ЭМЯ-наас зөвлөж байна: Мененгококкт халдвараас сэргийлэх зөвлөмж

ЭМЯ-наас зөвлөж байна: Мененгококкт халдвараас сэргийлэх зөвлөмж

Менингококкт халдвар бага насны 1 ой 6 сартай хүүхдээс илэрсэн байна. Иймээс энэ өвчний талаарх мэргэжлийн зөвлөгөөг хүргэж байна.

Менингококкын халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй хэмжээ нь ижилгүй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг нянгийн гаралтай амьсгалын замын цочмог халдварт өвчин.

Менингококкын халдвараар 19 хүртэлх насны хүмүүс тэр дундаа 6-36 сар хүртэлх насны хүүхдүүд зонхилон өвчилдөг байна. Агаар дуслын замаар өвчтэй хүнээс хүнд дамждаг халдвар юм.

Өвчний эх уурхай нь:

·         Менингитийн халдвараар өвдсөн хүн

·         Хамар залгиурын үрэвслээр өвчилсөн хүн

·         Нян тээгчид: насанд хүрэгчдийн 5-10 хувь нь эрүүл нян тээгчид байдаг ба тэдгээрийн халдвар тээх дундаж хугацаа 9-10 сар

МЕНИНГОКОККЫН ХАЛДВАРЫН ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГҮҮД 

·         Гэнэт өндөр халуурах

·         Бөөлжих

·         Ядарч сульдах

·         Цочромтгой болох (хурц гэрэл, дуу чимээ зэрэгт)

·         Цусархаг тууралт гарах

·         Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх

·         Хоолонд дургүй болох

·         Бага насны хүүхдэд гэдсээр өвдөх 1-2 удаа шингэн суулгах зэрэг ерөнхий хордлогын шинжээр эхэлж, 1-2 хоногт эмнэл зүйн сонгомол шинжүүд тод илэрнэ.

ЭМЧИЛГЭЭ

Менингококкт халдвар гэж оношлосон тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлалыг үл харгалзан эмчилгээг шууд эхлэх ёстой юм. Хөнгөн дунд хэлбэрийн үед анхны тусламжийг үзүүлэн зөөвөрлөнө. 

Менингококкийн халдвараар өвчилсөн өвчтөнг ямар ч тохиолдолд халдвартын эмнэлэгт тусгаарлаж эмчилнэ.

Хайрсан, шарсан хоол болон янз бүрийн хүчтэй амтлагчаас бусад хоолыг хориглохгүй хэрэглэдэг байна. Өөрөө хооллож чадахгүй тохиолдолд ходоодны хаймсуураар, эсвэл судсаар хооллоно. Өвчний цочмог үеийг намдтал хэвтрийн дэглэм сахиулах ёстой аж.

МЕНИНГОКОККЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

·         Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг мэргэжлийн эмчийн зааврын дагуу бүрэн эмчлүүлэх

·         Өглөө босоод, орой унтахын өмнө бүлээн ус, сармис, нимбэг, царвангын уусмалын аль нэгээр хоолойгоо тогтмол зайлах

·         Менингококкт халдварын эсрэг вакцинд хамрагдах

·         Өрөө тасалгааг агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээг хоёроос доошгүй удаа хийх

·         Биеийн дархлааг сайжруулах, витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх

·         Улиралд тохируулан дулаан хувцаслах, хүйтэн сэрүүний улиралд малгай, ороолт, бээлийг заавал өмсөх

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай