Жинхэнэ авьяастны жирийн бус түүх

Жинхэнэ авьяастны жирийн бус түүх

Дүрлэгэр алаг нүд, яралзсан цагаан шүд, уруул дээрх мэнгэ, байнга л сэтгэл сэргээм инээмсэглэж явдаг тэр нэгэн эмэгтэйг мартахын аргагүй. Эцэг, эхээс хайрласан Б.Цэрэнпагма нэрээ “Хүн чулууны нулимс” кинонд тоглосноор “галзуу” Цэвэл болгож мөнхжүүлсэн энэ эрхэм одоо бидний дунд байсан бол 65 насны босго давчихсан, хэзээний танил инээмсэглэлээрээ үзэгчдээ баясган гялалзаж явах байсан болов уу.

Улаанбаатар хотод төрж, нийслэлийн 17 дугаар сургуулийг төгсөн, 1968 онд 18-хан настайдаа Улсын драмын театрын босгоор алхсан энэ жүжигчний тухай “Дурсахуй”-д дурсах гэж байна.

ТӨРМӨЛ АВЬЯАСТАН

Авьяас нэг хувь, хөдөлмөр 99 хувь гэдэг үг энэ хүнд тохирохгүй. Мэргэжлийн сургууль дүүргээгүй ч бусдаас авьяасаараа илүүрхсэн үү гэхээс дутаагүй. УДЭТ-ын тайзнаа 30-аад жил тоглосон түүнийг төрмөл авьяастан хэмээн олон хүн магтдаг. 1960-аад оны сүүлчээр Улсын драмын театрыг шинэ, залуу боловсон хүчнээр сэлбэхээр болж, авьяастай залуусыг нээх шалгаруулалтын үеэр тэрбээр урлагийнхны нүдэнд өртөж, театрт дагалдан жүжигчин болсон түүхтэй.

Түүнийг энэ их айл руу хөтөлсөн хүн бол Ардын жүжигчин Д.Дамдинсүрэн. Театрт орсны дараахан Төрийн шагналт Л.Ванган хараад “Энэ хөөрхөн нүдтэй, бор охиноос чинь их юм гарах нь дээ” хэмээсэн гэдэг. Залуу насны цог жавхаа, үзэсгэлэн гоо, авьяас билэг тэгш хосолсон энэ бүсгүй нэгэн үе энэ театрын тайзнаа бүтээсэн жүжиг бүхэнд тоглож, ногдсон дүр бүрээ өвөрмөцөөр амилуулж байсан юм. “Тангараг”-ийн Оюун, “Цэргийн бэлэвсэн гэргий”-н Марика, “Түлхүүрийн нууц”-ын Лхамдулам, “Зэрэглээ” жүжгийн Долгор, “Хөхөлдэй хүүгийн үлгэр”-ийн Аймалжин ээж, “Ээдрээ” жүжгийн Алтанзул гээд олон арван жүжигт тэрбээр өөр хоорондоо адилгүй, өвөрмөц дүр бүтээжээ.

Ардын жүжигчин Г.Мягмарнаран “Ерөөсөө тэр хүн театрын жүжигчин болох гэж, тэр дундаа драмын жүжигт тоглох л гэж төрсөн хүн мэт санагддаг байж билээ. Хувь хүнийхээ ч, уран бүтээлчийнхээ хувьд ч үнэхээр сайхан бүсгүй байсан. Бидний үед театрт тохиосон “од” нь байлаа” хэмээн дурсав. Гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий тэр хоёр нэг дунд сургууль төгссөн байж. Ч.Алтан-Өлзий агсан найзынхаа тухай “Б.Цэрэнпагма бид хоёр багаасаа нэгнээ мэддэг, гэр ойрхон байсан болоод ч тэр үү, их сайн найзууд байлаа.

Дунд сургуульд байхдаа даруухан, спортод их дуртай, ялангуяа, гар бөмбөг, сагсан бөмбөг сайн тоглоно. Яагаад ч юм дунд сургуульд байхдаа түүнийг урлагийн хүн болчихно гэж бодож байгаагүй. Гэтэл төгсөнгүүтээ театрт шалгуулаад тэнцчихсэн. Тэр үеэс хойш ёстой л гэрэл гэгээ цацруулсан олон сайхан дүр бүтээсэн дээ. Найруулагч Г.Доржсамбуу “Цусан тахилга” жүжиг тавьж, хатны дүрд Б.Цэрэнпагма тоглосон юм. Дорнын том зохиолчийн бүтээлээр үзэгчдэд юу хэлэх, үзүүлэх гэсэн бэ гэдгийг их уран дүрсэлж тоглосон. “Аз жаргалын эрэл” жүжигт хамт тоглосноо огт мартдаггүй. Тэр жүжигт тоглох үеэр авахуулсан гэрэл зураг одоо ч надад байдаг. Салахгүй, мөнхийн дурсамж хүний сэтгэлд цөөхөн хэрнээ тод үлддэг” хэмээн дурссан удаатай.

“ГАЛЗУУРСАН НЬ”

Тэрбээр тухайн цагтаа орон зайгаа нэр төртэйгөөр эзэгнэж, ширгэшгүй авьяастнууд болох алтан үе, ахмадуудын залгамж халааг өвлөн авсан юм. Театрт ороод удалгүй дэлгэцийн бүтээлийн найруулагч нарын хараанд өртөж, “Тамирын охин” киноны Алимаа, “Газрын үнэр” киноны Должингийн дүрийг бүтээжээ. Ингэж тэрбээр тайз, дэлгэцийн урлагийг чадмаг хослуулан ажиллаж, тэр хэрээрээ олонд танигдаж, хүндлүүлж байв.

Урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдин 1979 онд “Газрын үнэр” киногоо бүтээхдээ гол дүрээ зөвхөн Б.Цэрэнпагмад л зориулж, түүнээс өөр хэн ч бүтээж чадахгүй гэсэн итгэлтэй байсан гэдэг. Ардын жүжигчин Г.Мягмарнаран “Х.Дамдин найруулагчийн “Эргэж бодох бодол” киноны гол дүрд Ч.Алтан-Өлзий, Б.Цэрэнпагма бид гурав тоглосон. Тэр кинонд тоглож байхдаа би ямар агуу хүний хажууд явсан юм бэ, энэ хүнээс сурах зүйл их байна даа гэж бодож билээ” хэмээв. Тэд зургаан кинонд эхнэр, нөхрийн дүрд тогложээ.

Б.Цэрэнпагма нь Монголын тайз, дэлгэцийн урлагт бүхий л амьдралаа зориулсан, өөрийн нэрээ “галзуу” Цэвэл болтол ард түмний зүрх сэтгэлд мөнхөлж чадсан авьяастан билээ. Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн “Хүн чулууны нулимс” киноны зохиолыг бичихдээ “Энэ дүрийг Б.Цэрэнпагма л бүтээнэ. Өөр хүн чадахгүй” гэж хэлжээ. Энэ нь ч найруулагч Г.Жигжидсүрэнд таалагдсан гэдэг.

Тэрбээр “Галзуу” Цэвэл бол тоглосон биш, бүтээсэн дүр. Галзуу хүний төрх байдлыг гайхамшигтай харуулсан. Ялангуяа харц нь. Сэтгэлээ зориулж бүтээсэн дүр гайхамшигтай болдгийн тод жишээ энэ. Энэ кинонд тоглуулахдаа би үйлийг нь мөн ч их үзсэн байх. Голын зайрмагтсан усанд алхуулж, өргөстэй харгана дундуур хөл нүцгэн гүйлгэж, хар хорхой хүртэл идүүлсэн шүү дээ. Тэр бүхэнд цааргалалгүй, дүрээ бүтээхийн төлөө орлон тоглогч ч аваагүй юм.

Түүнийг Гавьяат жүжигчин цол хүртэхэд энэ дүр нь хамгийн их түлхэц болсон болов уу” хэмээлээ. Түүний тоглосон “Эргэж бодох бодол” киноны Цэвэлмаа, “Мандухай сэцэн хатан” киноны Шихэр хатан, “Тамд эдэлсэн жаргал”, “Хүлээх газар” киноны дүр бүгд л монгол түмний хайртай дүрүүд болж чадсан билээ.

АНХДАГЧДЫН НЭГ

Театрын тайзыг эзэгнэж, хэн гэдгээ бардам харуулж явсан бүсгүй нэг л өдөр тайзнаасаа явчихсан гэдэг. Тэгэхдээ гомдол тунирхал тээж эргэж буцаагүй, эрс гүдэсхэн шийдэж, шууд л яваад өгснийг нь гайхах, дурсах хүн олон. Ижил дасал болсон хамт олноосоо холдож, төрсөн гэр орон шигээ дассан театраасаа холдох түүнд амаргүй байсан биз. Гэхдээ тэр шантарч гундаагүй.

Театраас гараад “Бага тайз”-ын жүжигчин болсон юм. Монголын хошин урлагийн үндэс суурийг тавьсан гэж хэлж болохуйц “Бага тайз”-ын тоглолтуудыг дундаас дээш насныхан андахгүй. Төрийн шагналт Д.Сосорбарам “Жүжиглэх урлагт Станиславский, Брехт, Мерхолдын систем гээд онолууд бий. Хэрэв Б.Цэрэнпагма эгч мэргэжлийн сургуульд сурч, тэдгээр онолуудыг заалгасан бол билэг танхай авьяас нь ингэж задрахгүй ч байж мэдэх байсан гэж боддог шүү.

Тэрбээр өөрийнхөө цэвэр мэдрэмжээр дүрээ бүтээдэг хүн байлаа. Дүр бүтээхээс илүү түүгээрээ амьсгалж, амьдарч чаддаг чадвартай байсан. Ямар сайндаа найруулагч Г.Доржсамбуу Б.Цэрэнпагма л байхгүй бол “Нора” жүжгээ тавихгүй гэж байсан юм шүү дээ. Тэгэхээр чадалтай жүжигчин байсан нь харагдана” хэмээлээ.

ИЖИЙ СҮҮТЭЙ ХАЙР

Элдэв атаа жөтөө, хов живийг тоодоггүй, алдар нэр, албан тушаалтан харж бөхөлздөггүй, эрс шулуухан зантай түүнийг энэ хорвоогийн эрээн бараан, муу муухай бүхэн илүү хурцлан, хэний ч өмнө сөхрөөгүй зоригтой, шударга байж чадсаных нь төлөө сайн, муу хэлж, худал, үнэн ярьж явсан хүн ч бас байсан гэж дуулддаг. Гавьяат жүжигчин Б.Тунгалаг “Б.Цэрэнпагма дандаа инээж явдаг, их сайхан зантай. Гэхдээ жаахан хэнэггүй. Гаднаас ороод ирэхэд нь л өрөө дүүрээд, дандаа хамт байх юм сан гэж бодогддог байж билээ” хэмээв.

Б.Цэрэнпагма ханьтайгаа 30 шахам жил ханилж, гурван сайхан хүүхдийн ижий болсон юм. Охин А.Сарангэрэл “Ээж минь “Булгийн ус ундарч, хүний буян барагдаж явдаг юм гэнэ лээ. Ядарсан нэгэнд тусалж яваарай. Эргээд буян нь ирдэг юм” гэж захидаг байлаа. Их дөлгөөхөн зантай хүн байсан даа, ээж минь. Бас яагаад ч юм уучлаарай гэдэг үгэнд их дургүй. “Битгий чи уучлаарай гэж бай. Уучлаарай гэж хэлэхгүйн төлөө амьдрах ёстой. Буруу юм хийчихээд уучлаарай гэсэн үг хэлэх хэрэггүй” гэж билээ” хэмээн дурсав.

Отгон охин А.Хулан “Багадаа ээжийгээ дагаж театрт их очдог байлаа. Ээж минь “Энэ л миний мэргэжлийг өвлөнө дөө” гэж найзууддаа ярьдаг байв. Харамсалтай нь, би тэр хүслийг нь биелүүлж чадаагүй ээ” хэмээв. Охид нь ээжийнхээ 65 насны ойд зориулж дуун суварга босгожээ. “Ижий сүүтэй хайр” дууны шүлгийг Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн, хөгжмийг Ардын жүжигчин А.Энхтайван бичиж, Ардын жүжигчин А.Долгор амилуулжээ.

Тэрбээр ёстой л бор зүрхээрээ, бурхнаас хайрласан төрөлхийн авьяасаараа эзэгнэх ёстой орон зайгаа дархалж, тэр цайз дотроо өөрийн гэсэн зол баяр, уйтгар гуниг, үүх түүхтэйгээ хамт аж төрөн, алдсан шиг алдаж, оносон шиг онож, эрээнтэй бараантай орчлонгийн энхэл донхолтой замыг зоргоороо туулсан эгэлгүй нэгэн байжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (21)

Илгээх

Энэ тухай