Т.Цэрмаа: Амаржихаасаа 20-иод хоногийн өмнө тэмцээнд оролцон, түрүүлж билээ

Юунаас ч үл шантрах хатан зориг, эмнэг хангалыг эвээр номхруулдаг хосгүй чадвараараа монголчууд бидний бахархал, бахдлыг төрүүлж явсан эрхэм бол морин спортын ууган Гавьяат тамирчин Төмөржаагийн Цэрмаа гуай. “Гэзэгтэй эр хүн” хэмээн хочлуулж явсан түүнийг Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн ээж гэдгийг моринд хорхойтой хүн бүр андахгүй.

Монгол даяар алдартай уяач аавынхаа эрдмийг өвлөж, таван настайгаасаа хурдан морь унасан тэрбээр 13-тайдаа сонгомол морин спортын тамирчин болсон. Морин спортын түүхэнд эрчүүдээс спортын мастерын болзол анх

биелүүлсэн тамирчин түүний төрсөн ах Т.Даваадорж, эмэгтэйчүүдийн анхдагч нь Т.Цэрмаа. Түүгээр ч үл барам түүний эрдэм ухааныг отгон хүү Х.Батболд нь өвлөж, спортын мастер цол хүртсэн юм. Морин дэл дээр дарцаг шиг хийсэж явсан тэрбээр дөрвөн хүүхэдтэй. Анхны охиноо тээж байхдаа хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцон түрүүлж, сарын дараа төрсөн гэхээр энэ хүний тэвчээрийн илрэл болов уу.

Хүүхдээ төрүүлснийхээ дараа гам барих учиртай 45 хоногийг ч гүйцээлгүй ажилдаа орж, бэлтгэлдээ шамдаж байсан гэнэ. Өдгөө 69 настай тэрбээр олон ач зээгийхээ зулайг үнэрлэж, гэрийн цэцэрлэг байгуулах шахсан эмээ болжээ. Хөнгөн шингэн нь урьдынхаараа. Т.Цэрмаа гуайг уншигч та бүхэнд танилцуулъя.

-Сар шинэдээ сайхан шинэлж байна уу, та?

-Сайхаан. Сайхан шинэлж байна уу?

-Сайхаан. Таныг залуудаа моринд эрэмгий, ямар ч хангал догшныг эвээр номхруулдаг байсан гэдэг. Эмнэг сургана гэдэг эмэгтэй хүн байтугай хэр баргийн аавын хүүд ахдам ажил.

Тэгж явснаас чинь үлгэрлэж хоёр хүү тань зүтгэсээр Тод манлай уяач, морин спортын мастер тамирчин болтлоо өссөн нь мэдээж.

-Тийм шүү. Аав минь хурдан адуутайгаараа халх даяар алдартай Төв аймгийн Баянзүрх нэгдлийн адуучин, сумын заан Төмөржаа гэдэг хүн байсан юм. Би эхээс наймуулаа. Дээрээ гурван ахтай, айлын том охин. Багаасаа аав, ах нараа даган морьтой ойр өсөж, таван настайгаасаа хурдан морь унасан. Ижий минь “Ийм балчраасаа морин дэл дээр дэрвэхийг нь харах сайхан юм аа.

Гэхдээ мориноосоо унан, бэртэж гэмтэх вий. Нялх юм шүү дээ” хэмээн санаа алдахад нь “Адуу ухаантай амьтан. Эзнээ барагтай л бол унагадаггүй юм” гэж эцэг минь тайвшруулдаг байсан гэдэг. Таван настайдаа улсын наадамд анх сожоо хүрэн морио унан уралдахдаа баян ходоод болж билээ. Учир нь, уралдаж явахдаа аав руугаа хартал “Хүрээд ир” хэмээн даллаж байх шиг харагдав.

Мориныхоо амыг татан, аав руугаа очтол буруудах нь тэр. “Чигээр нь явуул” гэсэн дохиог буруу ойлгочихож. Ааваасаа хатуу үг сонсон, олон морины араас нулимс бөмбөрүүлсээр эргэн давхисан минь санаанаас ер гардаггүй. Зөвхөн аавынхаа ч бус өрөөлийн сойсон хурдан хүлгийг унаж, улс, аймгийн наадамд торгон жолоо өргүүлж, даагаар шагнуулдаг байлаа. Аав минь “Миний охин бараг азарга адуутай болох нь” гэж өхөөрддөг байсан сан.

Би Монголд алдартай Галшарын хүрэн азарга, Нийгмийн хонгорыг ч унаж, Ж.Самбуу, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх даргаас шагнал хүртэж явсан удаатай. 13 нас хүрээд хурдан мориноос “зодог тайлсны” дараа аав минь намайг сонгомол морин спортын улсын шигшээ багийн тамирчин болгосноор энэ спорттой эргэлт буцалтгүйгээр амьдралаа холбож байлаа. Тухайн үед хоёрхон эмэгтэй тамирчин байсны нэг болсон нь тэр. Миний ах, дүү нарын зургаа нь сонгомол морин спортоор хичээллэж, Гавьяат, ОУХМ цолтон тус бүр нэг, спортын мастер хоёр төрсөн.

Би их эршүүд. Ямар сайндаа хүмүүс намайг “Гэзэгтэй хар хүн” гэж хочилж байх вэ дээ. Эмнэг морьдыг баруун солгойгүй булгиулж, явдал дундаа янз бүрийн үзүүлбэр хийх амаргүй. Багаасаа моринд дөртэй байсан болоод ч тэр үү, санасныг бодоход хурдан сурсан шүү. Пионер сурагчдын хоёрдугаар чуулганы үеэр зохиогдсон морин спортын тэмцээний өндөр саадан дээгүүр морьтой харайх төрөлд 13 насандаа түрүүлж, алтан медаль хүртсэн юм.

“Шижир алтаар цутгасан медаль авчихлаа” хэмээн итгэж, их баярлаж билээ. Тэр медаль булган сүүлтэй байж Морин спортын хөгжилд оруулсан хөдөлмөрийг маань төр үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан туг, Алтангадас одонгоор тус бүр хоёр удаа, Гавьяат цолоор шагнасны сацуу 200 гаруй тэмцээнээс медаль хүртлээ. Би дөрвөн хүүхэдтэй. Үнэнээ хэлэхэд хоёр том хүү маань багадаа морь ер сонирхдоггүй байсан.

Харин Батболд багаасаа моринд хорхойссон шүү. Отгон хүүгээ сонгомол морин спортын тамирчин болгоё гэж зорьсоор байгаад санасандаа хүрсэн хүн дээ, би. Энэ спортын төлөө хань, үр хүүхэд, нойр хоолоо умартан зүтгэж, гэр бүлдээ хангалттай цаг гаргаж амждаггүй байснаа нуугаад яах вэ. Амаржсаныхаа дараа гам барих учиртай 45 хоногоо ч гүйцээлгүй ажилдаа орж, бэлтгэл хийдэг байлаа.

-Анхны хүүхдээ тээж байхдаа хотын АШТ-д оролцон, бүр түрүүлж, 20-иод хоногийн дараа амаржсан гэдэг. “Мориноос унавал хүүхдээ эндээх эрсдэлтэй” гээд гэрийнхэн нь хориглосон уу?

-Тэгэлгүй яах вэ. Би тэр үед 25 настай байлаа. Гэр бүлийнхэн, дасгалжуулагч маань намайг их эсэргүүцсэн шүү. Би тэр тэмцээний өмнөх бэлтгэлээ нууцаар базаасан юм. Мориноос унахгүй гэх баталгаа байхгүй ч чадна гэдэгтээ итгэлтэй байлаа. Одоо бодох нь ээ, их зоригтой байжээ. Гэрийнхэн тэмцээнд оролцсоны дараа л мэдсэн.

Нэлээд зэмлэсэн ч “Бие сайтай, зүтгэлтэй шүү” гээд надаар бахархаж буйгаа илэрхийлсэн. Би ер нь морин дэл дээр хийсэж, бэлтгэлээ базааж байгаад л дөрвөн хүүхдээ төрүүлсэн хүн. Том охиноо мэндэлсний дараа энгэртээ наан, хөхүүлэхэд даахиных нь үнэр сэнгэнээд сэтгэл их хөдөлсөн шүү. Тэр үед ижийгээ их үгүйлж билээ.

-Юм ховор хүнд үед дөрвөн хүүхдээ бойжуулахын хажуугаар бэлтгэлээ тогтмол хийх амаргүй байсан нь мэдээж. Та хэрхэн амжуулдаг байв?

-Хань минь тээврийн жолооч тул гэртээ байх нь ховор. Ихэвчлэн сар гаруйн хугацаагаар тээвэрт явна. Гадаа гарч эр, гэрт орж эм болж явсаар хүүхдүүдээ өсгөсөн дөө. Шигшээ багийн тамирчны цалин болох 650 төгрөг, мөн нөхрийнхөө цалингаар хоёр идэхгүй ч хоосон хонохгүй амьдарсаан.

-Таныг Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн ээж гэдгийг манай уншигчид андахгүй. Хүүгээ уяач болох шийдвэр гаргахад нь хэрхэн хүлээж авсан бэ?

- Би морь, бөхөд их дуртай. Бат-Эрдэнийг бага байхад хөгшчүүд “Бөхийн шинж агуулсан, сайн бөх болох хүү байна” гэж магтдаг байсан шүү. Миний тал бөхийн удамтай. Аав минь сумын заан, хоёр ах маань улсын начин, харцага цолтой. Хүүгээ бөх болгохоор зорьж, Дархан аварга Б.Бат-Эрдэнэд шавь оруулан, эрдэм ухаанаас нь суралцсан юм.

Х.Бат-Эрдэнэ улсын наадмын өсвөрийн барилдаанаас хангарьд цол хүртэж, ирээдүйд шаггүй бөх болохоо баталсан шүү дээ. Гэвч компаниа байгуулан, бэлтгэл хийх завгүй явсаар байгаад бөхөөс хөндийрсөн дөө. Харин морь уяхаар шийдсэнийг нь анх сонсоод “Өвөөгийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэн, дутууг нь гүйцээж, дундуурыг дүүргэх нь” гээд их баярласан. Аавыг амьд сэрүүн байх үед нь өнөөгийнх шиг гавьяа, цол олгодог байсан бол лав Манлай уяач болох байсан хэмээн ахмад настай хүмүүс ярьдаг.

Мэдээж өдий насны хүн би морь уях уу, яах уу гэж надаас юу гэж асуух вэ. Гэхдээ “Морь уях гэсэн юм. Морио таны шавь Дугараагаар уяулчих уу” гэж асуусан шүү. Тэгэхэд нь би дуртайяа зөвшөөрсөн.

-Та морь уяж байсан уу. Хүүдээ заавар, зөвлөгөө өгдөг үү?

-Би морь уядаг бус, сургадаг эрдэмтэй хүн. Уяа сойлго нь хэр байна гэж ажиглахаас биш тэг, ингэ гэж хэлэх дургүй. Энэ морь наадамд сайн уралдах юм байна, тэр нь сонгомол морин спортоор амжилт гаргах юм байна гэдгийг нь хараад мэднэ.

Гэхдээ өв уламжлал, ёс заншил талаас нь бодсон ч морь уях лав эмэгтэй хүний хийх ажил биш. Аав минь ч бас надад тэгж сурган, эмэгтэй хүн морины уяа руу дөхөхийг цээрлэдэг байсан.

-Олны танил, нэр хүндтэй байх амаргүй гэдэг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Х.Бат-Эрдэнийн тухай сайн, саараар янз бүр л мэдээлэл нийтлэгдэх юм. Та хэр их эмзэглэдэг вэ?

-Хэвлэлээр баалж, хүмүүс янз бүрээр ярихад нь анхандаа хэцүү байсныг нуух юун. Хүүд минь ямар их хэцүү байгаа бол гээд их эмзэглэдэг байлаа. Харин одоо тэгэхээ больсон. Хэр баргийн зүйлийг тоохоо больчихдог юм байна. Миний хүүг сайн хүн, шударга хөдөлмөрлөж яваа гэдгийг нь түмэн мэдэх учраас “Харин ч олны цагаан хэл ам дараад зүгээр юм” гэж бодох болсон шүү. Гэхдээ хүү минь бусдад шүүмжлүүлэх бус, магтуулах нь элбэг дээ.

-Хүн бүхэн өөрийн хүрч чадаагүй оргил, гаргаж чадаагүй амжилтаа хүүхдээрээ гүйцээлгэхийг хүсдэг шүү дээ. Та отгон хүүгээ сонгомол морин спортын тамирчин болгохдоо хэр өндөр амжилт гаргах бол гэж багцаалав?

-Энэ спортын төлөө хийсэн үйл хэргээ дөрвөн хүүхдээрээ үргэлжлүүлж, мундаг тамирчин болгох нь миний чин хүсэл байсан. Багадаа хоёр том хүү маань морь сонирхдоггүй байсан болохоор отгоныгоо л морин спортоор хичээллүүлж, амжилтад хүргэе гэж зорьсон юм. Би өндөр саадан дээгүүр морьтой харайх төрлийн улсын рекордыг дөрвөн удаа шинэчилсэн.

Х.Батболд миний дээд амжилтыг шинэчилж, ахиулбал ямар сайхан бэ гэж бодогддог. Хэдийгээр тэгж хараахан чадаагүй ч гаргасан амжилтад нь сэтгэл хангалуун явдаг. Зодог тайлахдаа хүүдээ эмээл, хазаартай морь бэлэглэж билээ. Өндөр амжилт гаргах, ОУХМ цолны болзол хангах боломж түүнд бий.

-Та хүүхдүүддээ ихэвчлэн юуг захин, сургаж байна даа?

-Би хүүхдээ ардын ухаанаар, зүйр цэцэн үг хэлж хүмүүжүүлэхийг илүүд үздэг. Ээж минь яг над шиг ийм хүн байсан. Ядуу хүнийг хоосон гэж голж, баян хүнийг юмтай гэж долигнож болохгүй. Хүнийг ийм, тийм гэж ялгалгүй нэг л зангаараа байж, аль болох бусдад туслан, дэмжиж байгаарай гэж зөвлөдөг. Бие биенээ хүндэлж, ах дүүгийн ёсыг дээдэлж яваарай гэж захидаг.

-Хүүхдүүд нь таныг олон удаа баярлуулсан байх. Ямар үед тэднээр хамгийн их бахархдаг вэ?

- Эх хүн үр хүүхдээ сайн явахад нь магнайгаа хагартал баярлаж, саар зүйл хийхэд нь тэднээс огт дутахгүй шархалж, гунддаг. Санаа зөв бол заяа зөв гэж ёстой үнэн үг шүү. Цагаан мөртэй, цайлган сэтгэлтэй болохоор хүүхдүүдийн минь ажил, үйлс үргэлж бүтдэг байх. Сайхан ажил санаачилж, тэр нь бүтэмжтэй болсны дараа заавал хөгшин бид хоёр дээр ирж, духаа үнэрлүүлдэг.

Бид хоёрын чадах ганц том шагнал энэ юм даа. “Ийм сайхан аав, ээжтэй азтай хүүхдүүд шүү, бид” гэхэд нь сэтгэл их хөдөлдөг шүү. Миний хүүхдүүд тусч, олон хүнийг дэмжиж, амьдралын баталгаатай болгож яваа. Том цол, шагнал хүртэхээс нь илүүтэй хэн нэгэн “Танай хүүхдүүд тусархаг, хөөрхөн ааштай. Хүнтэй зиндаархаж харьцдаггүй мундаг шүү” гэхэд нь бахархах сэтгэл бүр их төрдөг.

-Эх хүн ханиа хэрхэн хүндэлж, хүүхдээ яаж хүмүүжүүлвэл зохилтой бол?

-Би охин, гурван бэрдээ ханиа дээдэлж, өглөө бүр цайныхаа дээжийг өгч бай. Цувж уурлан, цугтаа инээж байгаарай гэж захидаг юм.

-Маргааш (өнөөдөр) олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Хүүхдүүд чинь таныг хэрхэн баярлуулдаг вэ?

-Сэтгэл догдлон, хоног тоолон хүлээдэг хоёрхон баярын минь нэг нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Нөгөөх нь мэдээж улсын наадам. Энэ баяраар хүүхдүүд минь халуун дулаан үгтэй баярын мэндчилгээгээр “булж”, цэцгийн баглаагаар бялхаадаг. Аль болох бүгдээрээ цуглаж, ач зээ нараа тойруулан аз жаргалдаа бялууран суух сайхан.

Би морьтой холбоотой бэлэг авах дуртай. Хүүхдүүд маань ихэвчлэн тиймэрхүү зүйл бэлэглэдэг. Энэ дашрамд, Монголын бүх эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэж, аз жаргал хүсье. Үргэлж аз жаргалаар бялхаж, нүүрэнд нь инээмсэглэл тодорч явах болтугай.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай