Г.Сампил: Буянт малыг үр хүүхэд шигээ тэвэрч өсгөдөг юм

Г.Сампил: Буянт малыг үр хүүхэд шигээ тэвэрч өсгөдөг юм

Сар шинийн босгон дээр Хөдөлмөрийн баатар цол, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор энгэрээ мялаасан малчин Гомбоцэрэнгийн Сампилыг уншигчидтайгаа уулзуулж байна.

-Та Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын хүн үү, эсвэл Жалгалтхааных уу?

-1937 оны шороон бар жил Дэлгэрхаан сумын нутаг, домогт Хэрлэнгийн хөдөө арлын Дотуур усны уулзвар гэдэг газар Дондогийн Балдангалсан гэдэг айлын долоо дахь хүү болж төрсөн хүн дээ. Одоо Жаргалтхаан суманд амьдарч байна.

-Ерөнхийлөгчийн зарлигт таныг Гомбоцэрэнгийн Сампил гэсэн байсан?

-Намайг төрсний дараахан ижийн минь бие муудаж, хол газар эмчилгээнд явах болж, багаас үерхэж явсан, нэг нутаг усны Гомбоцэрэнгийнх гэдэг айлд хүүгээ үлдээсэн юм гэнэ билээ. Ингэж үрчлэгдэж, нэг нутаг усны хоёр сайхан айлд, хоёр ижий, хоёр аавын дунд өссөн дөө. Дэлхийн II дайн хүн төрөлхтөнд асах их зовлон бэрхшээл учруулсан, тэр дундаа хөрш орны хувьд манай улсад бүр ч хүнд тусаж байсан үед бага нас минь өнгөрсөн.

Зөвлөлтийн ялалтын үйл хэрэгт монголчууд зүрх сэтгэл, эд хөрөнгөөрөө хувь нэмрээ оруулах гэж хамаг бүхнээ барьж байсан үе. Дайны дараа Зөвлөлтийн сэргээн босголт гэж асар том ажил өрнөсөн. Үүний нөлөөгөөр Монголын, тэр тусмаа хөдөөгийн амьдрал бараа таваар, эд хэрэглэлээр нэн хомс. Оросоос хөх цаасанд боодолтой ёотон ирдэг байлаа. Түүнийг тоолж өрхүүдэд хуваарилна.

“Түрүүчийн сард нэг айлд найман ширхэг ёотон ногдож байсан. Энэ сард 15- ыг өгч. Хүнс бараа элбэгших хандлагатай болж байна” гэж өвгөд, хөгшид ярихыг сонсоод баярлаж байсан нь тод санагдана. Тэр үеийн ахуй амьдрал ямар байсан нь эндээс ойлгогдож байгаа биз.

Би 1940-өөд оны сүүлчээр сумынхаа бага сургуульд орж, 1950 онд дөрөвдүгээр анги төгссөн. Сурагчдын хичээлийн хэрэгсэл, үзэг, дэвтэр гэж байхгүй. Барааны боодлын зузаан бор цаас олдвол дээд нь. Түүнийг нугалж дэвтрийн хэлбэрт оруулаад хичээлээ хийдэг байлаа.

-Насаараа малын захад явав уу, өөр ажил хийж байв уу?

-Дөрөвдүгээр анги төгсөөд аймаг руу дунд сургуульд явах, эсвэл малын зах бараадах хоёр сонголт гарч ирэхэд би малчин болох замыг сонгосон. Ер нь тэр үед надтай хамт сурсан хүүхдүүдээс аймаг руу явсан хүн байхгүй. Манай сум аймгийн төвөөс алс. Тэгээд ч ардын аж ахуйт нийгэм байлаа. Нутгийн ах нар сайхан морь унаж, урт уурга сугсалзуулан, адуу малтай ноцолдож, ир бяраа гайхуулцгаана.

Сэгсүүргэн дээл хөөргөж, үнэгэн малгай хажуулдуулсан ах нар сайхан харагдаж, бушуухан л тэдэн шиг хийморьтой эр болохыг мөрөөддөг байлаа. Надад мал маллахаас өөр ажил байдаг гэдэг ойлголт, сайн малчин болохоос өөр мөрөөдөл байсангүй. Манайх олон малтай, Дондогийн Балдангалсангийнх гэж мал хөрөнгөөр аймагтаа толгой цохидог айл байсныг одоо ч ахмадууд ярьдаг юм.

