Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Сүхбаатар аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Сүхбаатар аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нарын Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн шүүхүүдэд ажиллах томилолт үргэлжилж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны ажлын тайланг танилцуулж яваа тус томилолтын ажлын хэсэг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймаг дахь шүүхүүдэд ажиллав.

60 гаруй мянган хүн амтай тус аймагт Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдрийн байдлаар нийт 11 шүүгч, 25 шүүхийн захиргааны ажилтан ажиллаж байна. Дөрвөн шүүхийг харьяалах тамгын газрыг шүүхийн байгууллагад 26 жил ажиллаж буй туршлагатай Ц.Ганхуяг дарга удирддаг.

Тэрбээр одоогоос 14 жилийн өмнө Монголд анх удаа шүүхийн стандартын дагуу баригдсан гэх 2 давхар байрныхаа талаар "Шүүхийн шинэтгэлийн хүрээнд бүтцийн өөрчлөлтүүд гарсантай холбогдуулж шүүгч, шүүгчийн туслахын орон тоо нэмэгдсэн. Үүнтэй уялдаж ажлын байрны багтаамж хүрэлцэхгүй болж байна. Одоогоор хүүхэд хамгааллын өрөөг эвлэрүүлэн зуучлалын уулзалтын өрөө, гэрч хохирогчийг хамгаалах өрөө болгон давхар ашигладаг. Мөн шүүгч ажилчдын ажлын өрөө хүрэлцэхгүй байгаа тул нэг шүүгчийг сервер байрлаж байсан өрөөнд тусгай хаалт хийж суулгасан. Мөн нэг өрөөнд тамгын газрын 2-3 ажилтан сууж байна. Иймд зайлшгүй барилгын өргөтгөл хийх шаардлагатай.

Ашиглаж эхэлснээс хойш дээврийн засварыг 2008, 2016 онуудад тус тус нийт 54,490,000 төгрөгөөр хийсэн. 2014-2015 онд 4,5 сая төгрөгөөр дотоод урсгал засвар хийж байсан. 2016 онд Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт орж, орон нутагт давж заалдах шатны шүүхийн шүүгчид шилжин ирж ажиллахтай холбогдуулан шүүгчдийн ажлын өрөөг бэлтгэх зохион байгуулалтын ажлын хүрээнд 8,2 сая төгрөгөөр "Алдарын танхим” нэртэй хэсэг талбайг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн өрөө болгон, мөн 1 давхарт шүүгчийн туслахуудын өрөөг хувааж засварласан.

Одоо 1, 2 дугаар давхрын коридорын болон подвалын засвар хийгдээгүй үлдсэн. Мөн конторын барилгын гадна тал, дулааны болон цэвэр усны системийг бүрэн шинэчлэх шаардлагатай байна. Зарим өрөөний пар, турба элэгдлийн улмаас солигдсон боловч 1.2 жилийн дараа хүндрэл үүснэ гэж мэргэжлийн байгууллага дүгнэж байна” гээд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын дунд шүүгчид томилолтоор их явдгаас шалтгаалан унаа машины эдэлгээ ашиглалтаас гартлаа муудсан тухай онцлов. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шүүгч ажилтнуудын ажлын нөхцөл, шүүхийн байрны бодит байдалтай танилцангаа энэ жил төсвийн хэмнэлтэд шилжсэнээс үүдэн нийт шүүхийн хэмжээнд үлдэцтэй томоохон бүтээн байгуулалтанд хөрөнгө хуваарилах бодлого болон хөдөө орон нутгийн шүүхүүдийн машинд парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа ярилаа. Шүүн таслах ажлын тайлангийн онцлох мэдээллийг шүүх тус бүрээр мэдээллэхэд эрүүгийн гэмт хэргийн төрлөөр хулгай, танхай, хүн амины, авто ослын хэргүүд сүүлийн 3 жилийн байдлаар буурсан бол хүчингийн хэрэг өссөн нь анхаарал татсан үзүүлэлт байв. Сүхбаатар аймаг дахь 4 шүүх өнгөрөгч онд нийтдээ 500 гаруй хэрэг маргаан хянан шийдвэрлэсэн, хугацаа хэтэрсэн хэргийн үлдэгдлийн хувьд хүндрэл тулгамдалгүй нь шүүн таслах ажиллагааны хүртээмжит, шуурхай байдлыг илтгэж байна.

2016 оны жилийн эцэст шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шинээр 365 өргөдөл хүлээн авснаас 210 өргөдөлд эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд жилээс жилд иргэдийн хандалт өсч байгаа тус аймагт сурталчилгаа бодит мэдээллийг идэвхтэй түгээхийг Н.Лүндэндорж дарга анхаарууллаа.

Иргэдийн төлөөлөгчийн оролцооны хувьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдэд 2016 онд нийт 150 иргэдийн төлөөлөгчдийн нэрсийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар баталснаас эрүүгийн хэргийн шүүхэд 27, иргэний хэргийн шүүхэд 4, захиргааны хэргийн шүүхэд 2, нийт 33 бүрэлдэхүүнтэй хэрэг хянан шийдвэрлэгдсэн бөгөөд 36 иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцжээ. Сонгогдсон иргэдийн төлөөлөгчдөд сургалтыг удаа дараа явуулсны үр дүнд иргэдийн төлөөлөгчөөс шалтгаалан шүүх хуралдаан хойшилсон тохиолдол гараагүй нь эерэг мэдээ байв.

Шүүхийн тамгын газрын дэлгэрэнгүй танилцуулгын дараа профессор Н.Лүндэндорж шүүгч, ажилтнуудад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны ажлын тайланг тавилаа. Тэрбээр тайлангийн эхэнд "Монгол орны өнцөг булан бүрт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд биечлэн энэхүү тайланг танилцуулах ажил нэгэн зэрэг хийгдэж байна. Шүүхийн шинэтгэлийн томоохон үр дүнг нэгэн дуугаар зоригтой хэлэх ёстой. Бид 2016 онд Монголын шүүхийн түвшинг дэлхий нийтэд үнэлүүлж чадсан. Ингэж үнэлүүлсэн 5 дахь орон болсон нь та бидний хамтын хичээл зүтгэл. Монгол Улсын Ерөнхийлөгч шүүхийн шинэтгэлийн ололтыг шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, өндрөөр үнэлсэн. Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнг өнөөдрийг хүртэл олон нийт, хэвлэл мэдээллээр хэн ч үгүйсгэж, няцаагаагүй” гэж тодотгоод шүүхийн захиргааны удирдлага, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, шүүхийн хүний нөөц, төсөв санхүү, нээлттэй шүүх, шүүгчийн ёс зүй зэрэг 11 багц сэдэв тус бүрээр тайлагнав.

Тэрбээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны гол зорилтуудыг, шүүхийн "ой санамжинд” томоохон байр суурь эзлэсээр ирсэн ажлуудтай хамтатган тайлбарлаж, шүүхийн номын санд шинэ номын цомгийг "Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн” дурсамжийн хамт бэлгэлэлээ. Шүүхийн байртай танилцах үеэр тулгамдсан асуудлуудаар санал солилцсон тул тухайлсан бусад асуудлаар санал хүсэлт энэ удаад уламжилсангүй. Шүүгч, ажилтнууд профессор Н.Лүндэндорж, доктор Т.Мэндсайхан нарт талархал илэрхийлж, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол, "Алтан гадас” одонгоор тус тус шагнуулж оюун мэдлэг, хичээл зүтгэлээ үнэлүүлсэнд нь хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ. Үүний дараа Н.Лүндэндорж дарга аймгийн нутгийн удирдлагын ордонд шүүгч, хуульчдад "Хууль тайлбарлах онол, арга зүй” лекц уншив. Тус аймагт тогтоосон хорио цээрийн улмаас иргэдийн уулзалт хязгаарлагдсанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хүлцэл өчиж, боломжит хугацаанд эргэн уулзахын ерөөл тавилаа. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд шүүхийн шинэтгэлийн талаар ярилцлага өгснөөр профессор Н.Лүндэндоржийн Сүхбаатар аймаг дахь албан томилолт өндөрлөв.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай