Дөнгөтийн Цоодол: Урианхай бид хоёрын наймааны эв дүй нэг иймэрхүү

Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт, яруу найрагч Д.Цоодолтой ярилцлаа.

-Тавтай сайхан хаваржиж байна уу? Танайх их нүүх айл юм аа. Гачууртад дуулдсан, тэгснээ Шаргаморьтод, одоо энэ Бэлхэд… нэг үе бас Багануурт хүртэл байгаад үзсэн.

-Чи говийн хүн эрхбиш малын тоосонд орж явсан байх. Өвлийн орой хонь мал хотондоо орж ирээд шууд хэвтээд өгдөггүй, хаана хэвтэх вэ, яаж хэвтэх вэ гэх бөөн бодлого байдаг бололтой, эргэж тойрч аятайхан газар олж сая л нэг хэвтдэг. Хүн ч адилхан довоо шарлатал ганцхан газар суугаад байдаггүй, нүүж сууна.

Манайх Дүнжингаравынхаа өвөрт арван жил, ард нь “Баатар” хотдоо утаагаа гаргасаар дөч гаруй жил болж байна. Сайхан хаваржилгүй яах вэ, манай энэ Бэлх хаашаа ч харсан ой мод, агаар нь эм, их юмны шавхруу урин дулаандаа Сэлбийн гол урсаж, мөд хөхөө донгодоод явчихна. Хаяанаас эхлээд ургахгүй цэцэг байхгүй, утаанаас хол, өвгөн хүнд өөр юу хэрэг байх вэ.

Зүүн гараас: Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Д.Цоодол, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэв

-Таныг айхтар нутаг амьтай, сав л хийвэл Бүрэн, Бүрэн гэж байдаг гэцгээдэг. Нутгаа явж байна уу?

-Ортой л байх, төрсөн нутгаасаа өөр юу бодох вэ? Нас явахлаар нутаг улам их бодогдох юм шив дээ. Бодож л суух юм. Өнгөрсөн зун бороо, ногоо сайтай бичин жил гэхэд өвөлдөө цас гайгүй, мал сайн орсон гээд манай бүрэнгийнхэн баярлаж хөөрсөн, Цагаан сараар хурдан хурцыгаа уралдуулсан улс л дуулдана. Мөдхөн ангир дуугарч, ааруулаа тавиад явчихна даа.

Чиний яриад байгаа нүүдэл суудал ч ортой. Хүүхдүүд өвөлжөө, зуслангийн сууц энд тэнд л барьж өглөө. Харин бид хоёр энд нь хүйтэн, тэнд нь өвөл айлын бараагүй гэж явсаар одоо энд сууж байна. Эргээд бодож байхад хаа сайгүй амар сайхан л байжээ. Тэнд би юм хийсэнгүй гэж амаа барих газар байхгүй. Тэр жил Багануурт нэг жил өвөлжсөн, хэдэн найз нөхдөө санаад, энд тэндхийн урилга, заллага гэж хот руу шогшоод цаг үрж гүйцэх янзтай, тогтолгүй Хүрээндээ буцаад ирсэн.

Уг нь Багануурт “Хонины боол”-ыг бичиж, Чеховын “Хөөрхий дөө, хонгор минь” түүвэр орчуулж, олон шүлэг, найраглал туурвиж, уран бүтээлийн хувьд чамлах юм байгаагүй ээ. Гачуурт, Шаргаморьтод ч адилхан. Сүүлд хэвлүүлсэн “Хөеө”, “Нулимс холоос харагдахгүй” гэдэг ном тэнд л гараас гарсан.

Энэ Бэлхэд ч юунд зүгээр суух вэ. Олон улсын зохиолчдын шилдэг өгүүллэгийн түүвэр “Дэргэд холын уулс” гэдэг ном сая Цагаан сарын өмнөхөн хэвлүүллээ. Ийм нэг ном гаргана гэж тээр жил Москвад “Горькийн” сургуулийн утга зохиолын дээд курст сурч байх үедээ бодсон юм. Тэр үед над дээр С.Пүрэв, Д.Нямаа, Б.Пүрэвдаш өөр хэн хэн ч билээ зохиолч, сэтгүүлчдийг очиход мөдхөн л нэг их сайхан ном хэвлүүлэх юм болж байснаа бодоход мөн ч их уджээ.

Гэхдээ огт мартчихаагүй ээ. Бүрэндээ амралтаар очоод ажаагийнхаа бор гэрт ижийгийнхээ цайг ууж суугаад тав гурван юм орчуулж байхад сайхан байжээ. Аржанчивланд Ц.Хасбаатар, Ж.Дашдондог гээд зохиолчидтой амарч байхдаа Энэтхэгийн Рабиндранат Таагүүрээс эхлээд аваргуудын өгүүллэгүүдтэй ноцолдож явлаа.

“Горькийн” сургуулийн дотуур байранд Чеховын суут өгүүллэгүүдийг орчуулах гэж биеэ голохгүй сэвж суухдаа Нодар Думбазе, Ион Друцэ, Алфонса Доде зэрэг ихсийн зохиолоос бас Монголдоо аваачна гэж их санаж явлаа. Тэр цагаас цоохорлосон юмс одоо энэ номонд орсон. Арав гаруй орны олон зохиолчийн янз бүрийн арга барил, газар газрын аж байдал, явж явж аль ч орны хэн хүний амьдрал хэцүү, бодож санах зүйл ихтэй юм даа гэдэг нь энэ номоос мэдэгдэнэ байх аа.

-Та хаа явсан газраа нэг их дуугүй дүмбэгэр байдаг хүн яасан ч биш. Хүн шоолоод, инээж ханиаж, онигоо ярьсан зүггүй “хампаан” харагддаг даа. Хэдийд нь зохиолоо бичдэг юм бэ, өглөө эрт үү, эсвэл шөнө орой суудаг юм уу?

-Буруу хойшоо, надад тогтсон хэвшил байхгүй. Өөдтэйхэн суух ч үгүй, өндгөн бөгстэй хүн. Одоо л юмаа бичих нь гэтэл босон харайсан, утсаар ярьсан, орцны үүдний сандал дээр яриа дэлгэсэн замбараагүй эр, гэхдээ уран бүтээлээ мартана ч гэж үгүй шүү. Наад асуулт чинь уран бүтээлчийн лабораторид хамаарах явдал.

Манайд зохиолчийн лаборатори өөд өнгийсөн яриа байдаг гэж үү? Уг нь хүн хүн янз. Явуу багш гэхэд нэг их суугаад байдаггүй байсан. Бодохын хувьд харин ч нэг бодно шүү. Түүнчлэн хуумгай бичнэ гэж хэзээ ч байгаагүй. Өөрөө ч хэлдэг байсан юм. Би “Эх орон бат оршиг” магтуу, “Туулын шугуй” хоёроо л нэг амьсгаагаар бичсэн гэдэг байв. Зүйрлэхэд Д.Пүрэвдорж бол үхрийн аргал өрдөж байгаа юм шиг л дүрэлзэнэ.

Би бол аргалын бор хомоол шиг уугиж уугиж сая нэг юм гараасаа гаргана гэдэг байсан. Манай П.Пүрэвсүрэнгээс та хэзээ голдуу бичдэг вэ гэж сурвалжлагч асуухад “Би өвөл бичдэг” гэжээ. Яагаад, зохиолчид чинь хавар, намар л онгодын улирал гэдэг биш үү гэсэнд Пүүжээ “Надад өвлийн хувцас байхгүй, гэрээсээ гарахгүй болохоор бичихээс өөр яах вэ” гэж гэнэ ээ гээд хөхрөлддөг сөн. Хүн хүн янз янз бичдэг байх.

-Хотын төвөөс хөндий зах газар суучихлаар найз нараа их санах юм уу?

-Саналгүй дээ. Зохиолч цөөхөн, жинхэнэ зохиолч бүр цөөхөн гэдэг. Хэн хэнийгээ санахаас өөр яах вэ. Утсаар яриад нэг хэсэг аятайхан болно. Нөхөдтэй байх сайхан. Би тэр жил зам гарч яваад нэг жийптэй хар хүүд шүргүүлж хоёр сар гаруй гэртээ хэвтлээ. Найрагчид эргээд л. Хамгийн эхлээд Галсан бөөн намба заларлаа. Дараа нь Сүрэнжав гадаа үүднээс эхлээд л “Чи минь яачихав” гэж хашгирах шахам ярьсаар ирлээ.

Тэр үед явганаас ойчиж гараа гэмтээчихээд гипсдүүлчихсэн хэвтэж байсан Бадарч бүүр гурван удаа эргэсэн удаатай. Бас хөл нь муу байсан Пүрэвсүрэн суга таягтай, шил юм уутанд хийгээд ардаа хүлүүлчихсэн хотын баруун захаас сүртэй ирж, Базарын Цэдэндамба, “Чи минь Хан Хэнтийн хангал нарс шиг хархүү юм сан. Гүйцэд эмчлүүлэлгүй нөгөө … шиг даян хазгар новш болуузай” гэж захиж захиж явж билээ.

Догмид намайг эмнэлэгт хэвтээ юм шиг халуун савтай хоолтой эргэж, дээр үед Лоохуузын хэргээр нутаг заагдаж байсан монгол хэлний багш Дүгэржав эргэж ирээд авчирсан юмаа ууж дээр нь миний эргэлтийн “фонд”-ноос нэмээд явахдаа нөхрийгөө заавал үнсээд явна гэж зүтгэж дайран очоод хөлийг минь хөндөж сүйд хийх шахсан гээд яривал их юм болсон. Найрагчдаас ирээгүй нь ховор, олон нөхөртэйгөө тэгж мэдэхэд сайхан л юм билээ.

Т.Очирхүү, Л.Лувсандорж, Д.Отгонсүрэн, Х.Сампилдэндэв гээд буцаж ирэхгүй болсон нөхдөө дурсаж, шүлгээс нь уншиж явдаг, бид нар, үлдсэн хэдэн буурлыгаа хаа ч явсан санахаас өөр яах вэ.

-Таны “Голомтын Жангар” гэж гоё дурсамж байдаг сан…

-Хэдийгээр эгэл дурсамж боловч би түүндээ шүлэг, өгүүллэг шигээ хайртай. Доторх үйл явдал нь бүгд үнэн. Түүгээр хэлэх гэсэн санаа нь одоо ч хэвээрээ. Харин Жангар гэдэг нь Гонгор гээч хүн байсан юм. Алхаатай улаан шаргал мориндоо арван цагаантай эмээл тохож гангаран давхиж ирээд толгой холбосон үгээр ярьж, зарим яриандаа ая оруулаад найран дээр дуулж, авгай хүүхнүүдийн нулимсыг барсан хийморьтой эр байсан юм.

Нэг удаа тэр манайхнаар Замбал хувилгаан гэдгийн бага охиныг хуримынх нь өмнө оргуулаад дагуулчихсан үлгэрийн баатар шиг сайхан ханхүү, хүүхэн хоёр зүс ижил жороо шарга морьдоор тавьж татаж ирэхэд нь манай хотныхон хэд хоногтоо ярих юмтай болсон тухай тэнд байгаа байх. Гонгорын цэцэн цэлмэг үг, цээл сайхан хоолойг бяцхан хүү би сонирхон, ийм хүн болох сон гэж бодсон гэдэг бэрх ээ.

Урьд Пушкиний “Алтан загасны үлгэр”-ийг уншиж, цээжилж уран үг, уран дүрийн увдист автсан миний санаанаас тэр нэгэн зураг хэдэн жилдээ гараагүй. Гонгор төрсөн хонхрын маань өөр бас олон Гонгор надад хорвоогоос заяасан үгийн ид шидэд автах авьяас, ухааны өчүүхэн очийг тэр бага насанд минь сэрээж өгсөн гэж боддог.

Би хожим Явуу багшийн шавь болж өөрийн хэрээр багшийгаа нээсэн ч багшаар маань намайг “бэлтгэж” өгсөн хүмүүс бол ардын гэх ерөөлч, дууч, магтаалч тэр хүмүүс юм. Манай Бямбажавын Хүрэлбаатар л гэхэд Д.Пүрэвдорж, Санжийн Пүрэв, С.Дашдооров багшийгаа олохоос өмнө Ховд, Говь-Алтайн уулсын дунд бас л нутгийн олон уран авьяастан балчир оюуныг нь хөгжөөн, олны их хот руу үдсэн байж таарна.

Хэрэв энэ бүхэн үнэн бол өнөөдөр төрж байгаа хожмын олон найрагчийг тосон авч байгаа хүн хэр олон байна вэ? Бидний багад өдөр бүр сонсож байсан ерөөл, магтаал, тууль, үдшийн оддын доор ярьж өгдөг байсан амтат сайхан үлгэр, бидний таалцаж өссөн ой ухаан хөгжүүлсэн сонин хачин оньсого одоо хэр олон айлд сонсогдож байгаа бол?

Сургуульд заадаг уран зохиолын хичээл бүр бидний хувьд баяр баясгалан байсан юм аа. Тэр бүгд одоо хэр байгаа вэ? Хариу нь бэлэн байгаа шүү дээ. Хүүхдүүд маань ном хэр уншиж байгаа вэ? Монгол хэл, соёлын дархлаа ямар болчихоод байгаа билээ?!

-Хөдөлж л байгаа цагт бичиж л байдаг том уран бүтээлчтэй уулзсаных цаашдын уран бүтээлийнх нь төлөвлөгөөний талаар сонирхолгүй өнгөрч яахин болох?

-Таамаглаж болдоггүй юм чинь энэ дээ хө. Ямар нэг бүтээлийн ард гараад санаж бодох юмгүй нэг хэсэг ганхаж явах сайхан л байдаг байх. Ийм үеийнхээ тухай Доржийн Гармаа маань “Одоо санаанд юу ч алга. Нохой долоож, долоочихсон идүүр шиг л амьтан явна” гэдэг сэн.

Алийн болгон идүүр явах вэ, бодсон юм байна. Талын булгаа бичих нэг санаа өвөрлөөд удлаа. “Талын булгийн вант улс” гээд санаандаа нэг нэр биччихсэн гэж байгаа. Одоо чинь жижиг, дунд үйлдвэр л гэнэ. Орон нутагт эрхийг нь өгнө л гэнэ. Өрх бүр үйлдвэрлэгч л гэнэ. Тэр бүгд нь манай нутагт аль хэдийнэ байсан санагддаг юм. Талын булгийн хэдэн хот айлд юм болгон байсан гэж бодогдоод байдаг, яах вэ тэр нь жаахан бүдүүлэгдүү ч байг, яах аргагүй монголоороо, хэнээс ч юу ч гуйж царай алдаад байхгүй амьдардаг л байлаа гэж бодогдоно чух.

Гэхдээ би үйлдвэрлэл ярихаар биш, харин нутагтаа байсан, одоо байгаа хүн зоны нь сэтгэл санаа гэж ариун гэгээн юм бий. Хүн хүнээ гэх өндөр ёс жудаг гэж бий. Тэр тухай жаахан ч атугай бичих сэн гэж бодох болсон юм. Хийж чаддаг сан бол хийх юм байна аа байна. Тэр тавиур дээр Михаил Пришвиний ном байна. Байгалийн алдарт дуучин шүү дээ.

Энэ Америкийн алдарт Цагаан Уилын ном байна. Бага багыг ч болсон хүмүүст хүргэвэл аятай юу гэж бодно. Иван Сергеевич Тургеневийг мэдэхгүй хүн байх биш, Оросыг хэдэн үе дагуулсан аварга амьтан. Эндээс холтлох их санаа бий. Оросын хэдэн өвгөн ч бурхан шүү дээ.

-Сая хэвлэгдсэн “Дэргэд холын уулс” чинь одоо дэлгүүрт очсон уу. Хаана зарж байна?

-Ноднин Бөхийн Бааст гуайтайгаа тааралдлаа. Одоо бараг зуу хүрч байгаа ч гялалзсан амьтан. Номын дэлгүүрт шинэ номоо хүргэчихээд явж байна гэнэ. Чиний ном хаа байгаа юм гэж надаас асууж байна. Би яах вэ, “Интерном”-д л өгдөг юм гэж үнэнээ хэллээ. “Өөр хаана байна” гэнэ.

Одоогоор “Интерном”-д л…” гэсэн чинь, “Өө, нохой баа, би 13 дэлгүүрт заруулдаг гэж томорлоо. Би “Интерном”-доо” л хэдийг өгчихсөн. Их дэлгүүрийн номын тасаг, номын коллектор энэ тэрд яваандаа өгнө биз. Д.Урианхай тэр жил “Ойн сонат” гэдэг сонин ном гаргасан дуулдана, чиний ном хаана хаана байгаа юм бэ гэсэн чинь, “Өө, тийм нээрээ дэлгүүрт өгөх юм байна шүү дээ” гэж байсан. Бид хоёрын наймааны эв дүй нэг иймэрхүү.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

Илгээх

Энэ тухай