Аав, ээж минь ч хүүхдүүдээ мал сүргийнхээ буян хишгийг түшсэн, мал маллагааны арга ухааныг өвлөсөн сайн малчин болгохыг боддог байсан байх. Ер нь тэр үед дөрөвдүгээр анги төгсвөл боловсролтой боллоо гэж ойлгодог байлаа шүү дээ. Айл саахалтынхан “Сампил цовоо цолгиун сайхан эр болох нь, малд нүдтэй, өглөө их эрт босох юм” гэж магтахад нь их урамшдаг, улам сайн байх гэж хичээдэг байж билээ.

Би 18 нас хүртлээ аав, ээжтэйгээ мал малласан. Миний 18 нас 1956 онд таарч байгаа юм. Энэ бол нэгдэлжих хөдөлгөөн ид өрнөж байсан үе. Ялангуяа олон малтай, хөрөнгө чинээтэй айлууд хамгийн түрүүнд нэгдэлд орох зайлшгүй шаардлага тулгарсан.

-Нэгдэлжих хөдөлгөөнийг залуус “Хүргэн хүү” киногоор л мэдэх байх. Тэр үед юу болж байв?

-Ардын аж ахуйтнууд бүгдээрээ Лениний хоршооллын төлөвлөгөөг ойлгоод нэгдэлд орчихсон юм биш. Албадлага, дарамт шахалт байсан. Тэр үеийн нам, төр малчдыг албан татвараар хавчиж, аргагүй байдалд оруулан нэгдэлд элсүүлэх бодлого баримталж байлаа. Малын тоогоор ноос, ноолуур, шөлний тос, техникийн тос гээд л авахгүй юмгүй. Маш өндөр төлөвлөгөөтэй.

Энэ нь олон малтай айлд бүр ч хүнд тусна. Үүнийгээ албан ногдол гээд нэрлэчихсэн, биелүүлэхгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Олон айл үүнийг нь давж чадахгүй хүчээр орсон.

-Танайх олон мал нийгэмчилж байв уу?

-Манай аав, ээж, ах нар нийлээд Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх оргил” нэгдэлд 7000 мал нийгэмчилж байлаа.

-Хэдэн арван жилээр хайрлаж өсгөсөн малаа нэг л өдөр нийгмийн өмч болгоод явуулах эзэн хүнд амаргүй л байсан байх даа?

-Хүнд шүү дээ. Нийгэмчилнэ гэдэг үгээр халхавчлан хураалгаж буй хэрэг. Аав, ээж хоёр маань нэгдэлд орно, орохгүй гэж хоорондоо ам зөрснийг мартдаггүй юм. 1956 оны хавар юм сан. Албан журмын мах өгөх болчихсон байсан үе. Бүх төрлийнхөө малд ногдсон махны үүргийг зөвхөн хонь, үхрээр өгдөг байв. Албан журамд авах малын жинг заачихсан, хонь 25, үхэр 180 кг-аас дээш жинтэй байх ёстой гэдэг сэн бил үү. Бага насны, давжаа, туранхай мал авахгүй, хамгийн сайныг нь сорчилж авна гэсэн үг.

Тэр үед “Жамбалын Шагдарынд багийн хуралтай” гэсэн зар ирлээ. Багийн хурлаар юу ярих нь тодорхой, эхлээд албан татвараа нэхэж, өгөөгүй хүмүүсийг нэр усаар нь цоллон загнана, дараа нь нэгдэлд орохыг ухуулна. Хурлын зар ирсэн орой аав “Нэгдэлд орохоос өөр аргагүй боллоо. Албан татвараа дийлэхгүй нь. Шоронд ч орж мэдэх нь” гэхэд ээж “Үр хүүхэд шигээ тэвэрч өсгөсөн мал буянаа нэг төгрөгийн үнэгүйгээр хураалгах болж байна уу” хэмээн уурссан. Би аав, ээжийгээ хүүхдүүдийнхээ нүдэн дээр тэгж сүрхий ам зөрөхийг ер нь харж байгаагүй юм.

Маргааш өглөө нь аав мордоод явсан. Орой мал хуйгаа хотлуулж, гэртээ цуглаад, багийн хурлын сонин сонстол нэгдэлд орчихсон гэнэ. Ээж минь “Хэдэн хүүхэд яаж амьдрах юм бол доо” гэхэд аав “Энэ засаг дийлдгээрээ дийллээ. Гэвч хүүхдүүдийн заяа буяныг хураагаад авч чадах биш” гэж билээ. Түүнээс хоёр хоногийн дараа мал нийгэмчлэх комисс гэж данс бичиг, тамга тэмдэгтэй 5-6 хүн ирж, малыг маань тоолж бүртгээд, хэдэн тийш нь туугаад явчихсан. Ингэж нэгдлийн гишүүн болж байлаа.

-Та тэгээд нэгдлийн малчин болов уу?

-Нэгдэл малыг нийгэмчлээд, дараа нь хөдөлмөр зохион байгуулалт гээчийг хийж, хэнийг, хаана ажиллуулахаа хуваарилсан юм. Тэгэхэд сумын Эвлэлийн үүрийн дарга сумын захиргааны дарга болж дэвшээд, эвлэлийн байгууллагын дарга хэрэгтэй болж. Нэг өдөр малдаа яваад иртэл сумын захиргааны зарлага манайд ирж, намайг хүлээж хүлээж, “Ирэхээр нь сум руу явуулаарай” гэж захиад явсан байв.

Өвөө “Чи сумын захиргаанд дуудагдах хэрэг хийсэн юм биш биз” гэж, эмээ “Билэггүй юм ярилаа” гэлцэж намайг тосов. Сумын захиргаанд олигтой хэргээр дууддаггүй байсан юм. Ямар буруу юм хийлээ гэсэн шүү юм бодоод очтол сумын Намын үүрийн дарга хар Дорж гуай “Энэ малчин залууг Эвлэлийн үүрийн дарга болгоно” гэсэн.

Ингээд эвлэлийн байгууллагад 5-6 жил ажиллаад, 1963 оноос 1990 оны ардчилсан хувьсгалтай золготол сум, аймагтаа намын даргаар ажилласан. Үүнээс сүүлчийн 7-8 жилд нь аймгийн төвд, Өндөрхаан хотын Намын хорооны даргын алба хашсан.

-Яагаад таныг сонгосон юм бол?

-Тэр үед хөдөө суманд дөрөвдүгээр анги төгссөн хүн муугүй боловсролтойд тооцогддог байлаа. Түүнээс гадна би эвлэлийн гишүүн болоод хэдэн жил болчихсон, эвлэлийн байгууллагаас зохион байгуулдаг хурал, семинарт байнга оролцдог, одоогийнхоор бол нийгмийн идэвхтэй нөхөр байсан юм.

-Таныг ардчилсан хувьсгалын партизануудын нэг гэж дуулсан. Хуучин тогтолцоонд намын даргаар 30 шахам жил ажилласан хүн яаж яваад ардчиллын партизан болчихов?

-Нийгэм, цаг үеийн байдал өөрчлөгдөж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, улс төрийн сонголтоо хийх өргөн боломжийг ардчилсан тогтолцоо олгосон. Тэгээд ардчиллын бодлого, үйл ажиллагааг дэмжиж, анхдагчдынх нь нэг болсон. Хэнтий аймагт болсон ардчиллын анхны цуглаануудад оролцон үг хэлж, ардчиллын үйл хэргийг өрнүүлж байсан залууст санаа оноо өгнө. Үе тэнгийнхэн, хамт ажиллаж байсан нөхдөдөө “Өчнөөн жил зүтгэсэн намаа орхиж, залуус даган хөл хөөрцөг боллоо” гэж зэмлүүлж ч явлаа.

Тэр үед аймгийн намын хорооноос сумдын удирдлагыг цуглуулж, их том хурал хийсэн юм. Уг хуралд аймгийн орлогч дарга Жанчив “Манай намын ахмад ажилтан ардчиллынхны нууц зөвлөгч болчихсон яваа” гэж ирээд л над руу хуруугаараа заахаар нь “Та нууц гэж байгаа бол би өнөөдрөөс эхлээд ил зөвлөгч нь боллоо” гэсэн. Ингээд нэгмөсөн ардчиллын хүн болсон доо.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, олон ургальч үзлийг өрсөлдүүлэх гэх мэт ардчиллын үнэт зүйл болсон эрх нь нээгдээд ирэхээр хүмүүс өөр өөрийнхөө сонголтыг хийсэн. Тэдний нэг нь би. Социализм мухардалд орсон, цаашдаа энэ замаар явахад олигтой үр дүнд хүрэхгүй гэдгийг нам, олон нийтийн ажил хийж байсан туршлагаараа би мэдэрсэн юм.

Хэдийгээр би намын даргын алба хашиж байсан ч баримталдаг бодлого нь надад таалагддаггүй байлаа. Албан хаагч нэг өрх 15 толгойгоос илүү малтай байх эрхгүй. Манайх нэр дээрээ өвөг дээдсийн буянаас үлдсэн 15 толгой малтай. Мал амархан өсөж үрждэг буян учраас хэзээний л 20 хүрчихнэ. Зөвшөөрсөн тооноос илүү гарсныг нь яах вэ гэдэг асуудал гарна. Зарж борлуулах гэхээр дамчин гэнэ. Би чинь намын дарга хэрнээ дамчин нэртэй.

1980-аад оны эхээр хувьдаа “Москвич” авсан маань хуучин тогтолцоонд ерөөсөө таалагдаагүй. Хувийн өмчтөн, аж ахуй эрхлэх сонирхолтой, баруун талын хэдэн суманд ах дүүсийндээ баахан малтай юм гэнэ лээ гэсэн ярианд байнга өртөнө. Тэгээд шалгана, зэмлэнэ. Хэд хэдэн удаа донгодуулсан. Нийгмийн шинэ харилцааг талархан хүлээж авах, дэмжихэд энэ бүхэн их нөлөөлж, хөтөлсөн.

-Өмнөх тогтолцоонд нэгдлийн мал маллаж, насаараа малын тоосон дунд явсан хүн байх гэж таныг төсөөлж байлаа. Гэтэл суурин газраас, даргын суудлаас малчны ажилд шилжсэн хүн байна шүү дээ.

-Зах зээлийн нийгэм хэнийг ч өөрийнхөөрөө л хүлээж авсан. Хүмүүс аль мэддэг, чаддаг, арга ухаан, туршлага руугаа хандсан. Би юу хийх вэ гэж бодтол надад яг хийж чаддаг юм ховор байлаа. Нам марксист, ленинист үзэл онолоосоо татгалзаж, Үндсэн хуулийн 82 дугаар заалтаа авч хаяхтай зэрэгцээд марксизмаар онолдуулж сурсан мэдлэг, олон жил хийсэн ажил маань хэрэггүй болчихсон.

Өөр юу чадах билээ гэж бодтол 20-иод нас хүртлээ хийсэн мал маллах ажил хамгийн ойрхон санагдав. Ингээд малын буян шүтэж амьдрахаар шийдсэн. 1993 онд Дэлгэрхаан сумын “Баянбадрал” нэгдэл тарж, мал хөрөнгөө хөх, ягаан тасалбараар хувьчлахад 63 бог, дөрвөн бод мал хувь болж ирсэн. 15 толгой малаа айлаас авч, 100 хүрэхгүй толгой малтай эхэлж байлаа.

100 хүрэхгүй малаар хангалуун сайхан амьдарна, ийм үр дүнд хүрнэ гэж бодож ч байсангүй. Буянт мал сүрэг өсөх болохоороо арвай буудай шиг үржиж, дэлгэрдэг юм билээ.

-Хэдэн онд мянгат малчин болов?

-1997 онд мянгат малчин болсон. Сумандаа анхны, аймагтаа 20-иод малчны ард мянгат болж байлаа.

-Гавьяат малчин цолыг хэдэн онд хүртсэн бэ?

-2012 онд гавьяат болсон.

-100 хүрэхгүй толгой малыг маш богино хугацаанд мянга хүргэжээ?

-Тэр хэдэн жил мал өсгөхөд тун таатай үе байлаа. 1996-2000 онд ардчилсан төр засаг тогтож, мал, малчдыг дэмжсэн төрийн бодлого хэрэгжүүлсэн. Тэнгэр хангай ч ивээсэн. Тэр үед би бог малаа хавар, намар хоёр төллүүлдэг байв. Өмнөх жилийн мал тооллогоор ганц байсан хонь дараа жилийнх нь арванхоёрдугаар сард гурав болчихсон байна.

Ер нь хүний буян, төрийн буяныг дагаж мал өсдөг юм шүү дээ. Мал өсөөд ирэхээр мянгат болж яагаад болдоггүй юм бэ гэж улам хичээнэ. Баянхонгорын Галуутын Цамбажавын Шарав, Хэнтий аймгийн “алтан” Мажиг нарын анхны мянгатууд Цагаан сарын битүүнд циркийн манежинд морьтой гардаг байлаа.

Сайхан, сайхан хүрэм өмссөн тэр хүмүүсийг харахаар урам зориг авна, хүсэл тэмүүлэл бадарна. Манайх 2000-аад оны эхээр дөрвөн мянган мал тоолуулж байлаа. Хоёр хүү, нэг ач маань орон нутагтаа малын буян түшин амьдарч байна.

-Өлчир омог хэвшлийн мал сүрэг бий болгосон гэж Хөдөлмөрийн баатар цол олгох зарлигт дурдсан байсан. Энэ нь ямар онцлогтой омог хэвшил нь вэ?

-Хэдэн жилийн өмнө хөдөө аж ахуйн эрдэмтэд манай малыг судлаад өлчир омог хэвшлийн 4000 мянган мал сүрэг бий болжээ гэдгийг генетикийн лабораториор шинжлэх ухааны үүднээс тогтоож, үнэмлэх сертификат өгсөн. Үүндээ түшиглээд Хөдөө аж ахуйн эрдэмтдийн академиас надад хүндэт профессор цол олгосон.

Хөдөө аж ахуй, газар тариаланд шинэ омог хэвшил бий болгоно гэдэг нь шинжлэх ухаан талаасаа их том ажил байдаг юм гэнэ. Үүнийг Ерөнхийлөгчийн зарлигт дурдсан байна лээ.

-Сайн малчид хөдөө орон нутагт тодорхой хэмжээний ажлын байр бий болгосон ажил олгогчид байдаг. Та хэр олон хүнийг ажлаар хангав?

-Гэрээгээр, бүр, түр янз бүрийн байдлаар олон хүнийг ажилтай, орлоготой байлгадаг. Нэг сар ажиллаад явсан хүн ч бий, хэдэн жил ажиллаж, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлээд, тодорхой хэмжээний мал ахуйтай болсон айл ч бий.

-Малчдад цол хэргэм өгөхдөө малжуулсан айлынх нь тоог чухал үзүүлэлт болгодог юм билээ. Таны буянаар амьдрал ахуй нь өөдөлж дэвжсэн айл хэр олон бэ?

-Малжуулах, амьдрал ахуйг нь өөд татах чиглэлийн ажил байнга хийдэг. Малаа өсгөөд, гэр бараатай болоод сайхан амьдарч яваа айл ганц нэгээр тогтохгүй. Хэдэн мал өгөхөд хэдхэн сарын дотор идээд дуусгачихсан айл ч бий. Малжуулах ажлын үр дүн цаад хүмүүсээс их шалтгаална. Ер нь олон малтай айл бусдыг малжуулах ёстой гэсэн хэлтгий ойлголтыг засах хэрэгтэй юм шиг санагддаг.

Баялаг үйлдвэрлэгчдийг халамжийн байгууллага болгох, тийм байх ёстой мэтээр хандах, хөдөлмөрийг нь дүгнэхдээ үүнийг гол үзүүлэлт болгох нь олигтой бодлого биш. Ажил хийдэггүй хүнд хэчнээн ч мал өгөөд нэмэргүй. Үнэгүй юм үнэгүй л байдаг.

Үнэ төлбөргүй олдсон юмыг хайрлаж, гамнана гэж бараг байхгүй. Тэгэхээр халамжийн маягаар мал тараа гэхээсээ илүү, хэдэн хүнд мал маллах арга ухаан зааж, малын буян түшиж амьдардаг хүн болгож төлөвшүүлэв гэдэг талаас нь харах цаг болсон гэж бодож явдаг.

Малыг дээдлэх үзэл дорой, малыг хүнс, хэрэглээ, бутархай мөнгө шиг санадаг хүмүүст мал өгнө гэж ярихаасаа өмнө ойлголт, хандлагыг нь өөрчилж, арга ухаан зааж, ядаж л ертөнцийн нэг халуун амийг бөөцийлөх ухаан суулгаж төлөвшүүлэх хэрэгтэй. Малын буян түшиж амьдрах ур ухааныг хүний оюун сэтгэлгээнд хоногшуулаад дараа нь мал өгөх, эсэх тухай яривал зөв болно. Би ийм маягаар ажилладаг.

-Малчдыг энэ талаас нь илүү анхаарч хараасай гэж боддог зүйл байдаг уу?

-Малчид бол баялаг үйлдвэрлэгчид. Улсын хэмжээнд 300-гаад малчин өрх бий. Тэд хүн амын цөөнгүй хувийг ажлын байраар, улс орныг хүнсээр, үйлдвэрийг түүхий эдээр бүрэн хангаж, гадаадад гаргаж байна. Ийм том салбар, баялагийн үйлдвэрлэлийн хүчин чадал, боломжийг дутуу үнэлээд байх шиг санагддаг. Хүч чадлыг нь ашиглахаасаа илүү жалгын нэг тарсан, мал дагасан хэдэн хүн гэж хараад байна.

Монголчууд хүн төрөлхтний хамгийн сүүлчийн нүүдэлчид. Нүүдэлчдийн ахуй соёл, ёс заншил, уламжлалыг хадгалж, үргэлжлүүлж явах нь хүн төрөлхтний өмнө хүлээсэн бидний үүрэг. Энэ том соёлыг байхгүй болгож болохгүй. Тэгэхээр малчид хүн төрөлхтний өмнө том үүрэг хүлээсэн улс.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай