Тайванийн марафонд монгол хүн анх удаа түрүүллээ

Марафон гүйлтийн “Шинэ Тайвань Ван Жинь Ши 2017” олон улсын тэмцээн Тайвань улсад уржигдар боллоо. Арван мянга гаруй тамирчин өрсөлдсөн гурав дахь удаагийн тус тэмцээнд манай улсаас хурд сорьсон “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Баярцогтын Мөнхзаяа 02:28:08 секундын амжилтаар түрүүлэв. Нэр хүнд, чансаагаараа ДАШТ, Азийн АШТ-ий дараа эрэмбэлэгддэг тус тэмцээнд монгол хүн анх удаа аварга болсон нь энэ. Удаах байрт Этиопын тамирчин Г.Гэсито, А.Белдо нар шалгарч, мөнгө, хүрэл медаль хүртэв.

 Хөнгөн атлетикийн спортоор долоо дахь жилээ хичээллэж буй Б.Мөнхзаяа 2012 онд Бүх ард түмний спартикиадаас 5000, 1500 метрийн зайн төрөлд мөнгө, хүрэл медаль хүртэн, амжилтын салхиа хагалжээ.

Улмаар 2014 онд 3000, 5000, 10000 метр, хоёр жилийн өмнө 42 км-ын зайд Монгол Улсын дээд амжилт шинэчилсэн төдийгүй өдгөө эзэмшдэг. “Улаанбаатар марафон”-д сүүлчийн гурван жил дараалан түрүүлээд буй тэрбээр “Рио-2016” олимпод 72 дугаар байрт шалгарсан. Түүний нөхөр нь хөнгөн атлетикийн тамирчин, ОУХМ Б.Доржпалам. Тэд нэг хүүтэй. Б.Мөнхзаяа өнөөдөр эх орондоо ирлээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

Илгээх

Энэ тухай