Дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэхээс өмнө

            Афганд энхийг сахиулах дэд хурандаад явахаасаа өмнө амжуулах ажил бишгүй. Ч.Мөнхжанцангийн гэр бүлийнхэн /2017.03.15-ны өглөө/

Монгол цэргүүдийн эрдэм ухаан, эр зориг, суу заль, авхаалж самбаа эртнээс гайхагдсаар ирсэн. Хүж дэлхийн хүн зоныг эв найрамдалтай, амар тайван байлгахад монголчууд Хүннү Сүннүгийн үеэсээ чухал үүрэг гүйцэтгэж ирснийг буурал түүх мартаагүй. Өдгөө ч энэ замнал үргэлжилсээр буй.  

Одоогоос 15 жилийн өмнө буюу 2002 онд Конго улсад явагдсан НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд Монголын Зэвсэгт хүчнээс хоёр офицерыг цэргийн ажиглагчаар анх илгээж байв. Тэр цагаас хойш НҮБ-ын энхийг сахиулах 11, энхийг дэмжих гурван ажиллагаанд давхардсан тоогоор нийтдээ 13 мянга орчим цэргийн алба хаагч оролцож, үүргээ нэр төртэй биелүүлээд байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар Ардчилсан Конго, БНӨСУ, Судан, Баруун Сахар, Афганистан улсад явагдаж байгаа энхийг дэмжих ажиллагаанд 1100 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж буй.

            Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд Монголын Зэвсэгт хүчнийхний нэр хүнд, байр суурь жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа тухай сайхан мэдээнд бид сэтгэл баясаад суудаг. Сав л хийвэл мөргөлдөөн, байлдаандаа тулчих гээд байдаг үймээн самуунтай харь газар энхийг сахиулж буй ахлагч офицеруудын ар гэрийнхэн харин ямархуу байдалтай аж төрдгийг харуулахаар "Өнөөдөр" сонин Монголд анх удаа "Аавын эзгүйд" нэртэй сонины реалити сурвалжилга эхлүүлж байна.

            Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаа Чимэддоржийн Мөнхжанцангийн гэр бүл манай сонины реалити сурвалжилгын гол дүр байх юм. Афганистан улсад явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд оролцох V ээлжийн Монголын цэргийн багийн бүрэлдэхүүнд багтсан Ч.Мөнхжанцан эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 2006 онд Сьерра Леонд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон Монголын багийн I ээлжинд үүрэг гүйцэтгэж байжээ. 

            2017.03.15-ны лхагва гариг. Афганистанд үүрэг гүйцэтгэх цэргийн баг маргааш (өнгөрсөн долоо хоногт)  явна гэдгийг дуулаад, дэд хурандаагийн гэргий Д.Мөнхчимэгтэй холбогдоход "Би охинтойгоо эмнэлэг явж байна. Нөхөр маань 14.00 цагт цугларалттай гэсэн. Оройхон бид гэртээ оччихно байх" гэв. Гэвч оройхон хэрд түүн рүү утас цохитол ЭХЭМҮТ-д үзүүлэхээр дагуулж очсон дунд охин эмнэлэгт хэвтэн, эмчлүүлэх шаардлагатай болжээ. Тиймээс бид маргааш өглөө эрт гэрт нь уулзахаар тохирлоо.

            Пүрэв гариг. "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлын хойхно байрлах, өндөр саарал орон сууцны барилгын наймдугаар давхрын ... тоот гэсэн хаяг заалгаад, очих замдаа "Гэр хороололд амьдардаг гээгүй бил үү" хэмээн гайхасхийж явав. Үнэнийг хэлэхэд "Ч.Мөнхжанцан дэд хурандаагийнх М.Анхцэцэг, М.Номин-Эрдэнэ, М.Оюу-Эрдэнэ гэсэн гурван охинтой, отгон хүүг нь М.Эрдэнэбат гэдэг" гэсэн ерөнхий мэдээлэлтэй л тэдний хонхыг дарсан юм.

Хаалга тайлж өгсөн биерхүү охиныг том нь юм болов уу гэж бодтол эсрэгээрээ, бага нь буюу М.Оюу-Эрдэнэ аж. Ахиулаад хартал хойморт нь насанд хүрэгчдийн Азийн аварга, оюутны болон залуучуудын дэлхийн аварга, хүндийг өргөлтийн ОУХМ М.Анхцэцэгийн томоос том зураг өлгөөтэй байхыг үзээд бүх зүйлийг ойлгов. Риогийн олимпод 19 настайдаа анх удаа оролцоод шагналт VIII байрт шалгаран, Монголын хүндийг өргөлтийн спортод түүхэн гавьяа байгуулсан "алтан охин"-ы гэрт бид ирсэн байжээ.

            М.Анхцэцэг удахгүй болох өсвөрийн ДАШТ-д Ц.Хосбаяр багштайгаа хамт дүү нараа бэлдэхээр нэгдсэн цугларалтад гарчихаад, эзгүй байгаа аж. Хэдэн өдрийн өмнө аавыгаа маргааш явна гэж дуулаад, том охин нь гэртээ ирж хоносон ч хойшлогдохоор нь "Аав минь ээ, олон дахин ингэж "хулхидуулмааргүй" байна шүү. Яг төдөнд явна гэж тодорхой болохоороо хэлээрэй" гэж тоглоом наргиан хийжээ. Энэ өдөр ч бас Ч.Мөнхжанцан дэд хурандаагийн явах хойшилсон юм.

Харин тэр өчигдөр орой М.Номин-Эрдэнэ дүүгээ эргэхээр эмнэлэг дээр ирж байж байгаад явсан гэнэ. "Манай дунд охин их эрх. Дүү нартаа хүртэл эрхэлчихдэг юм. Номин-Эрдэнийг эмнэлэгт тийм байдалтай байхад гэрийнхнээс нь очоогүй хүн байвал гомдоод сүйд болно. Анхаа харин тийм биш. 2009 онд бид Дорнодын цэргийн анги руу шилжихдээ Анхааг эмээд нь орхиод явж байлаа. Тэнд зургаан жил болоод ирэхэд охин маань биеэ даачихсан байсан. Ер нь цэргийн хүн, тамирчин хоёр цаг яс барьдаг, өгсөн үүрэг даалгаврыг ягштал биелүүлдгээрээ адилхан шүү" хэмээн аав нь хуучиллаа.  

Аавын амин хайртай “эрх шар” М.Эрдэнэбат

            Энэ хооронд гэрийн эзэгтэй эмнэлэг рүү авч явах хоолоо хийж амжив. Д.Мөнхчимэг мөн л цэргийн хүн бөгөөд Зэвсэгт хүчний 013 дугаар ангид ахлах ахлагч цолтой, станцын дарга хийж байгаад оны өмнө цэргийн тэтгэвэрт гарчээ. "Аав минь цэргийн хүн байсан учраас бид ийш тийшээ байнга нүүдэг. Тиймээс надад тогтсон нэг анги хамт олон гэж байдаггүй. Гэхдээ цэргийнхний амьдрал сайхан. Би аравдугаар ангиа төгсөөд шууд Ахлагчийн сургуульд орж байлаа. Одоогоос 21 жилийн өмнө бид анх танилцсан" хэмээн тэрбээр ярилаа.

2006 онд аавыгаа Сьерра Леон явахад Анхаа наймтай, дундах охин нь гурван ой гаруйтай, бага нь нэг ойтой үлдэж байжээ. "Залуу хүмүүс нэг нэгнээсээ хол байх амаргүй шүү. Тэр үед интернэттэй айл ховор байсан тул хоёр багыгаа хөтлөөд интернэт кафе орно.

Нэг удаа бага охиноо хажуугийн компьютерыг нь асаагаад суулгачихсан байж байтал хүний Германаас ирсэн чухал и-мэйлийг нь устгачихаад, бөөн юм болж билээ. Одоо бас ч гэж хүүхдүүд өсөж том болоод, ханийгаа сэтгэл тайван явуулах гэж байтал дунд охин маань жаахан ороогоод эхэллээ" гээд Д.Мөнхчимэг охин руугаа явахад бэлэн болсноо дуулгав.

Охиныхоо эрүүл мэндийг бодоод, байр түрээсэлсэн тэд удахгүй хашаа байшиндаа нүүж очно

    Энэ үед бидэнд хаалга тайлж өгсөн М.Оюу-Эрдэнийн утас дуугарч, эмнэлэгт байгаа эгч нь  "Зуун жилийн ганцаардал" зохиолыг авчраарай гэж зарлиг буулгах нь тэр. "Захисан юмыг нь бүрэн авч очихгүй бол болохгүй" гээд ээж, охин хоёр номын сангаа онгичсоор оллоо. Том эгчийгээ дагаад хүндийг өргөлтөөр хичээллэдэг, төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуульд сурдаг 15 настай охин нь Габриель Гарсиа Маркесын хамгийн алдартай романыг эмнэлэгт дахин уншихаар захисныг дуулаад М.Номин-Эрдэнээр эрхгүй бахархав.

Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард нэлээд гүн түлэгдэж, ГССҮТ-д арьс нөхүүлэх мэс засал хийлгэсэн бөгөөд хүйтэнд хэт дааруулж болохгүй гэсэн тул охиныхоо эрүүл мэндийг бодоод аав, ээж нь одоо амьдарч буй байрыг түрээсэлжээ. Тавдугаар сараас хашаа байшиндаа нүүж очих юм байна.

            Ингээд М.Эрдэнэбат хүү ээжтэйгээ хамт эгчдээ хоол, цай аваачихаар, М.Оюу-Эрдэнэ бэлтгэл рүүгээ, аав нь харин 10.00 цагийн цугларалт руугаа явахаар гэрээс гарцгаалаа.

            2017.03.19-ний ням гариг. Ч.Мөнхжанцан дэд хурандаагийн хүүхдүүд бүгд спортоор хичээллэдэг юм билээ. М.Номин-Эрдэнэ, М.Оюу-Эрдэнэ нар Анхаа эгчийгээ дуурайгаад хүндийг өргөлтөөр хичээллэж буй бол отгон хүү М.Эрдэнэбат нь Хан-Уул дүүргийн Усан спорт, сургалтын төвд зургаа дахь сардаа явж байгаа аж. 

"Усанд сэлэхээр турдаг гэсэн ч би одоохондоо хэвээрээ л байгаа. Надтай хамт хичээллэдэг нэг хүүг багш таргалчихсан байна гэсэн" хэмээн гэнэхэн хуучлах есөн настай хүүгээ аав нь жигтэйхэн эрхлүүлдэг юм билээ. "Цэргийн хүмүүс гээд бид хүүхдүүдээ айхтар ширүүлж хатуурхалгүй, зөнгөөр нь өсгөсөн. Тэглээ гээд буруудаагүй" гэх ээжийнх нь үг М.Анхцэцэгийн багшийн хэлснийг санагдуулав.

Эгч, дүү туйванч М.Анхцэцэг, М.Оюу-Эрдэнэ нар.

Түүний амжилтын нууцын талаар Ц.Хосбаяр дасгалжуулагч нь “Анхааг хоёрхон үгээр “Бурхны бүтээл” гэж хэлнэ. Үнэхээр зөв бодолтой хүүхэд. Бэлтгэлийг чин сэтгэлээсээ хийдэг. Арав хий гэвэл 11 удаа гүйцэтгэдэг” гэсэн юм.

            Хэзээ мөдгүй алс хол хилийн чанадыг зорих гэж буй аавыгаа охид нь нэг баярлуулж, нэг түгшээж байх шиг ээ. "Хүүхэд өвдсөн үед алс хол явах нь байтугай орхиод ажил руугаа гарахаас ч хэцүү санагддаг. Гэхдээ хань минь адилхан цэргийн хүн учраас бид нэгнээ илүү сайн ойлгодог. Бас ар гэрийнхнээ сэтгэл тайван  найдаж үлдээдэг" хэмээсэн ч тэрбээр эмнэлэгт байгаа М.Номин-Эрдэнийнхээ төлөө энэ хэдэн өдөр сэтгэлээ багагүй чилээсэн нь дамжиггүй.

Харин өчигдөр түүнд "Үртэй хүн жаргалтай" гэдгийг мэдрүүлэн, баярлах нэгэн шалтгаан нэмсэн үйл явдал болов. "Хүч" спорт хороон дээр Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн цомын тэмцээн болж, том охин нь тус тэмцээнийг шүүгээд, бага нь -75 кг-д хүрэл медаль хүртэж, аавынхаа магнайг тэнийлгэжээ. 13 настай М.Оюу-Эрдэнэ уржигдар мөн Хүндийг өргөлтийн өсвөрийн УАШТ-д амжилттай оролцон, шагналт IV байрт шалгарсан юм.

            Өнөөдөр харин М.Номин-Эрдэнэ нарийвчилсан шинжилгээ өгөх учиртай. Хариу нь ямар гарахаас олон зүйл шалтгаална.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

Илгээх

Энэ тухай