндэндорж гадаах дүнзэн байшинг цохож асуун, хэрэглэгдэж байгаа үгүйг лавласан нь шүүгчдийн өөрсдийн гараар модыг нь зөөвөрлөн авчирч, барьж босгосон түүхтэй бүтээн байгуулалт аж. Магадгүй, Монголын бүх шүүхүүдээс хамгийн бүтээлч хийгээд үг дуу цөөтэй нь Хөвсгөлийн шүүгчид байх. Авсаархан зайтай өрөөндөө хоёроороо суудаг шүүгчид ч байна. Сурагчийнх шиг жижигхэн ширээ сандалтай, байхгүйгээ өөрсдөө хийчихээд түүндээ сэтгэл ханасан, энгийн оршихуйтай аж ахуйч тэднээс сурах судлах зүйл багагүй.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шүүгчдийн нийгмийн асуудал, амьдрах орчинд зайлшгүй анхаарал хандуулдаг. Энэ дагуу нэр бүхий шүүгчийн гэр бүл өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдгийг бүхий л байдлаараа нийгмээс өв тэгш байх өндөр шаардлага дор ажилладагийг сануулаад ямар нэг байдлаар шийдэхийг зөвлөв. Шүүгчдийн ар гэр, ойр төрлийн хүмүүс өмгөөллөөр ажиллах зэрэг нь ашиг сонирхлын зөрчилтэйгээр олон нийтэд хардагдах магадлалтай, тэр ч үүднээс Шүүхийн ерөнхий зөвлөлөөс судалгаа хийж байгааг энэ дашрамд дурьдлаа. Ж.Ганчимэг шүүгчтэй захиргааны хэргийн ачаалал багагүй байгаа тухай, Г.Даваахүү шүүгчтэй прокурор байсан хүн шүүгч хийхэд ямар сул болон давуу талтай талаар, Б.Бямбасүрэн шүүгчтэй шүүхийн шийдвэр бичилт, мөрдөн байцаагчаар ажиллаж байсан Б.Мөнхтуяа шүүгчтэй шинэ шүүгчийн бэрхшээлийн талаар болон мэдлэг чадвараа хэрхэн ахиулж байгаа зэрэг сэдвүүдээр ярилцлаа.

2 дугаар давхарт байрлах прокурортой хаяа залгаа өрөөнд суух эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатарт "Эрүүгийн хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч прокурортой зэргэлдээ өрөөнд суух нь буруу. Шүүгч хүнд иргэний эрх ашиг гэж том эрх ашиг бий. Залуу хүнд наран талдаа, фенгшүйтэй өрөө нэг их чухал биш” гээд ойрын өдрүүдэд өрөөгөө солихыг зөвлөсөн юм. 

Шүүхийн тамгын газрын дарга Б.Батсайханы яриагаар бол ингэж болгоомжлох шалтгаан захаас аван их аж. Хөвсгөлийнхөн шүүх хуралдааны бичлэг их үздэг, хянадаг, лавладагаас эхлээд хүний эрхийн мэдрэмж өндөртэй, хурц хараатай ард түмэн гэдэг нь анзаарагдана.

Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Б.Амартүвшин 300 гаруй өргөдөл хүлээн авч, амжилттай эвлэрүүлсэн боловч тоон үзүүлэлт төдийлөн хангалттай бус байгаагийн шалтгааныг олж, чанарыг ахиулахад онцгой анхаарахыг Н.Лүндэндорж дарга иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбатад захилаа. Тус шүүх шүүхийн үйлчилгээний талаар иргэдийн саналыг бичгээр болон саналын хайрцгаар авч, шүүгчдийн зөвлөгөөнд хэлэлцүүлж заншжээ. Иргэдийн санал хүсэлтийн дэвтрийг сөхөж үзсэн томилолтын хэсэг шүүхийн цагдаагийн харилцаа хандлагын талаархи шүүмжид анхаарал хандуулж, аюулгүй байдлыг хамгаалагчид мөн санууллаа.

Хөвсгөл аймаг дахь шүүх цагдан хорионы зориулалтын өрөөгүй өдий болтол явж ирсэн нь анхаарал татсан асуудлын нэг байсан бөгөөд тун удахгүй хийхээ шүүхийн тамгын газрын дарга тайлбарласан юм. Шүүхийн байртай дэлгэрэнгүй танилцсаны дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд "Алтангадас” одон хүртсэн Т.Ганбат шүүгчид шагналыг нь гардуулж, баяр хүргэв. Мөн Хууль зүйн яамны "Хүндэт жуух”-аар шагнагдсан шүүгч Л.Эрдэнэбат, Т.Хүрэлбаатар нарт шагналыг гардуулж, амжилт хүслээ. Үүний дараа шүүхийн тамгын газрын дарга Б.Батсайхан 4 шүүхийнхээ танилцуулгыг хүний нөөц, дэд бүэц, хөрөнгө санхүү, шүүн таслах ажлын дүн мэдээг сүүлийн 3 жилийн харьцуулалтаар болон 2017 оны зорилго, онцлох ажлуудаасаа товчлон мэдээллэсэн.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж тайлангийнхаа өмнө "Хөвсгөл аймгийн шүүх бол шүүх засаглалтын нүүр царайг илтгэсэн том шүүх. Хүн ам ихтэй аймагт шүүхийн үйлчилгээг хүргэж байгаа учраас хүний нөөцийн бодлогыг бид хандуулж, иргэний хэргийн 5 шүүгчийн орон тоотой ажиллуулдаг” гээд иргэдийн итгэлийг дээшлүүлэхэд анхаарал хандуулах, шүүхийн аюулгүй байдлыг хамгаалж байгаа цагдаагийн алба хаагчдын харилцаа хандлагад анхаарал тавих, шүүгч тасралтгүй хөгжиж байх зэрэг асуудлуудыг онцлон анхааруулаад 11 багц сэдвээр танилцуулга хийлээ. Танилцуулгын дараа Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртсэн профессор Н.Лүндэндорж, Төрийн дээд "Алтангадас” одон хүртсэн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нарт Хөвсгөл аймаг дахь шүүхийн шүүгч ажилтнууд баяр хүргэж, амжилт хүсэв.

Шүүхийн байран дахь энэхүү үйл явдлын дараа аймгийн Хөгжимт драмын театрт Н.Лүндэндорж дарга иргэдтэй уулзалт хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн бодлого, мөн чанар, үр дүн, цаашдын зорилтын талаар иргэдэд хялбаршуулсан лекц уншлаа.

Монголын хойморь нутгийн ард түмэн танхим дүүрэн цуглаж, 13 иргэн шүүхийн шинэтгэл, шүүхийн үйлчилгээний талаар илэн далангүй санал бодлоо илэрхийлж, нутгийн удирдлагуудын хамт Н.Лүндэндорж профессорт талархал илэрхийлж, шүүхийн шинэтгэлд амжилт хүссэн юм. Энэ танхимд шүүгч ажилтнууд ч ажлаа үнэлүүлж, иргэдийн хүсэн хүлээлтийг бодитойгоор сонслоо. Хөвсгөл нутгийн унаган хүү, доктор, профессор Н.Лүндэндоржийг аймгийн засаг дарга Л.Ганболд "Аймгийн алдартан” цол, тэмдгээр шагнасан үйл явдал энэ үеэр тохиолоо.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай