Амиар наадсан автосургуулиудын бизнес

Оюутан Буянбат өнгөрсөн жил “Ман­лай жолоо” автосургуулийн жолооны курсэд суужээ. Тэр төгсөх анги уч­раас диплом бичих, бусад хичээлийнхээ шал­галтад бэлдэх гээд бишгүй ажилтай байв. Бас аавынхаа компанийн бичиг, цаасны ажилд туслах үүрэгтэй. Гэвч ээж, аав нь “Завтай үедээ сурна гэж хойшлуулсаар байвал бүтэх­гүй, амжуулах л хэрэгтэй” гэж ятгасаар түү­нийг ийнхүү жолооны дамжаанд явуулчихаж.

Нэгэнт төлбөрийг нь өгчихсөн болохоор тэрбээр сургалтдаа бүрэн сууж, сайн жолооч болохыг эрмэлзэвч санаснаар нь болсонгүй. Алдаг оног суусаар нэг л мэдэхэд 45 хоног дуусчээ. Ингээд тэр замын хөдөлгөөний дүрмийн тестүүдийг ба, бэгүй цээжилж, дром дээр багагүй бэлтгэл хийсний дүнд шалгалтаа давж, жолооны үнэмлэхээ түвэггүй авчихаж. Үүнээс хэдхэн хоногийн дараа Буянбат эг­чийнхээ “Приус 10” маркийн машинтай явж байгаад өөр машинтай мөргөлдөж (цемен­тэн зам дээр хальтарснаас), осол гаргажээ.

Азаар хэн нэгэн гэмтэж, бэртээгүй боловч тэр багагүй төлбөрт унасан байна. Одоо ч тэр өөрийгөө жолооч болсон гэж хүлээн зөв­шөөрдөггүй аж. Тэрбээр “Хэдхэн удаа жолоо бариулж, тест бөглүүлээд жолооч болчих­доггүйг ойлгосон. Хэд хэдэн удаа осол гар­гаж, хаширлаа. Сүүлдээ бүр жолоо барихаар гар чичирдэг болчихдог юм билээ.

Хамгийн сүүлд Улаанбаатараас Дархан-Уул аймаг руу найман цаг хэртэй явж хүрсэн гээд бод” хэ­мээн ярьсан. Түүн шиг жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэх авсан ч өөрийгөө жолооч болсон гэж үздэггүй, эзэмшсэн чадвартаа сэт­гэл хангалуун бус хүн хэр олон бол. 

Монголд зам, тээврийн осол, зөрчил гаарч, үүний улмаас гэм буруугүй олон хүний амь эрсдэж буйг гэрч­лэх баримт хангалттай бий. Үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг ч дийлэнх тохиолдолд хэн нэ­гэн жолоочийн буруутай үйлдлээс үүдэлтэй байдаг. Тэр бүрт бид муу л бол хойд захын хар овоохой гэгчээр жолооч нарын хариуцлагагүй, бүдүүлгийг гайхаж, буруутгах нь түгээмэл. Гэвч тэдгээрийг сургаж, бэлтгэдэг автосургуулиудын талаар тэр бүр хөндөж, дуугаралгүй өдий хүрсэн. Үүний уршгаар манай орон Буянбат шиг хариуц­лагагүй, муу жолооч, чанаргүй сургалтттай авто­ сургуулиудаар дүүрэв.

Цагдаагийн ерөнхий газ­рын Лицензийн төвөөс авсан мэдээллээр өдгөө Монголд 326 автосургууль бий гэнэ. Үүний 192 нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт үйл ажил­лагаа явуулдаг аж. Эдгээр нь жилд 50-60 мянган жолооч бэлтгэдэг юм байна. Ийм хэмжээний тоотой автосургууль жолооч бэлтгэж байна гэдэг бас ч гэж боломжийн үзүүлэлт. Гэвч тэд­ний сургалтын чанар хангалтгүй байгаад л ха­маг учир бий.

Дром болон дүрмийн хичээлд хагас дутуу суух нь битгий хэл ганц ч удаа очоогүй атлаа жолооны үнэмлэх авчихсан хүн ойр орчимд минь хүртэл байна. Тэд “Дүрмээ мэддэг байхад заавал суух шаардлагагүй, цаг хэмнэх гээд суугаагүй” хэмээн тайлбарладаг. Цаг завгүй учраас байсхийгээд л дүрмийнхээ хи­чээлийг тасалчихдаг байсан Буянбатад ч багш нар нь юу ч хэлдэггүй байсан гэнэ лээ.

Гэвч тэр суугаагүй цаг бүртээ тэдэнд мөнгө төлсөн. Эр­дэнэт хүний амь хариуцаж явдаг учир жолооч нар эмчээс дутахгүй хариуцлагатай байх ёстой. Гэтэл суралцагчид нь ч, хичээл зааж буй багш нь ч үүнийг умартчихдаг нь харамсалтай. Автосургуулиудын сургалтын чанарт хяналт тавих ёстой гол байгууллага нь БСШУСЯ.

Авто­сургуулиуд сургалт явуулахад тохиромжтой ор­чин бүрдүүлж чадсан, эсэх, замын хөдөлгөөнд оролцогчид зайлшгүй эзэмших ёстой мэдлэг, ур чадварыг олгож байна уу гэдгийг тэд хянах үүрэгтэй. Өмнө нь Цагдаагийн ерөнхий газ­рын Лицензийн төв үүнд санаа тавьдаг байсан ч 2015 онд аттестатчлал явуулснаар ийнхүү чиг үүрэг нь солигдож, БСШУЯ (хуучнаар)-ны дэр­гэд Автосургуулиудын сургалт, арга зүйн төв байгуулсан аж. Гэвч уг төвийн үйл ажиллагаа жигдрээгүйгээс хяналт тавих үүргээ гүйцэтгэж чаддаггүй гэнэ.

Мэргэжилтнүүд нь “Удахгүй үйл ажиллагаа жигдэрчих байх” хэмээж сууна. Тэд­нийг ийн мунгинаж байх зуур автосургуулиуд хуульгүй мэт аашлан, дураараа дургисаар. Ха­рин Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв суралцагчид хэр сайн жолооч болсон бэ гэдэгт анхаарал хандуулах ёстой аж. Өөрөөр хэлбэл, жолооны сургалтад хамрагдсанаар ту­хайн хүн юу сурсан бэ, хичээлдээ бүрэн суусан уу гэдгийг хянадаг.

Лицензийн төвийн мэр­гэжилтэн, цагдаагийн ахмад Н.Пүрэвдорж “Манай сургуулийн сургалтад иргэн тэр тэр хамрагдаж байна гэсэн мэдээллийг автосургуулиудаас бидэнд ирүүлдэг. Бид тухайн хүнийг сургалтдаа үнэхээр сууж байгаа юу, үгүй юү гэдгийг гэнэтийн шалгалтаар хянадаг” гэв. Тэд үе үе жолооны сургалтын төвүүдэд гэнэтийн шалгалт хийдэг ч ямар зөрчил байгааг тэр бүр олж харах боломжгүй. Учир нь, дүрмийнхээ хи­чээлийг үргэлж тасалдаг нэгэн азаар гэнэтийн шалгалттай өдөр хичээлдээ сууж таарвал сайн сурагч гэсэн үнэлгээ авна.

Харин хичээлдээ үргэлж суудаг нөгөө нэг суралцагч ганцхан удаа тасалсныхаа балгаар хичээлдээ суудаггүй нэ­гэн болж хувирах магадлалтай. Автосургуулиу­дын үйл ажиллагаанд тавьж буй хяналт ердөө энэ гэнэтийн шалгалтаар хязгаарлагдаж байна. Ийм байхад тэдний сургалт хэр зэрэг үр дүнтэй, бэлтгэсэн жолооч нарын ур чадвар ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Жолооны сургалтад хам­рагдсан цөөнгүй иргэнээс ийм шалгалтад өртсөн, эсэхийг асуухад олонх нь үгүй гэж хариуллаа. Тэд үнэхээр хяналт тавьдаг уу.

Нийслэлд өдөрт дунджаар 300 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд 200 орчим осол, зөрчил бүртгэгддэг гэсэн ста­тистик бий. Цаашид ч энэ тоо өсөж, автозамын ачаалал нэмэгдэх биз. Тэр хэрээр жолооч нар замын хөдөлгөөнд илүү болгоомжтой оролцож, дүрмээ баримтлах шаардлагатай. Үүсэж болох эрсдэлээ бодсон ч тэр. Тиймээс жолооч бэлтгэх сургалтыг сайжруулж, энэ чиглэлээр үйл ажил­лагаа явуулдаг байгууллагуудад хяналт тавих ёстой. Сургалт явуулдаг багш нараас нь ч шал­галт авахад гэмгүй.

Хоёр жилийн өмнө Замын цагдаагийн газрынхан автосургуулиудын багш нараас шалгалт авахад 40 хувь нь бүдэрсэн гэнэ лээ. Хорин асуултны 10-д нь буруу хариулсан багш ч цөөнгүй байсан гэдэг. Одоо ч ийм багш нар бийг үгүйсгэх аргагүй. Онолоор нэгийг дадлагаар хоёрыг гэдэг. Замын хөдөлгөөний дүрэм хэдий чухал ч түү­нээс илүү зүйл нь техник эзэмших ур чадвар. Гэтэл автосургуулиудын хотын замд болон дром дээр хийлгэдэг дадлага тийм ч хангалт­тай биш. Жолоодлогын дадлага хийх машин хүрэлцээгүйгээс нэг хүнд ногдох хугацаа нь ч бага байдаг гэнэ.

Тийм учраас сүүлийн үед хүмүүс VIP буюу ганцаарчилсан сургалтад их суух болжээ. Ийм сургалтын зардал ердийн­хөөс 2-3 дахин өндөр атлаа тийм ч үр дүнтэй байдаггүй гэнэ. Харин ч ахиу мөнгө төлсөн хү­мүүсээ юу сурсныг нь бус, шалгалтад нь яаж ийгээд тэнцүүлээд жолооны үнэмлэхийг нь хурдан гаргаж өгөхийг л боддог гэнэ. Ийм нэ­гэн автосургуулийн төгсөгч Б.Номин л гэхэд эл сургалтад хамрагдсан ч дүрэм, дромныхоо шалгалтад аль алинд нь унажээ. Тэд сургалтаа хэрхэн сайжруулах биш, хэрхэн ахиу мөнгө олох вэ гэдэгт анхаарч буйн жишээ энэ.

Хэн нэгний ашиг хонжоо олох бизнес бо­лоод буй жолооч бэлтгэх сургалтыг үнэ төлбөргүй болгож, замын хөдөлгөөний дүрэм, аюул­гүй байдалтай холбоотой мэдлэгийг ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт оруулж, хүүхдэд багаас нь эзэмшүүлбэл хэн нэгний хариуцлагагүйгээс үүдэлтэй осол, зөрчлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Үгүй юм гэхэд тээврийн хэрэгсэлтэй бол­гоомжтой харьцаагүйн улмаас ямар хор хохирол амсах вэ гэдгийг ухааруулах хэрэгтэй. Тэгвэл ядаж л жолооны сургалтад бүрэн сууна. Өөрийгөө хуурч, өрөөлийг хохироохгүй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

Илгээх

Энэ тухай