Хүний эрхийн үндэсний комисс өвлийн морин уралдааны талаарх байр сууриа илэрхийлэв

Хүний эрхийн үндэсний комисс өвлийн морин уралдааны талаарх байр сууриа илэрхийлэв

Иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага болон Иргэний нийгмийн байгууллагуудаас Засгийн газрын шийдвэрээр хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулсантай холбогдуулж гомдол, санал ихээр ирүүлж байгаа тул энэхүү мэдээллийг өгч байна.

Комисс жил бүр хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх, хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газарт удаа дараа зөвлөмж хүргүүлж байсан бөгөөд хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудлаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэлдээ тусган оруулж байсан билээ.

Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өвөл, хаврын (хүйтний улиралд) уралдаанд хүүхэд оролцуулахгүй байх, уралдаан зохион байгуулах тухай Засгийн газраас шийдвэр гаргуулахгүй байхыг хүсэж Монгол Улсын ерөнхий сайдын нэр дээр 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Зөвлөмж хүргүүлсэн юм.

Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолоор хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах шийдвэр гаргасан болно.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 3–ны өдрийн шийдвэрээр Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаар тогтоолыг  хэсэгчилэн түдгэлзүүлсэн боловч Засгийн газар, Монголын морин спорт, уяачдын холбоо шүүхийн шийдвэрийг үл биелүүлж хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулсан бөгөөд уралдааны үеэр олон хүүхэд морьноос унасан, хүүхэд гэмтэл бэртэл авсан тохиолдол гарсанд Комисс маш их харамсаж байна.

Комисс тус уралдааны явцад хяналт тавьж ажиллах байсан боловч Засгийн газрын тогтоолыг хэсэгчилэн түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж гарсан тул Засгийн газар шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж биелүүлнэ гэж найдаж байлаа.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж энэ 2017 оны 3 дугаар сарын 6-9-ний өд өр Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн Холбооны 30 дугаар Ээлжит Хуралд оролцож байна. Энэ үеэрмөн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын дэлхийн холбоо, НҮБ-ын Хүүхдийн сан болон Хүний эрхийн дээд комиссарын газартай хамтран зохион байгуулж буй хүүхдийн эрхийн асуудлаар хэлэлцүүлэг арга хэмжээнд оролцох юм.


 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай