Баянзүрх дүүргийн гадна талбайд 4 иргэн нойтон өлсгөлөн зарлаж 150 орчим иргэд суулт хийж байна

Баянзүрх дүүргийн гадна талбайд 4 иргэн нойтон өлсгөлөн зарлаж 150 орчим иргэд суулт хийж байна

Нийслэлийн засаг дарга С.Батболд  энэ сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжилж түүнийг эсэргүүцсэн  дүүргийн иргэдийн хурал дахь  ардчилсан намын гишүүд болон иргэд  энэ саоын 3-ны өдөр дүүргийн байранд эсэргүүцлийн суулт зарлаад байсан билээ.

Ийнхүү суулт хийж байсан иргэдийг дүүргийн байрнаас албадан гаргах үед иргэд цагдаагийн алба хаагчдын хооронд багагүй мөргөлдөөн үүссэн бөгөөд гадагш гарсан иргэд суултаа дүүргийн гадна талын талбайд үргэлжлүүлж улмаар 4 иргэн нойтон өлсгөлөнд шилжээд байна.

Тухайн орчинд  бие засах газар байхгүй тул  нойтон өлсгөлөнд оролцогч 4 (2 эрэгтэй,2 эмэгтэй) иргэн шингэн зүйл хэрэглэж чадахгүй хуурай өлсгөлөнгийн байдалтай байна .

Өнөөдөр буюу 3-р сарын 4-ний 20 цагийн орчимд нөхцөл байдлын талаар тодруулахад  4 иргэний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд  дүүргийн гадна талд  150 орчим иргэд суулт зарласан байдалтай байгаа ба бие засах газрын асуудлыг шийдэж өгөхийг холбогдох байгууллагуудаас хүссэн, дүүргийн байрыг цагдаагийн албан хаагчид хамгаалалтанд авч бүх камеруудыг цаасаар хааж,хаалгануудын цоожны голуудыг  бүгдийг нь шинээр сольж байгаа гэж мэдээллээ.

Мөн ардчилсан намын гишүүд энэ асуудалд намын дээд шатны байгууллагууд анхаарлаа хандуулж байр сууриа илэрхийлэхгүй байгаад  гайхаж байгаагаа илэрхийлж байлаа.

Та бүхэнд энэхүү маргаанд холбогдолтой талуудын байр суурийг тэнцвэртэйгээр хүргэж байна.

УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал дараах мэдэгдлийг гаргасан байна

Хууль бус, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн үйлдлүүдийг тайван замаар эсэргүүцсэн Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийг эрх баригчид хууль, хүчний байгууллагаар далайлган нухчин дарахаар оролдож байгаа нь Монгол Улсад сүүлийн 27 жилийн хугацаанд тогтсон ардчилсан улс төрийн тогтолцоо, улс төрийн соёлд халдсан бусармаг явдал гэж би хувьдаа үзэж байна.
Эрх баригчдийн хууль зөрчсөн үйлдлүүд нь Монгол Улсын Үндсэн хуулиар тунхаглан баталгаажсан иргэдийн сонгох эрх, улс төрийн сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрх, нутгийн өөрөө удирдах ёс зэргийг ноцтой зөрчин, уландаа гишгэж буйг буруушааж байна. Энэхүү дарангуйлал хүчирхийлэл, хууль бус үйлдлүүдээ зогсоохыг эрх баригчдаас шаардаж байна гэв .

Баянзүрх дүүргийн ардчилсан намын дарга О.Пүрэвдаваа Eagle телевизийн "Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлэгт оролцож байр сууриа илэрхийлэв.

Нийслэлийн засаг дарга С.Батболд Ардчилсан намд хандан уриалга гаргав

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Ардчилсан намын удирдлагад уриалга хүргүүлжээ.

Уриалгад:

-Би Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч хэмээх нэр хүндтэй, хариуцлагатай ажлыг хүлээн авахдаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн иргэддээ улс төрөөс ангид, зөвхөн хотын хөгжлийн төлөө бодит эрс шийдэмгий алхамуудыг авч хэрэгжүүлнэ хэмээн хэлж байсан. Иймд Монгол Улсын улс төрийн том хүчин болох Ардчилсан намын удирдлага Та бүхэн хий хоосон улс төржилт, зүй бус үйл ажиллагаагаа зогсоож, нийслэл хотынхоо хөгжил, дэвшлийн төлөө хамтдаа зүтгэхийг дахин уриалж байна гэжээ.

Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Баянзүрх дүүргийн асуудлаар нийслэлийн холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар өчигдөр Э.Бат-Амгаланг батламжилсан билээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр үүссэн нөхцөл байдал болоод хотын даргын захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү нар хэвлэлийн бага хурал хийлээ.

Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ “2016 оны 10 дугаар сарын 19-нд нийслэлийн дүүргүүдийн сонгууль явагдсан. Сонгуулийн үр дүнгээр нийслэлийн 9 дүүргээс Баянзүрх дүүргийн Засаг даргын асуудал шийдвэрлэгдээгүй үлдсэн байсан. Учир нь дүүргийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулах үүрэгтэй дүүргийн сонгуулийн хорооноос “Нийт 41 төлөөлөгчийн 35 нь хуулийн дагуу сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан. 6 нь хууль тогтоомж зөрчиж, зөрчил гаргасан” гэсэн үндэслэл гаргасан. Энэ нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж, Баянзүрх дүүргийн шүүх болон Давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж байгаад хэдхэн хоногийн өмнө 5 нэр дэвшигчийн асуудал эцэслэгдсэн. Нэр бүхий 5 нэр дэвшигч сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон тул Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооноос тогтоол гаргаж, 2017 оны 10 дугаар сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагт дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл 41 төлөөлөгч бүхий Баянзүрх дүүргийн ИТХ дээр өнөөдрийн байдлаар 35 төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн. Үүнээс 19 нь МАН-аас, 16 нь Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон байна ” гэлээ.

Тэрбээр цааш хэлэхдээ “Дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг дүүргийн ИТХ-д өргөн мэдүүлж, ИТХ-аас тогтоол гаргаж баталснаар тухайн дүүргийн ИТХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхэлдэг. Баянзүрх дүүргийн ИТХ-аас албан ёсоор бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн 35 төлөөлөгчийн шийдвэр Нийслэлийн Засаг даргад ирсэн. Энэ 35 төлөлөөгчдийн оролцсон хуралдаанаас нэр дэвшүүлсэн хүн нь Э.Бат-Амгалан. Ийнхүү дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлсэн Э.Бат-Амгаланг хотын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд дүүргийн Засаг даргаар томилсон. Нийслэлийн 9 дүүргээс Баянгол, Сүхбаатар дүүрэгт Ардчилсан нам олонх болсон. Эдгээр дүүргүүдэд олонхийг бүрдүүлж байгаа дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийг хотын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд томилсон. Баянзүрх дүүргийн хувьд сонгуулийн хууль тогтоомж зөрчөөгүй, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн 35 төлөөлөгчөөс нэр дэвшүүлж, томилуулахаар ирүүлсэн хүнийг хотын дарга томилсон. Дахин сонгуулийн үр дүнд 41 төлөөлөгч бүрдсэний дараа аль нам нь олонх болж, ямар хүнийг нэр дэвшүүлнэ, түүнийг нь Нийслэлийн Засаг дарга томилох болно.” хэмээв.

 БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Д.Уламбаяр MGL radio 102.1 радиогийн онцлон мэдээний тодруулга нэвтрүүлэгт оролцож тайлбар өгөв

Нийслэлийн Ардчилсан Нам энэхүү асуудалтай холбогдуулан мэдэгдэл гаргажээ

МЭДЭГДЭЛ

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжилсан нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн сонгох, сонгогдох эрхэд балмадаар халдаж, ардчиллын үнэт зүйлийг уландаа гишгэсэн үйлдэл боллоо гэж Нийслэлийн Ардчилсан нам үзэж байна.

Энэхүү хууль бус шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд цагдаагийн байгууллагыг ашиглан иргэдийн эрх, эрх чөлөөнд нулимс асгаруулагч болон бороохой ашиглан бүдүүлгээр халдсан үйлдэлээ нэн даруй зогсоож, хууль бусаар саатуулагдсан иргэдийг даруй суллахыг шаардаж байна.

1990 оны Ардчилсан хувьсгалын үр дүнд бий болсон Үндсэн хуулийн үнэт зүйл рүү энэ мэтээр халдахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Нийслэлийн цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд нарын нөхдүүдэд зөвшөөрөхгүй бөгөөд цаашид ч иргэдийнхээ Үндсэн Хуулиар баталгаажсан эрхийг Нийслэлийн Ардчилсан Нам хамгаалж ажиллах болно.

Нийгмийг айдаст автуулан хүч хэрэглэсэн хууль бус үйлдлээ МАН болон түүний удирдлагууд нэн даруй зогсоохгүй тохиолдолд Нийслэлийн Ардчилсан Нам дараагийн алхамаа хийж иргэдийнхээ эрхийг хамгаалах тэмцлийг эхлүүлнэ гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН НАМ
2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү дараах тайлбарыг өгөв

Цагдаагийн ерөнхий газарт Баянзүрх дүүргийн байранд эмх замбараагүй байдал үүссэн гэсэн дуудлага ирсний дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн ажилтнууд иргэдийн амгалан тайван байдлыг хангахын тулд эмх замбараагүй байдлыг тараах, таслан зогсоох арга хэмжээ авч ажилласан. 

Олон нийтийн сүлжээ болон хүмүүсийн ярьж байгаа шиг иргэдийг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хэрэглэж, иргэдийг бороохойдсон гэдэг нь ташаа мэдээлэл.

Харин энэ үеэр иргэд цагдаагийн албан хаагч руу нунтаг зүйл цацсан хэрэг гарсан. Ямар нунтаг зүйл цацсан нь одоогоор тодорхойгүй байна. Хэргийн газарт шалгалт хийж байгаа.

Мөн энэ үеэр иргэдийн дунд гэмтэж бэртсэн хүн байхгүй, иргэдийг ганц худаг руу ачсан гэх нь ч худлаа мэдээлэл. 

Цагдаагийн ажилтнууд хуулийн дагуу үүргээ гүйцэтгэсэн. Иргэдийг гэмтээх, нулимс асгаруулагч хэрэглэсэн зүйл огт байхгүй” гэсэн тайлбарыг өглөө.

УИХ-ын гишүүн Л.Болд  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад асуулга тавьжээ

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

Илгээх

Энэ тухай